Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 103/ШШ2024/00230

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

           Нэхэмжлэгч: Багануур дүүргийн ... дүгээр хороо, .... дүгээр гудамжны ... тоотод оршин суух, ...... овогт Ш.Ү-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух, Л.Л-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2,659,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Ү нь хариуцагч Л.Л-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2,659,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

           Нэхэмжлэгч Ш.Ү нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

           Үүнд: Ш.Ү нь Л.Л самар худалдах, худалдан авахаар тохиролцож 3 удаагийн гүйлгээгээр 2021 оны 8-9 сард нийт 35,000,000 төгрөгийг дансаар Л.Л дансанд шилжүүлсэн. Л.Л нь 2021 оны 10 дугаар сард 2,956 кг самар өгсөн. 17,000,000 төгрөгийн тооцоо дутуу үлдсэн. Дараа нь мөн оны 12 дугаар сард хүнээр 421 кг самар явуулсан. Үүнийг зах зээлийн үнээс 1,000 төгрөгөөр илүү үнээр буюу 21,000 төгрөгөөр худалдан авсан. Ингээд 8,159,000 төгрөгийн тооцоо үлдсэн байснаас бэлнээр 3,500,000 төгрөгийг, дансаар 2,000,000 төгрөгийг 2022-2023 оны өвөл төлсөн. Үлдсэн 2,659,000 төгрөгийг Л.Л нь 2023 оны сүүл хүртэл "өгнө" гэдэг байснаа Ш.Ү-ийн эхнэртэй ярихдаа "төлж чадахгүй, чаддаг юм бол шүүхдээд аваарай" гэсэн гэнэ. Иймд Л.Л-ээс 2.659.000 төгрөгийг гаргуулж өгнө үү

гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Л нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ш.Ү-тэй тохиролцон самар өгнө гэж 36,000,000 төгрөг авсан. Тухайн 36,000,000 төгрөгөөс үлдсэн 2,659,000 төгрөгийг төлөх болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

            Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

             Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

             Хариуцагч Л.Л нь “нэхэмжилсэн 2,659,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

           Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 123 дугаар зүйлийн 123.1,  74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг  удирдлага  болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

       1. .... овогт Ш.Ү-ийн  нэхэмжлэлтэй, ... овогт  Л.Л-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2,659,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,500 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 28,750 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 28,750 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

        3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

        4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид  давж  заалдах, хяналтын  журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                         П.ТУЯА