Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2026/ШЦТ/155

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо,

Улсын яллагч Б.Даваахүү,

Хохирогч А.Т,

Шүүгдэгч А.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А-ны Д-д холбогдох эрүүгийн 2638000000062 дугаартай хэргийг 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Д  овгийн А-ны Д, 1998 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ....... дүгээр баг ........... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн РЮ.......................дугаартай.

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч А.Д нь 2026 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Доргио” бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Т-тэй маргалдаж улмаар түүний биед халдаж зодон эрүүл мэндэд нь зүүн шилбэ ясны доод үзүүрийн сэлтэрсэн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Нэг.  Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Улсын яллагч:2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 58 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтыг шинжлэн судлав.

Хохирогч А.Т-гийн хавтаст хэргээс: Судлах баримт байхгүй гэв.

Шүүгдэгч А.Д хавтаст хэргээс: Судлах баримтгүй гэв.

Хоёр. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтууд:

2.1. Шүүгдэгч А.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

“…мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна, хохирогчийн биед хохирол учруулсан нь миний буруу, гэмшиж байна. Хохиролд 250,000 төгрөг бэлнээр өгсөн, цаашид эмчилгээний зардалд 2,500,000 төгрөгийг өгөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан…” гэв.

        2.2.Хохирогч А.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

        “…Хохиролд 250,000 төгрөг шүүгдэгчээс бэлнээр өгсөн, цаашид эмчилгээний зардалд 2,500,000 төгрөгийг өгөхөөр бид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан, одоо надад гомдол санал байхгүй…” гэв.

        Гурав. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт авагдсан нотлох баримтууд:

3.1.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.Т-гийн хохирогчоор өгсөн:

“…Би 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шөнийн 01 цагт найзууд болох Т, У, Ш, О.Т, М, А  нарын хамт Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг Доргио нэртэй бааранд орсон. Тус бааранд ороод ширээн дээр пиво уугаад сууж байтал манай найз О.Т ирээд андаа У г хүмүүс зодох гээд байна гэсэн. Тэгэхээр нь баарны дотор үүд хэсэгт очтол манай найз У  нэг танихгүй эрэгтэй хүнтэй заамдалцсан байдалтай зогсож байхаар нь салгах гэтэл А.Д гэдэг залуу ирээд миний нүүр хэсэг рүү гараараа 2,3 удаа цохисны дараа намайг өргөж шидэн газар унагаан дээрээс өшиглөөд, би А.Д ш дээ гээд орилоод байсан. Тэгээд би найзуудын хамт эмнэлэг орсон. Маргааш нь Оюу-Ундраа нэртэй хувийн эмнэлэгт очин хөлийн зураг авхуулаад Жаргалан эмнэлгийн мэс заслын эмчид очин зургаа үзүүлэхэд зүүн хөлийн шагай хэсгийн яс хугарсан, шагайнд зай үүссэн байна гэсэн. Тэгээд хөлөө гипсдүүлж эм бичүүлж авсан. Би сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжлэхгүй. А.Д болон найзууд нь надаас тохиролцоё гээд гуйгаад байсан. А.Д надад дансаар эмчилгээний мөнгө гэж 250,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг, (хх-ийн 5-9 дүгээр тал),

3.2.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.Тын гэрчээр өгсөн:

“...Тухайн өдөр би найзуудын хамт Доргио гэх баар орсон. Тэгээд 01 цаг өнгөрч байхад байхаа бааранд текний тэнд манай найз болох О.Т-г нэг залуу түлхэж авсан. Тэгсэн найз нь болох Д  бид нарыг доромжлоод байсан. Тэгсэн манай найз А.Т-г тэр Д  залуу цохиж аваад, өргөөд шидээд унахаар нь өшиглөөд авсан. Тэгэхээр нь О.Т бид хоёр очоод салгасан. Тэгээд би баарнаас гарч тамхи татчихаад буцаад бааранд орж ирээд 00 орсон чинь А.Т цусаа угаасан алхаж чадахгүй байсан. Тэгэхээр нь би үүрээд баарнаас гараад эмнэлэг орж үзүүлсэн...” гэх мэдүүлэг, (хх- ийн 18-21 дүгээр тал)

3.3.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Э-ын гэрчээр өгсөн:

”...Манай найз З  гэх залуу нэг залуутай муудалцаад байхаар нь би болиулаад найзыгаа хашаад зогсож байсан. Би бол хараагүй гаднаас орж ирэхэд маргалдсан байсан. Тэр залуу гэхдээ бааранд жаахан доглож яваад байсан санаж байна...” гэх мэдүүлэг, (хх-ийн 22-25 дугаар тал),

3.4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаартай:

“...А-ийн Т-ийн биед зүүн шилбэ ясны доод үзүүрийн сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоож журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, (хх-ийн 30-38 дугаар тал),

3.5.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч А.Д-ий яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 53 тал/,

3.6.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 4 тал),

3.7.Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

A.Шүүгдэгч А.Д-ий гэрлэсний бүртгэлийн  лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 42, 44-46-р тал) зэрэг нотлох баримтууд болно.   

Дөрөв. Талуудын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч “шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэх дүгнэлтийг гаргасан.

        Шүүгдэгч А.Д нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 Тав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:

 Шүүгдэгч А.Д нь 2026 оны 01 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Доргио” бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Т-тэй маргалдаж улмаар түүний биед халдаж зодон эрүүл мэндэд нь зүүн шилбэ ясны доод үзүүрийн сэлтэрсэн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч А.Д-ий мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч А.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн  хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, гэрч О.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч А.Тын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаартай  дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.

Шүүх шинжилгээний тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч А.Т-гийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч А.Д-ий  үйлдэлтэй шалтгаант холбоотой байна. 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй ба хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

Шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээс үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хууль зүй, ёс суртахууны мэдлэг дутмаг зэрэг нөхцөл байдал нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.  

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: 

Шүүгдэгч А.Д-ий гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Т-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь нотлогдсон ба хохирогч А.Т шүүхийн хэлэлцүүлэгт “...хохиролд 250,000 төгрөг шүүгдэгчээс бэлнээр өгсөн, цаашид эмчилгээний зардалд 2,500,000 төгрөгийг өгөхөөр бид харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан, гомдол, саналгүй...” гэх, шүүгдэгч А.Д шүүхийн хэлэлцүүлэгт “...хохиролд 250,000 төгрөг бэлнээр өгсөн, цаашид эмчилгээний зардалд 2,500,000 төгрөгийг хохирогчид өгөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан...” гэх, мэдүүгийг тус тус өгсөн тул шүүгдэгч А.Д өөс 2,500,000 төгрөгийг гаргуулан хохирогч А.Т-д олгож шийдвэрлэв.

Зургаа. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Д-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох саналыг гаргаж байна...” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хавтаст хэргийн 42, 44-46 дугаар талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар шүүгдэгч нь ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон ба энэ нь нэр бүхий шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хуульд заасан үндэслэл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Мөн шүүгдэгч А.Д-ий үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бүрэн арилаагүй зэргээс дүгнэхэд түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндийн байдал, гомдол саналгүй байдал/, шүүгдэгчийн хувийн /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлсэн/ байдал, эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл зэргийг тус тус харгалзан шүүгдэгч А.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд учруулсан хор уршгийг нөхөн төлүүлэх,  гэмт этгээдийг цээрлүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Шүүгдэгч А.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Д д тайлбарлаж, түүний торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

Долоо.Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                         ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д  овгийн А-ны Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-ийг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

        3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-д оногдуулсан 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болсноос хойш 90 (ер) хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч А.Д-өөс 2,500,000 (хоёр сая) төгрөгийг гаргуулж хохирогч А.Тд олгосугай.

6.Хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

        7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

       8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ДАВААХҮҮ