Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 00101

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч П.Шижиртуяа,
улсын өмгөөлөгч М.Найдан,
шүүгдэгч Б.Эрдэнэсувд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эрдэнэсувдад холбогдох 201706000138 дугаартай 132/2017/0093/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, өвөө, эмээ, дүү, охины хамт Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан уул багт оршин суух, Хөрөөчин овогт Бямбасүрэнгийн Эрдэнэсувд /РД:ГЙ94112607/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Эрдэнэсувд нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр өөрийн охин Э.Мөнхсарангийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Б.Эрдэнэсувдын өгсөн: Би хүүхдийнхээ биед гэмтэл учруулсан нь үнэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Бүрэн бүстийн Тайхар амралтын газар хүүхдийнхээ эцэгтэй маргалдах үедээ орноос унагаагаад толгойг нь шалбалсан. Хүүхдийнхээ гарнаас барьж явж байгаад хумсаараа маажиж баруун гар дээр нь шалбалсан. Өөр гэмтэл учраагүй. Ийм байдалд орж хүүхдээ гэмтээсэндээ гэмшиж байна гэх мэдүүлэг,
201706000138 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэбулганы өгсөн: ...Манай эгч Эрдэнэсувд хоёр охинтой..., би бодохдоо бага охиныг Мөнхбаяр гэх залуугийн хүүхэд болов уу гэж боддог. ...Бага охин Мөнхсаранг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан талаар одоо сонсож байна. Манай эгч тусдаа айлд мал малладаг, надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-15 тал/,
Гэрч Б.Мөнхбаярын өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр би найз Найдандоржийн хамт ...Орхон аймгаас гараад хөдөө гэрлүүгээ явсан. ...Бид хоёр замдаа Бүрэнбүстээр явж байгаад Эрдэнэсувд “тугал олоод өгөөч” гэсэн тул тэр тугалыг олж өгөх гээд гэрт нь очсон. Харин алга болсон гэх тугал нь гэрийнхээ урд талд байхад нь Найдандорж явж тууж ирээд хашиж өгсөн. Тэгээд бид хоёрыг явах гэтэл Эрдэнэсувд том пиво гаргаж ирээд “уу” гэхэд нь гэрт суугаад пиво уусан. Ууж дуусаад явах гэтэл над руу “чи явах гэж байгаа юм уу, би чамайг явбал чиний энэ охиныг ална” гэсэн. Тэгээд бага охинооо гарнаас нь татаж, чангаагаад байсан. Хутга бариад “энэ хүүхдийг ална” гээд охиныхоо хоолойд тулгасан. Тэгсэн Найдандорж Эрдэнэсувдаас хутгыг булааж авсан. Намайг гэрлүүгээ явах гээд гарах гэхээр охиноо барьж аваад “ална” гээд сүрдүүлээд байсан. ...Ер нь л намайг өөртэй нь суусангүй гэдэг шалтгаанаар хүүхдээ боож, хутга тулгасан байх гэх мэдүүлэг /хх-17-18 тал/,
Гэрч Д.Найдандоржийн өгсөн: ...Эрдэнэсувд пиво уугаад сууж байхдаа Мөнхбаярт “чиний хүүхэд надтай суу, суухгүй бол энэ охиныг чинь ална” гээд бага охин Мөнхсарангаа цамцны захаар мөн гараараа хоолойг нь боож байсан. Би Эрдэнэсувдыг “яагаад хүүхдээ хоолойг нь боогоод байгаа юм бэ” гэхэд “Мөнхбаяр надтай суухгүй байгаа биздээ, би энэ хүүхдийг алчихъя” гэсэн. Мөнхбаяр хүүхдийг авсан чинь “би хүүхдээ авна” гээд авч орон дээрээ тавьчихаад шүүгээнээсээ хутга аваад бага охиныхоо хоолой хэсэгт хутга тулгасан. Тэгэхэд нь би очиж хутгыг авсан чинь дахин заазуур аваад хүүхэд рүүгээ дайрахад нь би заазуурыг булааж авсан гэх мэдүүлэг /хх-19 тал/,
Гэрч Э.Мөнгөнхүлэгийн өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Эрдэнэсувдын гэрт ороход Мөнхбаяр, Найдандорж хоёр байсан. Харин охин Мөнхсаран нь уйлчихсан байсан. Хүүхдийн биед ямар гэмтэл учирсанг хараагүй, “та хэд болиоч” гэж хэлчихээд гарсан. ...Намайг гэрт орохоос өмнө Эрдэнэсувд нь “Мөнхбаярыг чи гэрээс гараад явах юм бол би өөрийгөө ална, хүүхдийг чинь ална” гээд орилоод байсан. Би энэ байдлыг гэрийнх нь гаднаас сонссон...гэх мэдүүлэг /хх -21 тал/,
Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №453
1. Э.Мөнхсарангийн биед хүзүүний баруун хэсэгт шарх, баруун хацарт цус хуралт, нүүр, баруун шуунд зулгаралт үүсчээ. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
2. Учирсан гэмтлүүд нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр үүссэн байх боломжтой байна.
4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.
5. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт,
Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх-1 тал/, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4 тал/, яаралтай тусламжийн хуудас /хх 26, 27 тал/, шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа /хх-34 тал/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-37 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаархи нотлох баримтуудыг /хх-42-46 тал/ зэрэг шинжлэн судлав. Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.Эрдэнэсувд нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Мөнхбаярыг өөртэйгээ суусангүй гэх шалтгаанаар “охин Э.Мөнхсаранг чинь ална” гэж хоолойд нь хутга тулгах, гарнаас татаж чангаах зэргээр амь бие, эрх чөлөөнд нь халдаж Э.Мөнхсарангийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь гэрч Б.Мөнхбаяр, Д.Найдандорж, Э.Мөнгөнхүлэг нарын өгсөн мэдүүлэг, Э.Мөнхсарангийн биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 453 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эрдэнэсувдын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Шүүгдэгч Б.Эрдэнэсувдын 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр бага насны хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэл нь нотлогдож байгаа боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн “байнга” гэсэн үндсэн шинж нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Б.Эрдэнэсувдыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Эрдэнэсувдын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Мөнхсарангийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол нэхэмжлээгүй байна.
Шүүгдэгч Б.Эрдэнэсувдад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд энэ хэрэгт шүүгдэгч Б.Эрдэнэсувд цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Эрдэнэсувдад холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 болгон өөрчилсүгэй.
2. Хөрөөчин овогт Бямбасүрэнгийн Эрдэнэсувдыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэсувдыг дөрвөн зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэсувд нь ялыг биелүүлээгүй бол 8 цагийн ажлыг нэг хоногтой дүйцүүлэн хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Эрдэнэсувд цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эрдэнэсувдад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД