Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2023/0630

 

 

 

 

 

 

 

      2023         08          17                                        128/ШЗ2023/0630

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У******* /РД:/,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч: Хотын стандарт, хяналтын газар,

Гуравдагч этгээд: Э******* ХХК /РД:/,

Маргааны төрөл: “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын барилгыг ашиглалтад хүлээн авсан 2017 оны дүгнэлтийг, тухайн барилгын цахилгааны байгууламжийг ашиглалтад хүлээн авсан 2018 оны дүгнэлтийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.С*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранбилэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2017/593, цахилгааны байгууламжийг ашиглалтад хүлээн авсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2018/37 дугаартай дүгнэлтийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох.

Хоёр. Процессын үйл баримтууд.

1. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд иргэн К.П******* захиалгаар Э******* ХХК-ийн контор, үйлчилгээний зориулалтаар барьсан барилгыг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2017/593 дугаар дүгнэлтээр, тус барилгын дунд төвөгшилтэй 6/04,4кВ-ын 2*1000кВА хүчин чадал бүхий иж бүрдэл дэд өртөө /КТПН/ цахилгаан хангамжийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2018/37 дугаар дүгнэлтээр тус тус байнгын ашиглалтад хүлээн авсан.

2. У******* ХХК нь Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт /хуучнаар/ 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 102 дугаар албан бичгээр гомдол гаргасны дагуу тус газраас 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 08/1206 дугаар албан бичгээр “Тухайн байршилд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 908 дугаар захирамжаар К.П******* 1039 м.кв газар эзэмшдэг бөгөөд тус газарт контор, үйлчилгээний зориулалттай барилга барих зөвшөөрлийг Барилга, хот байгуулалтын яамны 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 15/2014 дугаартай олгосон ба 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 593/2017 дугаартай Улсын комиссын акт баталгаажсан байна” гэсэн хариу өгчээ. 

3. У******* ХХК-иас анх Барилга хот байгуулалтын яамны 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 15/2014 дугаартай барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 593/2017 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 20-нд гаргаж, 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 2018/37 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэмэгдүүлж гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШЗ2022/4783 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь заалтыг баримтлан “нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн” үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4. Улмаар У******* ХХК-иас Нийслэлийн Засаг дарга, Хотын стандарт, хяналтын газарт тус тус холбогдуулан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2017/593 дугаартай, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2018/37 дугаартай дүгнэлтүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Маргаж буй үндэслэлүүд.

1. Нэхэмжлэгч “барилгын хойд талд гараашийн хаалга гарган гарцыг хийснээр газар ашиглах эрх зөрчигдсөн, эзэмшил газрын зүүн урд талд зөвшөөрөлгүйгээр өндөр хүчдэлийн трансформатор, цахилгаан генераторыг байршуулсан нь газар эзэмших эрхийг зөрчсөн, Барилгын хууль тогтоомж илт зөрчсөн барилгыг, цахилгааны байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авсан улсын комиссын акт утга агуулгын илэрхий алдаатай тул Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1, У******* ХХК-ийн эрхэд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй тул 47.1.6-д зааснаар илт хууль бус” гэж маргасан бол,

2. Хариуцагч нар “Барилгын тухай хуульд заасан бүрдүүлбэрийг хангуулан барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авсан улсын комиссын дүгнэлт утга агуулга ойлгомжтой, гаргаж буй шийдвэрээ тодорхой илэрхийлсэн, Барилгын тухай хуульд заасан үндэслэлээр гарсан” хэмээн илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэж,

3. Гуравдагч этгээд У******* ХХК болон уг компанийн хамаарал бүхий С ХХК-тай барилга захиалгын гэрээгээр хамтарч ажилласан, иргэний эрх зүйн харилцаа үүсгэсэн, энэ талаарх иргэний хэргийн маргаан шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа, тус компанийн зөвшөөрөлтэйгээр барилгын зоорийн давхрын гараашийн хаалгыг гэрээгээр ашигладаг нийтийн эзэмшлийн талбай руу гаргасан, цахилгааны байгууламжийг зөвшилцөж байршуулсан” хэмээн тайлбарлажээ.   

1.1 Нэхэмжлэгч У******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “У******* ХХК нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тусгаар тогтнолын талбай буюу Т театрын байранд байршин кино үзвэр, үйлчилгээний чиглэлээр 2006 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2202015059 дугаар бүхий барилгыг өмчлөн, нэгж талбарын 1500600590 дугаар бүхий газрыг эзэмшиж, ашигладаг. Мөн У******* ХХК нь Нийслэлийн Авто замын хөгжлийн газартай гэрээгээр барилгын өмнөх буюу урд талбайд зогсоолын үйл ажиллагааг эрхэлж, сар бүр төлбөрийг төлдөг.

Т театрын байрны ертөнцийн зүгээр зүүн урд талд иргэн К.П******* захиалгаар Э******* ХХК Э //-ын барилгын ажлыг 2011-2014 он хүртэл үндсэн төмөр бетон карказын ажил хийж эхэлсэн. Тус барилгын хөдөлмөр, аюулгүйн ажиллагааг ханган ажиллаагүйн улмаас удаа дараа элдэв төмөр, чулуу, хог хаягдал унаж орчин тойрондоо аюул учруулаад зогсохгүй, хүний амь нас эрсдэж байсан. Энэ мэт олон зөрчлүүд гаргаж, нэлээдгүй удаан хугацаагаар барилгын ажил зогсож, явагдахгүй болж байсан удаатай ба тухайн үед буюу 2014 онд эрх бүхий байгууллагуудаас барилгын ажлыг зогсоосон талаар цахим болон мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж байсан ч 2017 оны 1 сараас барилгын ажил дахин эхлүүлсэн бөгөөд У******* ХХК-ийн эзэмшил газрын зүүн урд хэсгийн газар барилгын материал буулгах зэргээр ашиглаж эхэлсэн. У******* ХХК-иас 2017 онд барилгын ажил эхлүүлсэнтэй холбоотойгоор 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 854 дүгээр албан бичгээр, энэ барилгын ажлыг зогсоо. Эзэмшил газрын эрхийг зөрчиж байгаа талаар мэдэгдэл хүргэсэн. Гэтэл 2017 оны 11 дүгээр сард эзэмшил газрын зүүн урд талд зөвшөөрөлгүй өндөр хашаа барьсан. 2018 оны 3 дугаар сард барилгын талбайн хашааг буулгахад, барилгын хойд тал руу гараашийн хаалга гарган гарцыг хийснээр манай газар ашиглах эрх зөрчиж, барилгын хэвийн үйл ажиллагаа алдагдуулан өмчлөгчийн эрхийг зөрчсөн. Түүнчлэн эзэмшил газрын зүүн урд талд зөвшөөрөлгүйгээр өндөр хүчдэлийн трансформатор 2-ыг, цахилгаан генератор 1-ийг байршуулсан.

Тухайн үед Э******* ХХК-д мэдэгдэж зөвшөөрөлгүйгээр байрлуулж байна, чөлөөлж өгөхийг шаардахад түр байрлуулж байгаа гэж мэдэгдсэн.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2021/25 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Хэмжилтийн үр дүнг, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй байгаа иргэн К.П******* 1500600603 нэгж талбарын дугаартай, 1038 м.кв газартай давхцуулан үзэхэд MN Tower барилга 43 м.кв, барилгын урд талын шат 23 м.кв, барилгын хойд талын шат, пандус 30 м.кв талбайгаар эзэмшил газраас илүү баригдсан байна. Хэмжилтийн үр дүнг, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй байгаа У******* ХХК-ийн 1500600590 нэгж талбарын дугаартай 3802 м.кв газартай давхцуулан үзэхэд цахилгаан генератор 13 м.кв, трансформатор тус бүр 9 м.кв, 8 м.кв, төмөр хашаа 17 м урттайгаар тус тус давхцалтай байна” гэж уг барилга нь зураг төслийн дагуу баригдаагүй, бусдын газар эзэмших эрхийг зөрчсөнийг хангалттай нотлогддог болно.

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 5.1-т “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 5.1.1-д “Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан барилгын үйл ажиллагааны зарчим хангагдсан эсэхийг дүгнэх”, 5.1.2-т “Барилгын тухай хуулийн 14.1, 14.2 дахь хэсэгт заасан шаардлага хангагдсан эсэхийг дүгнэх”, 5.1.3-т “Барилгын ажлыг зураг төсөл, норм, нормативын баримт бичигт заасан техникийн үзүүлэлт, шаардлагын дагуу гүйцэтгэсэн эсэх” гэж заасан чиг үүрэгтэй байдаг. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Барилга байгууламж дараах шаардлагыг хангасан байна”, 14.1.1-д “зураг төслийн дагуу баригдсан байх”, 14.1.2-т “барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх”, 14.1.3-т “байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх”, 14.1.4-т “зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх”, 14.2-т “Барилга байгууламжийн гадна тохижилтын талбай, ногоон байгууламж хот төлөвлөлтийн норм, нормативын баримт бичигт заасан хэмжээнээс багагүй байна” гэж тус тус заасан.

Гэтэл газар эзэмшигч, ашиглагч У******* ХХК-ийн зөвшөөрөлгүй байхад Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2017/593 дугаартай дүгнэлтээр MN Tower барилгыг, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2018/37 дугаар дүгнэлтээр барилгын цахилгааны байгууламж болох КТПН /трансформатор-2. цахилгаан генератор-1/-г үндэслэлгүйгээр хүлээн авч ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байна.

Трансформатор, цахилгаан генераторыг цонхны доор байгуулснаараа  трансформатор, цахилгаан генератор ажиллаж эхэлснээрээ дизелийн, угаарын хий ялгарч цонхоор орж ирж байгаа нөхцөл байдал байгаа. Барилгын стандарт нормыг хангаагүй, бусдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүссэн. Зориулалтын дагуу баригдах зоорийн давхрын зураг төслийг нь өөрчлөөд гарцыг гаргасан нь зэргэлдээ барилгын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх гэдэг нөхцөлийг зөрчсөн.

Энэ нь дараах Барилгын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн байх бөгөөд хөрш зэргэлдээ компанийн газар эзэмшигчийн эрх, өмчлөлийн барилгын хэвийн ашиглалт, аюулгүй байдлыг алдагдуулж эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхий зөрчсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна. Үүнд:

Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ” гээд 7.1.1-д “барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн  өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй эрх ашиг сонирхол” гэж, 12 дугаар зүйлийн 12.1.4-т “нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх”, 12.1.5-т “хуний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчныг техникийн болон галын аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах нөхцөлийг бүрдүүлсэн, гамшиг, аюулт үзэгдлийн үед нүүлгэн шилжүүлэх нөхцөлийг хангасан байх”, 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “зураг төслийн дагуу баригдсан байх”, 14.1.2-т “барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх” 14.1.4-т “зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна”,

“Хот тосгоны төлөвлөлт, барилгажилт” /БНбД 30-01-04/-ийн нормын заавал мөрдөх 4 дүгээр хавсралтад “Орон сууц хоорондох гал тусгаарлах хамгаалалтын зай 6 м-ээс багагүйгээр төлөвлөнө”,

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах” гэж заасан газар эзэмшигч, ашиглагчийн эрхийг зөрчсөн.

Ийнхүү Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс нь хуульд заасан үүгээ биелүүлэхгүйгээр бусдын газар дээр зөвшөөрөлгүй, хууль тогтоомж зөрчиж баригдсан барилгыг ашиглалтад оруулсан нь У******* ХХК-ийн аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрхийг зөрчиж, барилга байгууламжийн хэвийн ашиглалт алдагдаж, компанийн хөрөнгө үнэгүйдэх, ашиг орлого буурах, алдагдал хүлээх нөхцөл бүрдэж улмаар Үндсэн хуульд заасан өмчлөх эрх, эзэмших эрх, ашиглах эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах хууль ёсны ашиг сонирхолд халдаж байна. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс хуульд заасан үүргээ биелүүлсэн бол У******* ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй байсан болно.

Мөн Монгол Улсад хүчин төгөлдөр барилгын норм ба дүрэм, эрчим хүчний барилгын стандарт, эрчим хүчний барилга байгууламж барих ажлын журмыг ноцтой зөрчсөн, орчиндоо аюултай барилга байтал үүнийг ашиглалтад оруулах комисс нь огт тоосонгүй. Нөгөөтээгүүр Барилгын тухай хуульд зааснаар газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь тухайн барилгын захиалагч байдаг. Гэтэл газрын эзэмшигч нь У******* ХХК буюу захиалагчаас өөр этгээд байтал барилгыг ашиглалтад оруулж буй нь “утга агуулгын илэрхий алдаатай” болохыг харуулж байна.

Тиймээс Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2017/593 дугаартай дүгнэлт, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2018/37 дугаар дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1. 47.1.6-д зааснаар илт хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.

Нийслэлийн Засаг даргад өөрт нь 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 03/4552 тоот албан бичгээр гомдол гаргасан боловч хүлээж аваагүй. Тийм учраас урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдсэн. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргасан хөөн хэлэлцэх хугацааны асуудал илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

2.1 Хариуцагч Хотын стандарт хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Монгол улсын Засгийн газрын 2017 оны 69, 172 дугаар тогтоолоор байгуулагдсан 24 хүний бүрэлдэхүүнтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд иргэн К.Пийн захиалгаар Э******* ХХК-ийн барьсан контор, үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийн дагуу хуучнаар Хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газар 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр комиссын үйл ажиллагааг холбогдох хууль, дүрмийн дагуу зохион байгуулан ажиллаж комиссын гишүүд хариуцсан чиглэл тус бүрээр үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулан 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2017/593 дугаар дүгнэлт, мөн тус барилгын дунд төвөгшилтэй 6/0.4кВ-ын 2*1000кВА хүчин чадал бүхий иж бүрдмэл дэд өртөө /КТПН/ цахилгаан хангамжийг Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2018/37 дугаар дүгнэлтээр тус тус баталгаажуулсан байна.

Иймд У******* ХХК-ийн гаргасан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2017/593 дугаар дүгнэлт, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2018/37 дугаар дүгнэлтүүдийг тус тус хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

2.2 Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг газар эзэмшигч, ашиглагч болох У******* ХХК-ийн зөвшөөрөлгүй байхад барилга байгууламжийг ашиглалтад оруулсан комисс 2017 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн 2017/593, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2018/37 дүгнэлтүүдийг гаргаж, Барилгын тухай хууль болон хөрш зэргэлдээ компанийн газар эзэмших эрх, өмчлөлийн барилгын ашиглалтын хэвийн байдлыг илэрхий зөрчсөн гээд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6 дахь заалтаар илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна гэдэг. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх “утга агуулгын илэрхий алдаатай” гэсэн заалтыг шүүхийн практик болон онолын хувьд Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03 өдрийн 37 дугаар тогтоолоор баталсан тайлбарыг авч үзвэл “захиргааны актыг гаргасан захиргааны байгууллага албан тушаалтны хүсэл зориг нь тухайн актыг бүрэн гүйцэт илэрхийлээгүй, актын заалтууд хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгож болохоор агуулга нь тодорхой бус байхыг хэлнэ” гэж тайлбарладаг. Гэтэл маргаан бүхий акт нь хэн ч уншсан ойлгомжтой, утга агуулгын алдаагүй захиргааны акт байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэсэн заалт нь практик болон онолын хувьд мөн захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад акт гаргасан тохиолдолд хэрэглэдэг. Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6 дахь хэсэгт барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллах нөхцөлийг, мөн  барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэмд ашиглалтад оруулах, ашиглалтад оруулахаас татгалзах нөхцөлийг тодорхой зааж өгсөн. Зааж өгсөн үндэслэлийнхээ хүрээнд комисс ажиллаад тухайн барилга байгууламжийг ашиглалтад оруулсан байдаг. Иймд дээрх маргаан бүхий актууд Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй байна гэж үзэж байна.

Барилгын тухай хуульд заасан газар эзэмшигч, ашиглагч нь тухайн байгууллагын захиалагч байдаг. Гэвч газар эзэмшигч нь У******* ХХК-ийн буюу захиалагчаас өөр этгээд барилгыг ашиглалтад оруулахаас татгалзах нь үндэслэлгүй. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар барилгын үйл ажиллагаанд захиалагч тодорхой байна, захиалагч тодорхой бус тохиолдолд тухайн барилга байгууламжийн эзэмшигч буюу өмчлөгчийг захиалагчид тооцно, барилга байгууламжийн эзэмшигч тодорхой бус бол тухайн газрыг эзэмшиж буй өмчлөгчийг захиалагчид тооцно гэж заасан. Үүнээс үзвэл барилга байгууламжийн ашиглалтад оруулах хүсэлтийг бүрдүүлэх материалд захиалагчийн мэдээлэл тодорхойгүй бол захиргааны байгууллага захиалагчийг нэмж тодруулж тогтоох нөхцөлийг зааж өгсөн бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн улсын комиссын дүгнэлт гаргахад захиалагч нь иргэн К.П******* гэдэг нь тодорхой байсан. Мөн хүсэлтүүд тодорхой байсан. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчиж шийдвэр гаргах эрхгүй байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.1 Гуравдагч этгээд Э******* ХХК шүүхэд ирүүлсэн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “У******* ХХК-ийн гаргасан Нийслэлийн Засаг дарга, Хотын стандарт, хяналтын газарт холбогдуулан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2017 оны 12-р сарын 26-ны өдрийн 2017/593 дугаартай дүгнэлт, 2018 оны 01-р сарын 23-ны өдрийн 2018/37 дугаартай дүгнэлтийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байна.

У******* ХХК хохирсон зүйл байхгүй. Яагаад хохиролгүй гэж үзсэн бэ гэхээр Э******* ХХК, С ХХК хоорондоо гэрээ байгуулаад уг барилгад талбай авах асуудал ярьсан. Үүнээс хойш талуудын хооронд маргаан явж байсан. Маргаан гарснаас хойш У******* ХХК нь гарч ирсэн. У******* ХХК-ийн яриад байгаа “нэг өглөө барилга босоод ирчихсэн, зөвшөөрөлгүй байсан, манай цонх хаагаад байгаа” гэсэн асуудал байхгүй. Шүүх өөрөө үзлэг хийсэн. Зүүн, урд талдаа цонх байдаггүй. Энэ хийсэн үйлдлүүд дандаа гэрчтэй, талуудын харилцан тохиролцсон үйлдэлтэй үйл ажиллагаанууд хийгдсэн.  С ХХК-тай яагаад холбогдоод байгаа вэ гэхээр У*******, Ш, г компаниудын толгой компани. С ХХК “танайх энэ асуудлаа шийдчихвэл манайх  У******* ХХК-ийн нэхэмжлэлээ татаад авчихна” гэж маш хариуцлагатай хэлдэг. Бид бүхэн Эын 1 давхарт, 22 давхарт, 20 давхарт уулзаж байсан. Э ХХК-ийн ерөнхий захирал Н, С ХХК-ийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч нар уулзаж байсан. Нэг л зүйлийн ярьдаг. Та нар С ХХК-ийн асуудлыг шийдчих гэж ярьдаг. Бид нар С ХХК-ийн асуудлыг шийдсэн. Шийдчихвэл У******* ХХК нэхэмжлэлээ татна гэх асуудлыг ярьдаг.

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 908 дугаартай захирамжаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, тусгаар тогтнолын талбай 5 хаягт байрлах 1039 м.кв газрыг иргэн К.П*******т оффис, үйлчилгээний зориулалтаар олгосон байдаг бөгөөд гуравдагч этгээд Э******* ХХК нь тус газар дээр оффис үйлчилгээний зориулалттай барилга барихаар М ХХК-иар барилгын ажлыг зургийг зуруулан Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрын даргаар албан ёсоор батлуулан, барилгын тухай хууль, дүрэм журмын дагуу эрх бүхий байгууллагаас барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, техникийн нөхцөлүүдийг авч барилгын ажлыг эхлүүлсэн байдаг. Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ гэж заасан бөгөөд Э******* ХХК-ийн барьсан МН тауэр барилга нь нэхэмжлэгч компанийн эрхлэн явуулдаг Т театрын барилгын зүүн урд талд байрладаг буюу хөрш залгаа үл хөдлөх эд хөрөнгө байна.Э******* ХХК нь нэхэмжлэгч компанид барилга барихтай холбоотой зураг төсөл, зөвшөөрөл, техникийн нөхцөлүүдийг танилцуулж хамтран ажиллахаар болсон.

Нэхэмжлэгч У******* ХХК нь Э******* ХХК-тай 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Үйлчилгээний талбай захиалгаар бариулж худалдах, худалдан авах 01 тоот гэрээг байгуулан Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай газарт орчин үеийн техник, хийц, дизайныг харуулсан үйлчилгээний талбай, кино үзвэрийн танхим барих, төлбөр төлөхтэй холбоотой харилцааг зохицуулахаар харилцан тохиролцсон байдаг.

Нэхэмжлэгч У******* ХХК-ийн зүгээс Улаанбаатар дулаан түгээх сүлжээ ТӨХК-д 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 696 дугаартай “дээрх нөхцөлийн дагуу харилцан ойлголцож тохиролцсон ба иргэн К.П******* барилгын ажил эхлүүлэхийн өмнөх баримт бичгийн бүрдэл нь иж бүрнээр бүрдсэн байх тул бидний зүгээс барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй болно” албан бичиг хүргүүлсэн.

Нэхэмжлэгч У******* ХХК-ийн зүгээс 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 722 дугаартай Нийслэлийн газрын албанд хүргүүлсэн албан бичигт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Т театрын зүүн урд хэсэгт иргэн К.П******* эзэмшлийн баригдаж байгаа барилга нь ажлын явцаас шалтгаалж газраа хойш сунгаж байгаа бөгөөд үүнд манай байгууллагын зүгээс татгалзах зүйлгүй болно” гэсэн бичгийг хийж өгсөн.

Нэхэмжлэгч У******* ХХК-ийн зүгээс Нийслэлийн Засаг даргад 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 788 дугаартай албан бичгээр Т театрын зүүн урд талд оффис, үйлчилгээний барилга барих зориулалтаар Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгосон газарт иргэн К.П******* нарын ажил эхлүүлэхэд бэлэн болоод байгаа бөгөөд иргэн К.П******* нарын барилгын хойно баригдах байсан усан оргилуурын барилгыг хойшоо 8 метр сунган ажлаа гүйцэтгэхэд тус компанийн зүгээс татгалзах зүйлгүй болно” гэсэн утга бүхий албан бичгийг хүргүүлж байсан байдаг болохыг анхаарч үзнэ үү.

Үүнээс харахад нэг өглөө босоод ирэхэд барилга босчихсон байсан гэдэг нь худлаа. Эхнээсээ талууд харилцан тохироод барилга эхлээд, үйл ажиллагаа явагдаад энэ 20 давхар оффис барилга ашиглалтад орсон. Нэхэмжлэгч компаниас холбогдох байгууллагад явуулж байсан дээр дурдсан албан бичгүүдийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 4783 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн хуулийн зохицуулалтад хамаарч байгааг анхаарч үзнэ үү.

Нөгөөтээгүүр тухайн барилга нь 2011 оноос хойш эхлүүлэн 2017 он хүртэл нэхэмжлэгч “У*******” ХХК-ийн нүдэн дээр барьж ашиглалтад оруулсан бөгөөд нэхэмжлэгч компанийн эрх бүхий байгууллагад гаргаж байсан дээрх албан бичиг болон талуудын хооронд байгуулсан 01 дугаартай гэрээ, барилгын үйл ажиллагааны явцад ямар нэгэн эсэргүүцсэн үйлдэл болон албан бичиг байхгүй байгаагаас дүгнэж үзвэл нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлдээ дурдсан “2017 оны 11-р сард эзэмшил газрын зүүн урд зөвшөөрөлгүй өндөр хашаа барьсан. 2018 оны 03-р сард барилгын талбайн хашааг буулгахад барилгын зүүн тал руугаа гараашийн хаалга гарган гарцыг хийснээр манай газар эзэмшигч болон ашиглагчийн эрхийг зөрчсөн, түүнчлэн манай эзэмшил газрын зүүн урд хэсэгт өндөр хүчдэлийн трансформатор 2-ыг, цахилгаан генератор 1-ийг байрлуулсан. Тухайн үед Э******* ХХК-д мэдэгдэж зөвшөөрөлгүй байрлуулж байна чөлөөлж өгөхийг шаардахад түр байрлуулж байгаа гэж мэдэгдсэн” гэсэн тайлбар огт үндэслэлгүй. Яагаад үндэслэлгүй вэ гэхээр зуны 1 сарын хугацаанд үргэлжилсэн. Энэ үйл ажиллагааг У******* ХХК зөвшөөрөөд явагдаж байсан. Нээлт нь дээр нь ч гэсэн У******* ХХК-ийн захирал оролцоод явж байсан. Үүнээс харахад У******* ХХК, Э******* ХХК нарын хооронд маргаан байхгүй.

Иргэн К.П******* захиалгатай гуравдагч этгээд Э******* ХХК-ийн гүйцэтгэсэн барилгын цахилгааны техникийн нөхцөлийг 2011 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1280/2011 дугаартай авсан бөгөөд тус техникийн нөхцөлөөр 200 кВт хүчин чадалтайгаар холболтын цэгийг орон сууцны секцэнд рубильник бүхий групп тоноглож, кабель шугам татаж цахилгаан холбохоор тусгаж өгсөн боловч барилгын гүйцэтгэлийн явцад барилга дотор тавигдах эйр кондейшны хүчин чадлаас хамаарч 200 кВт цахилгаан хүрэлцэхгүй болсон тул гуравдагч этгээд Э******* ХХК-ийн зүгээс Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д хүсэлт гаргасны үндсэн дээр дахин 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 0688/2017 дугаартай техникийн нөхцөл, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2073/2017 дугаартай техникийн нөхцөлийг олгосон тул нэхэмжлэл нь бодит байдалд нийцээгүй болох нь тодорхой харагдаж байна. Машин тавьдаг үйл ажиллагааг нь зогсоож байгаад газар доогуур шугам татаад, шугам татсаны дараа 2 том кран орж ирж дэд бүтцүүдийг байршуулсан. Зүүн тал руу гарах гарцыг нь хааж байгаад 2 тал ярилцаад хийсэн. Цахилгааны 0688/2017 дугаартай барилгын цахилгаан станцын кабель шугамын зургийг албан ёсоор эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан байдаг. Батлагдсан зураг төслийн дагуу техникийн нөхцөлд тусгагдсан 1, 2 дугаар дэд өртөө буюу трансформатор, 1 генераторыг нэхэмжлэгч У******* ХХК-ийн зөвшөөрлийн дагуу барилгын ертөнцийн зүгээр баруун хойд буланд байрлуулах ажлыг мэргэжлийн Э ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд 2 ширхэг трансформатор, 1 генераторыг суурилуулах ажлыг техникийн нөхцөл, нэхэмжлэгч компани зөвшөөрсний үндсэн дээр, бүх нийтийн нүдэн дээр хийж гүйцэтгэсэн бөгөөд нэхэмжлэгч У******* ХХК-ийн зүгээс зөвшөөрсөн тул хориг саад тавьж байгаагүй, нэхэмжлэгч компанийн эрх ашиг хөндөгдсөн зүйл байхгүй.

Нөгөөтээгүүр гуравдагч этгээд Э******* ХХК нь Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрын дарга албан ёсоор баталсан, М ХХК-ийн зурсан барилгын ажлын зургийг зоорины давхарт өөрчлөлт оруулахаар зургийг зохиогчтой зөвшилцсөний дагуу барилгын зоорийн давхарт хийгдэх авто зогсоолын гарцыг ертөнцийн зүгээр хойд зүг рүү гаргахаар зураг төсөлт өөрчлөлт оруулж батлагдсан. Гуравдагч этгээд Э******* ХХК нь нэхэмжлэгч У******* ХХК-тай харилцан тохиролцож, У******* ХХК-ийн өмнөх зогсоолын 2 машин тавих хэсгийг барилгын зоорины давхарт шилжүүлэхээр харилцан тохиролцсоны дагуу барилгын зоорийн давхрын хэсгийг автомашины зогсоол хэлбэрээр нэхэмжлэгч компанийн зөвшөөрөл, батлагдсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэсэн болох нь барилгад зохиогчийн хяналт хийсэн нэгдсэн дүгнэлтээр давхар нотлогдож байгаа. Энийг шүүх очоод үзлэг хийчихсэн. Чингэлтэй дүүргийн шүүх ч тогтоосон, Захиргааны хэргийн шүүх ч тогтоосон. Нэхэмжлэгч У******* ХХК нь 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл өөрийн ажилчид болох 43-33 УБВ тээврийн эзэмшигч Ц.Ня, 78-24 УБЯ тээврийн хэрэгслийг эзэмшигч Э.У, 96-27 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Д.О нь өөрийн автомашиныг МН тауэр барилгын зоорийн давхрын 2 ширхэг авто зогсоолыг ашиглаж байгаа болохыг нотолсон Авто тээврийн үндэсний төвийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 117 дугаартай албан бичгийн лавлагаа хавтаст хэрэгт авагдсан байдаг. Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1020 дугаартай албан бичигт хавсаргасан нэхэмжлэгч компанийн нийгмийн даатгал дахь ажилчдын мэдээлэл зэрэг нь камер болон харуулын дэвтэрт бичигдсэн байдаг.  Энэ хүмүүсийн яриад байгаа манай авто зогсоолыг хаасан гэж байгаа нь үндэслэлгүй. 2 гараашийг нь манайх доошоо оруулаад дулаан гараашаар хангачихсан. Ажилтных нь машиныг тавьж байгаа нь шүүхийн үзлэгээр, CD үзлэгээр мөн тогтоогдсон. 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 4783 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасан хуулийн зохицуулалтад хамаарч байгааг анхаарч үзнэ үү. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд Э******* ХХК нь эрх бүхий байгууллагаас олгосон техникийн нөхцөл батлагдсан зураг төслийн дагуу, нэхэмжлэгч компанитай харилцан тохиролцож, зөвшөөрсний дагуу цахилгааны трансформаторууд болон генератор, узель, авто машины зогсоолыг хийж гүйцэтгэсэн. Огт тооцоололгүйгээр тэр том, үнэтэй тоног төхөөрөмжийг хашаа татаад тавина гэсэн ойлголт байхгүй. Гуравдагч этгээд Э******* ХХК-нь иргэн К.П******* эзэмшлийн газар дээр батлагдсан зураг төсөл, техникийн нөхцөлийн дагуу оффис, үйлчилгээний барилга барихаар төлөвлөж, нэхэмжлэгч У******* ХХК-тай харилцан тохиролцож баримт бичгийг албан ёсоор танилцуулсны үндсэн дээр нэхэмжлэгч компани нь МН тауэр барилгын ажлыг эхлүүлж, үргэлжлүүлэхэд татгалзахгүй болохоо нэхэмжлэгч У******* ХХК албан ёсоор буюу 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар дулаан түгээх сүлжээ ТӨХК-д илгээсэн бичиг 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 722 дугаартай Нийслэлийн газрын албанд, илгээсэн албан бичиг, 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 788 дугаартай албан бичгээр Нийслэлийн Засаг даргад хандсан зэрэг албан бичиг болон талуудын хооронд байгуулсан үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээ тус гэрээг С ХХК-д шилжүүлэх тухай 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 854 дугаартай албан болон бодитой үйлдлээр илэрхийлсэн байдаг.

Гуравдагч этгээд Э******* ХХК-ийн барьж гүйцэтгэсэн барилга нь нэхэмжлэгч компанийн барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулсан зүйл байхгүй бөгөөд нэхэмжлэгч компаниар үйлчлүүлж буй иргэдийг нүүлгэн шилжүүлэх нөхцөлийг зөрчөөгүй, зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулсан зүйл байхгүй, нэхэмжлэгч компани нь өнөөдрийг хүртэл Т театрын үйл ажиллагаа хэвийн явуулж байгаа. Гуравдагч этгээд Э******* ХХК нь батлагдсан зураг төсөл, техникийн нөхцөлийн дагуу нэхэмжлэгч У******* ХХК-ийн зөвшөөрөл болон нэхэмжлэгч компанийн нүдэн дээр барьж гүйцэтгэсний дагуу Улсын комисс 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр газар дээр нь ажиллаж 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2017/593 дугаартай актаар албан ёсоор байнгын ашиглалтад хүлээн авсан. Э******* ХХК нь бусдын эрх ашгийг зөрчилгүйгээр буюу нэхэмжлэгч У******* ХХК-ийн зөвшөөрлийн дагуу олон нийтийн өмнө барьж батлагдсан зураг төсөл, техникийн нөхцөл, барилгын норм дүрмийн дагуу барилгын барьж гүйцэтгэсэн болохыг төрийн эрх бүхий байгууллагын мэргэжлийн 20 гаруй гишүүд газар дээр нь ажиллаж 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2017/593 дугаартай, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2018/37 дугаартай актаар албан ёсоор байнгын ашиглалтад хүлээн авсан.

У******* ХХК нь ашиг сонирхол нэгтэй С ХХК-ийн Э******* ХХК-д холбогдуулан маргаан бүхий барилгын 1, 2 давхрыг өмчлөлдөө авах тухай шаардлагыг хангуулах, Э******* ХХК-д шахалт үзүүлэх зорилгоор нэхэмжлэгч У******* ХХК нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч У******* ХХК болон С ХХК нь нэг хувьцаа эзэмшигчтэй буюу г ХХК, Ш холдинг ХХК-ууд хувьцааг нь эзэмшдэг, эцсийн өмчлөгчид нэг байгаа буюу харилцан хамаарал бүхий компани болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10/2552 дугаартай албан бичгийн хавсралтад заагдсан нэхэмжлэгч компанийн болон С ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар тодорхой харагдаж байгаа. Э******* ХХК нь нэхэмжлэгч У******* ХХК-тай 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн барилгаас талбай авах зорилгоор үйлчилгээний талбай захиалгаар бариулж, худалдах, худалдан авах 01 тоот гэрээний эрх үүргийг нэхэмжлэгч компани нь өөрийн ашиг сонирхол нэгтэй компани болох С ХХК-д шилжүүлж Э******* ХХК нь С ХХК-тай 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах, худалдах, худалдан авах 01 дугаартай гэрээг байгуулж, С ХХК нь барилгаас талбай авахаар харилцан тохиролцсон байдаг. Нэхэмжлэгч компани өөрийн эрх үүргийг өөрийн ашиг сонирхол нэгтэй компани руу шилжүүлсэн болох нь У******* ХХК-ийн 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 854 дугаартай албан, С ХХК-ийн 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01-1030- дугаартай албан бичгээр маш тодорхой харагддаг бөгөөд Э******* ХХК нь С ХХК-тай байгуулсан гэрээний дагуу С ХХК-тай тохиролцсоны дагуу хоёр компанийн хооронд 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж тус тооцоо нийлсэн актаар 1,742,542,500 төгрөгийг буцаагаад өгчихсөн. Энэ мөнгөн дээр нэмж торгууль 276,234,054 төгрөг нийт 2,018,776,554 төгрөгийг Э******* ХХК нь С ХХК-д төлж барагдуулахаар тооцоо нийлж , С ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 01/5008 дугаартай албан бичгийг дагуу дээрх тооцоо нийлсэн актад дурдсан төлбөрийг С ХХК-д бүрэн төлж хохиролгүй болгосон байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч болон түүнтэй харилцан хамаарал бүхий С ХХК-ийн эрх ашиг нь хөндөгдсөн зүйл байхгүй болох нь дээрх баримт, үйл баримтуудаар нотлогдож байгааг анхаарч үзнэ үү. Мөнгө шилжүүлсний дараа нэхэмжлэлээ татаад авчихна гэсэн чинь болохгүй нь гээд одоо ингээд маргаан үргэлжлээд явж байна. У******* ХХК, С ХХК-ийн удирдлагуудтай уулзаад ярихаар бид нарт хохирол байхгүй, та нар ТУЗ-тай ярь гэдэг. 50 хувийг нь А ХХК, хувийг нь Ш ХХК эзэмшдэг. Нэхэмжлэгч У******* ХХК нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Э******* ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч компанийн газарт байрлах трансформатор, 1 генераторыг, автомашины зогсоолыг Э******* ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, хохирол 167,996,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэний шүүх 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2023/01014 дугаартай шийдвэрээр дээр дурдсан нэхэмжлэгч компанийн төрийн эрх бүхий байгууллагад явуулж байсан албан бичиг болон нэхэмжлэгч компанийн ажилчдын автомашин барилга байршуулж байгаа баримтууд болон бусад баримтуудаар нэхэмжлэгч У******* ХХК-ийн зүгээс барилга байгууламжийг барихыг зөвшөөрч байсан нотлогдож байна гэж У******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар үндэслэлгүй байна гээд тогтоочихсон. Нэг өглөө босоод ирсэн чинь ингэчихсэн байна гэж ярьдаг. Бодит байдал дээр шүүх өөрөө үзлэг хийсэн. 2011 оноос эхэлж баригдаж эхлээд 2017 онд ашиглалтад орсон барилгыг нэг өглөө сэрсэн чинь гэж ярьж болохгүй. У******* ХХК-ийн нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүх ч гэсэн Чингэлтэй дүүргийн шүүх ч гэсэн бүхэлдээ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ Барилгын тухай хуульд зааснаар газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь тухайн барилгын захиалагч байдаг. Гэтэл газар эзэмшигч нь У******* ХХК буюу захиалагчаас өөр этгээд байтал барилгыг ашиглалтад оруулж буй нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “Утга агуулгын илэрхий алдаатай” болохыг харуулж байна..., 2017/593 дугаартай дүгнэлт, 2018/37 дугаартай дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус гэж үзэх үндэслэлтэй” гэсэн зүйл яриад байдаг. Гуравдагч этгээд Э******* ХХК-ийн зүгээс төрийн эрх бүхий байгууллага болох Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас олгосон 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 0688/2017 дугаартай техникийн нөхцөл, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2073/2017 дугаартай техникийн нөхцөлийн дагуу мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй Чандмань хонгор ХХК-ийн зураг төслийг нь боловсруулан мэргэжлийн байгууллагаар 2 ширхэг трансформатор, 1 генераторыг суурилуулах ажлыг техникийн нөхцөл, нэхэмжлэгч компанийн зөвшөөрөл өгөөд, нэхэмжлэгч компанийн хяналт доор хийж гүйцэтгэсэн бөгөөд нэхэмжлэгч У******* ХХК-ийн зүгээс зөвшилцөн барьсан тул ямар нэгэн хориг саад тавьж байгаагүй. 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 0688/2017 дугаартай техникийн нөхцөл, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2073/2017 дугаартай техникийн нөхцөл, тусгай зөвшөөрөл бүхий Чандмань хонгор групп ХХК-ийн цахилгаан дамжуулах кабель шугамын Шифр: ЧХГ.17.14-1 дугаартай батлагдсан зураг төслийн дагуу техникийн нөхцөлд тусгагдсан 1, 2 дугаар дэд өртөө буюу трансформатор, 1 генераторыг нэхэмжлэгч У******* ХХК-ийн зөвшөөрлийн дагуу МН тауэр барилгын ертөнцийн зүгээр баруун хойд буланд трансформатор, 1 генераторыг суурилуулах, түүнтэй холбоотой газар шорооны ажлыг олон нийтийн өмнө мэргэжлийн Э ХХК- иар 2017 оны 10 дугаар сараас хийж гүйцэтгэн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр комиссын актаар хүлээлгэн өгч ашиглалтад хүлээн авсан бөгөөд тухайн трансформатор, генераторыг байрлуулах, газар шорооны ажил хийж гүйцэтгэж байх хугацаанд болон улсын комисст хүлээлгэн өгөхөд нэхэмжлэгч талаас ямар нэгэн хэлбэрээр хориглож байсан зүйл байхгүй болно. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д захиргааны акт утга, агуулгын илэрхий алдаатай байх тохиолдлыг тухайн актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байхыг мөн найруулга зүйн болон үг, үсэг, тооны алдаа тодорхой байсан тохиолдолд илэрхий алдаатайд тооцогдохоор заасан бөгөөд дээрх 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 2018/37 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан илэрхий алдаа байхгүй байна. Нөгөөтээгүүр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэсэн тохиолдол нь захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгохоор заасан бөгөөд гуравдагч этгээд Э******* ХХК нь МН тауэр барилгыг хүчин төгөлдөр батлагдсан зураг төсөл, техникийн нөхцөл болон холбогдох дүрэм журмын дагуу барьж гүйцэтгэсэн болохыг эрх бүхий байгууллага хүлээн зөвшөөрч 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар барилгын хүлээн авсан болно. Уг барилгад 2000-аад байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна. Барилга зарагдаад дууссан. У******* ХХК шударга байх ёстой. Бид нар нүүр нүүрээ хараад, бүх уулзалт дээрээ уулзаж, ярилцаад бичиг үйлдээд Э ХХК-руу бичиг явуулаад бид нар нэхэмжлэлээ татаад та нар хохирлоо төлчих гэсэн. Бид нар үндсэн төлбөртэй нь хохирлоо төлөөд мөнгө төгрөг өгөөд бүгд дууссан. Одоо ямар асуудал байна гэхээр та нар Төлөөлөн удирдах зөвлөлтэй ярь бид нарт хохирол байхгүй гэдэг. Ингээд үзэхээр У******* ХХК-ийн нэхэмжлэл худлаа байна гэдэг.

Иймд нэхэмжлэгч У******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.2 Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Иргэн К.П******* захиалгатай гуравдагч этгээд Э******* ХХК-ийн гүйцэтгэсэн барилгын цахилгааны техникийн нөхцөлийг 2011 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1280/2011 дугаартай авсан бөгөөд тус техникийн нөхцөлөөр 200 кВт хүчин чадалтайгаар холболтын цэгийг орон сууцны ХТП-886ын 0 4кв талын 1 ба 2 секцэнд рубильник бүхий групп тоноглож, кабель шугам татаж цахилгаан холбохоор тусгаж өгсөн боловч барилгын гүйцэтгэлийн явцад барилга дотор тавигдах эйр кондэйшны хүчин чадлаас хамаарч 200 кВт цахилгаан хүрэлцэхгүй болсон тул гуравдагч этгээд Э******* ХХК-ийн зүгээс Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д хүсэлт гаргасны үндсэн дээр дахин 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 0688/2017 дугаартай техникийн нөхцөл, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2073/2017 дугаартай техникийн нөхцөлийг олгосон.

Тус цахилгааны 0688/2017 дугаартай, 2073/2017 техникийн нөхцөлийн 2011 оны 1280/2011 тоот техникийн нөхцөлийг нэр холболтын цэг, хүчин чадал өөрчилж, хугацааг сунгаж, холболтын цагийг хөндлөн огтлолтой кабель шугамаар шинээр баригдах дэд өртөөний 1 ба 2 секцийг оруулж, кабель шугам татаж 0,4 кВ-ын тоолуур, олон улсын стандартын шаардлага хангасан, алдагдал багатай 2*1000 кВт чадалтай 6/0.4 кВ-ын гүйдлийн трансформаторууд бүхий тусгай хайрцагт суурилуулах өртөө шинээр барих, цахилгаан эрчим хүч тасарсан үед тэжээх нөөц эх үүсвэр /дизель генератор/ суурилуулахаар тусгаж өгсөн байдаг.

Цахилгааны 0688/2017 дугаартай, 2073/2017 дугаартай техникийн нөхцөлийн дагуу зураг төслийн Чандмань хонгор, групп ХХК нь Э******* ХХК-ийн гүйцэтгэж буй иргэн К.П******* барилгын цахилгаан дамжуулах кабель шугамын Шифр ЧХГ. 1714-1 дугаартай зургийг зурж албан ёсоор эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан. Батлагдсан зураг төслийн дагуу техникийн нөхцөлд тусгагдсан 1, 2 дугаар дэд өртөө буюу трансформатор, 1 генераторыг нэхэмжлэгч У******* ХХК-ийн зөвшөөрлийн дагуу барилгын ертөнцийн зугаар баруун хойд буланд байрлуулах ажлыг гүйцэтгэсэн бөгөөд 2 ширхэг трансформатор, 1 генераторыг суурилуулах техникийн нөхцөл, нэхэмжлэгч компани зөвшөөрсний үндсэн дээр, бүх нийтийн нүдэн дээр хийж гүйцэтгэсэн бөгөөд У******* ХХК-ийн зүгээс зөвшөөрсөн тул хориг саад тавьж байгаагүй. Нэхэмжлэгч компанийн эрх ашиг хөндөгдсөн зүйл байхгүй болохыг анхаарч үзнэ үү.

Нөгөөтээгүүр гуравдагч этгээд Э******* ХХК нь Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрын дарга албан ёсоор баталсан М ХХК-ийн зурсан барилгын ажлын зургийг зоорийн давхарт өөрчлөлт  оруулахаар зургийг зохиогчтой зөвшилцсөний дагуу барилгын зоорийн давхарт хийгдэх авто зогсоолын гарцыг ертөнцийн зүгээр хойд зүг руу гаргахаар зураг төсөлд өөрчлөлт оруулж батлагдсан тул гуравдагч этгээд Э******* ХХК нь нэхэмжлэгч У******* ХХК-тай харилцан тохиролцож, У******* ХХК-ийн өмнөх зогсоолын 2 машин тавих хэсгийг барилгын зоорийн давхарт шилжүүлэхээр харилцан тохиролцсоны дагуу Мн Тауэр барилгын зоорийн давхрын хэсгийг автомашины зогсоол хэлбэрээр нэхэмжлэгч компанийн зөвшөөрөл, батлагдсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэсэн.

Нэхэмжлэгч У******* ХХК нь 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл өөрийн ажилчдын 43-33 УБВ, 78-24 УБЯ, 06-27 УНГ улсын дугаартай авто машиныг барилгын зоорийн давхарт байрлах зогсоолыг үнэ төлбөргүйгээр ашиглаж  байна.

Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд Э******* ХХК нь эрх бүхий байгууллагаас олгосон техникийн нөхцөл, батлагдсан зураг төслийн дагуу, нэхэмжлэгч компанитай харилцан тохиролцож, зөвшөөрсний дагуу цахилгааны трансформаторууд болон генератор, узель, авто машины зогсоолыг хийж гүйцэтгэсэн.

Нэхэмжлэгч нь “тухайн үед Э******* ХХК нь зөвшөөрөлгүй байрлуулж байна, чөлөөлж өгнө үү гэж удаа дараа шаардаж байсан. Шаардахад түр байршуулж байна гэсэн тайлбар өгч байсан” гэж ярьж байна. Захиргааны хэргийн өмнөх шүүх хурал дээр ч тэр, Иргэний хэргийн өмнөх хурал дээр ч тэр, өнөөдрийн илт хууль бус болохыг тогтоолгох хурал дээр ч тэр ямар нэгэн чөлөөлж өгөөч гэсэн шаардлага байхгүй. Харин ч хамтарч ажиллах, дэмжиж туслалцаа үзүүлсэн болох нь хавтаст хэргүүдэд авагдсан баримт дээр байгаа. Энэ нь өмнөх шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдчихсон. Шүүхээс дэмжиж байсан байна гээд үнэлээд, дүгнээд явчихсан. Захирамжийн 4 дэх хэсэгт заасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ худлаа, ташаа зүйл дурдаад байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хэсэгтээ барилга байгууламжийн ашиглалтад оруулах дүрмийг дурдаад байдаг. Энэ дүрэм нь 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан байгаа. Манай Барилга байгууламжийн улсын комиссын акт буюу маргааны  зүйл нь 2017, 2018 оны ийм акт байгаад байдаг. Тухайн актыг 2017, 2018 онуудад хүчин төгөлдөр үйлчилж байсан дүрэм журмыг дагуу авсан. Нэхэмжлэлдээ 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр буюу тухайн актыг гарснаас хойш 3,4 жилийн дараах гарсан ийм актыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй байна.

Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэдэг асуудал яригдаж байна. Эрх бүхий байгууллагаас барилга барих зөвшөөрөл олгохдоо доорх асуудлыг харгалзан үзнэ гэсэн байна.  Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлд барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол зөрчигдөж байгаа бол гэж заасан байна. Үүнээс харахад нэхэмжлэгч талыг эрх ашиг яаж зөрчигдөж байгаа вэ?. Нэхэмжлэлдээ дурдаж байна л даа “үйл ажиллагаа явуулахад саад учруулсан, манай өмчлөлийн зүйлийг үнэгүйдүүлсэн, ашиглаж чадахгүй байна” гэдэг. Энэ өөрөө талуудын хооронд Иргэний хуулийн 134 дүгээр зүйлд заасан хөршийн эрхийн асуудал яригдаад явчихна. Энийг Иргэний хуулиар зохицуулаад, зохих ёсны зөвшөөрлөө аваад, тухайн газарт трансформатор, цахилгаан генератор байршуулсан. Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн, өнөөдөр давж заалдах шатны шүүхийн магадлал гарч байна гэж байна. Хэлэлцүүлгийн үед тодорхойлсон. Тухайн үед трансформатор, цахилгаан генератор байршуулахад ямар нэг байдлаар У******* ХХК хориг тавьж байгаагүй юм байна. Тэгэхээр зөвшөөрнө гээд. Ингээд Иргэний шүүх иргэний эрх зүйн харилцаагаараа тодорхойлоод, шийдвэр гарчихсан явж байгаа. Захиргааны хэргийн шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн үндэслэлүүд яг адилхан. Барилга барих нь хэн нэгний зөвшөөрөлгүй, дур зоргоороо барих асуудал биш. Зүгээр амбаар бариагүй. 20 давхар барилга, хүмүүсийн нүдэн дээр барьсан. Трансформатор, цахилгаан генератор гэдэг нь жижигхэн зүйл биш. 2 метр гаруй өндөртэй, өргөнөөрөө бараг 3 метр гаруй. Шүүх өөрөө үзлэгээрээ үзсэн. Тийм байхад энийг нууц, далд байдлаар тавих ямар ч боломж байхгүй. Хашаагаа авсан чинь гэнэт трансматор, цахилгаан генератор байршуулсан байсан гэдэг нь өөрөө үндэслэлгүй, логикгүй. Трансформатор, цахилгаан генераторыг байрлуулаад зүгээр тог гүйхгүй. Тэжээлд холбодог. Тэжээлд холбохын тулд шилэн кабель татдаг. Шилэн кабель татахын тулд У******* ХХК-ийн зүүн талын автомашины зогсоолын доогуур газрыг нь ухаж шилэн кабель татаад трансматор, цахилгаан генераторыг тэжээлд холбодог. Энэ дээр олон түмний нүдэн дээр, хяналт дунд байрлуулсан. Тэгэхээр У******* ХХК-ийн гаргаж байгаа тайлбар нь үндэслэлгүй байна.

Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт заасан “нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх” гэж заасан байна. Ямар нэгэн байдлаар У******* ХХК, МН таур ч тэр орц, гарцыг зорчих эрхээр нь хангаад өгчихсөн, хориг саад байхгүй. У******* ХХК хотын эрх бүхий байгууллагатай тохиролцоод тэр газрыг авто зогсоолоор ашиглаж байгаа. Манайх дотогшоо 2 зогсоол гаргаж өгөөд 2 машин нь өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа. Энийг Захиргааны хэргийн шүүх тогтоочихсон. Үүн дээр харилцан тохиролцоогүй байсан бол яасан гэж У******* ХХК-ийн 3 машиныг зогсоол дээрээ ээлжлүүлэн тавиулах юм бэ?, энд цэвэр тохиролцоо явагдаж байна. Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь хэсэгт хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчныг техникийн болон галын аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах нөхцөлийг бүрдүүлсэн, гамшиг, аюулт үзэгдлийн үед нүүлгэн шилжүүлэх нөхцөлийг хангасан байх гэж заасан байна. Аюулгүй байдлын орц, гарц байгаа. МН таур 3 орц, гарцтай. У******* ХХК нь баруун, зүүн тийшээ гарсан орц, гарцтай. Т театр анхнаасаа л кино театрын зориулалтаар баригдсан. Зүүн урд талдаа ямар ч цонхгүй. Баруун хойд талдаа л жижигхэн цонхтой. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан зураг төслийн дагуу баригдаагүй, техникийн зөвшөөрлүүдийг аваагүй гэж ярьж байна. Хавтаст хэрэгт авагдсан байгаа трансформатор, цахилгаан генераторыг байршуулсан ажлын зургууд байгаа, техникийн нөхцөлүүд байгаа, техникийн нөхцөлүүдийг үнэлсэн зургууд нь авагдсан байгаа. У******* ХХК зөвшөөрөл өгөөгүй байсан бол бид нар тэнд байгаа хэдэн зуун сая төгрөгийн үнэтэй эд хөрөнгөө тавих шаардлага байхгүй.

Гол зүйл Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус гэж маргаж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д захиргааны акт утга, агуулгын илэрхий алдаатай байх тохиолдлыг тухайн актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байхыг мөн найруулга зүйн болон үг, үсэг, тооны алдаа тодорхой байсан тохиолдолд илэрхий алдаатайд тооцогдохоор заасан бөгөөд дээрх 2018 оны 01 дүгээр 23-ны өдөр 2018/37 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан илэрхий алдаа байхгүй байна. Нөгөөтээгүүр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах, хуульд заасан, үндэслэл байгаагүй гэсэн тохиолдол нь захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгохоор заасан бөгөөд гуравдагч этгээд Э******* ХХК нь МН тауэр барилгыг хүчин төгөлдөр батлагдсан зураг төсөл, техникийн нөхцөл болон холбогдох дүрэм журмын дагуу барьж гүйцэтгэсэн болохыг эрх бүхий байгууллага хүлээн зөвшөөрч 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2017/593 дугаартай, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах 2018/37 дугаар комиссын актаар барилгын хүлээн авсан болно.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Нэхэмжлэгч У******* ХХК нь Эм Эн тауэр барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 593/2017 дугаартай, цахилгааны байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авсан 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 2018/37 дугаартай дүгнэлтийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 908 дугаартай захирамжаар иргэн К.П*******т оффис, үйлчилгээний зориулалтаар олгосон Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тусгаар тогтнолын талбай 5 тоот хаягт байрлах 1039 м.кв газарт Нийслэлийн холбогдох агентлагаас 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн В36/2011 дугаартай Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг 16 давхар барилгад олгож, улмаар 16 давхраас дээш өндөршилд буюу 16-22 давхар барилга угсралтын ажилд Барилга хот байгуулалтын яам 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 15/2014 дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгож, 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1 жилээр сунгасан байдаг. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2017 оны А/39 дүгээр тушаалаар байгуулсан барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах улсын комиссын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 593/2017 дугаартай дүгнэлтээр маргаанд хамаарах Э барилгыг, 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 2018/37 дугаартай дүгнэлтээр уг барилгын иж бүрдэл дэд өртөө КТПН цахилгаан хангамжийн барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ.

2. Нэхэмжлэгч нь “газар эзэмшигчийн зөвшөөрөлгүй эзэмшил газарт нь цахилгааны байгууламж байршуулсан, ашиглах эрхтэй газарт нь гаражийн орц гарц гаргаж, Барилгын тухай хууль, Газрын тухай хууль илэрхий зөрчсөн байхад зөрчөөгүй гэж үзээд барилга байгууламжийг ашиглалтад оруулсан улсын комиссын акт утга агуулгын илэрхий алдаатай үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1, У******* ХХК-ийн газар эзэмших, ашиглах эрхийг зөрчиж эзэмшил газарт нь цахилгааны байгууламж байршуулсан, ашиглах эрхтэй газарт нь гаражийн орц гарц гаргасан байхад ашиглалтад хүлээн авсан улсын комиссын дүгнэлт У******* ХХК-ийн эрхэд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй үндэслэлээр 47.1.6-д зааснаар илт хууль бус” гэж маргасан.

3. Захиргааны байгууллагын үйл ажиллагааг, захиргааны актыг илт хууль бус  гэх үндэслэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд тодорхой  хуульчилсан, тухайлбал нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл болох 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх “утга агуулгын илэрхий алдаатай” гэх үндэслэл нь захиргааны актыг гаргасан захиргааны байгууллага албан тушаалтны хүсэл зориг нь тухайн актыг бүрэн гүйцэт илэрхийлээгүй, актын заалтууд хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгож болохоор агуулга нь тодорхой бус байхыг хэлэх бөгөөд барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авсан улсын комиссын дүгнэлтүүд нь захиргааны байгууллагын шийдвэрийн агуулгыг бүрэн, ойлгомжтой тусгасан энэ тохиолдолд хамаарахааргүй байна.

4. Барилга байгууламжийг ашиглалтад хүлээж авсан хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтын “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх үндэслэл нь захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хууль тогтоомжоор зохицуулаагүй байхад акт гаргаж, тухайн актын үр дагавар чиглэсэн иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан байх тохиолдлыг ойлгоно. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй бол” захиргааны акт илт хууль бус болохоор заасан, энэ нь захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хууль тогтоомжоор зохицуулаагүй байхад захиргааны акт гаргасан, тухайн захиргааны акт гаргах хууль зүйн үндэслэл огт байхгүй, эсхүл заасан хууль зүйн үндэслэл нь захиргааны актаар шийдвэрлэсэн асуудалтай огт холбоогүй байхыг ойлгоно.

Барилга байгууламж, түүний бүрдэл хэсгийг байнгын ашиглалтад оруулах бүрэн эрхийг хэн хэрэгжүүлэх, баримт бичгийн ямар бүрдэл, ямар шаардлагыг хангуулахыг, улсын комисс хэрхэн ажиллахыг, ашиглалтад оруулахаас татгалзах нөхцөлийг Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлд тодорхой хуульчилсан, энэ хүрээнд гарсан улсын комиссын дүгнэлт нь нэхэмжлэгч У******* ХХК-д чиглэсэн эрх зүйн эерэг, сөрөг аливаа үр дагавар үүсгээгүй, өөрөөр хэлбэл У******* ХХК нь Э барилгын хувьд захиалагч ч биш, гүйцэтгэгч ч биш, барилга байгууламжийг ашиглалтад оруулах харилцаанд хамааралтай этгээд биш, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авсан улсын комиссын хувьд У******* ХХК-тай эрх зүйн харилцаанд ороогүй тул тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хуульд заасан үндэслэлгүйгээр халдсан гэх үндэслэл үүсээгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах улсын комиссын дүгнэлтийн тухайд Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасан бүрэн эрхийн хүрээнд Нийслэлийн Засаг даргаас байгуулсан улсын комисс мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан чиг үүргийн хүрээнд ажиллаж 48.5-д заасан баримт бичгийн бүрдэл хангуулан барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан дүгнэлт гаргасан байх тул “У******* ХХК-ийн эрхэд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх, “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Тодруулбал, Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөхөд шаардах барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл, барилгын ажлын ил, далд ажлын акт, зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт, захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт, барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний холболтыг техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэсэн, эсхүл өөр эх үүсвэр ашигласныг баталгаажуулсан тэмдэглэл, холбогдох мэдээлэл, барилга байгууламжийн өөрчлөлтийн зураг төсөл, тоног төхөөрөмж угсарсан актууд, холбогдох байгууллагаар баталгаажуулсан тоног төхөөрөмжийн туршилтын баримт бичиг, тоног төхөөрөмжийг зааврын дагуу суурилсан эсэхэд хийсэн туршилтын дүгнэлт” гэсэн баримт бичгийн бүрдлийн заасан, энэ шаардлагыг хангасан эсэхэд маргаагүйн дээр энэ нь “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх илт хууль бус гэж үзэх үндэслэлд хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл хуулиар ийнхүү тодорхой зохицуулсан харилцааны хүрээнд гаргасан захиргааны актын хувьд энэ үндэслэл яригдахгүй.

5. Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д заасан барилгын зураг төсөлд тавигдах шаардлага нь барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авахад яригдах боломжгүй, барилгын зураг төслийн үе шатны зохицуулалт байна. Харин мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх зэргэлдээ барилгын ашиглалтын хэвийн нөхцлийг алдагдуулахгүй байх шаардлага нь иргэний эрх зүйн хөршийн эрхийн хүрээнд хамгаалагдах боломжтой харилцаа юм.  

Хоёр. Иргэн К.П******* захиалгатай барилгыг гуравдагч этгээд Э******* ХХК барьж гүйцэтгэх явцад уг барилгатай холбоотой зураг төсөл, зөвшөөрөл, техникийн нөхцлүүдийг нэхэмжлэгч У******* ХХК танилцаж зөвшөөрч байсан төдийгүй хамтран ажиллаж байсан баримтууд байна. Тухайлбал,

1/ У******* ХХК Э******* ХХК-тай барилгаас үйлчилгээний талбай, кино үзвэрийн танхим захиалгаар бариулж худалдан авах 01 тоот гэрээ 2011 оны 10 дугаар сарын 28-нд байгуулсан, уг гэрээгээр барилгын газрыг хойшоо 8-10 м сунгахтай холбоотой зөвшөөрөл авах талаар, цахилгааны болон бусад инженерийн шугам сүлжээний зураг төсөлтэй холбоотой зардлыг хэрхэн хуваарилах зэргийг тусгаснаас гадна захиалагч У******* ХХК болон гүйцэтгэгч Э******* ХХК-ийн гэрээгээр хүлээх эрх, үүрэгт архитектурын шийдэл өөрчлөх тохиолдолд хүлээх хариуцлага, гадна зогсоол, доор зогсоолын дунд талын замыг хэрхэн эзэмших зэрэг асуудлыг тусгасан байна.

У******* ХХК нь Э******* ХХ-иас үйлчилгээний талбай захиалгаар бариулж худалдан авах гэрээний эрх үүргийг С ХХК-д шилжүүлж буйгаа, Э******* ХХК С ХХК хооронд үйлчилгээний талбай захиалгаар бариулж худалдан авах гэрээ байгуулсан тохиолдолд шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татаж авахаа 2012 оны 6 дугаар сарын 20-нд 854 тоотоор Э******* ХХК-д мэдэгдэж, улмаар 2012 оны 7 дугаар сарын 06-нд Э******* ХХК С ХХК хооронд гэрээ байгуулагдсан байдаг.

2/ У******* ХХК Улаанбаатар дулаан түгээх сүлжээ ТӨХК-д 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 696 тоотоор “барилгын талаар гомдол гаргаж байсан, барилгын зөвшөөрөл, бичиг баримттай танилцаад тодорхой нөхцөлүүдийг тохиролцон цаашид хамтран ажиллахаар болсон, ... барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй” гэж, 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 705 тоотоор “барилгын ажилтай холбоотой дулааны шугам сүлжээнд өөрчлөлт хийхэд татгалзах зүйлгүй” гэж, Нийслэлийн газрын албанд 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 722 тоотоор “газраа хойшоо сунгахад татгалзах зүйлгүй” гэж, Нийслэлийн Засаг даргад 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 788 тоотоор "... барилгыг хойшоо 8 метр сунган ажлаа гүйцэтгэхэд тус компанийн зүгээс татгалзах зүйлгүй, уг барилгыг хойш сунгаж байгаа талбайг нийтийн эзэмшлийн газраас хасч тооцох асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж хасуулж өгнө үү" гэж, 2016 оны 10 дугаар сарын 13-нд 283 тоотоор УСУГ ХК-д “цэвэр усны шугам зөөж шилжүүлэхэд татгалзах зүйлгүй” гэж хандаж байжээ.

3/ У******* ХХК нь Т театрын барилгад нэгж талбарын 18642311329597 /1500600590/ дугаартай 3802 м.кв газар үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг ба уг газрын зүүн талын нийтийн эзэмшлийн зам талбайд Нийслэлийн автозамын газартай байгуулсан гэрээгээр тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхэлдэг байх тул нийтийн эзэмшлийн зам талбайд хэтрүүлэн гаражийн орц гарцыг хийсэн гэх асуудлаас нэхэмжлэгчийн зөрчигдөх гэх ашиг сонирхлын хувьд газар эзэмшүүлсэн захиргааны байгууллагын шийдвэрээс үүдэлтэй бус, гэрээгээр зохицуулагдах иргэний эрх зүйн харилцаанаас үүдэлтэй байна.

Нөгөөтэйгүүр Э барилгын зоорийн давхарт хийгдэх авто зогсоолын гарцыг хойд хэсэгт гаргахаар ажлын зураг төсөлд өөрчлөлт орсноор У******* ХХК-ийн гэрээгээр ажиллуулдаг зогсоолын 2 машин тавих хэсгийг Э барилгын зоорийн давхарт шилжүүлэн эзэмшүүлэхээр харилцан тохиролцсон гэх бөгөөд энэ дагуу 43-33 УБВ, 78-24 УБЯ, 96-27 УНГ улсын дугаартай авто машиныг Э барилгын зоорийн давхрын авто зогсоолд тавьж ашиглаж байгаа болох нь гаражийн бүртгэлээр, уг автомашины эзэмшигч нь У******* ХХК-д ажилладаг болох нь Автотээврийн үндэсний төвийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тогтоогдож байна.

Гурав. Э барилгын цахилгааны дэд өртөөний байгууламж болох  трансформатор, генераторыг эзэмшил газар дээр нь газар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр суурилуулсан гэх газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж хооронд үүссэн маргааныг У******* ХХК Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т зааснаар зохих шатны Засаг даргад гомдол гаргах байдлаар шийдвэрлүүлэх боломжтой байна.

Дөрөв. Маргааны үндэслэлийг талуудын тайлбар, хэргийн нотлох баримтаас үзэхэд иргэний эрх зүйн маргаан байх бөгөөд тухайн барилгын бусад өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хөндөхгүйгээр нэхэмжлэгчийн хөндөгдсөн гэх эрх иргэний хэргийн шүүхэд хянагдаж буй маргааны хүрээнд шийдвэрлэгдэхээр байна.

Талуудын хооронд иргэний хэргийн шүүхэд тодорхой маргаанууд үүсэж хянан шийдвэрлэгдэж буйтай талууд маргаагүй, тухайлбал,

- У******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Э******* ХХК-д холбогдох “эзэмшил газар, гэрээгээр ашиглаж буй авто зогсоолын хэсгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохирол гаргуулах”,

- С ХХК-ийн нэхэмжлэлтэй Э******* ХХК-д холбогдох “2012 оны 7 дугаар сарын 06-нд байгуулагдсан гэрээний дагуу барилгын 1, 2 дугаар давхрын өмчлөгчөөр тогтоолгох, хохирол 2,3 тэрбум төгрөг гаргуулах” маргаан хянан шийдвэрлэгдэж байна. Өөрөөр хэлбэл хөршийн эрх зөрчигдсөн гэх асуудлаар иргэний хэргийн шүүхэд маргаантай байх ба энэ маргааны үйл баримтыг захиргааны хэргийн шүүх дүгнэхгүй.

Тав. Маргаанд хамаарах барилгын доорх газар нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 908 дугаартай захирамжаар иргэн К.П*******т оффис, үйлчилгээний зориулалтаар олгогдсон, улмаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ иргэн К.П******* барилгад олгогдсон, барилгыг ашиглалтад хүлээн авсан улсын комиссын актад  барилгын захиалагчийг иргэн К.П******* гэж тусгасан хэдий ч тэрээр тухайн маргаанд хамаарах барилгын хувьд аливаа өмчлөл үүсээгүй, хэдийгээр өөрийн эзэмших эрхтэй газар дээр баригдсан барилгын хувьд захиалагч гэж захиргааны актууд дээр дурдагдсан ч тухайн барилгын өмчлөлийн хувьд Э******* ХХК-тай болон бусад этгээдтэй одоог хүртэл маргаагүй тул гуравдагч этгээдээр татан оролцуулаагүйг, талууд энэ талаар маргаагүйг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Засаг дарга, Хотын стандарт, хяналтын газарт холбогдуулан гаргасан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2017/593 дугаартай, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2018/37 дүгнэлтийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” У******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ХАЛИУНА