Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/104

 

 

        

 

 

 

 

2022          1              25                                           2022/ДШМ/104                            

 

Ц.Б, Ж.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Дэлгэрмаа,

хохирогч Д.М,

яллагдагч Ц.Б,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЗ/2182 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Дэлгэрмаагийн бичсэн 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 01 дугаартай эсэргүүцэл, яллагдагч Ж.Нгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ц.Б, Ж.Н нарт холбогдох эрүүгийн 2103 00260 0349 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ш овогт Ц-Оын Б, .......... оны .... дугаар сарын ....-ны өдөр ........ аймгийн ................ суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ............. дүүргийн ..... дугаар хороо, ...................... дугаар байрны .... тоотод оршин суудаг, /РД:............................/,

- 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн;

2. Б овогт Жийн Н, ..... оны ... дүгээр сарын ....-ны өдөр ................... төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гутал засварчин мэргэжилтэй, “А” ХХК-ийн “Х” хороололд харуул ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт .................. дүүргийн ... дугаар хороо, ...................... дугаар гудамжны ..... тоотод оршин суудаг, /РД:................................/,

- 2000 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 322 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар тогтоосон.

Яллагдагч Ц.Б нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн урд замд 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 14 цаг 40 минутын орчим “Toyota Crown” загварын 68-39 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс ...хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж 103.8 км/цагийн хурдтай зорчиж явснаас Ж.Н жолоочтой “Subaru Forestor” загварын 78-76 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, “Toyota Crown” загварын 68-39 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Д.Мийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

яллагдагч Ж.Н нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн урд замд 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 14 цаг 40 минутын орчим “Subaru Forestor” загварын 78-76 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;”, 10.9-т заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Ц.Б жолоочтой “Toyota Crown” загварын 68-39 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж “Toyota Crown” загварын 68-39 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Д.Мийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ж.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Ц.Б, Ж.Н нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн байх ба шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай гэж үзэж дараах үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсэгт тогтоол үйлдсэн прокурорын нэр, албан тушаал, ямар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, сэжигтний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа тухай заана.” гэж хуульчилсан.

Яллагдагч Ц.Б, Ж.Н нарыг холбогдуулан тус бүрд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 2103002600349 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол үйлдсэн. Тогтоолд яллагдагч нар Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчихдөө хэнд хүндэвтэр хохирол учруулсан талаар тусгаагүй, нөгөө талаас нэг цаг хугацаанд хохирогч Д.Мийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж байгаа бол яагаад тус тусад нь яллагдагчаар татах тогтоол үйлдсэн нь ойлгомжгүй, мөн тогтоолд Ц.Б, Ж.Н нарын үйлдэл холбогдлыг хэрхэн ямар хамааралтай талаар тусгаагүй, тодорхойгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолууд нь яллагдагч нарыг нэг хүний эсхүл өөр, өөр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж байгаа эсэхийг тодорхой тусгаагүй, улмаар яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт хоорондоо зөрүүтэй, өөр байгаа.

Тодруулбал, Ц.Быг Ж.Нгийн жолоодож явсан, Ж.Нг Ц.Бын жолоодож явсан тус тус тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн гэж яллагдагчаар татах тогтоолд тусгаагүй, мөн тэднийг Д.Мийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж тусгаагүй атлаа яллах дүгнэлтэд дээрх байдлаар тусгаж бичсэн нь яллагдагчаар татах тогтоолд тусгаагүй агуулгаар яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч нарын ямар хэрэгт яллагдаж байгааг мэдэх хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

2. Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Ц.Бад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 338 дугаартай яллах дүгнэлт, яллагдагч Ж.Нд холбогдох хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 338 дугаартай яллах дүгнэлт тус тус үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн буюу яллагдагч тус бүрд яллах дүгнэлт үйлдэж хоёр яллах дүгнэлттэй хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн харьяалах шүүхэд хүргүүлнэ.”, 2 дахь хэсэгт “яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ” гэж заажээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд нэг цаг хугацаанд үйлдэгдсэн, хэргийн нэг дугаартай гэмт хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нэг яллах дүгнэлт үйлдэх агуулгатай байхад хоорондоо хамаарал бүхий яллагдагч нарт холбогдох хэрэгт хоёр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Мөн яллагдагч нарын холбогдсон хэргийн зүйлчлэл өөр өөр байх нь хоёр яллах дүгнэлт үйлдэх үндэслэл болохгүй юм.

3. Нэг цаг хугацаанд гарсан, нэг гэмт хэрэгт холбогдсон яллагдагч нарын яллагдагч Ц.Б гэм буруугийн талаар зөвшөөрч, яллагдагч Ж.Н нь гэм буруугийн талаар маргасан байхад гэм буруугаа зөвшөөрсөн яллагдагчийн хувьд хялбаршуулсан журмаар, гэм буруугийн талаар маргасан яллагдагчийн хувьд ердийн журмаар шийдвэрлүүлнэ гэж ирүүлсэн нь хуульд нийцэхгүй гэж үзнэ. Учир нь, хоёр яллагдагчид холбогдох нэг гэмт хэрэгт нэг яллагдагч хэргийн үйл баримт, учирсан хохирол, хор уршиг маргасан байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд хянах нөхцөлийн нэг болох “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” нөхцөл хангагдсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж хуульчилсан.

Дээрх зөрчлүүдийг арилгах шаардлагатай бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцүүлсэн байх учиртай.

Иймд Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ж.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2103 00260 0349 дугаартай хэргийг тус прокурорын газарт буцааж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, яллагдагч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй ба хэргийг прокурорт очтол яллагдагч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Б.Дэлгэрмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Захирамжийн 1 дэх хэсэгт “...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд яллагдагч нар Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчихдөө хэнд хүндэвтэр хохирол учруулсан талаар тусгаагүй, нөгөө талаас нэг цаг хугацаанд хохирогч Д.Мийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж байгаа бол яагаад тус тусад нь яллагдагчаар татах тогтоол үйлдсэн нь ойлгомжгүй, мөн тогтоолд Ц.Б, Ж.Н нарын үйлдэл холбогдлыг хэрхэн ямар хамааралтай талаар тусгаагүй, тодорхойгүй байна.” гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэжээ.

Ц.Б, Ж.Н нар нь санаатай гэмт хэргийн хамтран оролцогчид биш бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний өөр өөр актыг зөрчсөн үйлдэлдээ Ж.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллагдагчаар татагдаж, хэн аль нь гэм буруугийн талаар огт маргадаггүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Прокурор тогтоолын тодорхойлох хэсэгт тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох баримтын жагсаалт, нотлох баримт тус бүрд тусгагдсан мэдээллийн хэр хэмжээг тогтоож тусгана.” гэсэн хуулийн шаардлагын дагуу “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол”-ын тодорхойлох болон тогтоох хэсэгт ...ямар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, сэжигтний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа тухай нэг бүрчлэн дэлгэрэнгүй зааж, мөн “Тогтоох” хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах, ялаас чөлөөлөх үндэслэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг яллагдагч Ж.Н, Ц.Б нарт танилцуулахыг мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Жавхланд даалгасан байна.

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлд заасны дагуу яллагдагч нарт нэг бүрчлэн танилцуулж, мэдүүлэг авсан нь яллагдагч нарын ямар хэрэгт яллагдаж байгааг мэдэх хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй.

Нөгөө талаар яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт хоорондоо зөрүүгүй, яллах дүгнэлтийг прокурор гардуулан өгсөн тэмдэглэл хэрэгт байгаа болно. Энэ талаар ч талуудаас ямар нэг маргасан асуудал байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилгүй байна.

2. Ц.Б, Ж.Н нар нь дээр дурдсанчлан, хоорондоо хамаарал бүхий яллагдагч нар биш бөгөөд яллагдагч Ж.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;”, мөн дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчиж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалт, яллагдагч Ц.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-д заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс ...хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж /103.8 км/цагийн хурдтай явснаас/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 6 нөхцөл байдлууд /17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-4.6 дахь заалтууд/ бүрэн хангагдсан байхад, шүүгч “...хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд хянах нөхцөлийн нэг болох “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” нөхцөл хангагдсан гэж үзэх үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж хуульчилсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцүүлсэн байх учиртай.” гэсэн нь нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж буй үндэслэлийг тодорхой заагаагүй, хэт ерөнхий, өөрөөр хэлбэл шүүгчийн захирамж нь хэргийн ямар нөхцөл байдлыг нэмж шалгах, шалгаж тогтоосноор ямар хууль зүйн үр дагавар бий болох талаар тодорхойгүй, ойлгомжгүй, хэт ерөнхий байдлаар бичигдсэн, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шинжлэн судалсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн асуудал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдсэн шалгаан нөхцөл, оролцогчдын эрхийг хангасан байдал зэрэгт үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байтал хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.

Яллагдагч Ж.Н давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн “Subaru Forestor” загварын 78-76 УБВ улсын дугаартай автомашиныг жолоодож явахад миний машины араас “Toyota Crown” загварын 68-39 УНЯ улсын дугаартай автомашины жолооч Ц.Б нь маш хурдтай ирж миний машиныг мөргөж их хэмжээний хохирол учруулсан. Гэтэл миний уг автомашины хохирлыг үнэлгээний байгууллагаар үнэлүүлээгүй, зөвхөн “Toyota Crown” загварын 68-39 УНЯ улсын дугаартай автомашинд үнэлгээ гаргуулсан нь нэг талыг барьсан гэж үзэж байна. Иймд миний “Subaru Forestor” загварын 78-76 УБВ улсын дугаартай автомашинд үнэлгээ тогтоож, уг хохирлыг нэхэмжлэх иргэний нэхэмжлэгчээр тогтоож, мөн хохирлыг төлөх иргэний хариуцагчийг тогтоож өгнө үү. Би өөрийн “Subaru Forestor” загварын 78-76 УБВ улсын дугаартай автомашиныг иргэн С.Энхтайванаас 2020 оны 10 дугаар сард авсан миний эзэмшлийн машин ба нэрээ шилжүүлж амжаагүй. Энэ талаар С.Энхтайван иргэний нэхэмжлэгчээр 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлэхдээ /хх 19/ хэлсэн байхад С.Энхтайванаас “та машиндаа үнэлгээ хийлгэх үү? хохирлоо нэхэмжлэх үү?” гэсэнд “үгүй” гэж хариулсныг нь машины эзэмшигч үнэлгээ хийлгэхгүй, хохирол нэхэмжлэхгүй гэсэн гэж үзэн миний машинд үнэлгээ хийлгэхгүй байх нь үндэслэлгүй. Мөн С.Энхтайваны эзэмшлээс гарсан миний автомашин байхад С.Энхтайваныг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, мэдүүлэг аваад байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Ж.Н намайг иргэний нэхэмжлэгчээр тогтоож өгнө үү. Миний машинд үнэлгээ хийж, хариуцах ёстой хүнээс нь хохирлыг минь гаргуулж өгнө үү. Миний машины эзэмшигчийн дэлгэрэнгүй лавлагааг гаргуулж өгнө үү.

Ц.Б нь гэрчээр мэдүүлэхдээ /хх 30/ “Toyota Crown” загварын 68-39 УНЯ улсын дугаартай автомашин нь эхнэр Д.Мийн эзэмшлийнх боловч ББСБ-ын нэр дээр байдаг гэсэн. Мөн 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн “Тайгын булаг авто” ХХК-ийн тоотод /хх 173/ уг автомашиныг Д.М зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар фидуцийн гэрээгээр шилжүүлсэн, 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр зээлийг хааж, гэрээ дуусгавар болсон гэх ч уг автомашины нь гэрчилгээгээр хэний өмч болох нь тогтоогдоогүй, баримтгүй тул автомашины эзэмшигчийн дэлгэрэнгүй лавлагааг зайлшгүй авч өгнө үү. Энэ нь уг автомашины хохирлын иргэний нэхэмжлэгчийг тогтооход зайлшгүй шаардлагатай нотлох баримт болно. Хэргийн болсон асуудлын камерын бичлэгийг ойр хавьд нь байх байгууллага, бензин колонкоос нь авч тусгаж, хэргийг буцааж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Яллагдагч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хурд хэтрүүлж явсан гэм буруугаа хүлээсэн. Хохирогчид боломжоороо тусалж байгаа. Ж.Нд сэтгэл дундуур байна, түүний гаргасан гомдлыг ойлгохгүй байна. Түүнээс мөнгө нэхээгүй, эвлэрэх эсэх талаар асуусан. Бие нь зүгээр байгаа эсэх талаар асуугаад эвлэрэх санал гаргасан. Сөрөг нэхэмжлэл гаргана, хохирлоо төлүүлнэ гэж байгаа нь муухай санагдаж байна. Манай эхнэрийн бие нь ямар байгааг нэг ч удаа асууж яриагүй. Осол гаргасан атлаа хүний эрүүл мэндийн байдлыг асуух сэтгэл байхгүй байна.” гэв.

Хохирогч Д.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Н согтуугаар зам тээврийн осол гаргаснаас болоод би одоог болтол эмчилгээтэй байгаа. Нялх хүүхдээ асарч чадахгүй, ажилдаа явж чадахгүй байгаа. 18.000.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Манай нөхөр уг зардлыг бүгдийг нь төлсөн мөн намайг асарч байгаа учраас Ц.Быг уучилсан, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурортой тохиролцсон. Ж.Н нь согтуугаар осол гаргасан атлаа одоог болтол надтай уулзаагүй, нэг удаа ч гэсэн биеийн байдлыг асуугаагүй. Ж.Нд маш их гомдолтой байна. Хэргээ шийдвэрлүүлмээр байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Б.Дэлгэрмаагийн бичсэн эсэргүүцэл болон яллагдагч Ж.Нгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад Ц.Б, Ж.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЗ/2182 дугаартай шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж хуульчилжээ.

Тээврийн прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2103002600349 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсэгт тогтоол үйлдсэн прокурорын нэр, албан тушаал, ямар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, сэжигтний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа тухай заана.” гэж заасныг зөрчсөн, мөн 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 338 дугаар бүхий 2 тусдаа яллах дүгнэлтийг хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Мөн 2103002600349 дугаартай эрүүгийн хэргийн яллагдагч Ж.Нд холбогдох хэргийг ердийн журмаар, яллагдагч Ц.Бад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр нэг дугаартай хоёр яллах дүгнэлтээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь ойлгомжгүй, хялбаршуулсан журмаар болон ердийн журмаар хэргийг шийдвэрлэх талаар тус тус хуульд заасан зохицуулалтад нийцэхгүй, тодорхойгүй байх тул анхан шатны шүүхээс нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.   

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээс гадна энэхүү магадлалаар дор дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, 1.2 дахь заалтад “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээгэж тус тус заасныг хангалттай нотолж тогтоогоогүй байхад прокурор яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана гэж шүүхийн шатанд нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх талаар мөн хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно.” гэж шүүх тогтоол гаргах үедээ иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх талаар заажээ.

Прокуророос яллагдагч Ц.Б, Ж.Н нарыг хоёуланг нь зам тээврийн осол гаргасан гэж дүгнэсэн атлаа эд хөрөнгийн хувьд харилцан бие биендээ учруулсан хохирлыг тогтоолгүй хэргийг шүүхэд шилжүүлж, “Subaru Forestor” загварын 78-76 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч С.Энхтайвангийн “...2020 оны 10 дугаар сард Н гэх нэртэй хүнтэй машинаа сольж авсан, нэрээ шилжүүлж амжаагүй, нэхэмжлэх хохирол, гомдолгүй...” гэх мэдүүлгийг үндэслэн мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн байх тул хохирогчийг тогтоох, цаашлаад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоох шаардлагатай байх тул уг үндэслэлээр гаргасан яллагдагч Ж.Нгийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.  

Мөн хэргийн нөхцөл байдлыг тогтооход мөрдөгчийн магадлагаа эргэлзээтэй байх бөгөөд хэний буруутай үйлдлээс эрүүгийн хэрэг үйлдэгдсэн талаар нарийвчлан тогтоолгүй, энэхүү магадлагаанд суурилан прокуророос Ц.Б, Ж.Н нарыг хоёуланг нь буруутай гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдээд байгаа нь үндэслэлгүй байх тул хэргийн үйл баримтыг тогтоолгохоор зохих шинжээчийг томилох нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл, тухайн зам тээврийн осол гарах болсон шалтгааныг нарийвчлан тогтоож, тээврийн хэрэгслийн жолооч нарын хэн нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, хэн нь зөрчлийн шинжтэй үйлдэл хийсэн болохыг зайлшгүй тогтоох нь зүйтэй.

Иймд яллагдагч Ж.Нгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, прокурор Б.Дэлгэрмаагийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүд болон энэхүү магадлалд дурдсан нэмэлт ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЗ/2182 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЗ/2182 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч Ж.Нгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, прокурор Б.Дэлгэрмаагийн бичсэн 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 01 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ                                              

 

                        ШҮҮГЧ                                                                  Б.ЗОРИГ

 

 

                        ШҮҮГЧ                                                                  Б.АРИУНХИШИГ