Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 00102

 

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч П.Шижиртуяа,
хохирогч Ц.Энхбаатар,
хохирогчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат,
шүүгдэгч Ж.Наранбадрах, Н.Сэрээтэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жамъяндоржийн Наранбадрах, Наранбадрахын Сэрээтэр нарт холбогдох эрүүгийн 201706000088 дугаартай, 132/2017/0079/Э индекстэй хэргийг 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1963 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Хангал суманд төрсөн, 54 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багт оршин суух, Боржигон овогт Жамъяндоржийн Наранбадрах /РД:ГК63032771/.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Хангал суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багт оршин суух, Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил, 1 сарын хорих ял оногдуулж, уг ялыг 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Боржигон овогт Наранбадрахын Сэрээтэр /РД:ГК91090713/.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.Наранбадрах, Н.Сэрээтэр нар нь бүлэглэж 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг “Шивэрт” гэх газарт иргэн Ц.Энхбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Ж.Наранбадрахын өгсөн: 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр “Шивэрт” гэх газарт өвөлжиж байхад Энхбаатарын азарган үрээ нь шөнөжин адуу хөөгөөд байхаар нь бариад өвөлжөөндөө уясан. Орой нь 17 цагийн үед Энхбаатар дүүтэйгээ хамт азарган үрээгээ авахаар ирэхэд нь би гэрээс гарч ирээд “Энхбаатараа би чамд зөндөө хэлж байгаа шүү, арай дэндэж байна. Хэдэн адуу хөөгөөд байна” гэхэд Энхбаатар “хуц пизда минь” гэсэн. Тэр үед миний хүү урдуур орж Энхбаатарыг барьж авсан. Энхбаатар миний хүүг боомилж гар, хурууг нь сарвагануулаад байхаар нь банзны хугархай авч Энхбаатарын нуруу руу нь 2 удаа цохьсон. Тэгээд Энхбаатарыг салгасан. Энхбаатарт хөнгөн гэмтэл учруулсан хүн нь би юм. Энхбаатар дүүгийн хамт азарган үрээгээ аваад явсан. Эдний мал манай гадаа л байдаг. Манай хүү шөнө адуугаа манаж явахдаа Энхбаатарын малыг уул хаданд явбал дөхүүлж өгдөг. Бид бие биендээ тустай л явдаг гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Н.Сэрээтэрийн өгсөн: Энхбаатар ахыг азарган үрээгээ авах гээд ирэхэд аав “азарган үрээгээ ав л даа, чамд олон хэлж байна шүү. Шөнөжин адуу бужигнуулаад байна. Засчихна шүү наадхыг чинь” гэхэд, Энхбаатар ах “хуц пизда минь” гээд аавын урдаас ирэхэд би очсон. Тэгээд намайг барьж аваад цамцны захаар хоолой боосон. Тэгэхэд амьсгаа давчдаад байсан тул сарваганаж байхдаа шанаа руу нь цохисон байх. Цохисноо санахгүй байна. Ухаан балартсан байсан. Аав Энхбаатар ахын араас цохисныг мэдээгүй. Тэгээд удалгүй Энхбаатар ах дүүтэйгээ хамт үрээгээ аваад явсан гэх мэдүүлэг, Хохирогч Ц.Энхбаатарын өгсөн: 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 17 цагийн үед үрээгээ авахаар Наранбадрах ахын гадаа очиход Наранбадрах ах гэрээсээ гарч ирээд “үрээгээ аваач пизда минь” гэхээр нь “хүний адуу барьж уяж байхаар хэлчихгүй” гэж хэлсэн. Тэгээд адууны хашаа руу явж байхад Наранбадрах ах банз барьж араас гүйж ирээд далайчихаад буцаад явахад Сэрээтэр адууны хашаа давж орж ирээд миний шанаа руу 2 удаа цохисон. Тэгээд бид хоёр барилцаж аваад Сэрээтэрийн энгэрээс бариад тонгойход Наранбадрах ах барьж байсан банзаараа дал руу 4 удаа цохисон. Тэр үед би Сэрээтэрийн энгэрээс зүүгдээд газар муужраад унасан. Наранбадрах ах “наад мууг чинь одоо алчихъя” гэсэн. Би хэсэг хугацааны дараа босоод үрээгээ аваад дүүгийн хамт явсан. Маргааш нь Эрдэнэт орж эмнэлэгт шинжилгээ өгөхөд далны цууралттай гэж оношилсон. Эмч хэлэхдээ “толгой чинь хавдар ихтэй боловч гэмтэл байхгүй байна” гэсэн. Наранбадрах ахаас хохиролд 100000 төгрөг авсан. Шүүх цагдаа дээр ирж очих зардал 160000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800000 төгрөг, нийт 960000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
201706000088 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд: Хохирогч Ц.Энхбаатарын өгсөн: "... 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 17 цагийн үед манай саахалт айл Наранбадрахынхаас азарган үрээгээ авахаар адууных нь хашаан дээр очоод байж байтал Наранбадрах гуай гэрээсэээ гарч ирээд “пизда минь наад үрээгээ ав, авахгүй бол засна шүү” гэхээр нь та одоо хүний юм хэлэхгүй барьж байдаг ямар учиртай юм гэхэд “хуц одоо би чамайг ална” гээд надруу ирэхээр нь “битгий хуцаад бай пизда минь” гэхэд адууны хашааны үүдэнд байсан банзыг аваад надруу далайснаа больсон. Тэгээд би адууны хашаа руу нь үрээгээ авах гээд ороход Наранбадрахын хүү Сэрээтэр гараараа миний толгой руу нэг удаа цохихоор нь барьж аваад зогсож байтал Наранбадрах гуай барьсан банзаараа нуруу руу цохьсон. Тэр үед би ухаан алдаад газар унаад жаахан байж байгаад сэргэсэн чинь одоо чамайг ална гээд байсан. Тэгээд түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Тэгээд үрээгээ аваад гэртээ харьсан.." гэх мэдүүлэг /хх 9-10, 42 тал/, Гэрч З.Ууганбаярын өгсөн: "...Тухайн өдөр Энхбаатар ах бид хоёр өөрсдийнхөө 2 тооны азарган үрээг Ж.Наранбадрахын гэрийн гаднаас авах гэж миний мотоцикльтой 17 цагийн үед очсон. Бид хоёр гэрийнх нь гадаа очиход манай хоёр үрээг өвөлжөөн дотроо оруулаад уячихсан байсан. Тэгсэн Ж.Наранбадрах гуай гэрээсээ ганцаараа гарч ирээд "Наад үрээгээрээ азарга тавьж чадахгүй бол засаач" гэж хэлсэн. Тэгсэн Ц.Энхбаатар ах “юун сүртэй юм” гээд хашаа руу нь орох гээд байж байсан чинь хүү Сэрээтэр нь гарч ирээд "Та наадхаа ав л даа бид нарт хэцүү байна” гэж хэлээд Энхбаатар ахыг Сэрээтэр нүүр лүү нь гараараа цохиод авсан чинь тэр 2 барьцалдаад авсан. Яг тэр үед Ж.Наранбадрах гуай өвөлжөөнийхөө үүдэнд байсан банзны хугархайг аваад Ц.Энхбаатар ахын нуруунд нь ямар ч байсан 3-4 удаа цохиод авсан..." гэх мэдүүүлэг /хх 46 тал/, Гэрч Э.Болортуяагийн өгсөн: "...Манай нөхөр морио хөтлөөд ирэхдээ Ж.Наранбадрах, түүний хүү Сэрээтэр нарт зодуулсан байдалтай толгойд духны зүүн хэсэг чамархай хэсэгт өнгөц зулгаралт хавдартай, далны хэсэгтээ гэмтэлтэй ирсэн.Тэгээд утсаар хадам эгч рүү хэлж түргэн дуудуулж цагдаад мэдэгдсэн. Эмчийг үзлэг хийж байхад харахад манай нөхрийн баруун дал хэсэгт банзаар цохисон гэх улайлт үүсэж тэр орчмоороо хавдсан байсан..."гэх мэдүүлэг /хх 48-49 тал/, Ж.Наранбадрахын яллагдагчаар өгсөн: "...2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр намайг гэртээ байхад Ц.Энхбаатар өөрийн хамаатны дүү болох З.Ууганбаяртай хамт азарган үрээгээ авахаар ирсэн. Тэгээд адуугаа авах гээд хашаа руу явж байхад нь би гэрээс гарч ирээд Энхбаатарт хандаж "чи одоо боль л доо, арай дэндлээ, наад адуугаа битгий тавиач, манай хэдэн ядруу адууг хөөчих гээд байх юм" гэхэд “хуц пизда минь гэсэн. Тэгэхэд надтай хамт гэрээс гарч ирсэн манай хүү Сэрээтэр очоод тэр 2 харилцан заамдалцаад бие биерүүгээ цохилцоод авсан. Тэгэхээр нь би хашааны үүдэнд байсан банзны хугархайг аваад Энхбаатарын дал орчимд нь 2 удаа цохьсон. Тэгсэн хөлд нь юм тээглэсэн үү газар унаад манай хүү барьцаа тавиад тэгээд л босож ирээд тэр 2 адуугаа аваад явцгаасан... гэх мэдүүлэг /хх 54 тал/
Н.Сэрээтэрийн яллагдагчаар өгсөн: ...Энхбаатар манай аавын өөдөөс “юу хуцаад байгаа пизда вэ?” гээд гүйгээд ирэхээр нь би очоод Энхбаатарыг бариад авахад миний цамцны захаар хоолойг боогоод доош дарахад аав араас нь нуруу руу нь цохичихсон юм. ...Энхбаатар бид хоёр барилцаадаав нуруу руу нь модоор цохьсон асуудал байгаа гэх мэдүүлэг /хх 62, 64 тал/, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 99 дугаартай 1. Ц.Энхбаатарын биед зүүн дал, далны доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан тухайн цаг үед үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 13 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллага явуулах тогтоол /хх 01 тал/, эрүүгийн хэрэг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тогтоол /хх 6 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 27, 88 тал/, хэргийг харъялалын дагуу шилжүүлэх тогтоол /хх 56 тал/, сонсгосон ялыг өөрчлөх тогтоол /хх 66 тал/, хохирол төлсөн баримтууд /хх 74-80 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 81-87 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг “Шивэрт” гэх газарт шүүгдэгч Ж.Наранбадрах, Н.Сэрээтэр нар нь “Ц.Энхбаатарын азарган үрээг адуу хөөж бужигнууллаа” гэх шалтгаанаар барьж уяснаас үүдэлтэй тэдний хооронд хувийн таарамжгүй харилцаа үүсэж маргалдах явцдаа Ц.Энхбаатарыг цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хохирлын талаар хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, түүний зэргийг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн 99 тоот дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч Ж.Наранбадрах нь хохирогчид учирсан гэмтлийг би учруулсан, хүү Н.Сэрээтэрийг боосны улмаас гар хөл нь сарвалзаад байхаар нь араас цохиж салгасан гэж, шүүгдэгч Н.Сэрээтэр нь би энэ хэрэгт оролцоогүй, биеэ хамгаалж нүүр лүү нь цохьсон гэж тус тус мэдүүлж гэм буруугийн талаар маргаж байгаа хэдий ч хэрэгт цугларсан нотлох баримтаар тэдний мэдүүлэг үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Наранбадрах, Н.Сэрээтэр нар нь нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэж хохирогчийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч Ж.Наранбадрах, Н.Сэрээтэр нарын мөрдөн байцаалтын шатанд өгч байсан мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ж.Наранбадрах, Н.Сэрээтэр нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учирч түүнийг эмчлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохтой холбоотой гэм хорын хохиролд 160000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 300000 төгрөгийг тус тус нэхэмжилжээ.
Шүүх хэргийн 74-80 дугаар талуудад авагдсан болон шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлээд гэм хорын хохиролд 70500 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч нар 100000 төгрөгийг төлсөн байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хохирол төлөгдсөн гэж үзэж, харин өмгөөлөгчийн зардал нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй, гэрээний үндсэн дээр эрх зүйн туслалцаа авсантай холбоотой зардал учир нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан гэмт хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Жамъяндоржийн Наранбадрах, Боржигон овогт Наранбадрахын Сэрээтэр нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч Ж.Наранбадрахыг таван сарын хугацаагаар, шүүгдэгч Н.Сэрээтэрийг дөрвөн сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. 2015 онд шинэчлэн найруулж 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж буй Эрүүгийн хуулинд тухайн ялын санкци байхгүйтэй холбоотойгоор шүүгдэгч Ж.Наранбадрахыг таван сарын хугацаагаар, шүүгдэгч Н.Сэрээтэрийг дөрвөн сарын хугацаагаар баривчлах ялаас тус тус чөлөөлсүгэй.
4. Хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн зардлын 300000 /найман зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан гэмт хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Наранбадрах, Н.Сэрээтэр нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД