Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2023/0631

 

 

 

 

 

 

 

 

2023 08 17                            128/ШШ2023/0631

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш******* Э******* /РД:*******/,

Хариуцагч: Нийслэлийн ерөнхий боловсролын Ш******* сургуулийн захиргаа,

Маргааны төрөл: төрийн өмчийн ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захиргааны баталсан элсэлтийн шалгалтын дэг, удирдамжийн ижил оноотой шалгуулагчдаас хяналтын тоонд багтаан элсүүлэх шалгуур тогтоосон заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох, сургуулийн захиргааны хяналтын тоонд багтаан элсүүлэх боломжгүй гэж татгалзсан шийдвэрийг хүчингүй болгох, элсүүлэхийг даалгах агуулга бүхий маргаантай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Х*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г*******, хариуцагчийн өмгөөлөгч С.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: 1/ Ш******* сургуулийн Элсэлтийн шалгалтын дэгийн 6.4, Элсэлтийн шалгалтын удирдамжийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн Хэрэв хяналтын тооны шугам ижил оноотой шалгуулагчдын дундуур татагдах тохиолдолд жагсаалтад оруулахдаа 5 дугаар ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн Улсын шалгалтын дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн математикийн улсын шалгалтын үнэлгээ зэргийг дэс дараалан харьцуулж тооцно. Дээрх дөрвөн үнэлгээний дундаж оноо тэнцсэн сурагчдын шалгалтын 2 дугаар хэсгийн даалгаврын гүйцэтгэлийн оноогоор эрэмбэлэн хяналтын тоонд багтаан элсүүлнэ гэснийг илт хууль бус болохыг тогтоох,

2/ Ш******* сургуулийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01/33 дугаартай 230363 бүртгэлийн дугаартай Э******* овогтой Э******* шалгуулагчийг хяналтын тоонд багтаан сургуульд элсүүлэх боломжгүй гэж татгалзсан шийдвэрийг хүчингүй болгох,

3/ 230363 бүртгэлийн дугаартай Э******* овогтой Э*******г Ш******* сургуульд хяналтын тоонд багтаан элсүүлэхийг даалгах.

Хоёр. Процессын үйл баримтууд.

1. Нийслэлийн ерөнхий боловсролын Ш******* дунд сургуулийн удирдах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор 2023-2014 оны хичээлийн жилийн 6 дугаар ангийн элсэлтийн шалгалтын товыг, 6 дугаар ангид сурагч элсүүлэх хяналтын тоог 48 байхаар, 1 суралцагчийг сургуулийн багш, ажилтнуудын хүүхдээс элсүүлэхээр тогтоож, шалгалтыг 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулж, 47 хүүхдийг хяналтын тоонд багтаан элсүүлжээ.

2. Энэ шалгалтад нэхэмжлэгч Ш.Э*******ийн хүүхэд Э.Э******* 230363 бүртгэлийн дугаартайгаар оролцож, 42 оноо авсан.

3. Нийслэлийн ерөнхий боловсролын Ш******* сургуулийн элсэлтийн шалгалтын дэгийн 6.4-т зааснаар оноо тэнцсэн 9 шалгуулагчийг эрэмбэлснээр 230363 бүртгэлийн дугаартай Э.Э******* хяналтын тоонд багтаагүй байна.

4. Шалгуулагчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдолд Ш******* сургуулийн захиргаанаас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 01/33 дугаар албан бичгээр, Боловсрол, шинжлэх ухааны яамны 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2/3042 дугаар албан бичгээр ...гомдлыг хүлээн авч тухайн шалгуулагчийг элсүүлэн суралцуулах боломжгүй... гэх агуулга бүхий хариуг өгчээ

6. Улмаар шалгуулагчийн хууль ёсны төлөөлөгч эцэг Ш.Э******* дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Маргаж буй үндэслэлүүд.

1. Нэхэмжлэгч шалгалтын дүнгээр ижил 42 оноо авсан 9 сурагчаас 6 сурагчийг хяналтын 47 тоонд багтаан 5 дугаар ангийн жилийн эцсийн дундаж үнэлгээгээр жагсааж элсүүлсэн нь яамны баталсан журмаас давсан зохицуулалт, сургуулийн удирдах зөвлөл өөрт олгогдоогүй эрх эдэлж дэг, удирдамжаар хэм хэмжээ тогтоосон, дэг, удирдамжийн заалтын Хэрэв хяналтын тооны шугам ижил оноотой шалгуулагчдын дундуур татагдах тохиолдолд жагсаалтад оруулахдаа 5 дугаар ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн улсын шалгалтын дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн математикийн улсын шалгалтын үнэлгээ зэргийг дэс дараалан харьцуулж тооцно. Дээрх дөрвөн үнэлгээний дундаж оноо тэнцсэн сурагчдын шалгалтын 2 дугаар хэсгийн даалгаврын гүйцэтгэлийн оноогоор эрэмбэлэн хяналтын тоонд багтаан элсүүлнэ гэх 2 өгүүлбэр хоорондоо утга агуулгын илэрхий алдаатай, хэрэв 5 дугаар ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн улсын шалгалтын дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн математикийн улсын шалгалтын үнэлгээний дунджаар тооцсон бол Э.Э*******гийн үнэлгээ хяналтын 47 тоонд багтах байсан гэх үндэслэлүүдээр маргаж,

2. Хариуцагч яамны баталсан элсэлтийн журмын дагуу шалгалтын дэг, удирдамжийг сургуулийн удирдах зөвлөл баталж мөрдсөн, хяналтын тоо ижил оноотой шалгуулагчдын дундуур татагдах тохиолдол гардаг тул элсэлтийн шалгалтын дэг, удирдамжаар хяналтын тоонд багтаан жагсаах үнэлэх шалгуурыг тогтоосон нь эрх хэмжээний хүрээнд, уг заалтын ...үнэлгээг дэс дараалан харьцуулж тооцно. Дээрх дөрвөн үнэлгээний дундаж оноо тэнцсэн сурагчдын шалгалтын 2 дугаар хэсгийн даалгаврын гүйцэтгэлийн оноогоор эрэмбэлэн хяналтын тоонд багтаан элсүүлнэ гэх өгүүлбэр хоорондоо утга агуулгын алдаагүй, 5 дугаар ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн улсын шалгалтын дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн математикийн улсын шалгалтын үнэлгээ зэргийг дэс дараалан харьцуулж тооцно гэж заасан тул эхний шалгуур 5 дугаар ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээ-гээр жагсаалт гарч хяналтын тоонд багтаах шалгуулагчдын үнэлгээ тэнцээгүй, дараалсан тул дараагийн 5 дугаар ангийн улсын шалгалтын дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн математикийн улсын шалгалтын үнэлгээ-г харьцуулах шаардлага үүсээгүй, өгөгдлүүдийг программ хангамжаар харьцуулдаг тул хүний хүчин зүйл нөлөөлөхгүй гэх агуулгаар тайлбарладаг.

1.1. Нэхэмжлэгч Ш.Э******* нэхэмжлэлийн үндэслэлдээ: Ш******* сургуулийн 2023 оны элсэлтийн шалгалтад Э.Э******* 230363 бүртгэлийн дугаартайгаар оролцож 42 оноо авсан. Элсэлтийн шалгалтын дүнг мэдээлэхэд нийт 9 сурагч 42 оноо авсан. Дээрх ижил оноо авсан 9 сурагчаас 6 сурагчийг жилийн эцсийн дундаж үнэлгээгээр жагсааж элсүүлсэн бөгөөд миний охин Э.Э*******г дүгнэхдээ зөвхөн 5 дугаар ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээгээр дүгнэж хяналтын тооноос хассанд гомдолтой байна.

Учир нь элсэлтийн шалгалтын ажлын хэсэг нь Бага, дунд боловсролын тухай хууль, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/78 дугаартай Элсэлтийн журам шинэчлэн батлах тухай тушаалаар олгоогүй эрх хэмжээг хэрэглэж, элсэлтийн шалгалтыг зохион байгуулсан байна. Тодруулбал,

Элсэлтийн шалгалтын ажлын хэсгээс хяналтын тоог 47 тогтоож, хамгийн их оноотой 47 сурагчдыг элсүүлэхээр тогтоож, Элсэлтийн шалгалтын удирдамж, дэг гаргаж, тус удирдамжийн 5 дахь заалтын 4 дэх хэсэгт, дэгийн 6.4 дэх хэсэгт хэрэв хяналтын тооны шугам ижил оноотой шалгуулагчдын дундуур татагдах тохиолдолд жагсаалтад оруулахдаа 5 дугаар ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн улсын шалгалтын дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн математикийн улсын шалгалтын үнэлгээ зэргийг дараалан харьцуулж тооцно. Дээрх дөрвөн үнэлгээний дундаж оноо тэнцсэн сурагчдын шалгалтын 2 дугаар хэсгийн даалгаврын гүйцэтгэлийн оноогоор эрэмбэлэн хяналтын тоонд багтаан элсүүлнэ гэж заасан.

Элсэлтийн журам шинэчлэн батлах тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалын 2.2-д 6 дугаар ангид элсэхийг хүсэгчийн ерөнхий боловсролын сургуулийн 5 дугаар ангийн жилийн эцсийн үнэлгээний дундаж 90.0 хувь, түүнээс дээш байх, 5.1-д 6 дугаар ангид элсэн суралцах шалгуулагчдыг элсэлтийн шалгалтад авсан оноогоор эрэмбэлж, хяналтын тоонд багтсан шалгуулагчдыг элсүүлнэ гэж тодорхой зааж өгсөн байхад элсэлтийн шалгалтын удирдамжийн 5 дахь заалтын 4 дэх хэсэг, дэгийн 6.4 дэх хэсэг нь элсэлтийн шалгалтын онооноос бусад сайдын тушаалд огт дурдагдаагүй үнэлгээнүүдээр эрэмбэлэх тухай байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д зааснаар шалгалтын удирдамжийн 5.4, дэгийн 6.4 дэх хэсгийг илт хууль бус гэж үзэж байна. Жишээлбэл: Сайдын тушаалын хүрээ, хэмжээнд элсэлтийн шалгалтын бодлогын хоёрдугаар хэсгийн бодолтоос илүү оноо авсан дарааллаар ижил оноо авсан сурагчдыг эрэмбэлэх боломж байсан гэж үзэж байна.

Элсэлтийн шалгалтын удирдамжийн 5 дахь заалтын 4, дэгийн 6.4 дэх хэсэгт хэрэв хяналтын тооны шугам ижил оноотой шалгуулагчдын дундуур татагдах тохиолдолд жагсаалтад оруулахдаа 5 дугаар ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн улсын шалгалтын дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн математикийн улсын шалгалтын үнэлгээ зэргийг дэс дараалан харьцуулж, тооцно. Дээрх дөрвөн үнэлгээний дундаж оноо тэнцсэн сурагчдын шалгалтын 2 дугаар хэсгийн даалгаврын гүйцэтгэлийн оноогоор эрэмбэлэн хяналтын тоонд багтаан элсүүлнэ гэж заасан 2 өгүүлбэр нь хоорондоо зөрчилтэй. Нэгдүгээр өгүүлбэрийг уншихад дээрх 4 үнэлгээ дэс дараалан харьцуулж тооцно гэсэн боловч хоёрдугаар өгүүлбэрт дээрх 4 үнэлгээний дундаж оноо тэнцсэн гэж нэгдүгээр өгүүлбэрийн дэс дараалан харьцуулж тооцно гэсэн өгүүлбэрийг хоёрдугаар өгүүлбэрийн дундаж оноо тэнцсэн гэх хэсэг нь үгүйсгэсэн байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар Утга агуулгын илэрхий алдаатай байх тул Элсэлтийн шалгалтын удирдамжийн 5 дахь заалтын 4, дэгийн 6.4 дэх хэсгийг илт хууль бус гэж үзэж байна.

230363 бүртгэлийн дугаартай Э.Э*******гийн жилийн эцсийн дундаж үнэлгээ, улсын шалгалтын дундаж үнэлгээний дунджаар дүгнэж үзэхэд тэнцсэн 2303347, бүртгэлийн дугаартай хүүхдүүдийн дээр эрэмбэлэгдэж байх тул элсэлтийн шалгалтад тэнцсэн гэж үзэж байна.

Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлд ерөнхий боловсролын сургуулийн захирлын нийтлэг эрх, үүрэг, 20.1.1. Холбогдох хуульд нийцүүлэн зохих шийдвэр гаргаж хэрэгжүүлэх эрхтэй, 20.2.8 хамран сургах тойргийн хүүхдийг сургуульд бүрэн хамруулж, тэдэнд суурь боловсрол заавал эзэмшүүлэх, иргэдэд нийтийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулах үүрэгтэй гэж заасан. Миний охин Э.Э******* нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/78 дугаар Элсэлтийн журам шинэчлэн батлах тухай тушаалын 2.2-д заасан 5 дугаар ангийн жилийн эцсийн үнэлгээний дундаж 90.0 хувь, түүнээс дээш байх шаардлагыг бүрэн хангасан, 5.1-д заасан элсэлтийн шалгалтад авсан оноогоороо хяналтын тоонд багтсан байна гэж үзэж байна.

Бага, дунд боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт Олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж заасны дагуу 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/78 тоот дугаартай Элсэлтийн журам шинэчлэн батлах тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал гарсан. Тус элсэлтийн журмын 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 6 дугаар ангид элсэхийг хүсэгчийн ерөнхий боловсролын сургуулийн 5 дугаар ангийн жилийн эцсийн үнэлгээний дундаж 90.0 хувь, түүнээс дээш байх, 5.1 дэх хэсэгт 6 дугаар ангид элсэн суралцах шалгуулагчдын элсэлтийн шалгалт авсан оноогоор эрэмбэлж, хяналтын тоонд багтсан шалгуулагчдыг элсүүлнэ гэж тус тус заасан шаардлагыг бүрэн хангаж байх тул 230363 бүртгэлийн дугаартай. Э.Э*******г Ш******* сургуулийн ханалтын тоонд багтааж, элсүүлэхийг даалгаж, Ш******* сургуулийн элсэлтийн шалгалтын удирдамжийн 5.4, дэгийн 6.4 дэх хэсгийн Хэрэв хяналтын тооны шугам ижил оноотой шалгуулагчдын дундуур татагдах тохиолдолд жагсаалтад оруулахдаа 5 дугаар ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн улсын шалгалтын дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн математикийн улсын шалгалтын үнэлгээ зэргийг дэс дараалан харьцуулж тооцно. Дээрх дөрвөн үнэлгээний дундаж оноо тэнцсэн сурагчдын шалгалтын 2 дугаар хэсгийн даалгаврын гүйцэтгэлийн оноогоор эрэмбэлэн хяналтын тоонд багтаан элсүүлнэ гэж заасныг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү. гэжээ.

1.2. Нэхэмжлэгч Ш.Э******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Боловсролын сайдын А/78 дугаар тушаалаар элсэлтийн журам шинэчлэн баталсан. Энэ журмаар элсэлтийн шалгалтад авсан оноогоор эрэмбэлж, хяналтын тоонд багтсан шалгуулагчийг элсүүлнэ гэж заасан. Сургуулийн зүгээс эрэмбэлсэн байгаа нь шалгалтын оноо биш жилийн эцсийн үнэлгээний дунджаар эрэмбэлсэн. Тэгэхээр энэ нь хууль бус байна. Ижил оноо авсан элсэгчдийг шалгалтад авсан оноогоор яаж эрэмбэлж болох байсан бэ гэхээр жишээ болгоход шалгалтад 30 бодлого ирсэн. Хэдийгээр энэ хүүхдүүд адилхан оноо авсан ч гэсэн энэ хүүхдүүдэд өөр өөр бодлого ирсэн. Хэн илүү бодлого бодсоноор нь, хэн илүү өндөр оноотой бодлого бодсоноор нь гэдэг ч юм уу тэр хүрээнд эрэмбэлж жагсаах боломж байсан, ингэж жагсаагаагүй байна. Жилийн эцсийн дүнгээр эрэмбэлсэн нь Боловсролын яамны сайдын тушаалыг зөрчиж, дурдагдаагүй үндэслэлээр эрэмбэлсэн байна.

Шалгалтын дэгийн уг заалтын дагуу тэнцсэн 6 сурагчийн 4 дүнгийн дунджийг 230363 бүртгэлийн дугаартай Э.Э*******гийн 4 дүнгийн дундажтай харьцуулж үзэхэд Э.Э******* нь тэнцсэн , бүртгэлийн дугаартай 2 шалгуулагчаас өндөр оноотой байна. Э.Э******* нь хяналтын тоонд хангалттай багтаж элсэлтийн шалгалтад тэнцсэн болох нь харагдаж байна.

Ш******* сургууль 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр албан ёсны фейсбүүк хуудсандаа улсын шалгалтын үнэлгээний дундаж оноог харуулсан байдалтай хүснэгтийг нийтэлсэн. Хүмүүс сэтгэгдэл хэсэг дээр нь буруу дүгнэсэн байна, доор орсон хүүхдүүд нь тэнцэх ёстой байсан байна гэдэг хүсэлтүүдийг их бичиж байсан. Тэр сэтгэгдлүүдийг сургуулийн зүгээс уншаад улсын шалгалтын үнэлгээний дундаж оноог харуулсан байдалтай хүснэгтийг хасаад хүснэгтээ засаж оруулсан. Ийм байдлаас болоод шат дарааллаар дараагийн байгууллагад хандах болсон. Шалгуулагчдын дундуур татагдах тохиолдолд жагсаалтад оруулахдаа 5 дугаар ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн улсын шалгалтын дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн математикийн улсын шалгалтын үнэлгээ зэргийг дэс дараалан харьцуулж, тооцно гэсэн байсан. Дэс дараалуулна гэхийг дээрх 4 үнэлгээг дэс дараалуулах ойлголт өгч байсан. Энэ нь зөрчилдөж байгаа юм. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсгээр утга агуулгын илэрхий алдаатай байх тул элсэлтийн шалгалтын шалгуур илт хууль бус гэж үзэж байна гэв.

1.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: элсэлтийн шалгалтын дэг, удирдамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалтаар утга агуулгын илэрхий алдаатай, 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь заалтаар өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар шийдвэр гаргасан гэж үзэж байна. Бага, дунд боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8 дахь хэсэгт Олон улсын   хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн журмыг боловсролын асуудал эрхэлсэн Боловсролын сайд мөрдүүлэх ёстой. Гэтэл сайдад олгосон эрх хэмжээг сургуулийн удирдах зөвлөл өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэтрүүлсэн. Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар Э.Э*******гийн суурь боловсрол эзэмших эрхийг ноцтой зөрчсөн байна. Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлд удирдах зөвлөлийн эрх үүргийг зааж өгсөн байдаг. Удирдах зөвлөлийн шийдвэр үндсэндээ хяналтын тоог 48 сурагчаар тогтоосон байж нэг квотыг багш, ажилтнуудын нийгмийн баталгааг хангах зорилгоор элсүүлэхийг захиралд зөвшөөрсөн байдаг. Боловсролын тухай хууль болон сургуулийн дүрмээр бол удирдах зөвлөл элсэлтийн журмын дагуу хүүхэд элсүүлэх эрх хэмжээ байхгүй. Утга агуулгын хувьд дэс дарааллыг нь тооцох юм уу эсвэл дэс дарааллыг тооцоод дунджийг нь гаргах юм уу гэдэг нь ойлгомжгүй алдаатай байгаа учраас энэ заалтыг хэрэгжүүлэх боломжгүй байна гэж үзэж байгаа. Хэрвээ энэ заалтыг хэрэгжүүлээд дунджаар нь гэж үзвэл нэхэмжлэгчийн хүүхэд тэнцсэн нь харагдаж байгаа учир шийдвэр нь илт хууль бус, нэхэмжлэгчийн хүүхдийг элсүүлэхийг даалгах шаардлага гаргасан гэв.

2.1. Хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын Ш******* сургуулийн захиргаа шүүхэд ирүүлсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийслэлийн ерөнхий боловсролын Ш******* сургууль нь 2011-2012 оны хичээлийн жилд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 298 тоот Сургууль байгуулах тухай тушаалаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа, олон улсын хөтөлбөрийн сургалттай, Ш******* лаборатори сургууль нэртэйгээр анх Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутагт 320 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгад хичээллэхээр байгуулагдсан 6-12 дугаар ангийн сурагчдад Монгол Улсын суурь, бүрэн дунд боловсролын хөтөлбөр, Кембриджийн олон улсын хөтөлбөрийг монгол, англи хос хэл дээр хэрэгжүүлдэг бөгөөд 6 дугаар ангид цөөн тооны сурагчдыг сонгон шалгаруулж элсүүлдэг онцлогтой сургууль юм. Хамран сургах тойроггүй.

Олон улсын хөтөлбөрийн сургалттай Ш******* ерөнхий боловсролын сургууль 2023-2024 оны хичээлийн жилийн 6 дугаар ангид элсүүлэх сурагчдын хяналтын тоог 47 сурагч элсүүлэхээр тус сургуулийн удирдах зөвлөлөөс тогтоож, нийтэд мэдээлсэн. Нийслэлийн ерөнхий боловсролын Ш******* сургуулийн удирдах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай тогтоолд зааснаар 2023-2024 оны хичээлийн жилийн 6 дугаар ангийн элсэлтийн шалгалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр товлон зарлаж, холбогдох хууль журмын дагуу зохион байгуулсан. Уг шалгалтыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/78 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан Олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн журам-ын дагуу шалгалтыг зохион байгуулж, мөрдөж ажилласан. Уг тушаалын 4.1 дэх хэсэгт заасанчлан сургуулийн захирлын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/13 дугаар тушаалаар элсэлтийн шалгалтын ажлын хэсэг байгуулагдаж, журмын 1.5 дахь заалтын дагуу элсэлтийн шалгалтын дэгийг баталж, мөрдөж ажилласан. Элсэлтийн шалгалтын дэгийн 2.3 дахь заалтад Элсэлтийн шалгалтад орох сурагчдад тавих шаардлага, бүртгэл, бүрдүүлэх материал, шалгалтын зохион байгуулалт, засалт, дүнг мэдээлэх, санал хүсэлт шийдвэрлэх зэрэгтэй холбоотой мэдээлэл болон товыг элсэлтийн шалгалтын удирдамжид тусган нийтэд мэдээлнэ гэж заасныг ажлын хэсэг мөрдөж ажилласан.

Сайдын А/78 тушаалын 5.1 дэх заалтад 6 дугаар ангид элсэн суралцах шалгуулагчдын элсэлтийн шалгалтын авсан оноогоор эрэмбэлж, хяналтын тоонд багтсан шалгуулагчдыг элсүүлнэ гэж заасанчлан нийт шалгуулсан 595 оролцогчдын оноогоор нь эрэмбэлэхэд ижил оноотой шалгуулагчдын дундуур хяналтын шугам татагдах тохиолдол гардаг тул энэ нөхцөлд хяналтын тоонд багтаан элсүүлэхэд дан ганц шалгалтын оноогоор эрэмбэлэх боломжгүй болдог. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд дэгт элсэлтийн шалгалтад шалгуулагчдыг хэрхэн эрэмбэлж, жагсаалтад оруулах дүрмийг баримталсан. Манай сургуулийн дэгийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэг, удирдамжийн 5.4 дэх хэсэгт хэрэв хяналтын тооны шугам ижил оноотой шалгуулагчдын дундуур татагдах тохиолдолд тэдгээр шалгуулагчдыг дараах байдлаар эрэмбэлж жагсаалтад оруулна. 1/ 5 дугаар ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээ, 2/ 5 дугаар ангийн улсын шалгалтын дундаж үнэлгээ, 3/ 5 дугаар ангийн математикийн улсын шалгалтын үнэлгээ зэргийг дэс дараалан харьцуулж тооцно. 4/ Дээрх үнэлгээний дундаж оноо тэнцсэн сурагчдын шалгалтын 2 дугаар хэсгийн даалгаврын гүйцэтгэлийн оноогоор эрэмбэлэн хяналтын тоонд багтаан элсүүлнэ. Үүний эхний заалтаар 5 дугаар ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээ-гээр эрэмбэлж, хяналтын тоондоо багтааж авсан байдаг. Хэрэв 5 дугаар ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээгээр тэнцсэн тохиолдолд дараа дараагийн үнэлгээг дэс дараалуулан харьцуулж тооцохоор заасан.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын Элсэлтийн журам шинэчлэн батлах тухай тушаалд заасны дагуу бид элсэлтийн шалгалтын удирдамжийг боловсруулж хуульд заасны дагуу нийтэд урьдчилан танилцуулж, мөрдлөг болгон ажилласан. Манай сургууль нь жил бүр цөөн тооны сурагч шалгаруулж авдаг бөгөөд дээрх сайдын тушаалын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт (6 дугаар ангид элсэн суралцах шалгуулагчдыг элсэлтийн шалгалтад авсан оноогоор эрэмбэлж, хяналтын тоонд багтсан шалгуулагчдыг элсүүлнэ) заасны дагуу бид 47 сурагч л сонгон шалгаруулж суралцуулах боломжтой ба хяналтын тоо нь ижил оноотой шалгуулагчдын дундуур таслагдсан тохиолдолд тэдгээр ижил оноотой бүх хүүхдүүдийг суралцуулах боломж, нөхцөл байхгүй. Тухайлбал, анги талбай жижиг тул хүүхэд хоорондын суух зай, суралцах орчин, багшийн хүртээмж зэрэг маш олон хүчин зүйлс нөлөөлнө. Харин ч хяналтын тоог 47 гэж зарласан хэрнээ уг тооноос илүү суралцагчийг элсүүлэн суралцуулбал холбогдох хууль, сайдын тушаалыг зөрчсөн хэрэг болно.

Мөн манай сургуультай ижил Олон улсын хөтөлбөртэй Шинэ эрин сургууль, Монгол тэмүүлэл зэрэг сургуулиуд ч элсэлтийн шалгалтын хяналтын тоонд ижил оноо авч дундуур таслагдсан шалгуулагчдыг нэн тэргүүнд 5 дугаар ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээгээр эрэмбэлэн жагсааж хяналтын тоонд багтсан шалгуулагчдыг элсүүлдэг тул илт хууль бус гэж үзэх ямар ч үндэслэлгүй юм.

Энэ жил манай сургуульд 595 хүүхэд шалгуулсан ба шалгуулагчдын шалгалтын материалыг Scantron маркийн засагч машинаар уншуулан сурагчдын шалгалтын оноогоор эрэмбэлж, уг үйл явцыг шууд дамжуулж вэб хуудсанд байршуулж олон нийтэд ил тод мэдээлсэн болно. Тус программд өндөр оноо авсан эхний 47 сурагчийг шалгалтын онооны дарааллаар эрэмбэлж жагсаасан ба ингэхдээ ижил 42 оноо авсан 9 шалгуулагчдын дундуур хяналтын тооны шугам татагдаж, улмаар элсэлтийн шалгалтын дэгд заасны дагуу эхлээд 5 дугаар ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээгээр тэдгээр шалгуулагчдыг эрэмбэлэхэд эхний 6 шалгуулагч хяналтын тоонд багтсан /ижил оноогүй/ тул ажлын хэсэг энэ талаар нийтэд ил тод зарласан.

1 дүгээр эрэмбэ болох 5 дугаар ангийн жилийн эцсийн дундаж үнэлгээгээр элсэлтийн шалгалтад ижил 42 оноо авсан 9 шалгуулагчийн оноо тэнцээгүй тул дараагийн үнэлгээ буюу 5 дугаар ангийн улсын шалгалтын дундаж үнэлгээгээр дахин эрэмбэлэх ямар ч шаардлагагүй юм. Иймд ижил 42 оноотой боловч 7, 8, 9 дүгээрт жагссан 3 шалгуулагч нь хяналтын тоонд багтаагүй учраас бид тэдгээр шалгуулагчийг элсүүлж авах боломжгүй.

Гомдол гаргасан 230363 бүртгэлийн дугаартай шалгуулагч Э******* овогтой Э******* нь ижил 42 оноотой 9 шалгуулагчийн 8 дугаарт, нийт шалгуулагчдын 49 дүгээрт жагсаж, улмаар хяналтын тоонд багтаагүй. Учир нь түүний 5 дугаар ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээ нь 97.3 байсан тул түүнээс өндөр оноотой өмнөх шалгуулагчдыг хяналтын тоонд багтаан элсүүлэх нь зүй ёсны хэрэг гэж үзэж байна. Иймд бид элсэлтийн шалгалтын дэг, удирдамжид заасныг зөрчиж хяналтын тоонд багтаагүй 230363 бүртгэлийн дугаартай Э.Э******* манай сургуульд элсэн суралцуулахыг даалгах шаардлагыг огт хүлээн зөвшөөрөхгүй.

Хэрэв ижил 42 оноо авсан 9 шалгуулагчдын 5 дугаар ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээ нь ижил буюу жишээлбэл дээрх шалгуулагчид 5 дугаар ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээ нь 98 байсан тохиолдолд дараагийн шатны үнэлгээ болох 5 дугаар ангийн улсын шалгалтын дундаж үнэлгээгээр эрэмбэлэх учиртай юм. хэрэв ийм тохиолдол үүссэн гэж төсөөлбөл гомдол гаргагч Э.Э******* нь улсын шалгалтын оноогоор 6 дугаарт жагсан хяналтын тоонд багтан суралцах эрх нээгдэх байсан. Гэвч ийнхүү оноо тэнцээгүй, элсэлтийн шалгалтын дэг, удирдамж, түүнчлэн салбарын сайдын тушаалын дагуу хяналтын тоонд багтаан шалгаруулалтыг шударгаар явуулсан болно. Үнэхээр Э.Э*******г элсүүлэхээр боллоо гэхэд түүний дээр жагссан 1 хүүхдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, түүнчлэн манайд сургуульд элсэхээр болсон 47 хүүхдийн хэн нэгнийг үндэслэлгүйгээр хасах ёстой болно.

Элсэлтийн шалгалтын ажлын хэсэг Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/78 тушаалын хавсралтын 5.1 дэх хэсэгт заасан 6 дугаар ангид элсэн суралцах шалгуулагчдыг элсэлтийн шалгалтад авсан оноогоор эрэмбэлж, хяналтын тоонд багтасн шалгуулагчдыг элсүүлнэ гэснийг баримтлан сургуулийн Удирдах зөвлөлийн даргын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай тогтоолд заасан хяналтын тоонд багтсан шалгуулагчдыг элсүүлэн авсан болно. Иймд Э.Э*******г элсүүлэн cypaлцуулах боломжгүй байна.

Мөн манай сургууль хяналтын тоогоо жил бүр 48 байлгаж, 48-аас илүү хүүхэд авдаггүй. Иймээс дэгийн 6.4, удирдамжийн 5.4-т хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ш******* сургуулийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны 01/33 дугаартай Э.Э*******г хяналтын тоонд багтааж, татгалзсан хариуг хүчингүй болгуулж, сургуульд элсүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

2.2. Хариуцагчийн өмгөөлөгч тайлбартаа: Боловсролын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.11 дэх хэсэгт зааснаар Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага нь боловсролын бүх түвшний үнэлгээ, элсэлтийн шалгалт зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.12 дахь хэсэгт зааснаар элсэлтийн шалгалтын журмыг батлах нь боловсролын асуудал эрхэлсэн сайдын эрх хэмжээнд байна. Хуулиар эрх олгосны дагуу 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн тушаал гарсан байдаг. Энэ тушаалаар бол олон улсын сургалтын хөтөлбөртэй төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн журмыг баталсан. Шалгалт энэ журмын дагуу явагдсан. Энэ журмын 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт сургуулийн удирдах зөвлөл олон улсын жишгээр хичээллэхэд тавигдах шаардлага, хичээлийн байр, анги танхимын багтаамжид нийцүүлэн элсэн суралцах сурагчдын тоо, элсэлтийн тов, босго оноог жил бүр тогтооно. Элсэлтийн шалгалтын дэгийг сургуулийн захиргааны зөвлөлөөр хэлэлцэж, захирлын тушаалаар баталж мөрдөнө гэж сайд өөрөө эрх олгосон. Элсэлтийн шалгалтын мэдээлэл болон, санал гомдол шийдвэрлэх, шалгалттай холбоотой асуудлын нарийвчилсан зохицуулалтыг хийж өгөхийг салбарын сайдаас эрх олгосон. Энэ эрхийнхээ хүрээнд элсэлтийн шалгалтын дэгээ батлаад олон нийтэд ил тодоор зарласан. Жил бүр энэ байдлаар явагддаг. Хяналтын тоонд багтаагаад элсүүлэх байсан, элсүүлэх боломжтой гэж ярьж байна. Шалгалтын оноогоор эрэмбэлэх асуудлыг ямар нэгэн субьектив байдал руу оруулахаас сэргийлээд бүх сургуулиуд тусгай программаар явуулдаг. Дүн мэдээлэх процесс гар аргаар биш программ тооцоолоод дүнг нь гаргадаг. Тухайн шалгалтын оноо тэнцсэн тохиолдолд дараа дараагийн дэс дараалалд оруулах томьёог урьдчилаад оруулсан байдаг. Сайдын тушаал бол хамгийн гол нь хяналтын тоондоо багтааж эрэмбэлнэ гэж байгаа. Хяналтын тоонд багтахгүй байгаа сурагчдыг тодорхой хэмжээнд сайдын тушаалд заасны дагуу нарийвчилсан зохицуулалтын хүрээнд дэс дараалалд оруулсан. Үнэлгээг зөвшөөрч байгаа юм уу, зөвшөөрөхгүй байгаа юм уу гэдэг тайлбарыг ойлгосонгүй. Элсэлтийн шалгалтаас өөр үнэлгээг эрэмбэлэх эрх олгоогүй мэтээр эхлээд тайлбарлаж байгаад, хэрвээ энэ яриад байгаа дөрвөн онооны эрэмбээрээ нэмээд 4 хуваасан бол манай охин тэнцчих байсан гэх тайлбарыг хэлж байна. Тэгэхээр тухайн нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна. Мэдээлэл нуусан зүйл байхгүй. Шалгалтын дүнг танилцуулсан баримт олон нийтийн сүлжээнд, шууд бичлэгээр танилцуулж, дүн нь тэр дороо гарсан. Э.Э******* нь 48-д багтаагүй 49-д орсон байна. Магадгүй 48-д орсон бол энэ асуудлын талаар ярьж болох байсан. Тэгэхээр 49-д байгаа хүүхдийг 48-д жагссан хүүхдийн урдуур оруулаад тэнцүүлнэ гэдэг асуудлыг өөрөө ярих нь эргээд хяналтын тоонд багтаагүй хүүхдийг суралцуулах асуудал яригдаж байна. Бага, дунд боловсролын тухай хуульд заасны дагуу 6 дугаар ангиас нь элсүүлж суралцуулж байгаа сургууль. Хяналтын тоондоо багтаагаад хүүхдээ авч байгаа. Олон улсын хөтөлбөртэй учир сайдын тушаалаар элсэлтээ авах ёстой гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч ярьж байна. Сайдын тушаалыг зөрчсөн асуудал байхгүй. Сайдын тушаалд заасны дагуу хяналтын тоонд багтаагаад элсүүлсэн. Нэхэмжлэгч тухайн сургуульдаа болон Нийслэлийн боловсролын газарт өргөдөл гаргасан байдаг. Өргөдлийн дагуу хариу өгсөн байдаг. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Төрийн өмчийн ерөнхий боловсролын дунд сургуулийн захиргаа нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан захиргааны байгууллага бөгөөд сургуулийн захиргаанаас элсэлтийн шалгалтын дэг, удирдамж баталж, суралцагч элсүүлж буй үйл ажиллагаатай холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхээр байна.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Э******* нь насанд хүрээгүй хүүхдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж нэхэмжлэл гаргасан.

3. Нийслэлийн ерөнхий боловсролын Ш******* сургууль нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 298 тоот тушаалаар байгуулагдсан, тус яамны харьяа, 6-12 дугаар ангийн сурагчдад Монгол Улсын суурь, бүрэн дунд боловсролын хөтөлбөр, Кембриджийн олон улсын хөтөлбөрийг монгол, англи хос хэл дээр хэрэгжүүлдэг олон улсын хөтөлбөрийн сургалттай лаборатори сургууль бөгөөд 2023-2024 оны хичээлийн жилийн 6 дугаар ангид элсүүлэх сурагчдын хяналтын тоог 48 сурагч элсүүлэхээр /үүнээс 1 суралцагчийг багш, ажилтнуудын хүүхдээс элсүүлэхийг сургуулийн захиралд зөвшөөрч/ тогтоож, хяналтын тоог 47-оор тогтоосныг болон шалгалтын товыг нийтэд мэдээлснээр 6 дугаар ангийн элсэлтийн шалгалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулсан.

4. Шалгалтад нэхэмжлэгч Ш.Э*******ийн хүүхэд Э.Э******* 230363 бүртгэлийн дугаартайгаар оролцож, 42 оноо авсан, түүнтэй ижил 42 оноотой 9 шалгуулагчийн 6 нь хяналтын тоонд багтахаар байсан бөгөөд нэхэмжлэгч нь дүн засалттай болон элсэлтийн шалгалтаар суралцагч элсүүлэх хяналтын тоог 47-оор тогтоосонтой маргаагүй.

Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үнэлээд нэхэмжлэлийн маргасан үндэслэл бүрээр дараах дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Нэг. Ш******* сургуулийн Элсэлтийн шалгалтын дэгийн 6.4, Элсэлтийн шалгалтын удирдамжийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Хэрэв хяналтын тооны шугам ижил оноотой шалгуулагчдын дундуур татагдах тохиолдолд жагсаалтад оруулахдаа 5 дугаар ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн улсын шалгалтын дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн математикийн улсын шалгалтын үнэлгээ зэргийг дэс дараалан харьцуулж тооцно. Дээрх дөрвөн үнэлгээний дундаж оноо тэнцсэн сурагчдын шалгалтын 2 дугаар хэсгийн даалгаврын гүйцэтгэлийн оноогоор эрэмбэлэн хяналтын тоонд багтаан элсүүлнэ гэж заасан нь илт хууль бус гэж үзэхгүй.

1. Бага, дунд боловсролын тухай хууль /2002 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.8-д Төрөлжсөн болон олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. гэж эрх олгосноор Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/78 дугаартай тушаалаар баталсан Олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн журам-ын 4.1-д сургуулийн захирлын тушаалаар ажлын хэсэг байгуулж элсэлтийн шалгалтыг зохион байгуулна, 1.5-д элсэлтийн шалгалтын дэгийг сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэж, захирлын тушаалаар баталж мөрдөнө, 1.6-д шалгалтын дэгт шалгалт авах хичээлийн агуулга, багтаамж, ... шалгалтын засалт, дүнг мэдээлэх, санал гомдол шийдвэрлэх ... зэрэг асуудлыг нарийвчлан тусгана, 5.1-д 6 дугаар ангид элсэн суралцах шалгуулагчдыг элсэлтийн шалгалтад авсан оноогоор эрэмбэлж, хяналтын тоонд багтсан шалгуулагчдыг элсүүлнэ гэж, мөн 2.2-т 6 дугаар ангид элсэхийг хүсэгчийн ерөнхий боловсролын сургуулийн 5 дугаар ангийн жилийн эцсийн үнэлгээний дундаж шалгуулагчид тавигдах шаардлага болох-оор заажээ.

Ш******* сургуулийн удирдах зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор элсэлтийн шалгалтын товыг, 6 дугаар ангид элсүүлэх хяналтын тоог тогтоож, захирлын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/13 дугаар тушаалаар элсэлтийн шалгалтын ажлын хэсэг байгуулж, Элсэлтийн шалгалтын дэг, удирдамжийг баталсан, Элсэлтийн шалгалтын дэгийн 2.3-т Элсэлтийн шалгалтад орох сурагчдад тавих шаардлага, бүртгэл, бүрдүүлэх материал, шалгалтын зохион байгуулалт, засалт, дүнг мэдээлэх, санал хүсэлт шийдвэрлэх зэрэгтэй холбоотой мэдээлэл болон товыг элсэлтийн шалгалтын удирдамжид тусган нийтэд мэдээлнэ гэж заасан, Элсэлтийн шалгалтын дэгийн 6.4-т болон Элсэлтийн шалгалтын удирдамжийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Хэрвээ хяналтын тооны шугам ижил оноотой шалгуулагчдын дундуур татагдах тохиолдолд жагсаалтад оруулахдаа 5 дугаар ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн улсын шалгалтын дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн математикийн улсын шалгалтын үнэлгээ зэргийг дэс дараалан харьцуулж тооцно. Дээрх дөрвөн үнэлгээний дундаж оноо тэнцсэн сурагчдын шалгалтын 2-р хэсгийн даалгаврын гүйцэтгэлийн оноогоор эрэмбэлэн хяналтын тоонд багтаан элсүүлнэ гэж ижил оноотой шалгуулагчдыг хэрхэн дараалалд оруулж жагсаахыг нарийвчлан тусгасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэх илт хууль бус байх үндэслэл үүсээгүй байна.

Тодруулбал хуулиар эрх олгосноор салбарын сайд элсэлтийн журмыг баталж, уг журмын тодорхой заалтаар тодорхойлсноор сургуулийн удирдах зөвлөлөөр хэлэлцэж, захирлын тушаалаар элсэлтийн шалгалтын дэгийг баталж, дэгд зааснаар удирдамжаа баталж мөрдүүлсэн нь, журмаар эрх олгосноор дэгд шалгалтын засалт, дүнг мэдээлэх агуулгыг нарийвчлан тусгасан нь сургуулийн захиргааны чиг үүрэгт хамаарч байна.

2. Түүнчлэн бүртгүүлсэн олон шалгуулагчдын оноогоор нь эрэмбэлэхэд ижил оноотой шалгуулагчдын дундуур хяналтын шугам татагдах тохиолдол гардаг тул шалгалтын дэг, удирдамжид ижил оноотой шалгуулагчдыг хэрхэн эрэмбэлж, жагсаалтад оруулах нарийвчилсан зохицуулалт хийсэн нь сайдын баталсан журмын 1.6-д дэгд шалгалтын засалт, дүнг мэдээлэх агуулгыг нарийвчлан тусгана гэсэнд нийцсэн, журмын 5.1-д 6 дугаар ангид элсэн суралцах шалгуулагчдыг элсэлтийн шалгалтад авсан оноогоор эрэмбэлж, хяналтын тоонд багтсан шалгуулагчдыг элсүүлнэ гэж заасантай зөрчилдөөгүй байна. Учир нь бүртгүүлсэн олон шалгуулагчдыг оноогоор нь эрэмбэлэхэд ижил оноотой шалгуулагчдын дундуур хяналтын шугам татагдах тохиолдол гардаг, тухайлбал 2023-2024 оны хичээлийн энэ жилийн элсэлтийн шалгалтад мөн энэ тохиолдол үүсэж, ижил 42 оноотой 9 шалгуулагчийн 6 шалгуулагч хяналтын тоонд багтахаар, өөрөөр хэлбэл ижил оноотой 9 шалгуулагчийн дундуур хяналтын тооны шугам татагдах тохиолдол үүссэн байх тул элсэлтийн шалгалтыг зохион байгуулах дэг, удирдамжид энэ тохиолдлыг хэрхэн шийдвэрлэхийг урьдчилж тусгасан нь, ийнхүү ижил оноотой шалгуулагчдыг дараалалд оруулж эрэмбэлэхдээ 5 дугаар ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээгээр харьцуулах-аар журамласан нь, ийнхүү энэ заалтаар эрэмбэлсэн нь сайдын баталсан журмын 2.2-т 6 дугаар ангид элсэхийг хүсэгчийн ерөнхий боловсролын сургуулийн 5 дугаар ангийн жилийн эцсийн үнэлгээний дундаж шалгуулагчид тавигдах шаардлага болох-оор заасанд нийцсэн байна.

3. Мөн Элсэлтийн шалгалтын дэг, удирдамжийн маргаж байгаа заалтын Хэрэв хяналтын тооны шугам ижил оноотой шалгуулагчдын дундуур татагдах тохиолдолд жагсаалтад оруулахдаа 5 дугаар ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн улсын шалгалтын дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн математикийн улсын шалгалтын үнэлгээ зэргийг дэс дараалан харьцуулж тооцно. Дээрх дөрвөн үнэлгээний дундаж оноо тэнцсэн сурагчдын шалгалтын 2 дугаар хэсгийн даалгаврын гүйцэтгэлийн оноогоор эрэмбэлэн хяналтын тоонд багтаан элсүүлнэ гэх 2 өгүүлбэр агуулгын хувьд ойлгомжтой тодорхойлогдсон, тодруулбал элсэлтийн шалгалтын оноогоороо тэнцүү шалгуулагчдыг 1-д 5 дугаар ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээгээр харьцуулж үзнэ, тэнцүү шалгуулагчид байвал 2-т 5 дугаар ангийн улсын шалгалтын дундаж үнэлгээгээр харьцуулж үзнэ, тэнцүү шалгуулагч байвал 3-т 5 дугаар ангийн математикийн улсын шалгалтын үнэлгээгээр харьцуулж үзнэ, энэ дарааллаар харьцуулж үзсэн ч тэнцүү байвал элсэлтийн шалгалтын оноо болон энэ 3 үнэлгээний дундаж оноог харьцуулж, тэнцвэл тэдгээр шалгуулагчийн шалгалтын 2 дугаар хэсгийн даалгаврын гүйцэтгэлийн оноогоор эрэмбэлнэ гэж ойлгогдохоор байх тул үүнийг ойлгомжгүй, алдаатай, хэрэгжүүлэх боломжгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

Иймд энэ заалтын 2 өгүүлбэр хоорондоо утга агуулгын илэрхий алдаатай, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар илт хууль бус гэх нэхэмжлэгчийн тайлбар, шаардлагын үндэслэл үгүйсгэгдэж байна.

Хоёр. Нэхэмжлэгчийн хэрэв 5 дугаар ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн улсын шалгалтын дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн математикийн улсын шалгалтын үнэлгээний дунджаар тооцсон бол Э.Э*******гийн үнэлгээ хяналтын 47 тоонд багтах байсан гэх тайлбар мөн үндэслэлгүй байна. Учир нь дээр дүгнэсэнчлэн элсэлтийн шалгалтын дэг, удирдамжийн заалт дахь ижил оноотой шалгуулагчдыг эрэмбэлж жагсаах заалтад 3 үнэлгээг дэс дараалан хэрэглэхээр тодорхой заасны дээр, шалгалтын комисс ижил 42 оноотой 9 шалгуулагчийг 5 дугаар ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээгээр харьцуулахад дахин оноо тэнцээгүй энэ нөхцөлд уг оноогоор шалгуулагчдыг эрэмбэлж дараалалд оруулсан нь үндэслэлтэй болжээ.

Хяналтын тоо нь ижил оноотой шалгуулагчдын дундуур таслагдсан тохиолдолд тэдгээр ижил оноотой бүх хүүхдүүдийг хяналтын тооноос хэтрүүлэн суралцуулах боломж, нөхцөл /анги талбай, суралцах орчин, багшийн хүртээмж/ байхгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

Тиймээс Ш******* сургуулийн захирлын 230363 бүртгэлийн дугаартай Э******* овогтой Э******* шалгуулагчийг хяналтын тоонд багтаан сургуульд элсүүлэх боломжгүй гэж татгалзсан 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01/33 дугаартай шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгчийн хүүхдийн суралцах эрхийг хууль бусаар хөндөөгүй байна.

Гурав. Хяналтын тооноос илүү суралцагчийг элсүүлбэл сайдын баталсан элсэлтийн журмын хяналтын тоонд багтаан элсүүлнэ, элсэлтийн шалгалт нь ил тод, нээлттэй, тэгш байдлыг хангасан, хараат бус байна, шалгалтын комисс нь шалгалтын материалын засалтын үнэн зөв, ил тод байдлыг хангаж, элсэлтийн шалгалтын журам болон шалгалтын дэгийг мөрдөж ажиллана гэсэн заалтуудыг зөрчих тул 230363 бүртгэлийн дугаартай Э******* овогтой Э*******г Ш******* сургуульд элсүүлэхийг даалгах шаардлагыг хангах боломжгүй, үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Бага, дунд боловсролын тухай хууль /2002 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.8 дахь хэсэгт заасныг баримтлан 1/ Ш******* сургуулийн Элсэлтийн шалгалтын дэгийн 6.4, Элсэлтийн шалгалтын удирдамжийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн Хэрэв хяналтын тооны шугам ижил оноотой шалгуулагчдын дундуур татагдах тохиолдолд жагсаалтад оруулахдаа 5 дугаар ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн улсын шалгалтын дундаж үнэлгээ, 5 дугаар ангийн математикийн улсын шалгалтын үнэлгээ зэргийг дэс дараалан харьцуулж тооцно. Дээрх дөрвөн үнэлгээний дундаж оноо тэнцсэн сурагчдын шалгалтын 2 дугаар хэсгийн даалгаврын гүйцэтгэлийн оноогоор эрэмбэлэн хяналтын тоонд багтаан элсүүлнэ гэснийг илт хууль бус болохыг тогтоох, 2/ Ш******* сургуулийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01/33 дугаартай 230363 бүртгэлийн дугаартай Э******* овогтой Э******* шалгуулагчийг хяналтын тоонд багтаан сургуульд элсүүлэх боломжгүй гэж татгалзсан шийдвэрийг хүчингүй болгох, 3/ 230363 бүртгэлийн дугаартай Э******* овогтой Э*******г Ш******* сургуульд элсүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Ш.Э*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА