Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 15

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, ерөнхий шүүгч Б.Баттөр, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 326 дугаартай шийдвэртэй,

“О” ХХК-ний нэхэмжлэлтэй, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч М.Б-н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

      Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн

                                                     төлөөлөгч             Э.М, А.Х   

      Нарийн бичгийн дарга                                           Т.Батсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч “О” ХХК-ий  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 485 дугаартай захирамжаар “О” ХХК-иас 100 000 000 төгрөгийг гаргуулж Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд олгуулахаар шийдвэрлэсэн юм. Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шийдвэрийг биелүүлэх хүрээнд тус газрын тасгын дарга А.Хонгорзулаас 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр манай компанид ирүүлсэн мэдэгдлийн дагуу бид албадан дуудлага худалдаанд оруулах хөрөнгөнүүддээ үнийн санал явуулсан билээ. Нэхэмжлэгч тал энэ үнийн саналыг зөвшөөрөөгүй тул тус хөрөнгөнүүдэд үнэлгээ хийлгэхээр “Тольдох оюуны өгөөж” үнэлгээний компанид ханджээ. “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн хийсэн үнэлгээтэй бид танилцсан. Газрын хувьд 2017 оны 207 дугаар тогтоолоор батлагдсан 182 дугаар тогтоолыг үндэслэн газрын дуудлага худалдааны анхны үнээр болон одоогийн зах зээлийн ханшаар гэж 2 янзаар бодолт хийж үнэлгээг хийсэн нь бодит үнэлгээ болж чаджээ. Харин энэ үнэлгээний үл хөдлөх хөрөнгөн дээр /үйлчилгээний зориулалттай 264,6 мкв барилга, агуулахын зориулалттай 327,3 мкв барилга/ хийсэн үнэлгээг бид албан ёсоор хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Үнэлгээчний гол зорилго нь захиалагчийн үнэлүүлж байгаа үл хөдлөх хөрөнгө болон газрын өнөөгийн зах зээлийн өртөгийг тодорхойлоход оршино. “Зах зээлийн өртөг” гэдэг бол хөрөнгө, түүний шинж чанар, эрэлт, нийлүүлэлт, ашиг орлого, ирээдүйн боломжийн талаар тодорхойлсон мөнгөн дүн юм. Зах зээлийн өртөгийг тодорхойлохын тулд тухайн үл хөдлөх хөрөнгийг барьж байгуулахад зарцуулагдсан нөөц, мөн түүнийг ашиглах явцад гарсан элэгдэл хорогдол, ирээдүйд олж болох ашгыг тооцоолж, тэдгээрийг харьцуулсны үндсэн дээр зах зээлийн дундаж үнийг гаргана. Үнэлүүлж буй обьектын өртгийн дүгнэлтийг гаргахдаа эрэлт хэрэгцээний өөрчлөлтийг орлуулах, хувьсах порпорцын, туйлын бүтээмжийн, хамгийн эрчимт ашиглалтын, орчин тохирох, хүлээлтийн зэрэг үнэлгээний гол зарчмуудыг баримталж, зардлын болон орлогын, зах зээлийн хандлагын аргуудаар тус тус тооцон гаргаж, эцэст нь хооронд нь харьцуулж байж тухайн обьектын зах зээлийн өртөгийг гаргах ёстой. Гэтэл энд уг үнэлгээчин нь зөвхөн өртгийн хандлагын аргыг сонгон уг обьектын зах зээлийн үнийг тогтоосон нь зүйд нийцэхгүй байна. Мөн энэ аргыг сонгохдоо шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу сонгосон гэсэн нь шинжээч аль нэг талд үйлчлэхгүй хараат бус байх зарчмыг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ үнэлгээ нь амьдралаас тасархай, үндэслэлгүй үнэлгээ болсон байна гэж бид үзэж байна. Жишээ нь: 1990 онд баригдсан үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 264.6 мкв 8 өрөө бүхий барилгыг 47,6 сая төгрөгөөр, 20-30 тн ногоо хадгалах зориулалттай газар доорх ногооны зоорийг 5,5 сая тагрөгөөр, 327,3 мкв талбайтай одоо ашиглагдаж байгаа, цаашид 20-40 жил бүрэн ашиглагдах боломжтой агуулахын барилгыг л гэхэд дөнгөж 13,1 сая төгрөгөөр үнэлсэн нь амьдралаас хэт тасархай, хүний эд хөрөнгийг дэндүү санаатай гэмээр доош нь хийсэн харагдаж байна. Энэ үнэлсэн хөрөнгөөр эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг одоо барьж байгууллаа гэхэд газар шорооны ажилд нь ч бараг хүрэхгүй шахам мөнгө юм. Иймд бид “Тольдох оюуны өгөөж” ХХК-ий хийсэн үнэлгээг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 485 дугаар шүүгчийн захирамжаар “О” ХХК-иас 100,000,000 төгрөг гаргуулж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлөх төлбөрт "О" ХХК-ийн барьцаа хөрөнгө болох Булган аймаг, Булган сумын ... байрлах дараах үл хөдлөх хөрөнгүүд

1. Ү-********** дугаар бүхий 327.3 м2 талбайтай чулуун агуулах,

2. Ү-********** дугаар бүхий 52 м2 талбайтай цайны газрын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

3. Ү-********** дугаар бүхий үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 264,6 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгө,

4. Ү-********** дугаар бүхий 50 м2 ногооны зоорь,

5. Нэгж талбарын ********** дугаар бүхий 13457м2 талбай бүхий газар 4 тал хашааны хамт битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар хөрөнгийн үнийн саналыг ирүүлэхийг 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 3/293, 3/292 дугаартай албан бичгээр талуудад мэдэгдсэн. Төлбөр төлөгч “О” ХХК нь зээлийн барьцаа болох үл хөдлөх хөрөнгүүдээ 239 000 000 төгрөгөөр үнэлэх санал өгсөн ба төлбөр авагч Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас тус газарт 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1/279 дугаар албан бичгээр үнийн санал өгөхөөс татгалзаж шинжээч томилуулах хүсэлтээ ирүүлсэн. Талууд үл хөдлөх хөрөнгийн үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасны дагуу 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 18040273/23 дугаартай тогтоолоор “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийг шинжээчээр томилж эрх үүргийг танилцуулж тэмдэглэл үйлдсэн. Шинжээчийн үнэлгээний тайланг 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч тэмдэглэл хөтөлсөн ба 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр төлбөр авагч жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, төлбөр төлөгч "О" ХХК-нд  тус тус мэдэгдэх хуудсаар мэдэгдэн, дүгнэлтийг танилцуулж, эрх үүргийг нь тайлбарлан, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтлөн ажилласан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйл, Иргэний хуулийн 175 дугаар зүйл, мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар явуулж хөрөнгийн үнийг тогтоосон нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 326 дугаартай шийдвэрээр:

  1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг баримтлан Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн “О” ХХК-ий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
  3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч М.Б давж заалдах гомдолдоо: "... Хөрөнгийн үнэлгээг хийсэн “Тольдох оюуны өгөөж” ХХК-ий шинжээч Д.Отгонцагаан нь тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлэхдээ зардлын болон элэгдэл тооцсон орлуулалтын, өртөгийн, зах зээлийн харьцуулалтын аргуудыг ашигласан гэж тайлан дээрээ тусгасан боловч эдгээр аргуудаар тооцсон тооцоолол нь байхгүй, ойлгомжтой бус, харьцуулсан харьцуулалт нь дутмаг байсан бөгөөд зөвхөн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тогтоол гэгчийг үндэслэн үнэлгээг хийсэн нь хөрөнгийн үнэлгээний гол гол шаардлагыг хангахгүй байна гэж бид үзэж байна. Д.Отгонцагаан нь энэ талаараа шүүхэд гаргасан тайлбартаа ч зөвхөн дээрх тогтоолыг үндэслэн зөвхөн барилгын хийцийг харгалзан үнэлсэн тухайгаа хэлсэн байдаг. Мөн тухайн барилгын баригдсан хугацааг тодорхойлж чадаагүй, энэ талаар мэдээлэл авсан гэсэн боловч түүнийгээ нотолж чадаагүй, мэдээлэл авсан хүмүүс нь тодорхой биш, өөрийн санаагаар тухайн барилгын насжилтыг үндэслэлгүйгээр дууссан гэж үзэж энэ санаагаа хөрөнгийн үнэлгээндээ гол үндэслэл болгож насжилт нь дууссан гэж үзэн хямдхан үнэлсэн. Энэ үнэлгээ гэгчээр жишээ нь одоо ашиглагдаж байгаа, цаашид 20-30 жил бүрэн ашиглах боломжтой 327,3 мкв барилгыг дөнгөж 13 сая төгрөгөөр үнэлсэн нь насан туршдаа хөдөлмөрлөж бий болгосон хөдөлмөрийн үр шимийг минь үгүйсгэсэн, бидний хөдөлмөрөө үнэлүүлэх эрхийг хаан боогдуулсан хөнгөн хуумгай дүгнэлт болсон гэж бид үзэж байна. Бид өмнө нь тухайн обьектоо мөн эрх бүхий аудитын компаниар үнэлүүлж байсан бөгөөд 11 жилийн өмнөх тэр үнэлгээ саяны энэ үнэлгээ 2-ын хооронд тэнгэр газар шиг их зөрөөтэй байгаад бид маш гайхаж байна. Зүй нь хөрөнгийн үнэлгээний гол гол аргуудыг ашиглаж тус тусад нь үнэлж гаргаад, дараа нь тэдгээрээ хооронд нь харьцуулж нэгдсэн нэг дүгнэлт гаргах нь хамгийн шударга үнэлгээ байх болов уу гэж бид бодож байгаа билээ. Өмнө нь хийсэн үнэлгээ ч яг ийм зарчимаар хийгдсэн байдаг. Иймд бид анхан шатны шүүхийн шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч “Тольдох оюуны өмч” ХХК-ний хийсэн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох буюу үнэлгээний хөлс 1 200 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна...” гэжээ.

                                                              ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 485 дугаар захирамжаар “О” ХХК-иас 100.000.000 төгрөг гаргуулж Монгол улсын Аж үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгож шийдвэрлэжээ.

Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 26-ний өдрийн “эд хөрөнгө битүүмжлэх тухай”, 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “эд хөрөнгө хураах тухай” тогтоолуудаар нэхэмжлэгчийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгө, газар зэргийг битүүмжлэх, хураах зэрэг ажиллагааг хийсэн байна. /х.х-ийн 39-41/ тал

Төлбөр төлөгч нь дээр дурьдсан үл хөдлөх эд хөрөнгөө дуудлага худалдаанд оруулах үнийн саналаа 239.000.000 төгрөгөөр өгснийг төлбөр авагч тал хэт өндөр байгаа талаар маргаж улмаар шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлснийг  шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 18040273/23 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийг  шинжээчээр тогтоожээ. /х.х-ийн 5, 46, 48/ тал

“Тольдох оюуны өгөөж” ХХК-ний 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн БШ/19/05  тоот шинжээчийн дүгнэлтээр  “О” ХХК-ний үл хөдлөх эд хөрөнгийг 204.434.500 төгрөгөөр үнэлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй байгаа тул дээрхи үнэлгээг хүчингүй болгуулах, үнэлгээний хөлс 1.200.000 төгрөгийг төлөх боломжгүй талаар маргажээ.

Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар  нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгөнд үнэлгээ хийлгэхээр “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийг томилж үнэлгээ хийлгэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.6-д заасантай нийцжээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:           

1. Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 326 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгөрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.            

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ё.БЯМБАЦЭРЭН

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР                                              

                                             ШҮҮГЧ                               М.ХҮРЭЛБААТАР