Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/103

 

 

 

 

 

     

2022          1             25                                                 2022/ДШМ/103                             

 

Э.С, Б.Ц, З.Ү нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Нандинцэцэг /томилолтоор/,

хохирогч Ц.Сын өмгөөлөгч Н.Болормаа,

шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,

цагаатгагдсан этгээд Б.Цгийн өмгөөлөгч С.Мөнхтулга, Ц.Батзориг, 

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Н.Баярмаа, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/627 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Сын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.С, Б.Ц, З.Ү нарт холбогдох эрүүгийн 2111 00239 0424 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овогт Эийн С, 1995 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ................... аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, ........................ ажиллаж байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт ......................... дүүргийн .... дугаар хороо, ............ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:.............................../;

2. А овогт Бгийн Ц, 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ................. аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ........................... ажиллаж байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ..................... дүүргийн .... дугаар хороо, ........................ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:............................../;

3. Д овогт Зын Ү, 1989 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, найруулагч, жүжигчин мэргэжилтэй, “Н” ХХК-д менежер ажилтай, ам бүл 2, охины хамт ..................... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны .... тоотод оршин суух хаягтай, /РД:........................../,

урьд нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоног хорих ял шийтгүүлж мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

Шүүгдэгч Э.С нь Б.Цтой бүлэглэн 2021 оны 2 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр байрны 11 тоот хаягт хохирогч З.Ү, Ц.С нарын хүсэл зоригийнх нь эсрэг согтуурсан биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан Б.Цтой хохирогч З.Ү, Ц.С нарыг өөр хоорондоо солих замаар хүчээр бэлгийн харилцаанд орж 2 хүнийг хүчиндсэн,

цагаатгагдсан этгээд Б.Ц нь Э.Стай бүлэглэн 2021 оны 2 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр байрны 11 тоот хаягт хохирогч З.Ү, Ц.С нарын хүсэл зоригийнх нь эсрэг согтуурсан биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан Э.Стай хохирогч З.Ү, Ц.С нарыг өөр хоорондоо солих замаар хүчээр бэлгийн харилцаанд орж 2 хүнийг хүчиндсэн,

цагаатгагдсан этгээд З.Ү нь 2021 оны 2 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр байрны 11 тоот хаягт хохирогч Б.Ц, Э.С нартай маргалдан Б.Цгийн зүүн гарыг, Э.Сын зүүн, баруун хөлийг хутгаар тус тус зүсэж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Э.С, Б.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6 дахь заалт, З.Үгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад зааснаар прокуророос А овогт Бгийн Цд холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6 дахь заалт, Д овогт Зын Үд холбогдуулж мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад зааснаар прокуророос Б овогт Эийн Сд холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6 дахь заалтад зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “хохирогч Ц.Сыг хүсэл зоригийнх нь эсрэг согтуурсан биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан яллагдагч Б.Цтой бүлэглэж хохирогч З.Ү нарыг өөр хоорондоо солих замаар хүчээр бэлгийн харилцаанд орж 2 хүнийг хүчиндсэн гэсэн хэргийг” “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос сонсгосон ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б овогт Эийн Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүйг далимдуулан бэлгийн харилцаанд орсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ст 1 жилийн хугацаагаар хорих ялаар оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Э.Ст оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Э.С нь бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн бүс 1 ширхэг, шар өнгийн иштэй хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, дэд ахлагч мөрдөс 1 ширхэгийг шүүгдэгч Э.Ст буцаан олгож, шүүгдэгч Б.Ц, З.Ү нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хүчин төгөлдөр болмогц хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Ст шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ийм хэрэг хийсэндээ маш их харамсаж байна. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон, ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэн харгалзаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Э.Сын өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, мөн ар гэрийн байдал, эхийнх нь эрүүл мэндийн байдал, дүү нь оюутан зэргийг харгалзан үзээд нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэх боломжтой. Иймд хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү.” гэв.

 Цагаатгагдсан этгээд Б.Цгийн өмгөөлөгч С.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болсон. Э.Сын холбогдсон гэмт хэрэгт хуульд заасны дагуу тэнсэн харгалзах ял оногдуулах боломжтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид эрүүгийн хариуцлага оногдуулах зарчмыг хуульчилж өгсөн байдаг. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан үзээд ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжтой.” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Цгийн өмгөөлөгч Ц.Батзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Мөнхтулга өмгөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Хохирогч Ц.Сын өмгөөлөгч Н.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч нь ямар нэгэн гомдол,  саналгүй. Ялыг тэнсэхэд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй.” гэв.

Прокурор О.Нандинцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Уг шүүх хуралдаанд томилолтоор оролцож байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт прокурор эсэргүүцэл бичээгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар маргахгүй. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны үеэр яллагдагч нь гэм буруугийн талаар маргаж байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар мэтгэлцэж оролцсон. Анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй атлаа давж заалдах гомдол гаргахдаа өөрт ашигтай байдал бий болгох үүднээс гэм бурууг хүлээн зөвшөөрч байгааг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас эхлээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Анхан шатны шүүх хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгчийн гэм бурууг хангалттай тогтоосон, түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн зарчимд нийцсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Э.Сын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.С нь 2021 оны 2 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр байрны 11 тоот хаягт байрлах З.Үгийн гэрт З.Үгийн хүсэл зоригийн эсрэг согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүйг далимдуулан бэлгийн харилцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч З.Үгийн “...миний бие 2021 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Ц гэх цагдаа залуутай санаандгүй байдлаар ...намайг гэрт маань хүргэн өгснөөр бид хоорондоо танилцсан юм. Ингээд утас утсаа авалцаад холбоотой байя гэсэн бөгөөд үүнээс хойш Ц нь над руу өөрийн дугаараас тогтмол залгаж, уулзъя, учрая, салхинд гаръя гэх саналыг тавьдаг байсан. Үүнээс үүдэж 2021 оны 2 дугаар сарын 19-ний оройн 19 цагийн орчимд Цтой утсаар ярьж, 20 цагийн орчимд манай гэр болох Чингэлтэй дүүргийн 5дугаар хороо 21 дүгээр байрны урд уулзсан. С, Туяа, П, Отгончимэг, Ц бид хэд эхлээд 21 цагийн орчимд уулзсан санагдаж байна. Тэгээд мөн С гэх Цгийн найз цагдаа залуу ирсэн. ...Цгийн машинд 2.5 литрийн 1 сав шар айраг, 0.75 литрийн багтаамжтай виски, 1 шил архи байх шиг байсан нэр, хэмжээг нь санахгүй байна. Ц нөгөө хоёр залуугийн хамтаар дэлгүүр хаахаас өмнө гээд нэмээд 2.5 литрийн 2 сав шар айраг нэмээд авсан байсан. Тэгээд манай гэр болох Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр байрны 11 тоотод 21 цаг өнгөрөөгөөд очсон байх. ...Би нилээд муудсан ба та нар 01 цаг өнгөрөөгөөд явчих юм чинь найз нь унтлаа шүү гэж Ц болон бусад байсан хүмүүст хэлээд унтлагын өрөө рүү орж гэрийн халаадаа тайлж дотоож, хөхөвчтэй хөнжилдөө ороод унтсан. ...Тэгээд нэг сэрэх үед миний хажууд П хэвтэж байсан ба Цтой бэлгийн харилцаанд орж байснаа бүдэг бадаг санаж байна. Тэгээд унтаж сэрээд байсан бөгөөд нэг мэдэхэд С миний дээр гарчихсан надтай бэлгийн харилцаанд орж байсан. Би юу болоод байнаа гэж хэлээд түлхээд орилсон. Тэгсэн чинь С чимээгүй байгаач ээ гэж хэлээд миний амыг дарсан. Тухайн үед би эсэргүүцэл үзүүлсэн боловч миний зүүн талаар түлхэж орноос унагаасан. Намайг унасан байхад би эсэргүүцэл үзүүлсэн чинь “дуугүй байгаач юун сүртэй юм, юундаа орилоод байгаа юм” гэж хэлээд үстсэн. Ямар ч байсан би “П цагдаа дуудаарай” гэж орилсон. Тэгээд ямар ч байсан Ц гараад ирэх шиг болсон. Ц намайг тайвшруулах гээд байх шиг байсан ба би уйлаад “за за би одоо зүгээр” гэж хэлээд бага зэрэг тайвшраад гал тогооны өрөөнд орж хутга, заазуур хоёр авсан. Би тухайн үед маш их цочирдсон байсан учир надад битгий ойрт гэж хэлсэн, тэгээд нэг мэдсэн аймар их цус шалан дээр болсон байсан. Ц, С хоёр манайхаас гараад явсан байсан. Тэгээд гэрийн шалыг С, П бид гурав цэвэрлээд унтаж байтал цагдаа нар ирсэн. ...Ерөнхийдөө би Цтой байна гэж бодож байсан. ...Цд намайг найзаасаа хамгаалаагүй, улмаар найзыгаа надтай бэлгийн харилцаанд ороход нь хамгаалаагүйд уур хүрсэн. Хэрэв намайг сэрэхэд С биш Ц надтай байсан бол ийм асуудал үүсэхгүй байсан юм. ...маргалдаж байгаад том өрөө рүү очих үед С нь дахиад манай эгчтэй бэлгийн харилцаанд орсон шинжтэй ямар ч хувцасгүй байгааг хараад, мөн өөрийнхөө эгчийн нүцгэн тасраад унасан байсныг хараад дургүй зэвүү 2 хүрээд би уйлж орилж эхэлсэн. Үнэхээр эвгүй санагдсан ба би цочирдоод юу болоод байгааг ойлголгүй уур хүрээд, нэг мэдэхэд гал тогооны өрөөнөөс шар өнгийн иштэй ногоо арилгадаг хутга аваад гараараа 2 тийш нь сийчээд тэр 2-ыг өөрөөсөө гэрээс хөөх оролдлого хийсэн. Бас зайлцгаа хэмээн гэрээсээ хөөсөн бөгөөд тухайн үед манай гэрт намайг өмгөөлж хамгаалах эрэгтэй хүн байхгүй би орилоод цагдаа дуудаарай гээд орилоод байсан. Ингээд хутгаар айлгаж байх үед С намайг үстээд хүчтэй түлхэхэд би газарт толгойгоороо унасан бөгөөд унасан хойно үснээс зулгаагаад С нь чирсэн. Харин Ц нь хутга булааж авах гээд миний гарыг мушгисан ба миний гар хөхөрсөн. Миний бие өөрийн биеэ хамгаалж хутга барьж айлгаж байхдаа тэр 2-ыг зүссэн байх, гэхдээ ямар нэгэн байдлаар зоож, хатгах оролдлого хийгээгүй. Тухайн үед би согтуу бас шокийн байдалтай байсан учраас зарим зүйлсээ сайн тодорхой санахгүй байгаад байгаа. Угаасаа гэрээр маань баахан нүцгэн хүмүүс согтуурсан байдалтай байсан учраас бас өөрт хийсэн зүйлийг маань бодоод миний бие маш хүчтэй сэтгэл хөдлөл шоконд автсан юм. Одоо миний толгой маш хүчтэй өвдөж байна, зүүн гар маань маш эвгүй болчихсон байна...” /хх 41-44, 67-68/,

шүүгдэгч Э.Сын “...2021 оны 2 дугаар сарын 19-ний орой Ц над руу гараад ир ярих юм байна гэсэн. ...Тухайн үед хөл хорио тогтоосон машин явуулахгүй байсан учир миний бие цагдаагийн дүрэмт хувцасаа өмсөөд гарч очоод Ц болон З.Ү түүний найз нартай уулзсан. ...Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр байрны 11 тоотод байх З.Үгийн гэрт бид нар архи уусан. Архи ууж дуусаад би том өрөөнд нь Ц.Стой буйдан дээр байж байтал З.Ү нь нэг гартаа хутга, нөгөө гартаа заазуур барьчихсан жижиг унтлагын өрөөнөөс Б.Цг хөөгөөд гараад ирсэн. Яг ямар шалтгааны улмаас З.Ү хутга заазуур барьж гарч ирсэн эсэхийг мэдэхгүй байна. Ц руу дайраад байхаар нь би З.Үгийн зүүн гарт байсан хутгыг нь авах гээд тайвшруулаад байж байтал Ү нь гартаа барьж байсан хутгаараа миний зүүн гуяны гадна ар хэсэгт, баруун хөлийн урд шилбэ рүү хатгаж зүссэн. Би хутгыг нь авах гээд ноцолдож байхдаа зүүн хөлийн хуруу хэсгээрээ хутга дээр гишгээд зүсчихсэн. Надад учирсан гэмтлийг З.Ү учруулсан. Ц.С нь нилээд согтуу байсан. З.Ү зүгээр л байсан юунаас болоод уурласан эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Уг нь тухайн үед гайгүй зүгээр л байсан юм. Ц.С бид хоёр том өрөөний буйдан дээр юм яриад сууж байсан. Тэр өдөр танилцсан учир ойр зуурын зүйлийн талаар яриад сууж байсан Ц.Стой бэлгийн харилцаанд бид хоёр хоёулаа тохиролцоод орсон. Намайг ганц бие үү гэж асуугаад надтай үнсэлцээд юм ярьж байгаад цаашаа уулзаж байж болно биз дээ гэж хэлээд бид хоёр бэлгийн харилцаанд бэлгэвчгүй орсон. Би З.Үтэй бэлгийн харилцаанд ороогүй..” /хх 54-56/,

цагаатгагдсан этгээд Б.Цгийн “..Надад гаргах ямар нэгэн санал хүсэлт байхгүй. 2021 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө З.Үгийн гэр болох Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр байрны 11 тоотод байж байхад З.Ү, Ц.С, Э.С, П бид нар том өрөөнд нь сууж байтал З.Ү гал тогооны өрөө рүү ороод хутга, заазуур авах гээд П өгөхгүй гээд дийлээгүй. Би наанаас нь очтол З.Ү баруун гартаа заазуур, зүүн гартаа хутга барьчихсан “Та нар одоо зайл, чи замаас зайл” гэж хэлээд гал тогооны өрөөний үүдэнд заазуур миний зүүн бугалга хэсэг орчимд зүсэж гэмтээсэн. Би хойш зугтаасан ба С буйдан дээр байхад наанаас З.Ү хутга заазуураар ширвэж байгаад түүний хөл хэсэг рүү хутга, заазуураар зүссэн. Би түүний хутга заазуурыг нь булааж авах гээд З.Үгийн араас нь тэвэрч хутга заазуурыг нь булааж аваад Пд өгсөн. З.Ү бид хоёр харилцан тохиролцоод бэлгийн харилцаанд орсон. Бид хоёр харилцан үнсэлцэж байгаад бэлгийн харилцаанд орсон. Хажууд З.Үгийн дүү П байсан. Би Ц.Стой бэлгийн харилцаанд ороогүй...” /хх 60-62/

хохирогч Ц.Сын “...Анх уулзаад бид шар айраг, архи, виски зэргийг уусан. Миний бие нилээд эрт тасарчихсан байсан. Би ер нь архи согтууруулах ундааны зүйл уудаггүй, ийш тийшээ ч гараагүй удаж байна. Зайсан гарах уу гэж Ү ярихаар нь л гэрээсээ гарч ирсэн юм. Нэг сэрсэн чинь Ү хутга барьчихсан та нар яахаараа намайг дээрэлхдэг юм гэж хэлээд С руу дайрсан би болиулах гээд голоор нь ортол баруун гарын хуруу хэсэг хутгаар зүсүүлчихсэн. Тэгээд айгаад хойш суусан. Жижиг өрөө рүү нь ороод унтсан. Тэгээд сэрэхэд цагдаа нар ирсэн байсан. ...П надад хэлэхдээ Ц С нарыг Ү та хоёртой ээлжлээд бэлгийн харилцаанд орсон гэж хэлсэн. Би тухайн үед тасраад уначихсан байсан учраас бэлгийн харилцаанд орсон зүйлийг сайн санахгүй байна. ...Би Э.Стай бэлгийн харилцаанд орсон. Энэ талаараа сүүлд санасан. Би Б.Цтой бэлгийн харьцаанд ороогүй. Гомдол, санал байхгүй...” /хх 48, 75-76, 2 хх 208/,

гэрч О.Пгийн “...Ү эгч болон Ц гэх залуутай 30-40 орчим минутын турш бэлгийн харилцаанд ороод байх шиг байсан ба тухайн үед бүх өрөөний гэрэл унтраастай байсан учраас бэлгийн харилцаанд орж байх зуур би гал тогооны өрөө рүү ус уух гээд ороод гэрлийг нь асаатал өнөөх унтаж байсан жижиг шар залуу байгаагүй болохоор нь зочны өрөөний гэрлийг асаатал Сын хувцсыг нь тайлчихсан, байдалтай байсан ба өнөөх шар залуу хөшигний ард нуугдсан байдалтай байхаар нь би уурлаад хөшгийг нь татаад үзтэл Ц босчихсон дотуур өмдтэй байхаар нь бүр гайхаад гэрэлгүй жижиг өрөө рүү ороод бэлгийн харилцаанд орж байгаа хүмүүсийн хөнжлийг сөхөөд үзтэл өнөөх жижиг шар цагдаа залуу Ү эгчийн дээр гарчихсан, бэлгийн харилцаанд ороод, Ү эгч сонин дуугараад ямар ч ухаан санаагүй согтуу доор нь ороод хэвтэж байсан ба би тэрхүү шар залууг түлхээд орноос нь хөөж босгоод Ү эгчид “...та хэнтэй бэлгийн харилцаанд ороод байгаагаа ойлгож байна уу” гэхэд Ү эгч өөрийгөө Цтой бэлгийн харилцаанд орж байна гэж бодоод байснаа гэнэт өнөөх шар залуутай бэлгийн харилцаанд ороод байснаа ойлгоод ухаан орж уурлаад, хамаг юмаа авч шидээд эхэлсэн. Тэгтэл шар залуу том өрөө рүү гүйгээд орсон. Тэгээд уурласан уурандаа Ү нь Цтой жижиг өрөөнд маргалдаж хэрэлдэж хэсэг хугацаа өнгөрсөн бөгөөд би тэр 2-ын маргалдах үед дэргэд нь байсан ба хэсэг маргалдаж байгаад том өрөө рүү орох үед өнөөх шар залуу нь Стой бэлгийн харилцаанд орж байсан ба “би түүнрүү ямар заваан амьтан бэ” гэж хэлээд уурлах үед Ү Ц 2 араас том өрөө рүү орж ирсэн бөгөөд тухайн үед жижиг шар залуу нь дотоожоо ч өмсөж амжаагүй энэ тэрүүгээр нүцгэн гүйгээд зугтаагаад байсан ба эцэстээ Ү болон шар залуу 2 маргалдаад, чанга чанга орилолдоод, хэн хэнийгээ өнгөцхөн алгадах үед би Үг боль гэж хэлээд араас нь хэсэг тэвэрч хориглож байгаад дийлэхгүй айгаад 00-ийн өрөө рүү орсон. ...би 00-ийн өрөөний хаалганы завсраар харахад Ү нь гартаа хутга барьсан байгаа харагдсан бөгөөд би тухайн үед шууд цагдаад дуудлага өгсөн. Дуудлага өгч байх үедээ цааш юу болсон талаар сайн хараагүй. Тэгээд Ү нь хурдан зайл, хурдан гар гээд орилоод, бас С нь уйлаад байх шиг чимээ хэсэг сонсогдож байгаад чимээгүй болсон бөгөөд би 00-ийн өрөөнд дахиад хэсэг сууж байгаад гарах үед өнөөх 2 цагдаа байгаагүй, гараад явчихсан байсан. ...Б.Ц, Ц.С нарыг бэлгийн харьцаанд орж байхыг хараагүй, тэгж бодсон...” /хх 64-65, хх-206, 2 хх 213/,

шинжээч эмч Н.Туяагийн “...Миний бие З.Ү, Ц.С нарыг 2021 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн орой 16 цаг 40 минутаас 17 цаг 20 минутын хооронд үзлэгийг хийж цуснаас нь дээж авсан. Химийн шинжилгээг Б.Энхмандах хийсэн ба спиртийн агууламж илрээгүй гэснийг би дүгнэлтэд тусгасан. Тэгэхээр Б.Энхмандахаас тодруулах нь зүйтэй. Харин эр бэлгийн эс илрээгүй байгаа нь хэрэв бэлгийн харилцаанд ороод эрхтэнд дур тавиагүй эсхүл бэлгэвчтэй бэлгийн харилцаанд орсон бол эр бэлгийн эс илрэхгүй байх боломжтой...” /2 хх 214/,

шинжээч эмч Б.Энхмандахын “...Архи согтууруулах ундааг амаар ууж хэрэглэснээс хойш ходоодонд хоолтой, хоолгүйгээс шалтгаалж 20-90 минутын дотор цусанд шимэгдэж 4-6 цаг тэнцвэржилтийн байдалд байж байгаад бодисын солилцоогоор биеэс 12-16 цагийн дараа шээсээр, хөлсөөр, амьсгалаар бүрэн гадагшилдаг. Дээрх цаг өнгөрсөн тохиолдолд авсан дээжинд спиртийн зүйл илрэхгүй...” /2 хх 219-220/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 1679 дугаартай “...З.Үгийн биед хүзүү, бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. З.Үгийн бэлэг эрхтэн, шулуун гэдсэнд гэмтэл тогтоогдсонгүй. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заагдсанаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. З.Үгийн охин хальс үлдэцгүй байна. Шүүх биологийн шинжилгээгээр арчидас наалдцанд эр бэлгийн эс илрээгүй байна...” /хх 83-85/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 1680 дугаартай “...Ц.Сын биед шуу, цээжинд цус хуралт, сарвуунд өнгөц зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Ц.Сын бэлэг эрхтэн, шулуун гэдсэнд гэмтэл тогтоогдсонгүй. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заагдсанаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ц.Сгын охин хальс үлдэцгүй байна. Шүүх биологийн шинжилгээгээр арчидас наалдцанд эр бэлгийн эс илрээгүй байна...” /хх 92-94/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 1682 дугаартай “...Э.Сын биед зүүн гуя, хоёр шилбэ, зүүн тавхайд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүр, ирмэгтэй зүйлийн 4 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх 106-107/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 1681 дугаартай “...Б.Цгийн биед зүүн бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх 100-101/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 18-30/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12-17/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад зааснаар прокуророос А овогт Бгийн Цд холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6, Д овогт Зын Үд холбогдуулж мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад зааснаар прокуророос Б овогт Эийн Сд холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6 дахь заалтад зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “хохирогч Ц.Сыг хүсэл зоригийнх нь эсрэг согтуурсан биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан яллагдагч Б.Цтой бүлэглэж хохирогч З.Ү нарыг өөр хоорондоо солих замаар хүчээр бэлгийн харилцаанд орж 2 хүнийг хүчиндсэн гэсэн хэргийг” “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Сыг “хохирогч З.Үгийн хүсэл зоригийн эсрэг согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүйг далимдуулан бэлгийн харилцаанд орсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос сонсгосон ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч Э.Сын гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, тухайн зүйл, хэсэгт зааснаар түүнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.

Шүүгдэгч Э.С “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж 1 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөх эрх нээлттэй ба тэрээр давж заалдах шатны шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч гомдол саналгүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.   

Үүнтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Сыг оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэхээр тогтоож, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Э.Сын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/627 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад:

- “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ст 1 жилийн хугацаагаар хорих ялаар оногдуулсугай.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэсэн өөрчлөлт оруулж,

- “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгч Э.Ст хүлээлгэсүгэй.”,

- “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дугаар хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.” гэсэн нэмэлт заалтыг тус тус оруулсугай. 

2. Шүүгдэгч Э.Сын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, түүнийг нэн даруй сулласугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ                                        

 

                        ШҮҮГЧ                                                             Б.ЗОРИГ

 

 

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ