Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 14

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, ерөнхий шүүгч Б.Баттөр, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 388 дугаартай шийдвэртэй,

Д.Ц-н нэхэмжлэлтэй, С.Э-д холбогдох, 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч Д.Ц-н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

   Нэхэмжлэгч                               Д.Ц түүний өмгөөлөгч П.Ган-Очир                            

   Хариуцагч                                  С.Э                                                                                                   

   Нарийн бичгийн дарга              Н.Эрдэнэбулган нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2009 оны 2 дугаар сарын 5-ны өдөр энэ танхимд мал эмнэлгийн байшингийн өмчлөгч тогтоох шүүх хуралдаан болсон юм. Газрын гэрчилгээ хуурамч, хууль бусаар өмчлөх эрх авсан шүүх хуралдаан болсон. Шүүх хүлээн авч хянан хэлэлцээд. Н.Н  шүүгч Э тэй мал эмнэлгийн байшинг хувааж авахаар шийдвэрлэж харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан. Шүүх хуралдааны дараа шууд Н.Н  шүүгчийн өрөөнд орж тохиролцсон. Шүүгчийн захирамж 7 хоногийн дараа гарсан. Түүнээс хойш одоо болтол авч чадаагүй. Манай эгч нас барчихлаа гэх мэтээр шүүх хуралдаанд ирэхгүй олон тайлбар өгсөн нь бүгд худлаа гэж бодож байна. Би мал эмнэлгийн тасгийн эрхлэгчээр ажилладаг байсан. Төрийн өмчийн хорооноос мал эмнэлгийн байшинг хувьчлах талаар мэдэгдсэн байдаг юм.Тухайн үед өдрийн сонин дээр зар нь  гардаг байсан. Б  гэдэг хүн хувьчилж Э-д өгсөн гэдэг. Энэ хүнээс нотлох баримт авмаар байна. Б  гэдэг хүний газрын гэрчилгээтэй  байсан. Энэхүү гэрчилгээ нь хуурамч байсан.Тухайн үеийн газрын даамал Ж гэж хүн байсан. Б  нь мал эмнэлгийн байшингийн өмчлөгч биш байхад Ж  нь хуурамч гэрчилгээ гаргаж өгсөн юм. Өмчлөгч нь 3 хүнээр дамжиж ирсэн. Энэ талаар хэргийн материалд зөндөө нотлох баримт гаргаж өгсөн байгаа гэжээ.

Хариуцагч С.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Булган аймаг дах Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан Д.Ц-н нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлд дурьдсан мал эмнэлэгийн байшингийн дагалдах саравчны хана, түүний байрлаж байгаа газрын гэрчилгээний хамт бүрдүүлэн гаргуулах тухай, мал эмнэлэгийн байшингийн тал мөнгө болох 20000000 төгрөг гаргуулах тухай "Худалдааны гэрээ" байгуулсан гэх гэрээ нь миний гарын үсгийг дуурайлган зурсан хууль бус гэрээ байна. "Ш " буюу "Э" компаний захирал Д.Б ий өмчлөлд байсан Булган аймгийн ... сумын Мал эмнэлгийн байшингийн өмчлөлийн талаарх түүхийг дор дурдсанаар санаж байгаагаараа тайлбарлаж байна. Үүнд:

1. 1998 онд Д.Ц нь ... сумын Мал эмнэлгийн тасгийн эрхлэгч малын эмчээр ажиллаж байсан. Тухайн үед Мал эмнэлгийн хувьчлал Булган аймагт болж Д.Ц нь тэр үеийн "Ш " буюу "Э" компанийн хүмүүсээс мөнгө авна гэж тохиролцож дуудлага худалдаанд орж "Ш " буюу "Э" кампанийн захирал Б  нь тус сумын мал эмнэлгийг дуудлага худалдааны анхны үнэ болох 700000 худалдаж, хувьчилж авсан байдаг. "Ш " буюу "Э" кампанийн захирал Д.Б  нь Д.Ц-той тохиролцон тодорхой хэмжээний мөнгө өгнө хэмээн дуудлага худалдааанд оролцуулж, үнэ хаялцахгүйгээр "Ш " буюу "Э" кампанийн Д.Б нь сумын мал эмнэлгийг дуудлага худалдааны анхны үнээр худалдаж авсан гэсэн яриа гарсан байсан. Ц  нь эхлээд Ш  кампаний хүмүүсийг чухам хэнийг шүүхэд өгснийг мэдэхгүй шүүхэд өгөөд заргалдаад байна гэнээ гэж дуулдаж байсан сүүлдээ тэр хүмүүсээс мөнгө авч чадахгүй болохоор намайг шүүхэд өгч эхлэсэн нь үнэхээр үнэнд нийцэхгүй асуудал юмаа.

2. Сумын Мал эмнэлгийн байшин нь 1970 онд чулуугаар баригдсан 17x7 харьцаатай байшин байдаг. Тухайн байшинг миний бие 2004 онд хаалга цонх байхгүй хана дээвэртэй байхад нь 1500000 төгрөгөөр "Ш" буюу "Э" компаний захирал Д.Б эс худалдан авч, газрын гэрчилгээг авч байсан. Байшинг худалдаж авах зорилго бол би өөрөө хувийн мал эмнэлэг байгуулж байр сав байхгүй байсан болохоор зориулалтын байр юмдаа гэсэн байдлаар худалдаж авсан.

3. Д.Цэ нь 2009 онд уг Мал эмнэлэгийн байшинг авах зорилгоор намайг Булган аймгийн сум дундын анхан шатны шүүхэд хандсан байсан. Шүүх хурал болох уед Д.Ц-н өмгөөлөгчөөр оролцож байсан Д.Э шүүх хурлыг хойшлуулах санал тавьж, шүүх хурал болоогүй юм. Шүүх хуралдаанаас гараад Д.Ц-той тааралдаж, мал эмнэлэгийн байшингийн өмчлөлийн талаар үнэн зөвийг ярилцан ойлголцож дахин уг мал эмнэлэгийн байшинтай холбоотой гомдол, хүсэлт гаргахгүй хэмээн Булган аймгийн Иргэний хэргийн анхан шантны шүүхч Н ийн өрөөнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Ц "...за тэгвэл саравчийг хэн авсан тэрийг надад олж өг эсвэл банкнаас надад 3000000 төгрөгийн зээл авч өг" гэсэн асуудал ярьсан байдаг.

Тухайн үед миний бие Д.Ц-д хэлэхдээ "...энэ байшинг худалдаж авсан нь чамд огт хамааралгүй шүү дээ. Харин чи "Ш " буюу "Э" компаний захирал Д.Б тэй тохиролцож дуудлага худалдаанд оролцсон мөнгө төгрөгөө тэр хүмүүстэйгээ ярь тэр саравч хэн авсан тухай чамд ярьж хэлье банкнаас зээл авч өгөх боломжгүй би өөрөө зээлтэй гэдгээ хэлсэн. Мал эмнэлгийн байшинд дагалдах чулуугаар барьсан дээвэртэй саравч байсан. Намайг байшин худалдаж авахаас өмнө "Ш " буюу "Э" компаний захирал Д.Б тэй манай сумын иргэн Т.Б  найз байсан тул түүний эгч Т.Ч  нь тухайн саравчны дээврийг буулгаж авсан гэдгийг Д.Ц-д хэлсэн. Мөн Д.Ц нь Булган аймгийн Шүүхийн Эвлэрүүлэн зуучилахад дээрх асуудлаар өргөдөл гаргасан байдаг бөгөөд шүүхийн Эвлэрүүлэн зуучлагч Э  бид хоёрын асуудлыг шийдвэрлэх  зорилгоор уулзаж, харилцан ярилцах үед би тохиролцох асуудал надад байхгүй, мал эмнэлэгийн байшин нь миний хууль ёсны өмчлөлд байдаг гэдгээ хэлсэн. Одоо Тухайн саравчны ханыг тус сумын иргэн Х.Б ийнх хашааны тал болгон ашиглаж байна.

4. Мал эмнэлгийн байшинг 1970 онд чулуугаар баригдсан бөгөөд намайг худалдаж авахад хаалга, цонх байхгүй байсан тул шинээр хаалга, цонх хийсэн.бусад дотор засвар хийж амжаагүй байгаа.  Одоо өвс, тэжээл хадгалах зориулалтаар ашиглаж байна.

5. "Ш " буюу "Э" компаний захирал Д.Б ий 2000.01.25-ны өдрийн Мал эмнэлгийг хувьчилж авсан ******дугаартай газрын гэрчилгээ мөн өөрийн мал эмнэлгийн нэр дээр болгосон 2006.09.13-ны өдрийн ****** дугаартай газрын гэрчилгээ, 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ****** дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ тус тус эх хувиараа байгаа болно. Иймд: Д.Ц-н гэрээний гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлд дурьдсан саравч, мал эмнэлгийн байшинтай холбоотой худалдааны гэрээ нь С.Э миний гарын үсгийг дуурайлган зурсан хуурамч бичиг баримт, нэхэмжлэлд дурьдсан мал эмнэлгийн байшин нь хууль ёсны дагуу Г мал эмнэлэгийн нэр дээр байдаг тул нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 388 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч С.Э-с мал эмнэлэгийн дагалдах саравчны хана байршиж байгаа газрын гэрчилгээ болон 20 000 000 /хорин сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Ц-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 /хоёр зуун  тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Ц давж заалдах гомдолдоо: "...Анх энэ хэрэг миний худалдаж авсан байшинг иргэн С.Э нь хуурамч газрын гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж авч хувьдаа завшсан. 2009 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шүүх хурал болж байхад хариуцагч нь мал эмнэлгийн байшингаа зүгээр ав эсвэл талыг нь зүгээр ав гэж санал болгосоны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.

Тус шүүх хурал дээр миний бие татгалзаагүй байхад шүүгчийн захирамжинд намайг нэхэмжлэлээсээ татгалзсан гэсэн өгүүлбэр оруулсан алдаанаас болж би хохирсон юм. Би нэхэмжлэлээсээ татгалзаагүй, С.Э татгалзсан байхад захирамж эсрэгээр гарч буруу ойлголт шүүгчид өгсөн. Тэр үед өмгөөлөгчөөр О.Э, оролцож байсан бөгөөд шүүгч Н.Н , туслах Батчимэг нарын дэргэд мал эмнэлгийн байшиг өгөх тлаар тохиролцсон гэж гэрчилсэн байхад шүүх үүнд ач холбогдол өгөөгүй.

Шүүх 2 талыг заавал оролцуулан мэтгэлцэх зарчмаар явах байтал хариуцагч оролцоогүй, хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй. Шүүх хурал болох гэж байхад хариуцагч С.Э миний гарын үсгийг хуурамчаар зурсан байна гэж гарын үсэг шинжлүүлэх санал тавьсан. Шүүх хүлээн авч Булган аймгаг дахь Шүүхийн шинжилгээний газраар шинжлүүлснээр 3 сар болсон байх юм. Би бодохдоо Улаанбаатар хот руу явуулсан байх гэж бодсон.

Хариуцагч хариу тайлбартаа “Ш ” буюу “Э”  ХХК-ний захирал Д.Б  хувьчилж авсан гэж худлаа ярьсан. Д.Б  гэж хүн “Ш ” компаний захирлаар хэзээ ч ажиллаж байгаагүй, үл хөдлөх хөрөнгийн газрын ажилтан Раднаасэдэд гаргаж өгснийг шүүхэд нотлох баримт болгож өгсөн. Мөн Д.Б  гэдэг хүн хувьчилж авсныг  нотлох баримтыг хариуцагч гаргаж өгөөгүй. Учир нь тийм баримт байхгүй. “Ш ” буюу “Э”  ХХК-ний захирал Д.Б  мал эмнэлгийг хувьчилж авсан ******дугаартай газрын гэрчилгээг хуурамчаар С.Э үйлдснийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд шүүх ач холбогдол өгөөгүй.

Мөн Д.Б ий нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй бөгөөд үүнийг хариуцагч хуурамчаар үйлдсэн. С.Э нь мал эмнэлгийн байшин, мал эмнэлгийн эм тариаг зүгээр авснаа гэрчилсэн баримт шүүхэд өгсөн. Мал эмнэлгийн байшинг засна гэж хуурч ядуурлыг буруулах сангаас мөнгө завьшсан. Үүнийг нотлох баримт өгсөн боловч ач холбогдол өгөөгүй. 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр  эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хурал дээр С.Э нь тохиролцсон юм. 3 дугаар эмнэлгийн эмчээс авсан мал эмнэлгийн байшинг 3 удаа сандран өөр өөр гарын үсэг зурж байсныг тэмдэглэсэн дэлгэрэнгүй тэмдэглэл хагас дутуу тэмдэглэлээр солигдсон.

Энэ тухай эвлэрүүлэн зуучлагч Э , өмгөөлөгч Д  бид гурвыг оролцуулан шүүхийн зөвлөгөөн хийе гэхэд хийгээгүй. Тэмдэглэлийг сольсон хүнийг олоогүй. Энэ мэтчилэн олон нотлох баримтыг гаргаж өгсөн боловч судалж, дүн шинжилгээ хийгээгүй болно. Хариуцагч С.Э нь хувьчилсаны дараа мал эмнэлэгт байсан эд хөрөнгө, эм тариаг зүгээр авсан байсныг Ч гэрчилдэг бөгөөд цагдаад өг гэж шаарддаг байсан.

Хариуцагчийг эд хөрөнгө, эм тариаг хууль бусаар авсан талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Гэрээн дээрх гарын үсэг нь С.Э-н гарын үсэг мөн юм. Шүүгчийн 92 дугаартай захирамжийг нотлох баримт болгон гаргаж өгсөн боловч энэ захирамжийг судалж, дүн шинжилгээ хийгээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Шүүх гарын үсэг шинжлүүлэх ажиллагааг Булган аймгийн Шүүхийн шилжилгээний албаар хийлгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус алба нь 1 шинжээчтэй бөгөөд бусдын нөлөөнд автсан байх магадлалтай. С.Э нь ирж гарын үсгээ зураагүй, ирээгүй, холбогдох баримтыг гаргаж өгөөгүй зэрэг ноцтой зөрчил их байна. Иймд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг томилж гарын үсгийн шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна.

Хариуцагч С.Э нь “Ш ” ХХК-ний захирал Д.Б  гэсэн хуурамч газрын гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулсныг шалгуулах хүсэлт тавьж байна. Мөн мал эмнэлэгт байсан эд хөрөнгө, эм тариаг хууль бусаар авсан, мал эмнэлгийн байшинг засварлана гэж хөдөөгийн ядуурлыг бууруулах сангаас их хэмжээний мөнгө завшсан асуудлыг шалгаж өгнө үү...” гэжээ.                                                           

                                                        ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч С.Э-д холбогдуулан  2009 оны 2 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан “худалдааны гэрээ”-ний дагуу Булган аймгийн ... сумын мал эмнэлгийн дагалдах саравчны хана байрлаж байсан газрын гэрчилгээ болон 20.000.000 төгрөг нэхэмжлэснийг хариуцагч Д.Ц-той ямар нэгэн гэрээ хэлцэл амаар болон бичгээр хийгээгүй, тухайн гэрээнд би гарын үсэг зураагүй, миний гарын үсэг биш, мал эмнэлгийн барилгыг  2004 онд Д.Б  гэгч хүнээс 1.500.000 төгрөгөөр худалдаж авсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд  нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 2009 оны 2 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан гэх “худалдааны гэрээ” гэх баримтанд зохигчдын хүсэлтээр шинжилгээ хийлгэхээр шинжээч томилсон боловч Булган аймаг дахь Шүүхийн шинжилгээний алба 2019 оны 7 дугаар сарын 1-ний 13г/131 тоот албан бичгээр гэрээний эх хувь байхгүйгээс бичиг судлалын шинжилгээ хийх боломжгүй гэсэн хариуг үндэслэн Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлэх боломжгүй талаар дүгнэлт хийсэн нь хуульд нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Ц нь нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа нотлох баримт болох “худалдаагы гэрээ”-г эх хувиар нь зохих шинжилгээний байгууллагад нь гаргаж өгөөгүй байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:           

1. Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 388 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар  нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 257.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.     

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ё.БЯМБАЦЭРЭН

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР                                      

                                             ШҮҮГЧ                               М.ХҮРЭЛБААТАР