Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2016/00814

 

Ж.Нямгэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар           

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/02142 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 916 дугаар магадлалтай,

Ж.Нямгэрэлийн нэхэмжлэлтэй

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

Гуравдагч этгээд “Алтайн их уулс” ХХК

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 547 дугаар шийдвэрээр “Алтайн их уулс” ХХК, Ж.Нямгэрэл нараас 425 615 493 төгрөг гаргуулж, Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчиж явагдаж байгаа тул дараах нэхэмжлэл гаргасан. Төлбөр төлөгч би Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх aлбаны 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 3/30189 дугаар албан мэдэгдлийг 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамжны 16 тоотод байршилтай 969 м.кв талбайтай 3 давхар үйлдвэрлэл үйлчилгээний барилгыг хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар зах зээлийн үнэлгээг 4 128 300 000 төгрөгөөр тогтоолгосныг мэдлээ. Миний барьцаа хөрөнгө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамжны 16 тоотод байршилтай 969 м.кв талбайтай 3 давхар барилгын одоо зах зээлийн үнэлгээ нь 10 000 000 000 төгрөгөөр үнэлэгдэхээр байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас томилсон хөндлөнгийн үнэлгээний байгууллага зах зээлийн үнээс хэт доогуур буюу 4 128 300 000 төгрөгөөр үнэлсэн. Иймд төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 547 дугаар шийдвэрээр “Алтайн их уулс” ХХК Ж.Нямгэрэл нараас 425 615 493 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч “Алтайн их уулс” ХХК үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъянгүний гудамж 16 тоотод байрлах 969 м.кв талбайтай 3 давхар барилгыг 2009 оны 03 дугаар сарын 19-ний өдөр битүүмжилж, 2009 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хураасан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 3/13128 тоот албан мэдэгдлээр өмчлөгч Ж.Нямгэрэл, 3/13127 тоот албан мэдэгдлээр “Алтайн их уулс” ХХК-аас тус тус үнийн санал авах тухай мэдэгдлийг хүргүүлэхэд 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Алтайн их уулс” ХХК-ийн захирал Б.Энхзаяа нь 8 000 000 000 төгрөг, өмчлөгч Ж.Нямгэрэл нь 10 000 000 000 төгрөг, төлбөр авагч Хас банк нь 1 260 000 000 төгрөгөөр үнэлж талууд дуудлага худалдааны санал болгох доод үнэд тохиролцоогүй тул хөндлөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК-ийг шинжээчээр томилж, 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 8/07 дугаар үнэлгээгээр үл хөдлөх эд хөрөнгийг 4 128 300 000 төгрөгөөр үнэлсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 3/30190, 3/30189 тоот албан мэдэгдлээр үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон 2 889 810 000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг талуудад хүргүүлсэн боловч өмчлөгч Ж.Нямгэрэл 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлсэн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах талаарх гомдол  гаргасны дагуу гомдлыг хүлээн авах боломжгүй хариуг Ж.Нямгэрэлд хүргүүлсэн. Төлбөр төлөгч “Алтайн их уулс” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлыг өмчлөгч Ж.Нямгэрэл нь шүүхэд удаа дараа гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нийт 8 удаа түдгэлзүүлсэн бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, хугацаа хожиж, шүүхийн шийдвэртэй төлбөрийг 2009 оноос өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/02142 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасныг баримтлан төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамжны 16 тоотод байршилтай 969 м.кв талбайтай 3 давхар барилгын үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж.Нямгэрэлийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 37350 дугаар захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дүгээр зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хүчинтэй хэвээр байх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 916 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 7-ний өдрийн 101/ШШ2016/02142 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2...” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3...” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа Ш.Базаррагчаагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Ж.Нямгэрэлийн гаргасан нэхэмжлэл үнэлгээг хүчингүй болгуулах ба уг үнэлгээ нь одоогийн зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн болно. Гэтэл шийдвэрийн үндэслэх хэсэгт “түүнчлэн үнэлгээний байгууллагаас тогтоосон үнэлгээ үндэслэлгүй гэж тогтоогдоогүй байхад дахин үнэлгээ гаргуулах асуудал яригдахгүй болно.” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Нэхэмжлэгчийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу шинжээч томилж, үнэлгээ хийлгэсэн, мөн үнэлгээг 2015 оны 09 дүгээр сары 03-ны өдөр төлбөр төлөгчид мэдэгдсэн гэх нэхэмжлэл гаргаагүй.

Шүүхэд нэхэмжлэгчээс “Хос од сервис” ХХК-аар Ж.Нямгэрэлийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъянгүний гудамж, 16 тоотод байрлах, үйчилгээний зориулалттай 969 м.кв талбайтай, 3 давхар үл хөдлөх хөрөнгийг 5 329 500 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг гаргаж өгсөн. Энэ үнэлгээ нь барьцаа хөрөнгийн одоогийн зах зээлийн үнэлгээг бодитойгоор үнэлснийг нотолж шүүхэд гаргаж өгсөн байхад шүүх дээрх нотлох баримтыг үнэлээгүй нь үндэслэлгүй. Шүүх хуралдаанд “Хос од сервис” ХХК үнэлгээний тайлан дээр гарын үсэггүй байна гэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааныг хойшлуулж шинжээч дүгнэлтийн тайланд гарын үсэг зуруулсан хэлбэрээр шүүхэд гаргаж өгөх хүсэлт гаргасан ч хүсэлтийг хангаагүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь оновчтой болжээ.

Ж.Нямгэрэл нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 547 дугаар шийдвэрээр Хас банкинд 425 615 493 төгрөг төлөх хамтран хариуцагчийн нэг байх ба уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаанд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлүүлсэн гэсэн үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хуульд заасан журмын дагуу ажиллагааг явуулсан гэж маргажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах хугацааг нэхэмжлэгч баримталсан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн саналыг төлбөр төлөгч, төлбөр авагч нараас авч, үнийг тохиролцоогүй тул шинжээч томилох журмын дагуу уг ажиллагааг явуулсан байна. Шинжээч “Лэндс” ХХК үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг бодитой гаргаагүй, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Монголд Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 916 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаагийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

      ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА