Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жалбаагийн Бурмаа |
Хэргийн индекс | 159/2023/0037/З |
Дугаар | 159/ШШ2023/0040 |
Огноо | 2023-08-10 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2023 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 159/ШШ2023/0040
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас
татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 159/2023/0037/З
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Бурмаа би, Т.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох “Сэлэнгэ аймгийн засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/239 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Пүрэвсүрэн нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “... Тус шүүхэд миний бие аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржтой холбогдох хөдөлмөрийн сахилга ногдуулсан шийтгэлд үндэслэлгүй хариуцлага тооцсон гэх гомдол гаргасан бөгөөд нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Т.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох “Сэлэнгэ аймгийн засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/239 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч Т.Пүрэвсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа талаар бичгээр хүсэлтээ ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Т.Пүрэвсүрэнгээс Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсанаа илэрхийлж бичгээр хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч нэхэмжлэгчийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү шүүгчийн захирамжид хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гомдол гаргах мөн гомдол гаргагч хариуцагчид холбогдуулан гаргасан уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Пүрэвсүрэн Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сэлэнгэ аймгийн засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/239 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд хэргийн оролцогчид нь энэхүү захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.БУРМАА