Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 00103

 

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
шүүгдэгч Д.Баярдүүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дашдондогийн Баярдүүрэнд холбогдох эрүүгийн 1715000010001 дугаартай, 132/2017/0094/Э индекстэй хэргийг 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багт оршин суух, Боржигон овогт Дашдондогийн Баярдүүрэн /РД:ГЮ69051977/.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Баярдүүрэн нь 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өөрийн хөрш Г.Ганчимэгтэй маргалдах явцдаа зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Баярдүүрэнгийн өгсөн: Хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Гэм хорын хохиролд 310000 төгрөг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,
1715000010001 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:
Хохирогч Г.Ганчимэгийн өгсөн: 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 14 цагийн үед Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутагт өөрийн гэртээ охин Лхамсүрэнгийн хамт байж байхад Баяндүүрэн, Үүрийнтуяа хоёр мотоциклтой согтуу ирээд надтай маргалдсан. Маргалдсан шалтгаан нь би Үүрийнтуяагаас 2017 оны 5 дугаар сарын эхээр хүрэн зүсмийн үнээ худалдаж авсан ба 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр үхэр маань бэлчээрээс алга болчихоор нь Үүрийнтуяаг “олж өгөөч” гэж хэлсэн юм. Тэгтэл тухайн өдөр Үүрийнтуяа согтуу ирчихээд “би үхэр аваагүй” гээд намайг хэл амаар доромжлоод цуг ирсэн Баяндүүрэн “танай үхрийг аваагүй гээд байхад яагаад байгаа юм бэ” гээд пүүзэн гутлаа тайлаад намайг тонгойсон хойно араас толгой буюу нуруу хэсэгт олон удаа цохьсон. Тухайн үед Баяндүүрэнгийн эхнэр Баттуяа, Үүрийнтуяа, манай охин байсан, би зугтаагаад явсан гэх мэдүүлэг /хх-13 тал/,
Гэрч Б.Баттуяагийн өгсөн: Тухайн өдөр манай нөхөр Баяндүүрэн, дүү Үүрийнтуяа нар “Ганчимэгийн алдсан үхрийг хайгаад ирье” гэж хамт яваад ирэхдээ архи уучихсан ирсэн. Тэгээд өдөр 15 цагийн үед гэртээ ирэхэд нь би “Баяндүүрэнд архи яагаад уучихав” гээд бид хоёр хоорондоо жаахан маргалдсан. Тэр үед манайх Ганчимэгийнхтэй айл гэр байсан бөгөөд бид хоёрыг хэрүүл хийхэд Ганчимэг гэрээсээ гарч ирээд “та хоёр хэрүүл хийхээ болиоч” гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр Баярдүүрэн Ганчимэг рүү дайраад тэр хоёр хоорондоо хэрэлдэж байснаа ...пүүзэн гутлаараа Ганчимэгийн нуруу руу цохиж байгаа харагдсан. ...Ганчимэгийн нуруу хүзүү өвдөөд байна гээд эмнэлэгт хэвтээд байх шиг байсан гэх мэдүүлэг /хх-14 тал/,
Шүүгдэгч Б.Баярдүүрэнгийн яллагдагчаар өгсөн: 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр би хонио хариулаад бэлчээрт дүү Үүрийнтуяа гэдэг залуутай нэг, нэг лааз пиво уучихаад 15 цагийн үед ирэхэд гэрт манай эхнэр байсан бөгөөд намайг “пиво уулаа” гэж бид хоёр хоорондоо жаахан маргалдсан. Тэр үед манай хажуу айлын хүн Ганчимэг гэрээсээ гарч ирээд “бид хоёрыг маргалдахаа болиоч” гээд намайг алгадаад авсан. Тэр үед би мотоцикл дээр мордоод сууж байсан бөгөөд мотоциклоосоо буух гэхэд миний пүүзэн гутал сугарахаар нь би гутлаараа Ганчимэг эгчийн нуруу хэсэг рүү 2 удаа цохьсон асуудал байгаа... гэх мэдүүлэг /хх-21 тал/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрйн
1. Г.Ганчимэгийн биед тархи доргилт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-17 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-1 тал/, мөрдөгчийн санал /хх-2 тал/, өргөдөл, гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-4 тал/, урьд ял шийгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаарх баримтууд /хх-22-25 тал/, хохирогч Г.Ганчимэгийн өвчний түүх /хх-27-39 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Баярдүүрэн нь 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хөрш айлын Г.Ганчимэгтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, гэрчүүдийн өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсаныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Д.Баярдүүрэнгийн холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч Д.Баярдүүрэнг хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Баярдүүрэнгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Ганчимэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба шүүгдэгч 310000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсанаар хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.
Шүүгдэгч Д.Баярдүүрэнд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж түүний саналыг харгалзан торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Энэ гэмт хэрэгт шүүгдэгч Д.Баярдүүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Дашдондогийн Баярдүүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Баярдүүрэнг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Баярдүүрэнгийн 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгуулийн ялыг сар бүр тэнцүү хэмжээгээр буюу 50000 /тавин мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 9 /ес/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Баярдүүрэн нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Баярдүүрэн цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Баярдүүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД