Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 17

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, ерөнхий шүүгч Б.Баттөр, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 369 дугаартай шийдвэртэй,

“М” к-ний нэхэмжлэлтэй, “Г” ХК-нд холбогдох, үйлчилгээний хөлс 6.756.676 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.С-н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:                        

   Хариуцагч байгууллагын төлөөлөгч                Б.С түүний өмгөөлөгч  

                                                                               М.Даваасүрэн         

   Нарийн бичгийн дарга                                       Т.Батсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч “М” К-ний  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.28-д заасан "үнэт цаасны арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий" төрийн өмчит хувьцаат компани юм. "Г" ХК нь 1993 оны 2 сарын 8-ны өдөр "М" К-тай бүртгэлийн гэрээ байгуулан бүртгүүлж, үнэт цаасны арилжаагаа гүйцэтгүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл тус биржид бүртгэлтэй хэвээр байгаа билээ. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49.3-т заасны дагуу "М" ТӨХК нь үйлчилгээний хөлс болон урамшууллыг тогтоох эрхтэй байгууллага бөгөөд Үнэт цаасны бүртгэлийн журам батлан дагаж мөрдүүлж, үйлчилгээний хөлсөө тогтоосон. Тус журамд зааснаар жилийн үйлчилгээний хөлсийг тухайн оны 1 дүгээр улиралд багтаан биржийн дансанд төлөхөөр заасан байдаг. Гэвч “Г" ХК нь Бүртгэлийн гэрээний 1.1-д заасны дагуу холбогдох хууль журмыг хэлбэрэлтгүй мөрдөх, мөн гэрээний 1.3-д заасны дагуу хураамжаа цаг тухайд нь төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн тул шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрээд байна. Г ХК -ийн төлбөл зохих төлбөр 2010-2011 онд 456676 төгрөг, 2012 -2016 онд 4800000 төгрөг, 2017-2018 онд 1000000 төгрөг, 2019 онд 500000 төгрөг буюу өнөөдрийн байдлаар нийт 6756676 төгрөг төлөхөөр тооцоо байна. Иймд Г ХК -иас нийт 6756676 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г” ХК нь 1950 онд байгуулагдсан. 2011 оны 11 дүгээр сараас үйл ажиллагаагаа зогсоосон. Тоног төхөөрөмж нь муудаж, хоцрогдож элэгдсний улмаас цахилгаан зарцуулалт их болсон. Мөн хөдөлмөрийн бүтээмж их муу орлого нь зарлагаа нөхөж чадахгүй болсон тул хаагдсан. Татан буулгах гэхээр 1% хувьцаа эзэмшиж байгаа 3000 жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хөндсөн гээд одоог хүртэл шийдвэр гараагүй тул “М” К-ийн нэхэмжилсэн мөнгийг өгөх бололцоогүй болно. Манай компани “М”  К-нд бүртгэлтэй гэдгээ мэдээгүй, Энэ олон чимээгүй байж байгаад гэнэт ийм их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг гайхаж байна. Иймд өнөөдрийн бидний байгаа бодит нөхцлийг харгалзан үзэж нэхэмжлэлээ татан авах, эсхүл шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 369 дугаартай шийдвэрээр:

  1. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т заасныг баримтлан хариуцагч “Г” ХК-иас үйлчилгээний хөлс 6756676 /зургаан сая долоон зуун тавин зургаан мянга зургаан зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” К-нд олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхмэжлэгч “М” К-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123060 /нэг зуун хорин гурван мянга жар/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “Г” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 123060 /нэг зуун хорин гурван мянга жар/ төгрөгийг төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.С давж заалдах гомдолдоо: "... Анхан шатны шүүх шийдвэртээ: Нэхэмжпэгч “М” К нь ...үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49-р зүйлийн 49.3-т “хөрөнгийн бирж үзүүлж байгаа үйлчилгээнийхээ болон урамшууллын хэмжээг тогтоох эрхтэй”, “Бүртгэлийн гэрээний 1.1-д холбогдох хууль тогтоомжийг хэлбэрэлтгүй мөрдөх”, 11.3-т “бүртгэлийн хураамжийг цаг тухайд төлөх гэж заасны дагуу шүүхэд нэхэмжпэл гаргаж хариуцагчаас үйлчилгээний хөлс шаардах эрхтэйг дурьдсан атлаа дээрхи бүртгэлийн гзрээнд байгаа үүргээ хэрхэн хэрэгжүүлсэнд дүгнэлт өгсөнгүй. Үнэт цаас гаргагчтай байгуулсан 263 тоот гэрээний 3, 4-р бүлэгт заасан Хөрөнгийн бирж болоод үнэт цаас гаргагчийн эрх үүрэг ер хэрэгжээгүй, “Г ” ХК-д Монголын хөрөнгийн биржээс ирсэн гээд гаргаад өгөх нэг ч баримт байхгүй, хариуцагч байгууллага хувьцаагаа зарах, мэдээлэл авах талаар нэг ч хандаж байгаагүй зэргээс гэрээ хэрэгжсэн гэж үзэх боломжгүй. Гэрээний 1,12-т “гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болж, үнэт цаас гаргагч нь Монголын хөрөнгийн биржээс бүртгэлтэй компанийн жагсаалтаас хасагдсанаар дуусгавар болно” гэж заасан. Гэрээнд гарын үсэг зурсан сар өдөр нь тодорхойгүй. Монголын хөрөнгийн биржээс баталсан үнэт цаас гаргах гаргагчийг бүртгэх журамд “Үнэт цаас гаргагч бүртгэлтэй компаний жагсаалтад бүртгэгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор үнэт цаасаа олон нийтэд ил санал болгож арилжаалаагүй бол түүнийг гүйцэтгэх захиралын шийдвэрээр бүртгэлтэй компанийн жагсаалтаас хасаж мэдэгдэл хүргүүлнэ” гэсэн байхад 2011 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй тус компани хувьцаа зарах, энэ талаар ямар нэг мэдээлэл өгсөн, зөвлөгөө авах зэрэг санал хүсэлт гаргаагүй тул дээрх заалтаар манайх шууд хасагдахаар байхад төлбөр шаардахдаа зөвхөн бүртгэлтэй гэдэг үндэслэлээр шаардаж байгаа нь дээрх журамд нийцээгүй. Ийм нөхцөл байдлуудад дүгнэлт хийхээр байхад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй гээд Үнэт цаасны тухай хуулийн 49.3-т заасан “Хөрөнгийн бирж үзүүлж байгаа үйлчилгээний хөлс болон урамшууллын хэмжээг тогтоох эрхтэй” гэсэн заалтыг үндэслэн нэхэмжлэлийг бүрэн ханган шийдсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр гэж үзэж байна. Гэрээгээр үйлчилгээний төлбөрийг жил бүрийн эхний улиралд төлөхөөр заасан байтал 9 жил төлбөр нэхэлгүй байж байгаад гэнэт нэхэж буй нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэснийг зөрчсөн байна. Дээрхи нөхцөл байдлыг үзэж нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдэж өгнө үү...” гэжээ.                                                     

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “М” К нь Булган аймгийн “Г” ХК-нд холбогдуулан үйлчилгээний хөлс 6.756.676 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхэд гаргасныг хариуцагч манай компани 2011 оны 11 дүгээр сараас үйл ажиллагаа явуулаагүй, хөрөнгийн биржид бүртгэлтэй гэдгийг мэдээгүй, хөрөнгийн бирж манай хувьцааг зарагдаж байгаа талаар мэдээлэл өгч байгаагүй, гэнэт 6.756.676 төгрөг нэхэмжлэснийг зөвшөөрөхгүй гэжээ.

“Г” ХК нь 1993 оны 2 дугаар сарын 8-ний өдөр “М” К-тай бүртгэлийн гэрээ байгуулан бүртгэж, үнэт цаасны арилжаа гүйцэтгүүлэхээр болсон байна. /х.х-ийн 32/ тал

Нэхэмжлэгч “М” К нь хариуцагч “Г” ХК-иас төлбөр 2010-2011 онд 456.676 төгрөг, 2012-2016 онд 4.800.000 төгрөг, 2017-2018 онд 1.000.000 төгрөг, 2019 онд 500.000 төгрөг, нийт 6.756.676 төгрөг гаргуулахаар нэхэмжлэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа бусад нотлох баримтуудаар нотлоогүй, хариуцагч манай компани 2011 оны 11 дүгээр сараас үйл ажиллагаа явуулаагүй гэж мэтгэлзэж байгаа боловч холбогдох баримтаа шүүхэд ирүүлээгүй зэрэг нь зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.7-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Мөн хариуцагч “Г” ХК, нэхэмжлэгч “М” К-ний хооронд  үнэт цаас гаргагчтай байгуулсан  263 гэрээ нь “... сар, өдөр ” бичигдээгүй мөн тухайн гэрээ нь хэрэгт бүрэн эхээрээ авагдаагүй нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан ”...хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн” нь хүчин төгөлдөр бус хэлцэл төдийгүй мөн хуулийн  49 дүгээр зүйлийн 49.4-т зааснаар “...түүнээс гарах эрх, үүрэгтэй холбогдон гарсан маргааныг эрх бүхий байгууллага хянан хэлэлцэж шийдвэрлэнэ”  гэснийг зөрчжээ. /х.х-ийн 24-28/ тал

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй  талаас үнэлж чадаагүй байна.

Хариуцагчийн давж заалдсан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:           

1. Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 369 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 123.060 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.        

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ё.БЯМБАЦЭРЭН

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР                                              

                                              ШҮҮГЧ                               М.ХҮРЭЛБААТАР