| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдорж Цогзолмаа |
| Хэргийн индекс | 306/2026/0038/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/42 |
| Огноо | 2026-03-23 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2026/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Б
улсын яллагч Б.А
шүүгдэгч М.Л нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-н Лт холбогдох эрүүгийн 2617000210041 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ***, ******* хамт ****тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт М-н Л /РД:****/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Л нь 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 цагийн үед Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын байрны гадна зогсоолд байрлаж байсан хохирогч Б.Х-н үйлчилгээний төлбөрөө өгөөгүй гэх шалтгаанаар түүний эзэмшлийн 92-64 УАС улсын дугаартай тоёота альфард загварын тээврийн хэрэгслийн 4 дугуйг санаатайгаар хутгаар хатгаж, өмчлөх эрхэд нь бага хэмжээнээс дээш буюу 595,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1. Шүүгдэгч М.Л-ын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 70 дугаар хуудас/
2. Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-3 дугаар хуудас/
3. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11, 47-54 дүгээр хуудас/
4. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12- 18 дугаар хуудас/
5. Хохирогч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 21- 23, 26 дугаар хуудас/
6. Гэрч А.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-33 хуудас/
7. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ГОС0126/003 дугаар дүгнэлт /хх-ийн 37-40 дүгээр хуудас/
8. “Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 43-44 дүгээр хуудас/
9. Шүүгдэгч М.Л-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, регистрийн дугаарын лавлагаа /хх-ийн 56-59 дүгээр хуудас/
10. Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах уудас, /хх-ийн 60 дугаар хуудас/
11. Шүүгдэгч М.Л-ын Говьсүмбэр аймгийн Прокурорын газар гаргасан хүсэлт /хх-ийн 17 дүгээр хуудас/
12. Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын прокурорын 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” 36 дугаар тогтоол /хх-ийн 72-73 дугаар хуудас/
13. Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.А-гийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 34 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралт, яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын санал /хх-ийн 80-85 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
14. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаж, шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
15. Дээрх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч М.Л-ын дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
16. Шүүгдэгч М.Л нь өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, тухайн гэмт хэргийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
17. Прокуророос шүүгдэгч М.Л-ын гаргасан үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч нь шүүх хуралдаанд оролцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй.
18. Шүүгдэгч М.Л нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
19. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Х-ын өмчлөх эрхэд халдаж 595,000 төгрөгийн хохирол учруулсан ба шүүгдэгч М.Л нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 595,000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч М.Лыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Прокурорын санал болгож, шүүгдэгч М.Л-ын хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Иймд, шүүгдэгч М.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
3. Шүүгдэгч М.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт М-н Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б овогт М-н Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Л-т оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч М.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг устгуулахаар Говьсүмбэр аймгийн Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Л-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА