Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 47

 

 

 

 

 

 

 

 

2019        03         21                                      47

 

 

А-гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч С-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 142/ШШ2019/00149 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: С-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 15.462.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр С-гийн гуйлтын дагуу түүнд Зээлийн гэрээг байгуулж 7.500.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 1/нэг/ жилийн хугацаатайгаар зээлсэн. Зээлийн гэрээний барьцаанд Өмчлөх эрхий гэрчилгээ Ү-2101006564 дугаарт Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-6-95 тоот хаягт байршилтай 17м2 бүхий 1 өрөө байрыг барьцаалж барьцааны гэрээ мөн байгуулсан. С- нь мөнгө зээлэх үедээ маш чухал мөнгөний хэрэг гарсан учраас мөнгө зээлээч хэмээн гуйсаар байгаад гэрээ байгуулагдсан өдөр буюу 2017 оны 01 дугаар сарын 19-ны өдөр надаас 7.500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан. Гэрээ байгуулагдсан өдрөөс хойш С- нь үндсэн зээл болон хүүгээс нэг ч удаа төлөлт хийгээгүй ба утсаар холбогдох үед удахгүй төлнө гэж хэлдэг байсан сүүлдээ утсаа авахаа больсон. Уг зээлийн гэрээний дагуу С- нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр үндсэн зээл болон хүүг төлж дуусгах ёстой байсан боловч өдийг хүртэл зээл төлөх байтугай утсаар ч холбогдохгүй байна. Иймээс үндсэн зээл 7.500.000 төгрөг, хүү 4.500.000 төгрөг /1 жилийн хүү/ зээлийн гэрээний 3 дахь хэсэгт заасан алданги 3.462.500 төгрөг нийт 15.462.500 төгрөг С-гаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч А-гаас би мөнгө аваагүй бөгөөд О ХХК хоршоо гэж танилцуулагдсан хоршооноос 7.500.000 төгрөг зээлсэн бөгөөд зээлийн гэрээний хугацаанд хүү гэж үндсэн зээл болон зээлийн хүүг төлж байсан ба зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу О ХХК ийн 5125085477 дансанд төлбөрийг төлж байсан боловч хугацаанд төлбөрийг хийж чадаагүй билээ. Хувь иргэн А-гаас мөнгө зээлээгүй, уг хоршооны эрхлэгч гэж зээлийн гэрээнд гарын үсэг зурж байсан. Хоршооны нэрийн өмнөөс мөнгийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үлдэгдэл зээл 6.900.000 төгрөг байгаа бөгөөд хүү болон үндсэн зээлийн төлбөрийг хийж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага 15.462.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Өмнө нь шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 19-ний С нь зээлийн гэрээ байгуулах үедээ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өөрийн өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, 3-р баг Уурхайчин 3-6-95 тоот хаягт байрлах 17 м.кв талбайтай нэг өрөө бүхий орон сууцыг барьцаалуулж барьцааны гэрээ байгуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 15.462.500 төгрөгийг барьцаа хөрөнгөөс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч А-гаас мөнгө аваагүй бөгөөд О ХХК хоршоо гэж танилцуулагдсан хоршооноос 2017.01.07 нд 7.500.000 төгрөгийг зээлсэн бөгөөд ҮХ-27 тоот зээлийн гэрээ байгуулсан. Үүнээс хэд хоногийн дараа тус хоршооны эрхлэгч гэх Анужин зээлийн гэрээг дахин байгуулдаг гэж 2017.01.19 ний өдөр гэрээг нотариат дээр орж байгуулж байсан ба гэрээ байгуулсан өдөр түүнээс мөнгө аваагүй. Анх байгуулсан ҮХ-27 тоот зээлийн гэрээг нэхэмжлэгч гаргаж өгөхгүй байна. 2017.01.19-ний өдрийн Барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ тул барьцаалбараар хангах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. А- гэх иргэнээс мөнгө аваагүй учир барьцаалбараар хангах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 142/ШШ2019/00149 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч А-гийн хариуцагч С-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 15.462.500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235.300 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э нар давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч С-гийн гуйлтын дагуу түүнд 7.500.000 төгрөг зээлдүүлэхээр харилцан тохиролцож улмаар 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор С-гийн өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум 3-р баг, Уурхайчин 3-6-95 тоот орон сууцыг барьцаалж барьцааны гэрээг талууд бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Түүнд мөнгө зээлэх болсон үндэслэл нь нэхэмжлэгч А- С- нар нь Орхон аймаг, Баян-Өндөр сум 3-р баг, Уурхайчин 3-6 дугаар байранд оршин суудаг бөгөөд нэг байрны найз, нөхдийн харилцаатай хүмүүс юм. Ингээд түүнд зээлдүүлж буй 7.500.000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр бэлнээр хүлээлгэн өгсөн. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “....А- нь С-д зээлийн гэрээний дагуу 7.500.000 төгрөг шилжүүлэн өгсөн болохоо нотолж чадаагүй” гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3-т заасан зохицуулалтыг анхаарч үзээгүй болохыг харуулж байна. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ, зээлийг буцаан төлөх график, мөнгө хүлээн авсан баримт зэргийг огноо, мөнгөн дүн зэрэг нөхцөл байдлууд нь нийцэж байхад шүүх мөнгө шилжүүлэн өгөөгүй гэж үэз байгаа Нэхэмжлэгч А-гийн өгсөн мөнгөө буцаан нэхэх эрхийг хязгаарласан шийдвэр болсон. Нэхэмжлэгч мөнгийг хүлээлгэн өгсөн болохоо бичгийн нотлох баримтаар хангалттай нотолсон байтал өөр ямар байдлаар нотлох ёстой гэж шүүх үзээд байгааг ойлгохгүй байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “ Хаан банкны Орхон салбарын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 54 дугаар албан бичгээр 5125085477 тоот дансны эзэмшигч нь Б.Эрдэнэбаяр, дансны нэр нь “Оргилуун алт” ХХК болох нь. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 107 дугаар албан бичгээр 5120123441 тоот дансны эзэмшигч нь А- болох нь тус тус тогтоогдож байна. Тодруулбал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаан дээр 7.500.000 төгрөгийг бэлнээр авсан гэдгээ хэлсэн бөгөөд энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд туссан байна. Харин 6.500.000 төгрөгийг Э-с асван болох нь дансны хуулгаар нотлогддог. Э нь С-гаас зээлийн авлагатай бол энэ талаарх баримтаа бүрдүүлэн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах эрх нь Э-д байгаа бөгөөд А-гийн хувьд Э-н өмнөөс нэхэмжлэл гаргах эрх байхгүй болно. Иймд А- нь өөрийн зээлсэн 7.500.000 төгрөгийг зээлийн гэрээ, барьцааны гэрээ, бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн баримтаа үндэслэж нэхэмжлэл гаргасан болно. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №149 дугаартай шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч А- үндсэн зээл 7.500.000 төгрөг, зээлийн хүү-4.500.000 төгрөг, алданги 3.462.500 төгрөг нийт 15.462.500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө Өмчлөх эрхийн гэрчилгээ Ү-2101006564 дугаартай Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-6-95 тоот хаягт байршилтай 17м2 бүхий 1 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч С- “... 7.500.000 төгрөг зээлж авахдаа нэхэмжлэгч А-гаас аваагүй О ХХК-иас зээлж авсан... “ гэсэн тайлбар гаргаж мэтгэлцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр талуудын  хооронд зээлийн гэрээ болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан ба тухайн өдөр Оргилуун Алт ХХК-иас бэлэн бусаар хариуцагч С-гийн дансанд 6.500.000 төгрөг шилжиж орсон байна.

Хэдийгээр хариуцагч С- 7.500.000 төгрөг зээлж авсан талаар маргадаггүй боловч шүүх нотлох чиг үүргийг нэхэмжлэгч А-д хариуцуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д “2017 оны 1 дүгээр сарын 19 ний өдөр хариуцагч С-гийн ХААН банкны 5094...... тоот дансаар олгоно” гэж  заасан ба тухайн өдөр Оргилуун Алт ХХК-ийн данснаас 6.500.000 төгрөг шилжиж орсныг  нэхэмжлэгч А- зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-тзааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д зааснаар эд хөрөнгө шилжүүлсэнээр гэрээ байгууллахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлсэнээр гэрээ байгуулагдсанд тус тус тооцдог болно.

Нэхэмжлэгч А- хариуцагч С-д 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 7.500.000 төгрөгийг бэлэн эсхүл бэлэн бусаар шилжүүлж өгсөн болохоо нотолж чадаагүй тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсанд тооцох хууль зүйн үндэслэл байхгүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнх-Эрдэнэ, өмгөөлөгч М.Мэндбаяр нарын гаргасан “...нэхэмжлэгч нь зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, мөнгийг бэлнээр өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 142/ШШ2019/00149 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235.300 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                С.УРАНЧИМЭГ

                                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ