Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/03

 

 

Э.Г, Г.А, Д.Ж нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Б.Д /зайнаас цахимаар/,

Шүүгдэгч: Э.Г /зайнаас цахимаар/,

Шүүгдэгч: Г.А /зайнаас цахимаар/,

Шүүгдэгч: Д.Ж /шүүх хуралдааны танхимаас/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Б /зайнаас цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ю.Н /зайнаас цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Э /шүүх хуралдааны танхимаас/,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/148 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрсөн прокурор Б.Догмиддоржийн эсэргүүцлээр шүүгдэгч Э.Г, Г.А, Д.Ж нарт холбогдох 1920001780050 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б овгийн Э-ын Г, Монгол Улсын иргэн, 1986 оны ** дугаар сарын **-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрсөн, эрэгтэй, ** настай, дээд боловсролтой, татварын нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ Дорноговь аймгийн ***** сумын Засаг дарга ажилтай байсан, одоо *** ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн ***** сумын * дугаар баг **** гудамжны ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Шүүгдэгч: Ц овгийн Г-ын А, Монгол Улсын иргэн, 1979 оны ** дугаар сарын **-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрсөн, эмэгтэй, ** настай, дээд боловсролтой, үйлдвэрлэлийн менежмент мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ Дорноговь аймгийн ***** сумын байгаль орчны байцаагч ажилтай байсан, одоо **** ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн **** сумын * дугаар баг, Аман-Ус *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Шүүгдэгч: Г овгийн Д-ийн Ж, Монгол Улсын иргэн, 1989 оны ** дүгээр сарын **-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрсөн, эмэгтэй, ** настай, дээд боловсролтой, газрын кадастрын инженер мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ Дорноговь аймгийн ****** сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамал ажилтай байсан, одоо **** ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн ****** сумын * дугаар баг, Ганзам гудамжны *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

          1. Нийтийн албан тушаалтан болох шүүгдэгч Э.Г нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж

          Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.23 дахь хэсэгт заасан “...сум, дүүргийн Засаг даргын гаргасан хүсэлтийг хүлээн авч сонгосон газар нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан эсэх талаар дүгнэлт гаргаж, газрын хэмжээ, хил хязгаарыг тогтоох” гэснийг, 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт заасан “ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэрээ зохион байгуулах” гэснийг,

          Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар бичил уурхай эрхлэгч этгээдийн гаргасан өргөдлийг үндэслэн тухайн талбайд дүгнэлт гаргуулах саналыг аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах” гэснийг, 6.1.4-т заасан “Бичил уурхай эрхлэгч этгээд нь гэрээгээр тогтоосон талбайд үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавих” гэснийг, 12 дугаар сарын 12.1-т заасан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилтэд нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага ...хяналт тавина” гэснийг,

           Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохдоо амлах ...” гэснийг, 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг,

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3.г-д заасан “газар, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, тэдгээрийн биелэлтийг хангах чиглэлээр Хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулж биелэлтийг нь хангуулах” гэснийг, 29.1.3.м-д заасан “нутаг дэвсгэрийнхээ байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах, эзэмших тухай иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийн талаар гаргасан сум, дүүргийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах” гэснийг, 29.1.3.н-д заасан “нутаг дэвсгэрт нь газар ашиглах, эзэмших, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ажлыг зохион байгуулж, гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах” гэснийг,

           Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэснийг, 37.1.7-д заасан “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэснийг,

           Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2.1-т заасан “нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дээд шатны байгууллагын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах” гэснийг, 2.4-т заасан “нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх” гэснийг, 2.8-д заасан “байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах” гэснийг тус тус зөрчиж,

           Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газарт байгаль орчин, уул уурхай хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Г.А, тус сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлаар ажиллаж байсан Д.Ж нартай гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ 1 дүгээр багийн Хунхат гэх газарт Ашигт малтмал, газрын тосны газраас талбайн дүгнэлт гараагүй байхад 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Аргалын уулын эрдэнэс”, “Тэнгэр хайрхан хунхат”, “Олон ус”, “Хунхат уулын говь”, “Эрхт дүн”, “Наран элгэн”, “Нарны эргэлт”, “Цөнбөд”, “Плзис”, “Эрдэнэ хун уул” нөхөрлөлүүдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ байгуулсан,

           Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 7/536 дугаартай Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт нийт 50 га газарт талбайн дүгнэлт гаргасан байхад дээрх нэр бүхий 10 нөхөрлөлд тус талбайгаас өөр газарт буюу зөвшөөрөлгүй газарт дур мэдэн, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулж, дээрх нэр бүхий 10 нөхөрлөлд бичил уурхайгаар ашигт малтмал хууль бусаар олборлох давуу байдал бий болгож, байгаль орчинд 18,660,971 төгрөгийн хохирол учруулсан,

 

           2. Нийтийн албан тушаалтан болох шүүгдэгч Г.А нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчин, уул уурхай хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

           Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар бичил уурхай эрхлэгч этгээдийн гаргасан өргөдлийг үндэслэн тухайн талбайд дүгнэлт гаргуулах саналыг аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах” гэснийг, 6.1.4-т заасан “Бичил уурхай эрхлэгч этгээд нь гэрээгээр тогтоосон талбайд үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавих” гэснийг, 12 дугаар зүйлийн 12.1-т заасан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилтэд нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага... хяналт тавина” гэснийг,

            Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохдоо амлах ...” гэснийг, 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг тус тус зөрчиж,

           Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргаар ажиллаж байсан Э.Г, тус сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан нартай гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ 1 дүгээр багийн Хунхат гэх газарт Ашигт малтмал, газрын тосны газраас талбайн дүгнэлт гараагүй байхад 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Аргалын уулын эрдэнэс”, “Тэнгэр хайрхан хунхат”, “Олон ус”, “Хунхат уулын говь”, “Эрхт дүн”, “Наран элгэн”, “Нарны эргэлт”, “Цөнбөд”, “Плзис”, “Эрдэнэ хун уул” нөхөрлөлүүдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ байгуулсан,

           Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 7/536 дугаартай Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт нийт 50 га газарт талбайн дүгнэлт гаргасан байхад дээрх нэр бүхий 10 нөхөрлөлд тус талбайгаас өөр газарт буюу зөвшөөрөлгүй газарт дур мэдэн, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулж, дээрх нэр бүхий 10 нөхөрлөлд бичил уурхайгаар ашигт малтмал хууль бусаар олборлох давуу байдал бий болгож, байгаль орчинд 18,660,971 төгрөгийн хохирол учруулсан,

 

           3. Нийтийн албан тушаалтан болох шүүгдэгч Д.Ж нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

          Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар бичил уурхай эрхлэгч этгээдийн гаргасан өргөдлийг үндэслэн тухайн талбайд дүгнэлт гаргуулах саналыг аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах” гэснийг, 6.1.4-т заасан “Бичил уурхай эрхлэгч этгээд нь гэрээгээр тогтоосон талбайд үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавих” гэснийг, 12 дугаар сарын 12.1-т заасан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилтэд нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага ...хяналт тавина” гэснийг,

           Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохдоо амлах ...” гэснийг, 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг,

           Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргаар ажиллаж байсан Э.Г, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газарт байгаль орчин, уул уурхай хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Г.А нартай гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ 1 дүгээр багийн Хунхат гэх газарт Ашигт малтмал, газрын тосны газраас талбайн дүгнэлт гараагүй байхад 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Аргалын уулын эрдэнэс”, “Тэнгэр хайрхан хунхат”, “Олон ус”, “Хунхат уулын говь”, “Эрхт дүн”, “Наран элгэн”, “Нарны эргэлт”, “Цөнбөд”, “Плзис”, “Эрдэнэ хун уул” нөхөрлөлүүдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ байгуулсан,

           Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 7/536 дугаартай Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт нийт 50 га газарт талбайн дүгнэлт гаргасан байхад дээрх нэр бүхий 10 нөхөрлөлд тус талбайгаас өөр газарт буюу зөвшөөрөлгүй газарт дур мэдэн, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулж, дээрх нэр бүхий 10 нөхөрлөлд бичил уурхайгаар ашигт малтмал хууль бусаар олборлох давуу байдал бий болгож, байгаль орчинд 18,660,971 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газарт сэлгэж ажиллаж буй Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор Ц.Гансүлдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Э-ын Г, Ц овогт Г-ын А, Г овогт Д-ийн Ж нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгаж,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1.5/22 дугаар тогтоолоор битүүмжилсэн 40-69 УБҮ улсын дугаартай FRONTIER маркийн тээврийн хэрэгслийг, 2.5/21 дугаар тогтоолоор битүүмжилсэн ZLSOCN маркийн улсын дугаар байхгүй тээврийн хэрэгслийг, 3.5/20 дугаар тогтоолоор битүүмжилсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн дугаар номер байхгүй бага оврын ачааны пад пап трактор маркийн тээврийн хэрэгслийг, 4.5/13 дугаар тогтоолоор битүүмжилсэн цэнхэр өнгийн өрмийн мотор COMPS 350 маркийн моторыг, 5.5/19 дугаар тогтоолоор битүүмжилсэн **** УБЛ улсын дугаартай CUSTOM маркийн тээврийн хэрэгслийг, 6.5/18 дугаар тогтоолоор битүүмжилсэн **** ДГА улсын дугаартай ХОВО маркийн тээврийн хэрэгслийг, 7.5/17 дугаар тогтоолоор битүүмжилсэн **** ХЭА улсын дугаартай CANTERI маркийн тээврийн хэрэгслийг, 8.5/23 дугаар тогтоолоор битүүмжлэгдсэн улаан өнгийн пад пад моторыг, 9.5/26 дугаар тогтоолоор битүүмжлэгдсэн, ногоон өнгийн 06061316 дугаартай 380, 220 KW тог гаргадаг мотор, БНХАУ-д үйлдвэрлэсэн маркийн тээврийн хэрэгслийг, 10.5/14 дүгээр тогтоолоор битүүмжилсэн ногоон өнгийн STC-308 03588 30 KW маркийн тог гаргадаг моторыг, 11.5/06 дугаар тогтоолоор битүүмжилсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн шар өнгийн QAS 250 гэх дугаартай тог гаргагч моторыг, 12.5/12 дугаар тогтоолоор битүүмжилсэн, БНХАУ-д үйлдвэрлэсэн Нighpressure-150 гэсэн бичигтэй хий хураагч, HAISHANHSCV425110 гэсэн хий хураагчийг, 13.5/11 дугаар тогтоолоор битүүмжилсэн 71-35 ДГА улсын дугаартай ЗИЛ 130 маркийн тээврийн хэрэгслийг, 14.5/09 дүгээр тогтоолоор битүүмжилсэн улаан өнгийн пад пад моторыг, 15.5/10 дугаар тогтоолоор битүүмжилсэн, шар өнгийн том пад пад моторыг, 16.5/07 дугаар тогтоолоор битүүмжилсэн 7 ширхэг пад пад мотор болон хийн багажны хамт кампересерыг, 17.5/08 дугаар тогтоолоор битүүмжилсэн 3 ширхэг пад пад моторыг хийн багажны хамтаар, 18.5/15 дугаар тогтоолоор битүүмжилсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн 2 ширхэг цэнхэр өнгийн пад пад мотор кампересер зэргийг битүүмжлэлээс чөлөөлж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр баг, **-в-** тоотод оршин суух Х овогт Ц-ын Г-д буцаан олгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А, Э.Г, Д.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Прокурор Б.Д эсэргүүцэлдээ болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Дорноговь аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Э.Г, Г.А, Д.Ж нар нь гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн, зохион байгуулж, хамтран оролцож, бусдад давуу байдал олгосон болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

            1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Г, Г.А, Д.Ж нарын холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчиж, бусдад давуу байдал олгосон үйлдлийг зөв гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх учир тухайн сум орон нутгийн эзэмшлийн газрын баялгийг бусдад ашиглуулах, эзэмшүүлэх, өмчлүүлэх, захиран зарцуулах, нөхөн сэргээлт хийлгэх, гэрээ байгуулах зэрэг бүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр тогтоол, Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.23, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.3, Төрийн албаны тухай хуулийн 37.1.2, 37.1.7, Байгаль хамгаалах тухай хуулийн 17.2.1, 2.4, 2.8 дугаар зүйлд заасныг зөрчиж, ажил үүргийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж, хоорондоо үгсэн тохирч нэр бүхий 10 нөхөрлөлийг хууль бусаар ажиллуулж, ашиг орлого боломж, нөхцөлийг бүрдүүлсэн байхад шүүхээс тус газрыг эдийн засгийн үр ашиггүй газар байсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, хэт нэг талыг талыг барьсан шийдвэр гэж дүгнэж байна.

            2. Мөн түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэр бүхий 10 нөхөрлөлийн ухсан газрыг тайлбарлахдаа “К” ХХК-ийн ухаж үлдээсэн гэх газрыг эдийн засгийн хувьд ашигтай газар байсан, яагаад гэвэл “К” ХХК нь үйл ажиллагаа явуулахдаа зогсоосон шалтгаан нь нөхөн сэргээлт хийгээгүйтэй холбоотой, харин ашиг орлого олохгүй гэж зөвшөөрлийг цуцлаагүй талаараа тайлбарласан, иргэний хариуцагч Г.О, Б.Ө, Ш.З нар нь цахимаар оролцох үедээ тухайн нүхнээс ашиг орлого олсон, том тэргээр жоншоо ачиж борлуулсан зэргээр мэдүүлэг өгч байснаас дүгнэхэд эдийн засгийн хувьд ашигтай талбай байсан болох нь тогтоогдож байна. Хэргийн үйл баримтаас дүгнэж үзэхэд Дорноговь аймгийн **** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5/03 дугаартай тогтоолоор тус сумын 1 дүгээр баг, “Х” гэх газарт 926,39 га газрыг сумын тусгай хэрэгцээнд авсан байдаг ба улмаас Дорноговь аймгийн *** сумын Засаг дарга Ч.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/10 дугаартай албан бичгээр тус аймгийн Засаг дарга Т.Э-д дээрх 926,39 га газрыг ашигт малтмалын кадастрын бүртгэлд бүртгүүлэх саналыг хүргүүлсэн. Дорноговь аймгийн Засаг дарга Т.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/143 дугаартай албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 7/707 дугаартай албан бичгээр Х= нэртэй 926,39 га бүхий талбайг бичил уурхайн зориулалтаар бүртгэх боломжгүй талаар хариу мэдэгдсэн байна.

            3. Мөн *** аймгийн Засаг дарга Т.Э нь тус аймгийн *** сумын Засаг дарга Ч.Э-д 2018 оны 02 сарын 07-ны өдрийн 1/292 дугаартай албан бичгээр 50 га газраас дээш газарт бичил уурхайгаар олборлолт явуулахгүй, бичил уурхайгаар олборлолт явуулах талбайг “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-д заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр тогтоож ирүүлэх талаар мэдэгдсэн байна. Гэтэл *** сумын Засаг даргаас 2018 оны 03 сарын 19-ний өдрийн 01/218 дугаартай албан бичгээр тус сумын Б багийн Х нэртэй 50 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч бичил уурхайн зориулалтаар зөвшөөрөл олгох албан бичиг ирүүлжээ. Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 3 сарын 23-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор Эрдэнэ сумын Бүрдэнэ багийн нутаг дэвсгэр дэх Х нэртэй газрын 50 га талбайг бичил уурхайн зориулалтаар аймгийн тусгай хэрэгцээнд авч, тус тогтоол гарсныг Дорноговь аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 1/650 дугаартай албан бичгээр *** сумын Засаг дарга Ч.Э-д хүргүүлсэн байна. Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 08/03 дугаартай тогтоолоор Эрдэнэ сумын Бүрдэнэ багийн нутаг дэвсгэр дэх Х нэртэй газрын 50 га талбайг бичил уурхайн зориулалтаар аймгийн тусгай хэрэгцээнд авч, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Э нь 2018 оны 05 сарын 11-ний өдрийн 1/951 дугаартай албан бичгээр дээрх тогтоол, тогтоолын хавсралтыг хүргүүлснийг Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 05 сарын 28-ны өдрийн 7/3949 дугаартай албан бичгээр дээрх газрыг кадастрын бүртгэлийн системд бүртгэсэн болохыг мэдэгдсэн байна. Дорноговь аймгийн Засаг дарга Т.Э нь 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1/1689 дугаартай албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт кадастрын системд бүртгүүлсэн 50 га газарт дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн, мөн Дорноговь аймгийн Засаг даргын орлогч Г.Э нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2/1851 дугаартай албан бичгээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 08/03 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан 50 га газарт дүгнэлт гаргаж өгөх талаар албан бичиг хүргүүлснийг Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 оны 01 сарын 25-ны өдрийн 7/536 дугаартай дүгнэлт гаргажээ. Гэтэл Дорноговь аймгийн *** сумын Засаг дарга Э.Г, тус сумын байгаль орчин, уул уурхайн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.А, газрын мэргэжилтэн Д.Ж нар нь Ашигт малтмал, газрын тосны газраас дүгнэлт гараагүй байхад 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “А”, “Т”, “О”, “Х”, “Э”, “Н”, “Н”, “Ц”, “П”, “Э” гэх нэр бүхий нөхөрлөлүүдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээг байгуулсан,

            4. Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 7/536 дугаартай Дорноговь аймгийн *** сумын нутагт нийт 50 га газарт талбайн дүгнэлт гаргасан байхад дээрх нэр бүхий 10 нөхөрлөлд тус талбайгаас өөр газарт буюу зөвшөөрөлгүй газарт дур мэдэн бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулж, дээрх нэр бүхий 10 нөхөрлөлд бичил уурхайгаар ашигт малтмал хууль бусаар олборлох давуу байдал бий болгож, байгаль орчинд 18,660,971 /арван найман сая зургаан зуун жаран мянга есөн зуун далан нэг/ төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” бөгөөд хууль зүйн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж байна.

            Иймд Э.Г, Г.А, Д.Ж нарт холбогдох Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/148 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэв.

 

Шүүгдэгч Д.Ж-ы өмгөөлөгч Э.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох эрх нь Засгийн газрын 2007 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан журмаар гэрээ байгуулснаар үүснэ. Мөн журмын 6.1.3 дахь хэсэгт гэрээ байгуулах эрх сумын Засаг даргад олгогдсон. Уг журмын 2 дугаар хавсралтаар батлагдсан загвар гэрээний 2.1-д талбайн хэмжээг тогтоож байршлын зургийг хавсаргах гэж заажээ. Сумын засаг дарга Э.Г-ыг гэрээ байгуулсны дараа түүний шийдвэрээр Д.Ж гэрээний хавсралтад талбайн хэмжээг тогтоосон байршлын зураг үйлдсэн. Талбай хэмжээг тогтоосон үйлдэл нь өөрөө хүсэж хийсэн бусдад давуу байдал олгосон үйлдэл, шийдвэр биш. Ашигт малтмал газрын тосны 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 7/536 дугаартай дүгнэлт гэдэг нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зөвшөөрөл биш. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.23 дахь хэсэгт зааснаар сонгосон газарт нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон эсхүл тусгай хэрэгцээ нөөцөд авсан түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан эсэх, газрын хэмжээ хил хязгаар тогтоосон албан бичиг юм. Ашигт малтмал газрын тосны газрын дүгнэлтээр талбай олгосон нөхцөлд Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан журмын 1.3-т заасан ашиглалтын болон технологийн бий болсон талбайд ашигт малтмалыг зүй зохистой олборлох байгаль орчныг хамгаалах, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх ядуурлыг бууруулах зорилгод нь нийцэхгүй. Энэ зорилго зөрчигдөнө, газрын даамал нь албан тушаалын тодорхойлолтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дээд шатны байгууллага, албан тушаалтанд саналаа сумын Засаг даргын албан бичгийн хэвлэмэл хуудас дээр үйлдэж түүний гарын үсгээр баталгаажсан албан бичгээр уламжлахаас бус бие дааж өөрөө шууд харьцах боломжгүй. Тухайн хугацаанд Д.Ж нь Э.Г-т нөхөрлөлүүдэд олгож байгаа газарт Ашигт малтмал газрын тосны газраас дахин дүгнэлт гаргуулъя гэсэн саналаа танилцуулж байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Ийм учраас хяналт тавих чиг үүргээ зөрчөөгүй хэрэгжүүлсэн гэж үзэж байгаа. Нэгэнт Засаг даргын гэрээ байгуулан олгогдсон газарт нөхөрлөлүүд үйл ажиллагаа явуулсан өөр талбайд олборлолт хийгээгүй тул уг журмын 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалт хэрэгжсэн гэж үзэж байгаа. Журмын хэрэгжилтэд хяналт тавих байгууллага нь Засаг даргын тамгын газар юм. Уг журмын 12-р зүйлийн 12.1-д хяналтыг ажлын байрны тодорхойлолтын чиг үүргээ хэрэгжүүлэгч албан тушаалтнууд бол сумын уул уурхай ашигт малтмал хариуцсан мэргэжилтэн бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3 дахь хэсэгт зааснаар түүнд улсын байцаагчийн эрх олгогдож хяналтын үүргийг хүлээж ажиллаж байсан. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасан сумын газрын даамлын эрх хэмжээ бичил уурхайгаар ашигт малтмал олборлох эрх олгогдоогүй. Уг хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийн 23.4.2-т Засаг даргын шийдвэрийг үндэслэн ашиглуулах гэрээ байгуулж эрхийн гэрчилгээ олгох болон 2018 онд мөрдөж байсан сумын газрын даамлын ажлын байрны тодорхойлолтын 3 дугаар зүйлийн чиг үүрэгт заасан газар ашиглах гэрээ байгуулж гэрчилгээ олгох гэсэн нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8 дах хэсэгт зааснаар гадаад улс, олон улсын байгууллага,гадаад улсын хуулийн этгээд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүний газар ашиглах эрхийг баталгаажуулахыг хэлж байгаа. Иймээс шүүгдэгч Д.Ж Монгол Улсын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 6 дахь заалтын 6.1.2, 6.1.4, 12 дах заалтын 12.1-д заасныг зөрчсөн гэдэг нь эрх зүйн үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон эрх зүйн үр дагавар үүссэнээр гэм буруутай үйлдэлд тооцохоор хэргийн шинжийг хуульчилсан. Шүүгдэгч Д.Ж нь албан тушаалаа хэрхэн урвуулан ашигласан өөрт болон бусдад эдийн болон эдийн бус ашигтай ямар давуу байдал бий болгосныг нотлоогүй.  Ийм нотлох баримт хэрэгт байхгүй. Тухайлбал Д.Ж-ны үйлдлээр нөхөрлөлүүдэд эдийн болон эдийн бус хэдий хэмжээний ашиг бий болсон мөн эдийн бус ямар эрх бий болгосон талаарх үйл баримт хэрэгт тогтоогдоогүй байна. Энэ нөхцөл байдлаас хэргийн объектив шинж огт хангагдаагүй. Талбайн хэмжээ тогтоосон байршлын зурганд бусдад ашиг орлого олгох эрх олгосон буюу давуу байдал бий болгосон зүйл биш гэрээний хавсралт баримт бичиг. Харин Засаг даргатай байгуулсан ашигт малтмал олборлох гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаарын зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон захирамжилсан үйл ажиллагааг буюу захиргааны акт гэж ойлгоно ингэж заасны дагуу захиргааны акт гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 2 буюу түүнээс дээш тооны хүн санаатай нэгдэж хамтран оролцох, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг өөрөө бусадтай бүлэглэн үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэж тодорхойлсон. Шүүгдэгч нь удирдлагын шийдвэр, төлөөлөл, итгэмжлэлээр гэрээ байгуулаагүй гарын үсэг зурж баталгаажуулаагүй. Гэрээ байгуулах эрх хууль тогтоомжоор олгогдоогүй албан тушаалын тодорхойлолтын чиг үүрэг хүлээгээгүй. Давж заалдах шатны шүүх шүүхээр нөхөн гүйцэтгүүлэх боломжгүй гэж үзээд шүүгдэгч бусдад ямар давуу байдлыг бий болгосон, албан тушаалаа ашигласан ямар үйлдэл хийсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг нотлох, Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний нэгж удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, хориглох зүйлсийн алийг нь зөрчсөн. Албан тушаалаа хэрхэн яаж урвуугаар нь ашигласан, мөн Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчны хууль, Газрын тухай хуулийг хэрхэн яаж зөрчсөнийг өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан “К” ХХК нөхөн сэргээлт хийсэн эсэх, энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохиролтой холбоотой эсэх, талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Шинжээч томилж “Коммод” ХХК компанийн нөхөн сэргээгээгүй үлдсэн талбай эдийн засгийн үр ашигтай эсэх талаар дүгнэлт гаргаж тогтоогоогүй, байж зөвхөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхэд өгсөн мэдүүлгээр эдийн засгийн үр ашигтай талбай гэж үзэх хуулийн үндэслэл байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн , 1.1 дэх хэсэгт зааснаар дүгнэлтэд нөлөөлж болох аль хавтаст хэргийн хэд дэх талд авагдсан ямар нотлох баримт дутуу орхигдсоныг анхан шатны шүүх тодорхой зааж өгөөгүй. Эсэргүүцэлд шүүхийн цагаатгах тогтоолын ялын зүйл, заалт нь ямар хуулийн хэдийн хэдийг зөрчсөн гэдгийг нотлох баримттайгаар тодорхойлоогүй ерөнхий тойм маягаар хүчингүй болгох гэж дурджээ. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэл бүхий тул прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн хүсэлттэй байна” гэв.

 

Шүүгдэгч Г.А-ын өмгөөлөгч Ю.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолын 6 дахь заалтын 6.1.2, 6.1.4, 12 дах заалтын 12.1-д зөрчиж, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3,  7.1.6 дахь заалтыг зөрчиж нэр бүхий 10 нөхөрлөлтэй гэрээ байгуулж, байгаль орчинд 18,660,971 төгрөгийн хохирол учруулсан гэсэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. Анхан шатны шүүх хэргийг үнэн зөв шүүсэн, шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Засгийн газрын Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолын 6 дахь заалтын 6.1.2, 6.1.4, 12, эдгээр заалтууд нь сумын Засаг даргын бүрэн эрх байж байгаа. Өөрөөр хэлбэл бичил уурхай эрхлэх асуудал дээр сумын Засаг дарга ямар байр суурьтай оролцох юм бэ? гэхээр зэрэг гэрээ байгуулна, тухайн гэрээнд хяналт тавина, гэрээ цуцлах асуудлыг шийдвэрлэнэ, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана гээд дандаа л Засаг даргын эрх үүргийг заагаад өгчихсөн байгаа. Гэтэл энэ эрх үүргийг миний үйлчлүүлэгчид хамааруулаад гэрээ байгуулсан гэж үзэн үндэслэлгүйгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байгаа. Яг энэ асуудлаар өмнө нь давж заалдах шатны шүүхээр орж хянагдсан байгаа. Энэ дээр шүүгдэгч нар нь албан тушаалын эрх мэдлийг яаж бүрэн ашигласан, бусдад ямар давуу байдал бий болгосон ямар үйлдэл байгаа юм гэдгийг тогтоогоогүй байна гээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шүүхээс прокурор руу буцаасан байдаг. Эдгээр ажиллагаануудыг хийгээгүй, хийж чадаагүй, тэгээд өнөөдөр эдгээр үйлдлүүд нь хийгдсэн шиг шүүхээр оруулж ирээд байдаг. Энэ дээр ямар ажиллагаа хийгдсэн юм гэхээр зөвхөн тухайн нэр бүхий 10 нөхөрлөлийг иргэний хариуцагчаар татаж мэдүүлэг авсан байдаг. Мэдүүлэг авахдаа иргэний хариуцагчаар асууж байна гэж ерөөсөө хэлээгүй. Тэгээд өнөөдөр төрийн албаны тухай хууль дээрх төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн хариуцлагын талаар оруулж ирсэн байдаг, тэр дээр ёс зүйн зөрчил гаргавал сахилгын арга хэмжээ авхуулна гээд заачихсан байдаг, ийм юм татаж оруулж ирчхээд гэм буруутайд тооцуулна гэж яриад байдаг нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр байгаль орчны газраас төлөөлөгч оролцоод эдийн засгийн үр ашигтай газар байсан гэж үздэг. Гэтэл тэр газар хэрхэн яаж хаагдсан байдаг нь хэрэгт авагдсан нотлох баримтууд дээр байдаггүй. Тэр хүн өнөөдөр хуралд оронгуутаа тэр газар нь эдийн засгийн хэр үр ашигтай юм, дороо хэдий хэр хэмжээний нөөцтэй юм гэдгийг нь тодорхойлдог тусгайлсан мэдлэг туршлагатай хүн биш ээ. Зүгээр л харахад тийм юм болов уу гэж бодсон гэж хэлчхээд тэгээд дараа нь өмгөөлөгч нарын зүгээс тодруулаад асуухаар энэ бол миний мэргэжлийн хэмжээний асуудал биш гэж хэлсэн байдаг. Тиймээс анхан шатны шүүх хэргийн үнэн зөв үндэслэлтэй шийдсэн гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчид эдгээр 10 нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулах эрх хэмжээ олгогдоогүй. Анхан шатны шүүхээс гаргасан цагаатгах тогтоол дээр дурдсанаар Сумын хурлын шийдвэр аймгийн Засаг даргын үүрэг даалгаврыг хэрэгжүүлж ажилласан байдаг гэж мэдүүлсэн байдаг. Энэ газрыг сумаас аймаг руу аймгаас ашигт малтмал газрын тосны газар луу олон удаа бичиг явуулсан. Ийм учраас сумын засаг дарга бол энэ өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж ажилласан байна, харин сумын байгаль орчин хариуцсан мэргэжилтэн Г.А, газрын даамал Д. Ж нар нь хуульд заасан эрх олгогдоогүй гэж үзэж анхан шатны цагаатгах тогтоол үндэслэлтэй байна гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Э.Г-н өмгөөлөгч Ж.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хоёр өмгөөлөгчийн тайлбартай 100 хувь санал нэг байгаа. Хоёрдугаарт ерөнхийдөө давтагдаагүй зүйл дээр тайлбар хэлье гэж бодож байна. Улсын яллагч нь хохирол байхгүй эрүүгийн хэргийг оруулж ирээд байдаг. Өөрөөр хэлэх юм бол хохирлоо тодорхойлж чаддаггүй. Хохирлыг хэрхэн яаж тогтоохыг бид бүхэн мэднэ. Өөрөөр хэлэх юм бол “Коммод” ХХК-ний ухаж байгаад хаячихсан газар сүүлд нь эдгээр нөхөрлөлүүдийн авсан газрын хохирлуудыг нийтэд нь авч үздэг. Үүнийг одоо тогтоох ямар ч нөхцөл бололцоо байхгүй. Ямар ч хохиролгүй эрүүгийн хэргийг шалгаад яваад байгаа нь хуульд үндэслэлгүй боломжгүй. Ийм нөхцөл байдалтай мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй. Энэ бол прокурорын мөрдөн шалгах ажиллагаа бөгөөд өөрийнх нь 100 хувь хариуцлага.  Дараагийн яригдсан асуудал бол энэ үр ашигтай гэх талаар яригдсан байдаг. Үр ашигтай, ашиггүй гэдгийг өнөөдөр бид нар тогтоодоггүй юм аа. Тусгайлсан мэргэжлийн баг томилж зөвшөөрөл бүхий эрх бүхий хүмүүс тогтоодог. Энэ газар нь тийм хэмжээний нөөцтэй газар байна, одоо тийм  хэмжээний нөөц үлдсэн байна гэж эрх бүхий хүмүүс үнэлж тогтоодог. Энэ “К” ХХК эрхийг хүчингүй болгохдоо нөөцгүй болсон болохоор хүчингүй болгосон гэж яриад байдаг. Гэтэл энэ талаар заавал мэргэжлийн шинжээчийг томилж байж нөөцтэй ашигтай байгаа юм байна, ашиггүй болсон юм байна гэдгийг тогтоох ёстой.  Гэвч гэрчүүд энэ газраас машин машинаар нь жонш ачиж явсан гэдэг нь үндэслэл бүхий байна. Тэр ачиж явсан жонш нь чанарын шаардлага хангасан эсэхийг нь дан ганц гэрчүүдийн мэдүүлгээр тогтоох юм уу? Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд мэдүүлэг өгөгчийн мэдүүлэг бусад эх сурвалжаар заавал тогтоогдох ёстой гэсэн хуулийн зохицуулалтын шаардлага  хаачив аа. Энэ эрүүгийн хавтаст хэргийг маш хангалтгүй мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн байхад шүүхэд оруулж ирээд байдаг. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь маш үндэслэлтэй гэж би дүгнэдэг учир нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд үнэн зөв дүгнэгдсэн гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Д.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө хэлсэн тайлбартай ижил байр суурьтай байна. Би дур мэдэн, албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж газар олгоогүй. Тухайн үед ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу Засаг даргын хэлснээр нэр бүхий 10 нөхөрлөлд тус бүрд нь 5 га газрыг хэмжиж өгсөн байгаа. Өөр зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгч Г.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ярих зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгч Э.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэйгөө ижил байр сууртай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржийн эсэргүүцлийг үндэслэн хэргийг хүлээн авч,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газарт сэлгэж ажиллаж буй Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор Ц.Г-с шүүгдэгч нарыг буюу нийтийн албан тушаалтан болох Дорноговь аймгийн *** сумын Засаг даргаар ажиллаж байсан Э.Г,  Дорноговь аймгийн *** сумын Засаг даргын тамгын газарт байгаль орчин уул уурхай хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Г.А, Дорноговь аймгийн *** сумын Засаг даргын тамгын газрын газрын даамлаар ажиллаж байсан Д.Ж нарыг гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг “Х” гэх газарт Ашигт малтмал, газрын тосны газраас талбайн дүгнэлт гараагүй байхад 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр  “А”, “Т”, “О”, “Х”, “Э”, “Н”, “Н”, “Ц”, “П”, “Э” нөхөрлөлүүдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ байгуулсан,

 

мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 7/536 дугаартай Дорноговь аймгийн *** сумын нутагт нийт 50 га газарт талбайн дүгнэлт гаргасан байхад дээрх нэр бүхий 10 нөхөрлөлд тус талбайгаас өөр газарт буюу зөвшөөрөлгүй газарт дур мэдэн, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулж, дээрх нэр бүхий 10 нөхөрлөлд бичил уурхайгаар ашигт малтмал хууль бусаар олборлох давуу байдал бий болгож, байгаль орчинд 18,660,971 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж  бусдад давуу байдал бий болгосон гэмт  хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд  шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч  нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Тодруулбал прокурор яллах дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг заахдаа шүүгдэгч нарыг “... Ашигт малтмал газрын тосны газраас талбайн дүгнэлт гараагүй байхад ... мөн дүгнэлт гаргасан ... талбайгаас өөр газарт буюу зөвшөөрөлгүй газарт дур мэдэн   ... нөхөрлөлүүдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулж ... бичил уурхайгаар ашигт малтмал хууль бусаар олборлох давуу байдал бий болгосон ...” буюу “шүүгдэгч нарыг бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг зөрчиж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэж тодорхойлсон байх тул шүүхээс  шүүгдэгч нарыг бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулсан, энэ нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэх,  нийцээгүй зөрчсөн гэж үзвэл уг үйлдэл нь дээрх хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхийг зайлшгүй дүгнэх шаардлагатай болно.

 

Энэ талаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар хэргийн үйл баримт дараах байдлаар тогтоогджээ. Үүнд:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23-т зааснаас болон Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 1.3-т зааснаас тус тус үзэхэд бичил уурхай эрхлэх үйл ажиллагааны зорилгыг үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болгосон талбайд ашигт малтмал олборлох, байгаль орчныг хамгаалах гэж тодорхойлж, Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг журмаар зохицуулахаар зааж, журамд энэхүү үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаарх нөхцөлийг зохицуулжээ.

 

Энэ нь журмын 1.2-т зааснаар ус, цацраг идэвхит элемент агуулсан хүдэр, газрын тос, байгалийн хий, түгээмэл тархацтайгаас бусад  төрлийн ашигт малтмалыг бичил уурхайгаар олборлох, 1.4-т зааснаар бичил уурхай эрхлэгч этгээд нь ...нөхөрлөлийн хэлбэртэй байх, 2.1-д зааснаар бичил уурхай эрхлэгч этгээд нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлохыг хүссэн өргөдлийг тухайн сум ...ын Засаг даргад ... гаргах, 6.1.2-т зааснаар сумын Засаг дарга ... өргөдлийг үндэслэн тухайн талбайд дүгнэлт гаргуулах саналыг аймаг ... ийн Засаг даргад гаргах, 6.1.3-т зааснаар ... журмын 7.1.2-т заасан шийдвэрийг үндэслэн өргөдөл гаргасан бичил уурхай эрхлэгч этгээдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг тухайн ашигт малтмалыг ашиглаж дуусах хүртэлх хугацаагаар байгуулах, 7.1.2-т зааснаар аймаг –ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал  ... аймаг ... -ийн Засаг даргын бичил уурхайн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах талаар гаргасан саналыг хэлэлцэн шийдвэрлэх, 8.1.3, 8.1.6-д тус тус зааснаар Аймаг ...-ийн Засаг дарга ... сум... -ын засаг даргын Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.23-т заасан дүгнэлт гаргуулах хүсэлтийг геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх, ... аймаг –ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бичил уурхайн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах талаар гаргасан шийдвэрийг Ашигт малтмалын тухай хуулийн 14.1-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагад хүргүүлж бүртгүүлнэ гэжээ.

 

2. Шүүгдэгч нарыг Дорноговь аймгийн *** сумын “Х” гэх газар бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг журамд заасны дагуу хэрхэн зохион байгуулсан талаарх хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлыг авч үзвэл:

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5/03 дугаартай Дорноговь аймгийн *** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын 8 дугаар хавсралтаар Дорноговь аймгийн *** сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших Х нэртэй газрыг бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авах газрын төлөвлөлтийг баталсан /1 хх 27/,

2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/10 дугаартай албан бичгээр Дорноговь аймгийн *** сумын Засаг дарга /Ч.Э/ Дорноговь аймгийн Засаг даргад тус сумын Б багийн “Х” нэртэй газрыг 926,39 га-аар бичил уурхайн зориулалтаар батлуулсан тул ашигт малтмалын кадастрын бүртгэлд бүртгүүлэх агуулга бүхий хүсэлт гаргасан /1 хх 25/,

2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/143 дугаартай албан бичгээр Дорноговь аймгийн Засаг дарга нь Ашигт малтмал, газрын тосны кадастрын хэлтэст дээрх журмын 9.1.1-д заасны дагуу холбогдох дүгнэлтийг гаргуулах хүсэлт гаргасан /1 хх 26/,

2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 7/707 дугаартай албан бичгээр Ашигт малтмал газрын тосны газраас /кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч/  ... нэгж талбайн хэмжээ болон сум, дүүргийн хэмжээнд олборлох талбайн тоо, мөн журмын 7.1.2-т заасны дагуу Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг ирүүлэх үндэслэлээр бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тогтоолыг бүртгэх боломжгүй хариу ирүүлсэн /1 хх 16/,

2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1/292 дугаартай албан бичгээр Дорноговь аймгийн Засаг дарга ... бичил уурхайгаар олборлолт явуулах талбайг журамд заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр тогтоож, урьдчилсан байдлаар АМГТГаас зургийн лавлагааг гаргуулах боломжтой талаар Эрдэнэ сумын засаг даргад мэдэгдсэн /1 хх 15/,

2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01/181 дугаартай албан бичгээр Дорноговь аймгийн *** сумын Засаг даргаас Ашигт малтмал, газрын тосны газарт Х нэртэй газрын 50 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч бичил уурхайгаар олборлолт явуулах талбайн зураг зүйн боломжтой эсэх лавлагаа хүссэн /3 хх 76/,

2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 7/2111 дугаартай албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газраас *** сумын Засаг даргад “...хүчин төгөлдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй давхцалгүй...” тухай хариу ирүүлсэн /3 хх 77/

2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 01/218 дугаартай албан бичгээр Дорноговь аймгийн *** сумын Засаг даргаас /Ч.Э/ Дорноговь аймгийн Засаг даргад “Хунхат” нэртэй 50 га газрыг бичил уурхайгаар олборлолт явуулах талбайн солбилцолыг Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлж давхацалгүй гэсэн хариу ирсэн тул орон нутгийн тусгай хэрэгцээнд авч бичил уурхайн зориулалтаар зөвшөөрөл хүссэн /1 хх 14/,

2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 23 дугаар тогтоолоор *** сумын Б багийн нутаг дэвсгэр дэх “Х” нэртэй газрын 50 га талбайг бичил уурхайн зориулалтаар аймгийн тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн /1 хх 12/,

2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 1/650 дугаартай албан бичгээр Дорноговь аймгийн Засаг даргаас *** сумын Засаг даргад “Х” нэртэй 50 га газрыг бичил уурхайгаар олборлох зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 23 дугаар тогтоолыг хүргүүлж, нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулах, үйл ажиллагаанд нь хяналт тавих чиглэлийг хүргүүлсэн /1 хх 11/,

2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 7/2744 дугаартай албан бичгээр Ашигт малтмал газрын тосны газраас /кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч/ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаар тогтоолыг хянаж үзэхэд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид шийдвэр гаргасан нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т заасан заалтыг хангахгүй үндэслэлээр дээрх тогтоолыг Кадастрын бүртгэлийн системд бүртгэх боломжгүй тухай хариу ирүүлсэн /1 хх 10/,

2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 08/03 дугаартай тогтоолоор *** сумын Б багийн нутаг дэвсгэр дэх “Х” нэртэй газрын 50 га талбайг бичил уурхайн зориулалтаар аймгийн тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн /1 хх 32/,

2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1/951 дугаартай албан бичгээр Дорноговь аймгийн Засаг даргаас Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 08/03 дугаар тогтоолыг хүргүүлж, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын дагуу кадастрын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргасан /1 хх 31/,

2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/10 дугаартай Дорноговь аймгийн Засаг даргын захирамжаар Э.Г-ыг Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргаар томилсон /3 хх 241/,

2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 7/3949 дугаартай албан бичгээр Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээс Дорноговь аймгийн Засаг даргад “Х” нэртэй газрыг Кадастрын системд бүртгэсэн болохыг мэдэгдсэн /1 хх 30/,

2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1/1087 дугаартай албан бичгээр Дорноговь аймгийн Засаг даргаас *** сумын Засаг даргад /Э.Г-т/ Хунхат нэртэй газрыг бичил уурхайн зориулалтаар кадастрын бүртгэлд бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын албан бичгийг хүргүүлж, ашигт малтмал олборлох үйл ажиллагааг журмын дагуу зохион байгуулах үүрэг өгсөн /1 хх 30/,

2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн *** сумын Засаг дарга Э.Г нь “А”, “Т”, “О”, “Х”, “Э”, “Н”, “Н”, “Ц”, “П”, “Э” гэсэн нэр бүхий 10 нөхөрлөлтэй “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай” гэрээг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан /2 хх 8-47/,

2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 3/515 дугаартай албан бичгээр Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Дорноговь аймгийн Засаг даргад ... бичил уурхайгаар ашиглахаар дүгнэлт гаргуулсан газрын судалгааг Ашигт малтмал, газрын тосны газраас авч  ... Эрдэнэ сумын нутаг Х хэмээх газарт Ашигт малтмалын тухай хуулийн 11.2.23-д заасны дагуу бичил уурхайгаар ашиглах дүгнэлт гаргуулах ажлыг зохион байгуулахыг хүссэн /3 хх 89/

2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1/1689 дугаартай албан бичгээр Дорноговь аймгийн Засаг даргаас Ашигт малтмал газрын тосны газарт Эрдэнэ сумын Х нэртэй газрыг бичил уурхайгаар ашиглах зорилгоор Ашигт малтмалын тухай хуулийн 11.2.23-т заасны дагуу дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан /1 хх 29/,

2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 7/6673 дугаартай албан бичгээр Ашигт малтмал газрын тосны газраас /кадастрын хэлтсийн дарга/  Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 4.1-д “... нэгж талбайн хэмжээ 5 гектараас ихгүй байна” гэж журамласан тул ... дүгнэлт гаргуулах газрын хэмжээг журамд нийцүүлэн ирүүлсэн тохиолдолд бичил уурхайн талбайн дүгнэлт гарах боломжтойг уламжилсан /1 хх 17/,

2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 913 дугаартай албан бичгээр Дорноговь аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас Дорноговь аймгийн Засаг даргад газрын хэмжээг журмын дагуу хувааж хүргүүлсэн /1 хх 18-19/,

2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2/1851 дугаартай албан бичгээр Дорноговь аймгийн засаг даргаас /засаг даргын орлогч/ Ашигт малтмал, газрын тосны газарт Ашигт малтмалын тухай хуулийн 11.2.23-т заасны дагуу дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан /1 хх 20/,

2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 7/536 дугаартай албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газраас “... давхцалгүй тухай дүгнэлт ...”-ийг ирүүлсэн /1 хх 21-23/,

2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1/514 дугаартай албан бичгээр Дорноговь аймгийн Засаг даргаас Эрдэнэ сумын Засаг дарга Э.Г-т “... дүгнэлтийг хүргүүлж, ... журмын дагуу нөхөрлөлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийлгэх, татвар, хураамжийг төлүүлж ажиллах чиглэл өгсөн /1 хх 24/,

2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга Э.Г нь дахин “А”, “Т”, “О”, “Х”, “Э”, “Н”, “Н”, “Ц”, “П”, “Э” гэсэн нэр бүхий 10 нөхөрлөлтэй “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай” гэрээг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан /2 хх 4-89/,

2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 3/280 дугаартай албан бичгээр Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Эрдэнэ сумын Засаг даргад Хунхат хэмээх газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй 10 нөхөрлөл нь 2018 онд олборлолт явуулсан талбайдаа нөхөн сэргээлт хийгээгүй нь ... гэрээний биелэлтээс харагдаж байгаа тул ... журмын 6 дугаар зүйлийн 6.1.5-д зааснаар нөхөрлөлүүдийн гэрээг цуцлахыг мэдэгдсэн /3 хх 56/,

2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 3/288 дугаартай албан бичгээр Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Дорноговь аймгийн Засаг даргад *** сумын Хунхат хэмээх газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд хянал шалгалт хийгээд ... 5 нөхөрлөлийн нэгдсэн зөвлөл нь Ашигт малтмал, газрын тосны газраас гаргасан дүгнэлтээр олгогдсон талбайн гадна талд далд аргаар жонш олборлох зорилгоор ам нээхээр бэлтгэл ажил хийсэн, ... нөхөрлөлүүд нь Ашигт малтмал газрын тосны газраас гаргасан дүгнэлтээр олгогдсон талбайд бус өөр газарт жонш олборлох үйл ажиллагаа явуулсан ... зэрэг үндэслэлээр ... нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг зогсоох талаар арга хэмжээ авахыг хүссэн /3 хх 64/,

2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/573 дугаартай Дорноговь аймгийн Засаг даргын захирамжаар бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай нөхөрлөлүүдтэй байгуулсан гэрээг цуцлахыг **** сумын засаг даргад даалгасан /3 хх 65/ байна.

 

3. Дээрх хэрэгт тогтоогдсон үйл баримтаас үзэхэд болон шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1 хх 96/, нөхөрлөлүүдтэй байгуулсан гэрээнд хавсаргасан бичил уурхайн зориулалтаар олгосон газрын байршлын зураг, нөхөрлөлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тайлан /2 хх 6/, Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 08/03 дугаартай тогтоол, Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 7/536 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Э.Г нь Дорноговь аймгийн *** сумын Засаг даргаар ажиллаж байхдаа тус сумын нутаг дэвсгэрт Хунхат нэртэй газарт бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох гэрээг нэр бүхий 10 нөхөрлөлтэй байгуулахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.23, Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 8 дугаар зүйлийн 8.1.3-т зааснаар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан эсэх талаар дүгнэлт гаргаж, газрын хэмжээ, хил хязгаарыг тогтоосноос өөр газарт байршлыг тогтоосон, ийнхүү дүгнэлт гараагүй байхад гэрээ байгуулсан болох нь нотлогджээ.

 

4. Шүүгдэгч Э.Г нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлох газрын байршлыг ийнхүү тогтоосон болон дүгнэлт гараагүй байхад гэрээ байгуулсан талаараа “... Дорноговь аймгийн Засаг даргын ирүүлсэн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1/1087 дугаартай албан бичгийг үндэслэсэн. ... Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан газар нь эрүүл газар байсан, харин миний нөхөрлөлүүдтэй гэрээгээр зааж өгсөн газар нь өмнө Коммод ХХК-ийн ухсан овоолготой газар байсан. Анхнаасаа тухайн газрыг тусгай хэрэгцээнд авахаар санал явуулж байсан болохоор уг ухсан газар нь зөвшөөрөл өгсөн ...” гэж, энэ талаар шүүгдэгч Г.А “... нөхөн сэргээх газарт л нөхөрлөлүүдийг оруулж ажиллуулсан, тэр газарт газар олгох шийдвэрийг би гаргаагүй ...”, шүүгдэгч Д.Ж “...засаг дарга зургийг өөрчлөөд уртаар нь 10 нөхөрлөлийг дараалсан байдлаар өгсөн. ... Координатыг өөрчлөх шийдвэрийг Засаг дарга, байгаль орчны байцаагч хоёр ярьж байгаад шийдсэн, тэр хоёр ухагдсан талбайдаа нөхөн сэргээлт хийлгэх л зорилготой байсан...” гэсэн агуулга бүхий мэдүүлэг гаргаж тайлбарлажээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэх болон үнэлэхдээ хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгах тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Э.Г-ын дээрх хууль зөрчсөн үйлдэл буюу бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг нөхөрлөлүүдтэй байгуулахдаа газрын байршлыг дур мэдэн өөрчилсөн, давхцалгүй тухай дүгнэлт гараагүй байхад гэрээ байгуулсан үйлдэл нь гэмт хэрэг болохынхоо хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ... давуу байдал бий болгосон ...” гэсэн  шинжийг агуулж байгаа эсэхэд эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдэл нь шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтны хувьд түүнд хуулиар олгогдсон чиг үүргийг зөв хэрэгжүүлээгүй, хууль тогтоомжийг зөрчсөн байж болох хэдий ч энэ нь Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн шинжийг агуулснаар гэмт хэрэгт тооцож, улмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ял халдаах үндэслэл болно.

 

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг, 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг тус тус ойлгохоор, Нийтийн албанд нийтийн болох хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг ойлгохоор тус тус тодорхойлжээ.

 

Эндээс дүгнэж үзвэл “ ... албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ... өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон ...”  гэмт хэргийн шинж нь нийтийн албан тушаалтан нь өөрийн хувийн ашиг сонирхлын үүднээс албаны эрх ашгийн эсрэг хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийж өөртөө болон бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох зорилготой үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг хангахаар байна.

 

Гэтэл шүүгдэгч Э.Г-ын хувьд нөхөрлөлүүдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг байгуулахдаа газрын байршлыг дур мэдэн өөрчилсөн, дүгнэлт гараагүй байхад гэрээ байгуулсан үйлдэл нь тэдгээр нөхөрлөлүүдэд ашигтай нөхцөл байдал олгосон шинжтэй байж болох боловч энэхүү үйлдлийн зорилго нь шүүгдэгчийн хувийн ямар ашиг сонирхол байсан, өөрт нь болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд ямар эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болсон буюу болох байсан, ийнхүү шийдвэр гаргахад түүнд нөлөөлсөн өөр бусад ямар ашиг сонирхол байсан зэрэг нь энэхүү гэмт хэргийн шинжийг агуулж байгаа талаар прокурор яллах дүгнэлтдээ тодорхой дурьдаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар энэхүү нөхцөл байдал тогтоогдсонгүй.   

 

Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар сумын Засаг дарга ... өргөдлийг үндэслэн тухайн талбайд дүгнэлт гаргуулах саналыг аймаг ... ийн Засаг даргад гаргах, 6.1.3-т зааснаар ... журмын 7.1.2-т заасан шийдвэрийг үндэслэн өргөдөл гаргасан бичил уурхай эрхлэгч этгээдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг тухайн ашигт малтмалыг ашиглаж дуусах хүртэлх хугацаагаар байгуулах, 7 дугаар зүйлийн 7.1.2-т ... аймаг –ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал  ... аймаг ... -ийн Засаг даргын бичил уурхайн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах талаар гаргасан саналыг хэлэлцэн шийдвэрлэх гэж заасан бөгөөд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргаас /Ч.Э/ 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01/181 дугаартай албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт Хунхат нэртэй газрын 50 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч бичил уурхайгаар олборлолт явуулах талбайн зураг зүйн боломжтой эсэх лавлагаа хүсч, Ашигт малтмал, газрын тосны газраас 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 7/2111 дугаартай албан бичгээр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад “...хүчин төгөлдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй давхцалгүй...” тухай хариу ирүүлсэн, Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 08/03 дугаартай тогтоолоор **** сумын Б багийн нутаг дэвсгэр дэх “Х” нэртэй газрын 50 га талбайг бичил уурхайн зориулалтаар аймгийн тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэж, Дорноговь аймгийн Засаг даргаас 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1/1087 дугаартай албан бичгээр Эрдэнэ сумын Засаг даргад /Э.Г-т/ Х нэртэй газрыг бичил уурхайн зориулалтаар кадастрын бүртгэлд бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын албан бичгийг хүргүүлж, ашигт малтмал олборлох үйл ажиллагааг журмын дагуу зохион байгуулах үүрэг чиглэл өгснөөр Дорноговь аймгийн *** сумын Засаг дарга 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нөхөрлөлүүдтэй гэрээг байгуулжээ.

 

Журамд зааснаас үзэхэд гэрээг байгуулах нөхцөлийг бичил уурхайн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах талаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрт үндэслэхээр заасан, мөн журмын 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.3, 8.1.4, 8.1.6-т зааснаар бичил уурхайн үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, сумын Засаг даргыг нэгдсэн удирдлагаар хангах, Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.23-т заасан дүгнэлт гаргуулах хүсэлтийг геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх, бичил уурхайн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах талаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр, холбогдох мэдээллийг төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх эрх хэмжээ нь аймгийн Засаг даргад хамааралтай байна.

 

Энэ утгаараа Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 3/515 дугаартай албан бичгээр Дорноговь аймгийн Засаг даргад ... бичил уурхайгаар ашиглахаар дүгнэлт гаргуулсан газрын судалгааг Ашигт малтмал, газрын тосны газраас авч  ... *** сумын нутаг Хунхат хэмээх газарт Ашигт малтмалын тухай хуулийн 11.2.23-д заасны дагуу бичил уурхайгаар ашиглах дүгнэлт гаргуулаагүй байгааг дурдаж, уг ажлыг зохион байгуулахыг хүссэнээр Дорноговь аймгийн Засаг дарга дүгнэлтийг гаргуулжээ.

 

Түүнчлэн шүүгдэгч Э.Г нь газрын байршлыг дур мэдэн өөрчилж, дүгнэлт гараагүй газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг нөхөрлөлүүдтэй байгуулсан байх боловч ийнхүү газрын байршлыг өөрчилсөн сэдэлт, шалтгаан нөхцөл нь өөрийнх нь болон бусдын хувийн ашиг сонирхолтой холбоотой болох нь тогтоогдоогүй ба энэ нь гэрч А.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн “... зөвшөөрөгдсөн газар нь өөр газар байсан гэдгийг би тухайн үедээ мэдээгүй, бүр сүүлд мэдсэн. Сумаас нь л бидэнд тэр газрыг хуваарилж өгсөн ...” гэсэн мэдүүлэг /1 хх 52/, гэрч Б.Ө-ын мөрдөн байцаалтанд өгсөн “ ... олборлолт явуулж байсан газар ... дүгнэлт гаргасан газраас өөр байсныг ... би тэр талаар огт мэдээгүй. Засаг дарга холбогдох хүмүүс нь газар нь хэмжих багажаа бариад л бидэнд энд танайх шүү гээд хүрээг нь тогтоож өгч байсан. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 57/, гэрч Э.Х-ын мөрдөн байцаалтанд өгсөн “...Миний хувьд тэр өгсөн газар байршлынх нь дагуу л сумтай гэрээ байгуулж ажилласан. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 64/, гэрч Ц.Г-ын мөрдөн байцаалтанд өгсөн “... Би сум орон нутаг өөрөө тэгж шийдсэн болохоор зааж өгсөн газар нь үйл ажиллагаагаа явуулсан. Гэхдээ анхны зургийн байршил одоо бидний олборлолт явуулаад байгаа газраас өөр газарт гэдгийг мэдээгүй. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 66/, гэрч Ч.Самдангийн мөрдөн байцаалтанд өгсөн “... Тухайн үедээ сум орон нутаг өөрсдөө тэгж шийдсэн болохоор миний хувьд яагаад зураг өөрчлөгдсөнийг тодруулаагүй ...” гэсэн мэдүүлэг /1 хх 69/  зэрэг нотлох баримтаар тогтоогджээ.

 

Мөн прокурор энэхүү нөхцөл байдлыг нөхөрлөлүүдэд ашиг орлого олох боломж олгосон, газрын хувьд Коммод ХХК-ийн тусгай зөвшөөрөл эдийн засгийн үр өгөөжгүйгээс цуцлагдаагүй, төлбөр төлөөгүйн улмаас цуцлагдсан гэсэн үндэслэлээр үгүйсгэж байх боловч  Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 7/536 дугаар дүгнэлтэд заагдсан 50 га газар болон шүүгдэгч Э.Ганбаярын байршлыг өөрчилж нөхөрлөлүүдэд олгосон 50 га газрын эдийн засгийн үр ашиг болон бусад нөөцийг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй, тогтоогоогүй болно. 

 

Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23-т зааснаас болон Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 1.3-т зааснаас тус тус үзэхэд бичил уурхай эрхлэх үйл ажиллагааны зорилгыг үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болгосон талбайд ашигт малтмал олборлох гэсэн байх бөгөөд эндээс үзвэл нөхөрлөлүүд ашигт малтмал олборлох явцдаа ашиг орлого олж болохыг хориглоогүй ба гагцхүү тэр нь тухайн шийдвэрийг гаргах эрх бүхий албан тушаалтны албаны эрх ашгийн эсрэг үйлдэл болон түүний бусад хувийн ашиг сонирхолтой холбоотойгоор тухайн эрхийг олж авсан нь тогтоогдсон нөхцөлд энэхүү гэмт хэргийн шинж болох юм. 

 

Харин хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаас үзэхэд “Аргалын уулын эрдэнэс” нөхөрлөлийн гишүүн А.М нь дээр дурдсан Дорноговь аймгийн *** сумын Х нэртэй газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон орлого, ашгаас гэрч Ч.Э, Б.Х, Ж.Н, Ч.Э нарт мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн нь тогтоогдсон, мөн сумын 95 жилийн ойн баярт зориулж 5 нөхөрлөл нийт 15 сая төгрөгийг хандивласан байх боловч энэхүү үйл баримтад шүүгдэгч Э.Г-ын болон шүүгдэгч Г.А, Д.Ж нарын шууд субъектив санаа зорилго, хувийн ашиг сонирхол холбоотой, эсхүл тэд бусдын дээрх эрх ашгийн үүднээс нөлөөнд автаж шийдвэр гаргасан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйн гадна прокурор энэхүү үйл баримтыг яллах дүгнэлтдээ заагаагүйгээс гэмт хэргийн шинжид хамааруулаагүй гэж үзэхээр байна.

 

Ийнхүү бусдад бий болсон эдийн ашигтай байдал нь шүүгдэгч нарын санаа зорилготой шууд холбоотой, шийдвэр гаргахдаа тэдний эрх ашиг сонирхлын үүднээс тодорхой зорилгоор хандсан тохиолдолд дээрх гэмт хэргийн шинжийг хангаж болох боловч гэрч А.М-ын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтанд өгсөн “...холбогдох төрийн алба хаагч, албан тушаалтанд нөлөөлсөн ... тийм зүйл байхгүй ээ, Б бид нар Э, Х, Н нартай л харьцаж тэд нарт мөнгө шилжүүлдэг байсан ...” гэсэн /1 хх53/, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн “...Би Г, А, Ж нарт мөнгө, төгрөг, хандив тусламж өгсөн асуудал байхгүй ...” гэсэн мэдүүлэг /2 хх215/, гэрч Ч.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтанд өгсөн “... Дорноговь аймгийн Засаг дарга Т.Э нь тус аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын эрх бүхий албан тушаалтнуудад нөхөрлөлүүдийг дэмжиж ажиллах талаар үүрэг чиглэл өгсөн асуудал байгаа эсэхийг би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /2 хх224/, гэрч Ч.Э-ийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн “... Миний бие Ганбаярт ямар нэгэн байдлаар нөлөөлсөн асуудал байхгүй ...” гэсэн мэдүүлэг /2 хх210/, гэрч Т.Э-гийн мөрдөн байцаалтанд өгсөн “... Би Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2018.06.06-ны өдрийн 1/1087 дугаартай албан бичгийг сумын Засаг дарга Э.Г-т хүргүүлж байсан. Тухайн албан бичгийн утга нь сум орон нутагтаа Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай журам”-ыг үйл ажиллагаандаа мөрдөж ажилла гэх чиглэл өгсөн. ... Харин түүнд миний бие нөхөрлөлүүдтэй гэрээ байгуул гэж үүрэг чиглэл өгсөн асуудал огт байхгүй, холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөж ажилла гэдэг үүрэг чиглэлийг өгч байсан. ... Би Ганбаярт тийм хууль бус үүрэг чиглэл юу гэж өгөх билээ. ...” гэсэн мэдүүлэг /8 хх16-17/ зэрэг нотлох баримтаар энэхүү нөхцөл байдал үгүйсгэгдсэн.

 

Прокурор яллах дүгнэлтдээ шүүгдэгч нарыг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн буюу шүүгдэгч Г.А, Д.Ж нарыг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1.2-т заасныг тус тус баримталж яллах дүгнэлт үйлдсэн нь энэхүү хуулиудад заасан гэмт хэрэгт хамтран оролцох шинжид нийцээгүй.

 

Энэ нь Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-д зааснаар бичил уурхай эрхлэгч этгээдтэй гэрээ байгуулах эрхийг сумын Засаг даргад олгож, тэрээр гэрээ байгуулах талаарх шийдвэрийг  гаргах эрх бүхий албан тушаалтан бөгөөд сумын байгаль орчин, уул уурхай хариуцсан мэргэжилтэн болон сумын газрын даамал албан тушаалтнууд ямар үйлдлээр хуулиар олгогдсон ямар эрхээ хэтрүүлэн, эсхүл урвуулан ашиглаж сумын Засаг даргын бичил уурхай эрхлэгч этгээдтэй гэрээ байгуулах үйл ажиллагаанд оролцсон нь тогтоогдоогүйгээс Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д заасан “... гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн ...”, 3-д заасан “... үйлдлээрээ санаатай нэгдэж ...” гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэлгүй болно. 

 

Иймд анхан шатны шүүх “шүүгдэгч Э.Г, Г.А, Д.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй” гэж үзэн шүүгдэгч нарыг цагаатгасан нь хэргийн бодит байдалд нийцсэн байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн  шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/148 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Д-ийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.САЙНТӨГС

 

                                              ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

 

                                                                                                  Н.БАТЧИМЭГ