Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 159/ШШ2023/0041

 

                                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                  Хэргийн индекс: 159/2023/0046/3

                                                                   

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Бурмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 36 дугаар дүгнэлттэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын улсын байцаагч ******* холбогдох

Гомдлын шаардлага: “*******д холбогдох 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 0550271 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын Прокурор *******, хариуцагч Сэлэнгэ аймгийн газрын харилцаа, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч ******* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтэндээ:

“... Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор ******* би, тус аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Баярмаа нь “иргэн *******д хуульд заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах хүсэлт гаргаагүй” зөрчилд  хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2023 оны  03 дугаар сарын 30-ны өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1 дэх заалтад зааснаар 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн ГА-11 дугаартай материалыг хяналаа.

“Хэрэгт цугларсан Үйлдсэн зөрчлөө сайн дураараа илчилсэн мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл,

Холбогдогч *******гийн “... 2009 оноос хойших өнөөдрийг хүртэл эзэмшиж байна. Хугацаа сая мэдээд л хүсэлт гаргахад хүсэлт гаргахад торгууль хүлээх болсон” гэх мэдүүлэг,

Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0264591 дугаартай гэрчилгээ зэрэг нотлох баримтаар иргэн *******д Аймгийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 240 тоот шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 2 дугаар баг, Шарын 1 дүгээр байрны урд 180мкв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, газар эзэмших эрх гэрчилгээ олгосон байна.

Газрын тухай  хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-д “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг,

3.1.7-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг тус тус ойлгоно гэж заасан байна.

Гэтэл иргэн *******гийн газар эзэмших эрхийн хугацаа дууссаныг мэдээгүй улмаас Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах”  гэж заасны дагуу хугацаа хүсэлтээ гаргаагүй эс үйлдэхүйг Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1 дэх заалтад заасан “хуульд заасныг зөрчиж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” зөрчил үйлдсэн гэж үзэж үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан байна.

Учир нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-д “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг:

3.1.8 “газар ашиглах эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгуулллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүний газар ашиглах эрхийг баталшаажуулсан баримт бичгийг тус тус ойлгоно гэж зааснаас үзэхэд иргэн *******гийн газар эзэмших эрхийн хугацаа дууссан буюу газар эзэмших эрх дуусгавар болсон байхад газар эзэмшсэн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэж заасныг зөрчиж “хуульд заасныг зөрчиж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” зөрчил үйлдсэн гэж үзэж шийтгэл оногдуулсан байна.

Иймд зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “зөрчлийн шинжгүй” зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдолд хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Баярмаагийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1 дэх заалтад зааснаар иргэн *******д 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь 0550271 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хариуцагч Б.Баярмаа  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Үүнд Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Баярмаа би 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар сумын 6-р багийн 2-р хэсгийн 8 дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* нь эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зааснаар “хуульд заасныг зөрчиж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” гэх зөрчил үйлдсэн гэж үзэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 дах хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д “... Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах ...” /газар эзэмшигчийн эрхтэй/, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д “... Аймаг нийслэлийн сум дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймгийн газрын алба бүртгэнэ...”, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаалын хавсралт “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 5.6-д иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан хүсэлтийг цахимаар дараах харьяаллын дагуу хүлээн авах бөгөөд журмын 5.6.3-д аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газруудад газар эзмших, ашиглах болон аймгийн газрын алба, 5.6.4-д энэхүү журмын 5.6.3-д зааснаас бусад газарт газар эзэмших, ашиглах бол сумын газрын даамал гэж тус тус заасан.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “газар ашиглах эрхийн гэрчилгээ “ гэж энэ хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруудлалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн харьяалалгүй хүний газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг, мөн хуулийн “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг тус тус ойлгоно гэж зааснаас үзэхэд иргэн *******гийн газар эзэмших эрхийн хугацаа дууссан буюу газар эзэмших эрх дуусгавар болсон байхад газар эзэмшсэн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж хуульд заасныг зөрчиж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчил үйлдсэн гэж үзэж шийтгэл оногдуулсан байна гэсэн тухайд:

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “... Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр  зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ...”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “... хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно...” гэж заасан бөгөөд *******гийн эзэмших эрхийн хугацаа дуусаад газрыг ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зааснаар “хуульд заасныг зөрчиж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэх зөрчил.

Зөрчлийн тухай хуулийн 8.1-ийн 10.1-д “... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан...” гэх нэр томъёо байдаг ба “... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн ...” гэж байдаггүй.

Иргэн аж ахуй нэгж, байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар дээр байшин, барилга барих, газар хагалж тариа ногоо тарих, өвөлжөө хашаа барих болон өөр чиглэлээр зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоох, зөрчлийг арилгахын тулд Зөрчлийн тухай хуулийн 8.1-ийн 10.1 дэх хэсгийг үндэслэл болгон хэрэглэдэг.

Иймд зөрчил шалгаж шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн, шийтгэл оногдуулах нөхцөл байдлыг тогтоосон байх тул 0550271 дугаартай шийтгэлийн хуудсаар 500 нэгжээр торгосон нь хууль зүйн үндэслэлтэй бах тул “Эрх бүхий байгуулагын шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай”  2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гаргасан 36 дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* дүгнэлтийг хангаж, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Баярмаагийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 0550271 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

  

Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч нь иргэн *******г газар эзэмших эрхийнх нь хугацаа дууссан, газрыг ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” гэж заасныг үндэслэл болгон 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 0550271 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн *******д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын  2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх  тухай 240 дугаартай захирамжын 1 дүгээр хавсралтын 1-д иргэн Б.Баяртогтохоос *******д шилжүүлэн эзэмшүүлж Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг Шарын 1-р байрны урд 180 м кв газрыг 15 жилийн хугацаатай Худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж гэрээ байгуулан гэрчилгээ олгосон, Дээрх гэрчилгээнээс үзэхэд уг газрыг эзэмших эрх 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 15 жилийн хугацааг тооцоход 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дуусгавар болохоор байна.

 

Иргэн *******гийн газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болоогүй байхад Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч нь холбогдогчоос авсан мэдүүлэгтээ болон шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа газар эзэмших эрхийн хугацаа дууссан мэтээр тайлбарлаж Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д зааснаар торгох шийтгэл ногдуулсан үйлдлээ зөвтгөж байгаа нь ойлгомжгүй байна.

 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж бэхжүүлнэ”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна, 7.1 дүгээр зүйлийн 1.1-д тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж заасан.

 

Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан зөрчил шалгах ажиллагаа явуулж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдлыг холбогдох нотлох баримтаар бүрэн гүйцэд тогтоосны дараа тухайн үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэхийг нягтлан үзэх үүрэгтэй. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасан зөрчил шалгах ажиллагааг бүрэн гүйцэт явуулаагүй буюу газар эзэмших эрхийн хугацааг буруу тооцож иргэн *******г эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан зөрчил гаргасан гэж үзэн торгох шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

 

Иймд иргэн *******г Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-т заасныг зөрчсөн гэж үзэж, шийтгэл оногдуулахдаа зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй нь дээр дурдсан холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байх тул прокурорын дүгнэлтийг хангаж, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 , 3.1.7, Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, 7.2 дугаар зүйлийн 8-д заасныг тус тус баримтлан прокурорын дүгнэлтийг хангаж, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Баярмаагийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 0550271 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу прокурор, хариуцагч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.БУРМАА