Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/1066

 

Б.О-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Азжаргал,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/579 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Азжаргалын бичсэн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 34 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Б.О-т холбогдох 2111 00425 0912 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Ө овгийн Б-ийн О, 1996 оны ... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... хорооллын ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 877 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан;

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 698 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан;

Б.О нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс молл” худалдааны төвд 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд ... тоот лангууны худалдагчаар ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан барааг завшиж, иргэн З.О-т нийт 951.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газар: Б.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ө овогт Б-ийн О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.О-ээснийт 76.260 төгрөгийг гаргуулж хохирогч З.О-т олгохоор, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор А.Азжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд дээрх журмыг хэрэглэхээр хуульчилсан бол мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх буюу хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөн зүйлд заасан шаардлагыг хангасан хүнд хэрэглэхээр хуульчилсан харилцан өөр агуулга бүхий зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ хуулийн заалтуудыг давхар баримтлах шаардлагагүй бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 579 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

1. Прокуророос Б.О-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, хохирол учруулсан гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж, 579 дугаартай шийтгэх тогтоол гаргасан байх бөгөөд тогтоох хэсэгт “Шүүгдэгч Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж...” шийдвэрлэсэн байна.

Гэтэл шүүх хуралдааны тэмдэглэлд “...Шүүгдэгч Ө  овогт Б-ийн О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж...” шийдвэрлэсэн мэтээр тусгажээ.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсэг нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаас зөрүүтэй буюу шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг дангаар, эсхүл 7.1 дүгээр зүйлийг хамтад нь баримталсан эсэх нь тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д заасан ноцтой зөрчилд тооцогдох тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх үндэслэл болно.

2. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэхдээ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хамтад нь журамласан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хоёр өөр бүлэгт заасан хэм хэмжээг яагаад хамтад нь хэрэглэх болсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл болон 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хамтад нь хэрэглэх боломжтой эсэх, тэдгээр нь адил хууль зүйн үр дагавар бүхий зохицуулалт эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр ийнхүү хамтад нь хэрэглэсэн нь холбогдох хуулийн хэм хэмжээг хэрэглэх талаар хууль зүйн үндэслэл гаргах, шүүхийн шийдвэр хуульд үндэслэгдсэн байх хууль ёсны зарчим хангагдаагүй байна.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг давхар баримталж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар бичсэн прокурорын эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй нөхцөл байдал үүсгэж байна.

3. Анхан шатны шүүх Б.О-т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тус хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоохоор, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ... хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно.” гэж тус тус заасан.

Гэтэл анхан шатны шүүх хэд хэдэн үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх талаарх дээрх зохицуулалтыг хэрхэн тайлбарлаж, хэрэглэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан нэг үүргийг сонгож хүлээлгэжээ.

Хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоохоор заасан дээрх зохицуулалтыг хэрхэн тайлбарлаж хэрэглэх, “хэд хэдэн” гэдэгт хамаарах тоон үзүүлэлт нь ямар хэмжээний болох, хуульд заасан үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээнүүдээс нэгийг сонгон хэрэглэх боломжтой эсэх талаар дүгнэлт хийсний дараа давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзсэн болно.

Дээрх үндэслэлүүдээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/579 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.О-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/579 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.О-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгч Б.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ