Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 514

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

иргэдийн төлөөлөгч Ч.Чулуунбат,

улсын яллагч М.Ц,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх,

шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э холбогдох эрүүгийн 2017 2501 1258 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 1, Баянзүрх дүүрэг, 09 дүгээр хороо, Шар хадны 20 гудамж, 329 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Э.Э /РД:ЖД79031875/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Э нь 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 14:30 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Баянзүрх захын ертөнцийн зүгээр урд талын хаалганы баруун талд Л.М гэгчтэй архи ууна, уухгүй гэж маргалдан, түүний нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж унагаасны улмаас иргэн Л.М нь Гэмтэл Согог судлалын үндэсний төв эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 16:20 цагт нас барж, хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 4 дүгээр сарын 16-ны шөнө архи уугаад өглөө нь шараа тайлж бас уусан. Би тухайн үед Толгойтод байдаг охин дүүгийндээ амьдарч байсан. Би 11 цагийн үед автобусны буудал чигт Баянзүрх дүүргийн захыг хөндлөн гарч явж байхад таньдаг эмэгтэй маань нохойн хоол зарж байхад таарсан. Тэгээд хохирогчтой таарсан. Би хохирогчийг танихгүй. Хохирогч тухайн үед 3 ширхэг калбак үүрээд тэрийгээ зарж архи уумаар байна гээд явж байсан. Тэгээд тэрийгээ хүн болгоноос асуугаад байхаар нь би наадахыг чинь жолооч хүн л авах байх гээд өнгөрсөн. Хэсэг хугацааны дараа би дотогш орж хүнтэй уулзаад талх, мах аваад баруун талын хаалгаар гараад гадаа наймаа хийдэг хүнд талх, махаа 3000 төгрөгөөр зарсан. Намайг явж байхад таньж мэдэхгүй согтуу хүн ирээд хоёулаа ганц юм гуялая, мөнгөө өгчих гээд миний барьж явсан мөнгө рүү гараа сарвайхад нь би гайхаад дургүйцээд явах гэхэд нөгөө хүн маань зуураад толгой түрүүгүй үүрч явсан калпакаараа ороолгоод байсан. Энэ үед хажууд маань машин зохицуулагч хүн байсан. Тэр хүнийг дуудаад би энийг алаад өгье гэхээр нь би айж сандраад гараа мултлаад зугтаах гэсэн боловч надад зугтаах боломж олдоогүй. Тэгээд би татагдаад доод талд нь орох шахсан учир уур хүрээд, тэвчээр алдагдаад 1 удаа цохиод 5, 6 удаа алхаад цагдаад  газар дээрээ баригдсан гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Гандулам нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өглөө 10 цагийн үед миний хань эрүүл саруул гэрийнхээ ажлыг хийгээд үлдсэн. Баянзүрх захын хажуу талын байранд манай том охиных байдаг. Бид хоёр ач, зээ нараа сургууль цэцэрлэгт хүргэж өгдөг байсан. Тэгээд би 4 цагийн үед ачийгаа сургуулиас нь авах гээд гэртээ ирэхэд хань маань гэртээ байхгүй байсан. Тухайн үед би Зүүн салаанд манай гэр орон, ах, дүү нар байдаг учир тийшээ явсан юм байх гэж бодоод анзаараагүй. Тэгээд маргааш өглөө нь жижүүрээс асуухад 13 цаг 30 минутын үед инээж, хөхрөөд тоглоом хийгээд гараад явж байсан талаар надад хэлсэн. Тэр өдрөө ирээгүй. Би хоноод өглөө нь холбогдох ёстой хүмүүс рүү нь утсаар ярихад ямар ч холбоо бариагүй болохоор нь хүүхдүүд рүүгээ аав чинь ирэхгүй байна гэхэд хайцгааж эхэлсэн. Энэ бүр болохоо байлаа, утас нь ч холбогдохгүй байна, цагдаад мэдэгдье гээд манай том хүү цагдаад хандсан. Тэгээд 18-ны өдөр нь цагдаад мэдэгдээд 19-ний өдөр 16 цагийн үед цагдаа дээр мэдүүлэг өгөөд байж байхад манай хүү орилоод мооргоос дуудаж байна гэсэн. Зүгээр эрүүл саруул гараад явсан ханиа энэ хүнд алдсандаа маш их гомдолтой байна. Би 10 сая төгрөгийг нэхэмжилж байгаа. Уг нь 15-16 төгрөгийн хохирол гарсан. Шүүгдэгч надад 1 сая төгрөг өгсөн. Одоо үлдсэн төгрөгөө нэхэмжилж байна. Шүүгдэгч бас шүүх хуралдаан дээр худал хэлж байна. Шүүгдэгч надад бичсэн захидал дээрээ 3000 төгрөгийг маань шүүрч авах гээд байхаар нь би 1 удаа цохьсон гэсэн байсан. Машин зохицуулдаг хүнийг би ч бас танина. Манай хүн хүнээс мөнгө төгрөг булааж авах хүн биш. Зам зохицуулдаг хүн надад хэлэхдээ хохирогч надтай Монгол архи хувааж уусан гэж хэлдэг. Тэгээд нүд ирмэхийн зуурт л хохирогч миний урд талд унасан гэсэн. Би шүүгдэгчээс үлдсэн хохирлоо авмаар байна гэв.

Шүүгдэгч Э.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2017 оны 04 сарын 17-нд зүс таних хүнтэй Баянзүрх захын тэнд архи хувааж уусан. Тэгээд миний карманд 5000 төгрөг байхаар нь Баянзүрх зах дээр архи уудаг бас нэг эмэгтэйтэй нийлээд 3 уулаа архи хувааж уусан. Тэгээд тэр хоёроос салаад ганцаараа байж байхдаа 38 гэсэн нэртэй 0.33 литрийн архи уусан. Баянзүрх захын урд байж байтал нэг өвгөн нэг юм гуялаж уух уу гэсэн. Тэгээд дүүд нь мөнгө байхгүй гээд зах орчоод иртэл тэр өвгөн гадаа үүдэнд байснаа авч явж байсан машины калпатаа зарна гээд надтай зууралдаад миний баруун гарнаас барьчихаад тавихгүй байхаар нь би гараа татаж аваад, баруун гараараа нүүр рүү нь нэг удаа цохьсон. Тэгтэл хэсгийн байцаагч хоёр дагалдантайгаа ирээд бариад авсан. Би тэр хүнээс салах гээд л цохьсон...” гэх мэдүүлэг. /хэргийн 124-129 дүгээр хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “Талийгаач нь манай нөхөр байгаа юм аа би нөхөртэйгээ 40 жил ханилж байна. 2017 оны 04 сарын 17-ны өдөр өглөө босоод цай уучихаад би Бөхийн өргөөний хажууд байдаг хүргэнийдээ очиж зээгээ харахаар явсан.16 цагийн орчим гэртээ ирэхэд талийгаач гэртээ байхгүй байсан. Тэгээд тэр шөнөдөө гэртээ ирж хоноогүй ганцаараа хоносон. Дараа өдөр нь том хүү Ган-Ориг цагдаа руу дуудлага өгсөн. 2017 оны 04 сарын 19-нд цагдаагийн газар гар дээрээ шивээстэй хүн Цогцос хадгалах газарт ирсэн гэж мэдэгдсэн байсан. Ингээд нас барсныг нь мэдсэн. Манай нөхөр элэгний цирроз өвчтэй байсан. Архи бол уух үедээ уучихдаг. Гэхдээ учиргүй архи хайгаад явдаггүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 43-46 дугаар хуудас/,

Гэрч O.Төгөлдөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би эргүүлийн ахлах хийж Уухайбаатар дэслэгчийн хамтаар Баянзүрх зах дээр ирэхэд хар куртиктай,саравчтай малгайтай хүнийг саарал өнгийн куртиктай, настайвтар хүн зуураад маргалдаад байх шиг байсан. Бид 3 тэр хоёр руу очиж явтал саравчтай малгайтай хүн саарал хувцастай хүний нүүр рүү цохьсон. Тэгээд зугтах гээд байхаар нь бид 3 очоод бариад авсан. Саарал куртиктай хүн ухаан алдсан байдалтай хэвтээд байхаар нь 103 руу дэслэгч Уухайбаатар залгасан. Хар хувцастай хүн би энэ хүнийг танихгүй архи ууя гээд зуураад байхаар нь цохьсон гэж хэлж байсан. Тэгээд нэг цагийн дараа түргэн ирээд саарал хувцастай хүнийг аваад явсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 49-50 дугаар хуудас/,

Гэрч Г.Уухайбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 04 сарын 17-ны өдөр Батлан хамгаалах их сургуулийн сонсогч Багабанди, Төгөлдөр нартай эргүүл хийж явж байхад Баянзүрх дүүргийн зах дээр хар куртиктай хүн саарал куртиктай хүнийг цохиод цаашаагаа алхаж байхад нь бид 3 барьж аваад нөгөө цохиулсан хүн дээр ирж түргэн тусламж буюу 103-т дуудлага өгсөн. Нэг цагийн дараа түргэн ирээд аваад явсан. Тэрнээс хойш нэг их удаагүй тэр хүнийг өнгөрсөн байна гэдгийг манай хэлтсээс надад хэлсэн юм...” гэх мэдүүлэг. /хэргийн 53-54 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн ¹823 дүгнэлтэд “Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр зулайн баруун ар хэсгээс урагш духны баруун хэсэг хүрч зүүн доош духны зүүн хонхор хүртэл үргэлжилсэн, зулайн баруун ар хэсгээс арагш доош дагзны баруун доод хэсэг хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, зулайн оройн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа /50-60мл/, баруун дух, зулайн дэлбэнгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархмал няцралын голомт, зүүн дух, чамархайн дэлбэнгийн суурь хэсгийн голомтлог няцрал, бага тархины дээд гадаргуугийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, зулайн баруун ар хэсгийн хуйхны цус хуралт, няцрал, шарх, зүүн хацарт шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой амьддаа үүсгэгдсэн шинэ гэмтэл. Дээрх гавал тархины хүнд гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Талийгаачийн элэгний хатуурал үхэлд нөлөөлөхгүй байна. Цусанд нь 3.5 промилли, ходоодны шингэнд 6.1 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 71-72 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн ¹4327 дүгнэлтэд “...Ногоон өнгийн саравчтай малгай, хүрэн улаан өнгийн ноосон цамц, цагаан өнгийн футболк, саарал өнгийн цахилгаантай цамц, саарал өнгийн бэлтгэлийн өмдөнд илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус байна” гэжээ /хэргийн 77-78 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн ¹2598 дүгнэлт /хэргийн 81-82 дугаар хуудас/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Шүүх сэтгэц гэм судлалын №592 дүгнэлтэд “Э.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон өртөх үедээ сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна. Тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан хянах чадвартай, үйлдсэн хэргийнхээ үйлдлийг зөв тайлбарлах, мэдүүлэх чадвартай байна. Сэтгэцийн эмгэгтэй гэх баримт үгүй, одоо сэтгэцийн эмгэггүй, хэрэг хариуцах чадвартай байнагэжээ /хэргийн 102-103 дугаар хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 19 дүгээр хуудас/,

Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хэргийн 24 дүгээр хуудас/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хэргийн 35 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 42 дугаар хуудас/,

Хохирол төлсөн баримт /хэргийн 186 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 133 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 151 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Э.Э нь 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 14:30 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Баянзүрх захын ертөнцийн зүгээр урд талын хаалганы баруун талд Л.М гэгчтэй архи ууна, уухгүй гэж маргалдан, түүний нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж унагаасны улмаас хохирогч Л.М нь  2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 16:20 цагт нас барж, хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Шүүгдэгч Э.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “Баянзүрх захын урд байж байтал нэг өвгөн нэг юм гуялаж уух уу гэсэн. Тэгээд дүүд нь мөнгө байхгүй гээд зах орчихоод иртэл тэр өвгөн гадаа үүдэнд байснаа авч явж байсан машины калпатаа зарна гээд надтай зууралдаад миний баруун гарнаас барьчихаад тавихгүй байхаар нь би гараа татаж аваад баруун гараараа нүүр рүү нь нэг удаа цохьсон. Тэгтэл хэсгийн байцаагч хоёр дагалдантайгаа ирээд бариад авсан. Би тэр хүнээс салах гээд л цохьсон...” гэх мэдүүлэг. /хэргийн 124-129 дүгээр хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 04 сарын 17-ны өдөр өглөө босоод цай уучихаад би Бөхийн өргөөний хажууд байдаг хүргэнийдээ очиж зээгээ харахаар явсан 16 цагийн орчим гэртээ ирэхэд талийгаач гэртээ байхгүй байсан. Тэгээд тэр шөнөдөө гэртээ ирж хоноогүй ганцаараа хоносон. Дараа өдөр нь том хүү Ган-Ориг цагдаа руу дуудлага өгсөн. 2017 оны 04 сарын 19-нд цагдаагийн газар гар дээрээ шивээстэй хүн Цогцос хадгалах газарт ирсэн гэж мэдэгдсэн байсан. Ингээд нас барсныг нь мэдсэн. Манай нөхөр элэгний цирроз өвчтэй байсан. Архи бол уух үедээ уучихдаг. Гэхдээ учиргүй архи хайгаад явдаггүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 43-46 дугаар хуудас/,

Гэрч O.Төгөлдөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Баянзүрх зах дээр ирэхэд хар куртиктай, саравчтай малгайтай хүнийг саарал өнгийн куртиктай, настайвтар хүн зуураад маргалдаад байх шиг байсан. Бид 3 тэр хоёр руу очиж явтал саравчтай малгайтай хүн саарал хувцастай хүний нүүр рүү цохьсон. Тэгээд зугтах гээд байхаар нь бид 3 очоод бариад авсан. Саарал куртиктай хүн ухаан алдсан байртай хэвтээд байхаар нь 103 руу дэслэгч Уухайбаатар залгасан. Хар хувцастай хүн би энэ хүнийг танихгүй, архи ууя гээд зуураад байхаар нь цохьсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 49-50 дугаар хуудас/,

Гэрч Г.Уухайбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Баянзүрх дүүргийн зах дээр хар куртиктай хүн, саарал куртиктай хүнийг цохиод цаашаагаа алхаж байхад нь бид 3 барьж аваад нөгөө цохиулсан хүн дээр ирж түргэн тусламж буюу 103-т дуудлага өгсөн. Нэг цагийн дараа түргэн ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 53-54 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн ¹823 дүгнэлтэд “Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр зулайн баруун ар хэсгээс урагш духны баруун хэсэг хүрч зүүн доош духны зүүн хонхор хүртэл үргэлжилсэн, зулайн баруун ар хэсгээс арагш доош дагзны баруун доод хэсэг хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, зулайн оройн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа /50-60мл/, баруун дух, зулайн дэлбэнгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархмал няцралын голомт, зүүн дух, чамархайн дэлбэнгийн суурь хэсгийн голомтлог няцрал, бага тархины дээд гадаргуугийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, зулайн баруун ар хэсгийн хуйхны цус хуралт, няцрал, шарх, зүүн хацарт шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой амьддаа үүсгэгдсэн шинэ гэмтэл. Дээрх гавал тархины хүнд гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Талийгаачийн элэгний хатуурал үхэлд нөлөөлөхгүй байна. Цусанд нь 3.5 промилли, ходоодны шингэнд 6.1 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна/хэргийн 71-72 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Э.Э прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Э.Э ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Жип гэсэн бичиглэлтэй саравчтай бор өнгийн малгай, хар өнгийн өвлийн куртик, энгэр болон баруун зүүн ташаандаа нийт 6 ширхэг халаастай ханцуйгүй хар өнгийн өвлийн, урдуураа цахилгаантай хүрэм, босоо захтай, зүүн энгэртээ М Фрикс гэсэн бичигтэй ханцуйтай даавуун цамц, зүүн энгэртээ Адидас 3 гэсэн бичиглэлтэй саарал өнгийн фудболка, баруун, зүүн ташаандаа шар өнгийн оруулган цахилгаантай саарал болон хөх өнгө хосолсон гадна талтай, дотор тал нь цагаан цоохор өнгөтэй биеийн тамирын өмд, хар өнгийн олон тооны дөрвөлжин судалтай, саарал өнгийн эрэгтэй дотуур өмд, өгзөг болон урд хэсэгтээ хөх өнгийн оруулгатай Зи кван гэсэн бичигтэй гуятай дотоож, ногоон өнгийн үдээстэй, нэлэнхүйдээ хар өнгийн нэг хос гутал, нэг хос хуучин оймс, улаан хүрэн цамц, саарал өнгийн өмд саарал өнгийн цамц, цагаан өнгийн фудболка, хар оруулгатай саарал дотоож, саарал дотуур өмд, хар ногоон өнгийн малгай, судалтай хар алаг оймс, хар гутал 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г нь 10.000.000 төгрөгийг хохиролд нэхэмжилсэн боловч хэргийн 15-19 дүгээр хуудсанд 8.714.600 төгрөгний бичгийн баримтууд авагдсан, шүүгдэгчээс 1.000.000 төгрөгийг төлсөн байх тул хохирлоос хасч Иргэний хуульд зааснаар Э.Э оршуулгын зардал болох 7.714.600 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Гандуламд олгохоор тус тус шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Э 149 хоногийг эдлэх ялд оруулан тооцохыг дурдах нь зүйтэй байна.