Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 16

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, ерөнхий шүүгч Б.Баттөр, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 390 дугаартай шийдвэртэй,

“Ю” ХХК-ний нэхэмжлэлтэй, “Э” ХХК-нд холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр, алданги, өмгөөлөгчийн хөлс, нийт 113 004 940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.О-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

   Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн

                                                        төлөөлөгч             Г.Э,                         

   Хариуцагч байгууллагын төлөөлөгч                        Д.О,

   Нарийн бичгийн дарга                                              Т.Батсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч “Ю” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь “Э” ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 17/018 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу Худалдан авагч нь худалдан авсан барааны төлбөрийг 14 хоногийн дотор Худалдагч талын Хаан банкин дахь 5009754816 тоот төгрөгийн дансанд шилжүүлэх буюу худалдагчид бэлнээр төлөх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Бид хариуцагч компаниас удаа дараа төлбөр төлөхийг шаардсан боловч одоог хүртэл гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д зааснаар төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон алдангийг худалдагчид төлнө гэж зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 68 669 960 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги болох 34 334 980 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 10 000 000 төгрөг, нийт 113 004 940 төгрөг болж байна. Иймд "Э" ХХК-иас 113,004,940 төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Э” ХХК-ийн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын тос худалдах, худалдан авах гэрээг 2018 оны 6 сараас хийсэн. 758 000 000 төгрөгийн орлого оруулсан. Зун нэг хэсэг ажилгүй байснаас болоод алданги тооцсон. Одоо 68 000 000 төгрөгийн үлдэгдэл байгаа. Үлдэгдэлийг төлнө. Харин алданги болон өмгөөллийн хөлсийг төлөх дээр ярилцах хэрэгтэй байна. Одоо 30 гаруй тонн түлшний тооцоо байгаа. Тонноор биш нийт дүнгээр нэхэмжилсэн. Үлдэгдэл төлбөр л 68 000 000 төгрөг байгаа гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 390 дугаартай шийдвэрээр:

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Э” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 68 669 960 /жаран найман сая зургаан зуун жаран есөн мянга есөн зуун жар/ төгрөг, алданги 34 334 980 /гучин дөрвөн сая гурван зуун гучин дөрвөн мянга есөн зуун ная/ төгрөг, нийт 103 004 940 /зуун гурван сая дөрвөн мянга есөн зуун дөч/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ю” ХХК- д олгож, өмгөөллийн хөлс 10 000 000 /арван сая/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 723 000 /долоон зуун хорин гурван мянга/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “Э” ХХК-иас 672 975 /зургаан зуун далан хоёр мянга есөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

              Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.О давж заалдах гомдолдоо: "...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн шийдвэртээ шүүх хариуцагч С.Э-д хуралдааны тов мэдэгдсэн боловч хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар 100.3-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэв” гэжээ. Энэ хэрэгт С.Э гэх хариуцагч байхгүй хариуцагч миний нэрийг буруу бичсэн байдаг.             

               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн зарим заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасаар байтал түүнийг хүлээн авалгүй хурал хийсэн нь дээрхи хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т нэхэмжлэгч түүний төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх шийдвэрлэх эсвэл нэхэмжлэлийг буцаах зохицуулалт байсаар байтал санаачлагаараа маргааныг шийдэж хариуцагч миний эрх эрх зүйн байдлыг дордуулсан.             

              Манай компани нь “Ю” ХХК-ний томоохон хөрөнгө оруулагч /2019 онд нийт 785 000 000 төгрөгийн бүтээгдэхүүн худалдан авч 68 000 000 төгрөгийг төлөөгүй байсан/ тул тус компани удирдлагад зээлээр авсан шатахууны үнийн алданги дээр анхаарч эвлэрэх санал тавьснаар эвлэрэхээр урьдчилсан тохиролцоонд хүрсэн байсан боловч нэхэмжлэгч талын төлөөлөгч хуралд ирээгүйгээр тохиролцоо ажил хэрэг болоогүй манай байгууллагаас бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэсэн.             

              Иймд төлж чадаагүй газрын тосны бүтээгдэхүүний үнэ 68 670 000 төгрөгний алданги болох 34 333 980 төгрөгийг манай байгууллагын эдийн засгийн нөхцөл, хэргийн байдлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан эрхийнхээ хүрээнд багасгаж өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Ю” ХХК нь хариуцагч “Э” ХХК-нд холбогдуулан гэрээний үүргийн биелэлт, өмгөөллийн хөлс нийт 113.004.940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр зохигчид газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах тухай  17/018 дугаартай гэрээг байгуулжээ. /х.х.9 тал/

Нэхэмжлэгч “Ю” ХХК нь хариуцагч “Э” ХХК-ний дээр дурьдсан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул  гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д зааснаар гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 68.669.960 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 34.334.980 төгрөг, нийт 113.004.940 төгрөг гаргуулахаар нэхэмжлэжээ.

Хариуцагч “Э” ХХК нь үлдэгдэл төлбөр болох 68.669.940 төгрөгийг төлнө харин алданги, өмгөөллийн хөлсийг төлөх эсэх талаар нэхэмжлэгч нартай ярилцсан зүйл байгаа тул алданги болон өмгөөллийн хөлсийг төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зохих хуулийн зорицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байна.

Харин зохигчид давж заалдах шатны шүүх хуралдаан дээр эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, түүнийг нь хариуцагч хүлээн зөвшөөрч эвлэрсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 329.625 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй болно. гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Анхан шатны шүүх  шийдвэрийн “үндэслэх” хэсэгтээ хариуцагчийн нэрийг буруу бичсэн байгааг дурьдах нь зүйтэй.            

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:           

1. Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 390 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 329.625 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ё.БЯМБАЦЭРЭН

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР                                               

                                             ШҮҮГЧ                               М.ХҮРЭЛБААТАР