Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/1067

 

Л Ж-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Я.Мөнхзаяа,

хохирогч В.Д-ийн өмгөөлөгч Б.Бүрнээ,

шүүгдэгч Л.Ж-ийн өмгөөлөгч С.Алтанцэцэг,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЗ/2260 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Я.Мөнхзаяагийн бичсэн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 36 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгч Л.Ж-ийн өмгөөлөгч С.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Л.Ж-д холбогдох 2109 00444 0890 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Л.Ж, Бүгд Найрамдан Хятад Ард Улсын иргэн, 1974 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрсөн, 47 настай, эрэгтэй, Налайх дүүрэгт тоосгоны үйлдвэр ажиллуулдаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн дугаар: ... /;

Л.Ж нь 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод эхнэр В.Д-тэй хардалтын улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, түүний биед халдаж, гараараа цохих, сэгсрэх зэргээр зодож, тархи доргилт, баруун, зүүн чамархайн хуйх, баруун мөрний зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газар: Л.Ж-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас харахад шүүгдэгч Л.Ж нь хохирогч В.Д-г “...хүүхэдтэй нь уулзуулахгүй байх, бичиг баримтыг нь өгөхгүй байх, тээврийн хэрэгслийг нь буцаах олгохгүй байх...” зэргээр хууль зөрчсөн үйлдлүүд гаргадаг болох нь тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол тус зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлгээс харахад шүүгдэгч Л.Ж нь хохирогч В.Д-ийн эзэмшлийн хх-хх УБМ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч буюу хохирогч В.Д-ийн зохих зөвшөөрөлгүйгээр 2019 оны 7 дугаар сард авч яваад одоог хүртэл эргүүлэн өгөөгүй гэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд тухайн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг нарийвчлан тогтоох шаардлагатай. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн, Монгол Улсад хууль ёсны дагуу оршин сууж байгаа гадаад улсын иргэн хэн боловч өмчлөх эрхтэй гэж тунхагласан. Шүүгдэгч болон хохирогч нар нь гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүмүүс болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлон баримтуудаар тогтоогдож байх хэдий ч энэ нь нэг гэр бүл гэдэг агуулгаар тухайн гэр бүлийн гишүүний эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгийг өөрийн дураар захиран зарцуулах үндэслэл болохгүйг дурдвал зохино. Мөн хохирогч В.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор “...Манай нөхөр 2017, 2019 онуудад согтуу ирээд надтай маргалдаад, заазуур аваад миний хоолойд тулгаад “Ална” гэж заналхийлж байсан. Мөн миний хүүхдийг надтай огт уулзуулдаггүй бөгөөд би хүүтэйгээ дүрс дуудлага хийж яриад “Миний хүү ээж дээрээ ирэх үү” гэхээр “Аав мэднэ” гэдэг бөгөөд миний хүү гараа хамар дээрээ дараад “Чшш” гээд байдаг. энэ үед Л.Ж хажууд нь үгийг нь зааж өгөөд байдаг. Мөн миний нийгмийн даатгалын дэвтэр болон миний Монгол Улсад түр оршин суух үнэмлэхийг авчихаад өгөхгүй байгаа...” талаар мэдүүлсэн байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлд заасан заналхийлэх гэмт хэргийн шинжийг агуулж байгаа эсэхийг тодруулах шаардлагатай.” гэж дүгнэж, Л.Ж-д холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Л.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Ж-ийн өмгөөлөгч С.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тээврийн хэрэгсэл буюу хх-хх УБМ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын авто машиныг шүүгдэгч Л.Ж 2017 онд бусдаас 10 сая төгрөгөөр худалдан авч, тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь албан ёсоор шилжээгүй тээврийн хэрэгслээ худалдсан иргэн В.Л.Д гэдэг хүний өмчлөлд байгаа. Уг автомашин Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамж ... тоот шүүгдэгч Л.Ж, хохирогч В.Д нарын амьдардаг хашаанд байна. В.Д уг автомашиныг ашиглах боломжтой бөгөөд машинаа авах ямар нэг оролдлого хийгээгүй, уг хашаандаа хоёр жил гаруй очоогүй нь өөрөөс нь шалтгаалсан бөгөөд гэр бүлийн гишүүдийн хэн аль нь уг автомашиныг ашиглах эрхтэй. Л.Ж нь уг автомашиныг захиран зарцуулаагүй. Хохирогч В.Д нь “Хүүхдээ уулзуулахгүй байгаа” гэж мэдүүлсэн боловч хүүхэдтэйгээ уулзах талаар өөрөө санаачилга гаргаж очдоггүй. Хохирогч В.Д нь гэр бүлээс гадуур харилцаа тогтоож, гэр бүлийн таарамжгүй харилцаа үүсгэснээс гэр бүл дунд хэрүүл маргаан үүссэн. Хохирогчийн хууль бус үйлдэл хэрүүл, маргаан гарахад нөлөөлсөн. Хохирогч гэр бүлээс гадуур харилцаагаа нуухын тулд нөхөр Л.Ж-г болоогүй явдлыг болсон мэт худал ярьж, хэргийг хүндрүүлэхээр мэдүүлэг өгч байгаад гомдолтой байна. Нийгмийн даатгалын дэвтрийг мөрдөгчөөр дамжуулан В.Д-д өгсөн. Монгол Улсад түр оршин суух үнэмлэхээ 2017 онд В.Д өөрөө аваад явсан. Энэ бичиг баримт одоо Л.Ж-д байхгүй. Дээрх зөрчлүүд нь гэмт хэргийн шинжгүй, иргэд болон гэр бүлийн хоорондын зөрчил гэж үзэж байна. Шүүх яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх хуулийн заалтыг дагуу хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхийг хүсэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Я.Мөнхзаяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Монгол Улсад оршин суух гадаад улсын иргэн болох В.Д нь цагдаагийн байгууллагад 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр нөхөр болох Л.Ж-д зодуулсан талаар дуудлага, мэдээлэл өгсний дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2, 30.3 дугаар зүйлд заасны дагуу хүлээн авч, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч В.Д-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн №3251 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон. Энэхүү гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь В.Д болон Л.Ж нар гэр бүлийн гишүүд бөгөөд хардалтын улмаас маргалдаж, 2021 оны 5 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод Л.Ж нь В.Д-г зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул хуулийн дээрх зүйл, хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугийн асуудлыг шүүхээр хэлэлцүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчин, хэрэгт авагдсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийлгүй, зөвхөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өөр гэмт хэрэг үйлдэгдсэн талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, шалгуулаагүй, мөрдөн байцаалтын шатанд тогтоогдоогүй үйл баримтад дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, Л.Ж нь хохирогч В.Д-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан талаар хохирогч, яллагдагчийн хэн аль нь үгүйсгээгүй, энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, гэм буруугийн асуудлыг шүүх хэлэлцэх шийдвэрлэх боломжтой байсан атал шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тогтоогдсон гэх шүүгдэгч Л.Ж-ийн урьд хохирогч В.Д-ийн хөрөнгийг зөвшөөрөлгүй авсан, заналхийлсэн гэх гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэж, хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Хэрэв хохирогч В.Д-ийн мэдүүлж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7, 13.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэгдсэн гэх асуудлыг тэрээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагад гэмт хэргийн талаарх гомдлоо гаргаж, дээрх гэмт хэргийг үйлдсэн эсэхийг тусад нь шалгуулах боломжтой. Энэ үйлдлийг прокуророос орхигдуулсан, шалгаагүй гэж шүүх үзэж байгаа бол дээрх хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй болно. Нөгөөтэйгүүр хохирогч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7, 13.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй гэх асуудалд дурдагдсан цаг хугацаанаас хойш цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулаагүй атлаа 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нөхөр Л.Ж-д зодуулсан гэх гэмт хэргийг шалгах явцад мэдүүлж байгаа нь дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх боломжгүй, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол үүссэн байгаад шүүх дүгнэлт хийгээгүй. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч В.Д-ийн өмгөөлөгч Б.Бүрнээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдааы тухайн үед миний үйлчлүүлэгчийн нөхөр Л.Ж нь дарангуйлсан, дарамталсан, хүүхэдтэйгээ уулзуулахгүй нөхцөл байдалтай байсан. Шүүх хуралдаанаас хойш шүүгдэгч, хохирогч нар хоорондоо ярилцаж хүүхэдтэйгээ уулзаж байгаа. Мөн хохирогч В.Д-ийн ажлын хэрэгцээндээ ашигладаг тээврийн хэрэгслийг нь буцааж өгсөн. Шүүгдэгч Л.Ж-ийн эрх зүйн байдлыг дордуулах хүсэлгүй байгаагаа хохирогч В.Д дамжуулан хэлүүлсэн. Иймд шүүх хуулийн дагуу шийдвэрлэнэ үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Л.Ж-г “2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод эхнэр В.Д-тэй хардалтын улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, түүний биед халдаж, гараараа цохих, сэгсрэх зэргээр зодож, тархи доргилт, баруун, зүүн чамархайн хуйх, баруун мөрний зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуульд заасан бие даасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг нарийвчлан тогтоох шаардлагатай гэсэн үндэслэлийг зааж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь, анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоосон.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт өгч, талуудын мэтгэлцээнд үндэслэн шүүгдэгч Л.Ж-ийн 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод эхнэр В.Д-тэй хардалтын улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцэж байх тул шүүгдэгч Л.Ж-ийн “хохирогч В.Д-тэй хүүхдийг нь уулзуулахгүй байгаа, түүний бичиг баримт, тээврийн хэрэгслийг нь өгөхгүй байгаа” гэх үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгах шаардлагагүй байна.

Иймд, давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЗ/2260 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЗ/2260 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Л.Ж-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгч Л.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                             Ц. ОЧ