Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 159/ШШ2023/0044

 

                                                                                             

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                  Хэргийн индекс: 159/2023/0047/3

                                                                   

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн зөрчлийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Бурмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаар дүгнэлттэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч ******* холбогдох

Гомдлын шаардлага: “*******од холбогдох 2023 оны 04 дүгээр  сарын 13-ны өдрийн 0550279 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******, хариуцагч Сэлэнгэ аймгийн газрын харилцаа, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “...Сэлэнгэ аймгийн хяналтын прокурор ******* би, тус аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч ******* нь “иргэн ******* хуульд заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах хүсэлт гаргаагүй” зөрчилд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1 дэх заалтад зааснаар 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн ГА-19 дугаартай материалыг хяналаа.

           Хэрэгт цугларсан Үйлдсэн зөрчлөө сайн дураараа илчилсэн мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл,

            Холбогдогч *******ын “...2010 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд эзэмшиж байна. Банкны барьцаанд байсан болхоор мэдээгүй өнгөрсөн” гэх мэдүүлэг,

           Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэсэн акт,

           Иргэний газар эзэмших эрхийн 000040229 дугаартай гэрчилгээ зэрэг нотлох баримтаар иргэн *******од Аймгийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 408 тоот шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Их суварга-6 гудамжны ******* тоот хаягт худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар 408м кв газрыг 11 жилийн хугацаатай эзэмшүүлж, газар эзэмших эрх гэрчилгээ олгосон байна.

           Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-д “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд  байлгахыг,3.1.7-д  “газар эзэмших эрхийн гэрчилгээ”  гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг тус тус ойлгоно гэж заасан байна.

            Гэтэл иргэн *******ын газар эзэмших эрхийн захирамж бичиг баримтууд олдохгүй байсны улмаас Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах” гэж заасны дагуу хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй эс үйлдэхүйг Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1 дэх заалтад заасан “хуульд заасныг зөрчиж эрх бүхий байгуулагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” зөрчил үйлдсэн гэж үзэж үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан байна.

            Учир нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-д “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг:  3.1.8 “газар ашиглах эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүний газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг тус тус ойлгоно гэж зааснаас үзэхэд иргэн *******ын газар эзэмших эрхийн хугацаа дууссан буюу газар эзэмших эрх дуусгавар болсон байхад газар эзэмшсэн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасныг зөрчиж “хуульд заасныг зөрчиж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” зөрчил үйлдсэн гэж үзэж шийтгэл оногдуулсан байна.

           Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “зөрчлийн шинжгүй” зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдолд  хялбашуулсан журмаар шийтгэл оногдуулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч *******гийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1 дэх заалтад зааснаар иргэн *******од 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдэрлэсэн 0550279 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив” гэв.

            Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Үүнд Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч ******* би 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар сумын 2-р багийн 1-р хэсгийн ******* тотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Цогтоо овогтой Ганболд нь эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зааснаар “хуульд заасныг зөрчиж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” гэх зөрчил үйлдсэн гэж үзэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 дах хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.

            Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д “...Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах ...” /газар эзэмшигчийн эрхтэй/, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д “... Аймаг нийслэлийн сум дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймгийн газрын алба бүртгэнэ...”, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаалын хавсралт “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 5.6-д иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан хүсэлтийг цахимаар дараах харьяаллын дагуу хүлээн авах бөгөөд журмын 5.6.3-д аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газруудад газар эзэмших, ашиглах болон аймгийн газрын алба, 5.6.4-д энэхүү журмын 5.6.3-д зааснаас бусад газарт газар эзэмших, ашиглах бол сумын газрын даамал гэж тус тус заасан.

            Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “газар ашиглах эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруудлалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн харьяалалгүй хүний газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг, мөн хуулийн “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг тус тус ойлгоно гэж зааснаас үзэхэд иргэн *******ын газар эзэмших эрхийн хугацаа дууссан буюу газар эзэмших эрх дуусгавар болсон байхад газар эзэмшсэн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж хуульд заасныг зөрчиж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчил үйлдсэн гэж үзэж шийтгэл оногдуулсан байна гэсэн тухайд:

            Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “... Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр  зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ...”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “... хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно...” гэж заасан бөгөөд *******ын эзэмших эрхийн хугацаа дуусаад газрыг ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зааснаар “хуульд заасныг зөрчиж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэх зөрчил.

            Зөрчлийн тухай хуулийн 8.1-ийн 10.1-д “... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан...” гэх нэр томъёо байдаг ба “... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн ...” гэж байдаггүй.

            Иргэн аж ахуй нэгж, байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар дээр байшин, барилга барих, газар хагалж тариа ногоо тарих, өвөлжөө хашаа барих болон өөр чиглэлээр зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоох, зөрчлийг арилгахын тулд Зөрчлийн тухай хуулийн 8.1-ийн 10.1 дэх хэсгийг үндэслэл болгон хэрэглэдэг.

            Иймд зөрчил шалгаж шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн, шийтгэл оногдуулах нөхцөл байдлыг тогтоосон байх тул 0550279 дугаартай шийтгэлийн хуудсаар 500 нэгжээр торгосон нь хууль зүйн үндэслэлтэй байх тул “Эрх бүхий байгууллагын шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай”  2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гаргасан 37 дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* дүгнэлтийг хангаж, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч *******гийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 0550279 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч нь иргэн ******* нь эзэмших эрхийн  хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй, зөвшөөрөлгүй газар ашигласан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн  10.1-д “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” гэж заасныг үндэслэл болгон 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 0550279 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн *******од таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Газрын тухай хууийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-д “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд  байлгахыг,

3.1.7-д  “газар эзэмших эрхийн гэрчилгээ”  гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг тус тус ойлгоно гэж тус тус заажээ.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын  2010 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай 408 дугаартай захирамжын 2 дугаар хавсралтын 26-д Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Их Суваргын-6 ******* хашааны дугаартай 408м кв газрыг 11 жилийн хугацаатай Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж гэрээ байгуулан гэрчилгээ олгосон байна.

*******од эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр эзэмшүүлсэн газрын 11 жилийн хугацаа 2021 оны 12 сарын 13-ны өдөр дуусгавар болжээ.

Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэж заасныг зөрчиж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчил үйлдсэн гэж үзэж шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

 

Иймд иргэн *******ыг Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-т заасныг зөрчсөн гэж үзэж, шийтгэл оногдуулахдаа зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй нь дээр дурдсан холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байх тул прокурорын дүгнэлтийг хангаж, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 , 3.1.7, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д заасныг тус тус баримтлан прокурорын дүгнэлтийг хангаж, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч *******гийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 0550279 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу прокурор, хариуцагч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.БУРМАА