Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/1068

 

О.А, А.С,  Э.Т нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Батбямба,

шүүгдэгч Э.Т, цагаатгагдсан этгээд О.А нарын өмгөөлөгч Б.Балжидмаа,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/576 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Батбямбын бичсэн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 65 дугаартай эсэргүүцэлд үндэслэн О.А-, А.С, Э.Т- холбогдох 2102 00187 0198 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

С овгийн О-ын А-, 1994 оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, “Ф” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газарт харилцагчийн менежер ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/230 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж байсан;

Б овгийн А-ын С, 1995 оны ... дүгээр сарын ...-ний өдөр Ховд аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй,  “Д” ХХК-д гадаад харилцааны менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт  Ховд аймгийн ... сумын ... дүгээр баг, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ... /;

У овгийн Э-ын Т-, 1994 оны ... дугаар сарын ...-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад харилцааны менежер мэргэжилтэй, “К” ХХК-д үйл ажиллагааны менежер ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Дундговь аймгийн ... сумын ... дугаар баг, ... хорооны ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны ... хорооллын ... дугаар байрны ... тоотод оршин суух, /РД: ... /;

А.С нь Э.Т-т захиалга өгч, санаатай нэгдэн бүлэглэж 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралт “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан 5155,4 грамм мөнгөн усыг /Hg/ хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн гэмт үйлдэлд хатгагчаар оролцсон,

Э.Т- нь А.Сын захиалгаар, санаатай нэгдэн бүлэглэж 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралт “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан 5155,4 грамм мөнгөн усыг /Hg/ хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн,

мөн О.А-тай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн дээрх бодисыг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Нийслэлийн нутаг дэвсгэрт “BMW-325” загварын ХХ-ХХ УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хууль бусаар тээвэрлэж, хадгалсан гэмт үйлдлийг үргэлжилсэн үйлдлээр зохион байгуулсан,

О.А- нь Э.Т-тэй үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Нийслэлийн нутаг дэвсгэрт “BMW-325” загварын ХХ-ХХ УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралт “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан 5155,4 грамм мөнгөн усыг /Hg/ хууль бусаар тээвэрлэсэн, хадгалсан гэмт үйлдэлд үргэлжилсэн үйлдлээр гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газар: А.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар,

Э.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

О.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч С овогт О-ын А-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч У овогт Э-ын Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн, хадгалсан гэмт хэрэгт гүйцэтгэгч, хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт А-ын Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Э.Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч А.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгийн торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин Т- болсон үеэс 1 жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Онцгой байдлын Ерөнхий газрын Гамшиг судлалын хүрээлэнд хадгалж байгаа 10 ширхэг хуванцар савтай, тус бүр 13,54 нягт, г/мл, нийт 5154,4 грамм бохир жинтэй мөнгөн ус /Mercury/-г зохих журмын дагуу хэрэгцээний байгууллагад шилжүүлэхийг Онцгой байдлын Ерөнхий газарт даалгаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин Т- болмогц шүүгдэгч О.А-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин Т- болтол шүүгдэгч Э.Т-, А.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Батбямба бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн байцаалтын явцад О.А- нь Э.Т-тэй үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Нийслэлийн нутаг дэвсгэрт “ВМW-325” загварын ХХ-ХХ УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралт “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан 5155,4 грамм мөнгөн усыг /Нg/ хууль бусаар тээвэрлэсэн, хадгалсан гэмт үйлдэлд үргэлжилсэн үйлдлээр гүйцэтгэгчээр оролцсон үйл баримт нь хавтас хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн нотлох баримтаар хангалттай тогтоогдсон байтал анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарыг зөрчсөн хууль зүйн дүгнэлтийг хийсэн нь Шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” зарчмыг ноцтой зөрчсөн байна.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд заасан журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд харилцан хамаарал бүхий ач холбогдолтой Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт ХХ-ХХ УНЧ улсын дугаартай “ВМW-325” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 9-14/,

Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа Гамшиг судлалын хүрээлэнгийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 12/71 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүдийн физик, химийн шинж чанар, нягтыг үндэслэн мөнгөн ус гэх бодис болохыг тодорхойллоо. Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт болох “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д орсон химийн бодис юм. Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралт “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамааруулсан бодисын жагсаалт”-д мөнгөн ус багтсан байна...” гэсэн дүгнэлт /1хх 114-115/,

гэрч Б.Б-ийн “...Тухайн тээврийн хэрэгслийн арын тээшийг шалгах зорилгоор очоод жолоочид нь албаны үнэмлэхээ үзүүлэн өөрсдийгөө танилцуулаад тухайн авто машины тээш хэсгийг шалгахад цаасан хайрцагтай, шилэн бортоготой 10 ширхэг мөнгөлөг өнгийн зүйлс байсныг нь шалгаад “Энэ юу вэ” гэсэн чинь “Эмийн зориулалттай юм шиг эд байна лээ. Манай ах “Хүнд хүргээд өг” гэж явуулсан юм” гэхээр нь Экологийн цагдаагийн албаны алба хаагч нарт мэдэгдэн хүлээлгэн өгөөд, надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан мөрдөгч Э.А илтгэх хуудас бичиж өгөөд явцгаасан...” /1хх 99/,

гэрч Ч.М-ын “...2021 оны 3 дугаар сарын 30-31-ний үед “Ахаа уулзъя” гэхээр нь би Тэнгис кино театрын тэнд уулзахад Ганаа нэг залуутай ирээд хамт ирсэн залуу нь “Тэр мөнгөн усыг чинь үзье” гэхээр нь А.С руу яриад “Нөгөө мөнгөн ус зарна гэсэн хүнээ над руу явуулчих” гэсэн чинь “ВМW-325” загварын машинтай 2 залуу ирээд үлэг гүрвэлийн музейн ард уулзалдаад, би тэр мөнгөн усыг нэг харчихаад Ганааг дагуулаад яваад өгсөн...” /1хх 103/,

гэрч Д.Г-ын “...Тэгээд бид үнэн худлыг нь мэдээд хүнээс асууж өгье гэж бодоод Ч.М-д уулзъя гэж хэлээд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, үлэг гүрвэлтэй музейн хойд талд хар өнгийн машин дээр очоод уулзаж, шилэн савтай мөнгөн усыг нь харчихаад “Эргээд ярья” гээд явсан. ...” /1хх 106/,

гэрч Д.Г-ын: “...Гошка бид хоёр Ч.М-ын жолоодон явж байсан “Альфард” загварын машин дотор сууж байхад Ч.М тэр 2 залуутай уулзаад нэг мөнгөн ус гэх зүйлийг машин дотроо оруулж ирээд бид хоёрт үзүүлсэн юм. ...” /2хх 76/,

гэрч Н.И-ийн “...О.А- тэр цагаан өнгийн “Тоёота Альфард” загварын автомашины жолоочтой бид нарын машины ард очоод тээш онгойлгоод дотроос нь нэг юм аваад тэр цагаан өнгийн машин руу орсон. Удалгүй машинаасаа гарч ирээд манай машины тээшинд авсан юмаа буцааж хийгээд тэр машин хөдөлсөн. ...” /2хх 70-71/,

яллагдагч А.Сын “...Ч.М “Нөгөө хүнтэйгээ холбоод өг үзэх хүн байна” гэхээр нь Э.Т-т хэлсэн чинь Т- “Би амжихгүй байна. А-ын дугаарыг өгчих” гэхээр нь би Ч.М-д О.А-ын дугаарыг өгчихсөн юм. Тэгээд тэд хоорондоо холбогдсон байсан. Энэ үйл ажиллагаанд хооронд нь холбосон үйлдэл хийсэн...” мэдүүлэг /2хх 55/ зэрэг нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр О.А-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан байна.

шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүгдэгч О.А-ыг Э.Т-тэй үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Нийслэлийн нутаг дэвсгэрт “ВМW-325” загварын ХХ-ХХ УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хууль бусаар тээвэрлэж, хадгалсан гэмт үйлдлийг үргэлжилсэн үйлдлээр гүйцэтгэгчээр оролцсон гэх үйлдэл нь гадна илрэх байдлаараа химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг агуулж буй ч Э.Т-тэй санаатай нэгдэж бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй, энэ хэрэгт шууд хамааралтай, холбоотой гэдгийг бүрэн гүйцэд нотолж чадаагүй” гэсэн.

Гэтэл шүүгдэгч Э.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын хилээр химийн хорт, аюултай бодисыг нэвтрүүлсэн, хадгалсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр, хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үндэслэлгүй, эргэлзээ бүхий дүгнэлт хийсэн байна.

Учир нь Э.Т- химийн хорт, аюултай бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн үйлдэл хийсэн, харин ганцаараа хадгалсан, тээвэрлэсэн үйлдлийг хийгээгүй, харин О.А-тай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн хадгалсан, тээвэрлэсэн гэмт үйлдэл нь хэрэгт бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон.

Шүүх шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтад шүүгдэгч Э.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн, хадгалсан гэмт хэрэгт гүйцэтгэгч, хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцжээ.

Шүүгдэгч Э.Т-ийг химийн хорт, аюултай бодисыг хадгалсан үйлдэлд гүйцэтгэгч, хатгагчаар хамтран оролцсон гэж гэмт буруутайд тооцсон атал гэмт үйлдэлд хамтран оролцогч О.А-ад холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Э.Т-ийг химийн хорт, аюултай бодис хадгалсан үйлдэлд гүйцэтгэгч, хатгагчаар “хэнтэй, хаана хадгалж” хамтран оролцсон нь тодорхойгүй буюу бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийжээ.

Шүүх гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч нарын мэдүүлэгт үндэслэн О.А-ад холбогдох 35 хоногийн турш өөрийн тээврийн хэрэгсэлд химийн хорт, аюултай бодис хадгалсан, тээвэрлэсэн, бусдад үзүүлсэн зэрэг үйлдэлд дүгнэлт хийлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсгийг тус тус зөрчиж, эх сурвалж нь тодорхой, хавтаст хэрэгт авагдсан, оролцогч нарт танилцуулагдсан баримтыг нотлох баримтаар шүүх үнэлээгүй.

Шүүхээс шүүгдэгч Э.Т-ийн химийн хорт аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, хадгалсан, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ял оногдуулсан түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын шинж чанарт бодит дүгнэлт хийгээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Т-, цагаатгагдсан этгээд О.А- нарын өмгөөлөгч Б.Балжидмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт О.А- нь мөнгөн ус байсан талаар мэдээгүй талаараа мэдүүлсэн. 35 хоног хадгалсан гэсэн зүйл яригддаг. 35 хоног хадгалахдаа О.А- нь Э.Т-ийн заавраар явсан. Карго очиж аваад 35 хоног автомашиндаа хадгалсан. Үүнийгээ авах ёстой хүнд нь хүргэж өгсөн. ...Зөвхөн мөнгөн усыг хадгалж байсан гэх хийсвэр сэтгэлгээнд тулгуурласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодиттойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж заасан. Мөн хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн гэм буруутай нь хангалттай тогтоогдохгүй байгаа учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар О.А-, А.С, Э.Т- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэх дараах нөхцөл байдал тогтоогдлоо.

Прокуророос А.Сыг бусдад захиалга өгч, санаатай нэгдэн бүлэглэж, химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн гэмт үйлдэлд хатгагчаар оролцсон, Э.Т-ийг бусдын захиалгаар, санаатай нэгдэн бүлэглэж, химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, мөн бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн тус бодисыг хууль бусаар тээвэрлэж, хадгалсан гэмт үйлдлийг үргэлжилсэн үйлдлээр зохион байгуулсан, О.А-ыг бусадтай санаатай нэгдэн бүлэглэж, химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар тээвэрлэсэн, хадгалсан гэмт үйлдэлд үргэлжилсэн үйлдлээр гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэрэгт буруутгаж, А.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар, Э.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, О.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн, хадгалсан гэмт хэрэгт гүйцэтгэгч, хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч А.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт зааснаар 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

О.А-ын үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь үндэслэлгүй болжээ.

Шүүх, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ гэрч Б.Б /1хх 99/, гэрч Ч.М /1хх 103/, гэрч Д.Г /1хх 106, 2хх 76/, гэрч Н.И /2хх 70-71/, шүүгдэгч А.С /2хх 55/, шүүгдэгч Э.Т- /2хх 66/, цагаатгагдсан этгээд О.А- /2хх 43-44/, гэрч Э.Э /1хх 50/, гэрч Б.А /1хх 87-88/-ын мэдүүлгүүд, Гамшиг судлалын хүрээлэнгийн дүгнэлт /1хх 114-115/ зэрэг нотлох баримтуудыг үнэлсэн талаар дурдсан байх бөгөөд О.А-ын холбогдсон гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хангалттай нотлон тогтоогдоогүй нь гэмт хэргийн шинжийг шалгах, нотлох, үгүйсгэх, түүнтэй холбоотой дүгнэлт хийх ажиллагаа хийх шаардлагагүй нөхцөлд хүрсэн гэж дүгнэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байна.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болох:

гэрч Б.Б-ийн мэдүүлэг /1хх 99/, гэрч Ч.М-ын “...Ганаа нэг залуутай ирээд хамт ирсэн залуу нь “Тэр мөнгөн усыг чинь үзье” гэхээр нь С руу яриад “Нөгөө мөнгөн ус зарна гэсэн хүнээ над руу явуулчих” гэсэн чинь машинтай хоёр залуу ирж уулзаад би тэр мөнгөн усыг нэг харчихаад Ганааг дагуулаад яваад өгсөн. ...” /1хх 103/,

гэрч Д.Г-ын: “...Гошка бид хоёр Ч.М-ын жолоодон явж байсан машинд сууж байхад Ч.М тэр хоёр залуутай уулзаад нэг мөнгөн ус гэх зүйлийг машин дотор оруулж ирээд, бид хоёрт үзүүлсэн. ...” /2хх 76/,

гэрч Н.И-ийн“...О.А- тэр цагаан өнгийн “Тоёота Альфард” загварын автомашины жолоочтой бид нарын машины ард очоод, тээш онгойлгоод дотроос нь нэг юм аваад тэр машин руу орсон. Удалгүй машинаас бууж ирээд манай машины тээшинд авсан юм аа буцааж хийсэн. ...” /2хх 70-71/,

шүүгдэгч А.Сын: “...Би Ч.М-д О.А-ын дугаарыг өгсөн. Тэгээд тэд хоорондоо холбогдсон байсан. ...” /2хх 55/ гэсэн мэдүүлгүүд,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1хх 9-14/ зэрэг хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг шүүх бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлж, үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх, эсхүл шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэх талаар шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтуудад заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” буюу анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэх үндэслэлд хамаарна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг хуульчилсан бөгөөд гэмт хэргийн зарим хамтран оролцогчдод ял оногдуулах журмыг хамтад нь хуульчилсан.

Гэмт хэргийн хатгагчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлд тодорхойлсон бөгөөд түүний хатгаснаар үйлдсэн буюу хүсэл зоригийг гардан хэрэгжүүлсэн гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй ялыг гэмт хэргийн хатгагчид оногдуулахаар тус зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.

Гэтэл, анхан шатны шүүх шүүгдэгч А.Сыг химийн хорт, аюултай бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Т-ийг химийн хорт, аюултай бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн, хадгалсан гэмт хэрэгт гүйцэтгэгч, хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дээрх хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэж, гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулсан ялаас бага хэмжээний ялыг гэмт хэргийн хатгагчид оногдуулсан буюу шүүгдэгч А.Ст 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, шүүгдэгч Э.Т-т 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсэн нь буруу болжээ.

Иймд, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн прокурор Ц.Батбямбын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 65 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/576 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.А-, А.С, Э.Т- нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/576 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.А-, А.С, Э.Т- нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
  2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл О.А-, А.С, Э.Т- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
  1. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ