Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/38

 

“РМС” ХХК, Э.О

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай   

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Солонго,

шүүгдэгч РМС ХХК-ийн өмгөөлөгч Д.Наранбулаг,

шүүгдэгч Э.О-ийн өмгөөлөгч Т.Урангэрэл,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЗ/1395 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч РМС ХХК-ийн өмгөөлөгч Д.Наранбулагийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн РМС ХХК, Э.О нарт холбогдох 2002 00026 0578 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

“РМС” ХХКомпани, Монгол Улсад бүртгэлтэй, Эрүүл мэндийн яамны ЭХ/хх/хх/хххх дугаартай эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөөр үргүйдэл, үр шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний үйл ажиллагааны чиглэлтэй, Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... гудамж ... хаягтай, ... хувийн хэргийн дугаартай, /РД: ... /;

А овгийн Э-ы О, 1982 оны ... дугаар сарын ...-ны өдөр Булган аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Эмгэг судлалын тэнхимд эмгэг үйл судлалын багш, “РМС” үр шилжүүлэн суулгах төвд хүний их эмч ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... хотхоны ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Э.О нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг  дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “РМС” ХХК-д үр шилжүүлэн суулгах тусгай мэргэжлийн төвийн их эмчээр ажиллаж байхдаа өөрийн ажиллаж буй “РМС” компанийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө 2018 оны 5 дугаар сараас 2019 оныг дуустал хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй “Прогенова”, “Фемостон 2/10” нэртэй, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлтэй Волтарен, Волтарен рапид, ГонелФ300, Джес 3мг, Дюфастон 10мг, Крайнон, Клион Д, Кломифен цитрат, Овитрел 250, Перговис 150/75, Регулон, Фемара 2,5мг, Цетротид 25 мцг зэрэг 370.963.905 төгрөгийн эмийг худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан,

“РМС” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд буюу тус компанийн үр шилжүүлэн суулгах тусгай мэргэжлийн төвийн их эмчээр ажилладаг Э.О нь өөрийн ажиллаж буй “РМС” компанийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө 2018 оны 5 дугаар сараас 2019 оныг дуустал хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй “Прогенова”, “Фемостон 2/10” нэртэй, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлтэй Волтарен, Волтарен рапид, ГонелФ300, Джес 3мг, Дюфастон 10мг, Крайнон, Клион Д, Кломифен цитрат, Овитрел 250, Перговис 150/75, Регулон, Фемара 2,5мг, Цетротид 25 мцг зэрэг 370.963.905 төгрөгийн эмийг худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газар: Э.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, РМС ХХК-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

  1. “РМСентр” ХХК-д холбогдох хэрэгт санхүү, эдийн засгийн шинжилгээ хийх үндэслэлийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулахаар хуульчилжээ. Мөн хуулийн ерөнхий ангийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна гэж тус тус заасан.

...Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж буюу гэмт хэрэг үйлдэж хууль бусаар ашиг олсон эсэхийг буюу ямар хэмжээний ашиг олсныг тогтоох шаардлагатай. Хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлахад дурдсан эмийн бүтээгдэхүүнийг эм ханган нийлүүлэгчээс худалдан авсан болох нь тогтоогджээ. Мөн тухайн хуулийн этгээдийн үйлчилгээний хөлс нь эмийн үнийг багтаасан багц үнэ, эсхүл эмийг үнэ нэмж зарж ашиг олсон байдал, үйл ажиллагааны орлого, ямар хэмжээний ашиг олсныг тухайлан тодорхойлж, нотлох шаардлага бий болж байна. Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад гэрч Т.А-ийн “...Манай “ИША” эмийн сан нь “РМС” үр шилжүүлэн суулгах төвд 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын өдрийн хооронд 13 удаагийн үйлдлээр “Фемистон 2/10” гэх эмийн 316 хайрцаг буву 8848 ширхгийг нийт 20.566.000 төгрөгөөр худалдсан. ...” /6хх 149-151/,

мөрдөгчийн магадлагаа: “...Дээрх эм тариануудыг 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн худалдан борлуулсан байна. ...Дээрх борлуулсан бараа үйлчилгээний орлогыг бэлнээр 1.835.000 төгрөг, карт болон харилцах дансаар 6.781.000 төгрөг хүлээн авсан байна. ...2018 оны 7 дугаар сарын 30-аас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ...нийт 362.668.705 төгрөгөөр борлуулсан байна. ...” /5хх 144-146/,

мөрдөгчийн магадлагаа: “...2018 онд Прогенова, Фемостон 2/10 эмүүдийг нийт 17.885.0 ширхэг, 38.771.722.1 төгрөгөөр худалдан борлуулсан гэж зарлагадсан боловч поссоор уншигдаж борлуулсан Прогенова, Фемостон 2/10 эмүүд нийт 6.286.0 ширхэг, 16.014.900.0 төгрөг байна. ...2018 оны 4 дүгээр сарын 10-аас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 94 төрлийн эмчилгээ, шинжилгээ, эм тариа, эхо үзлэг гэх мэт 3.440.768.801.0 төгрөгийн үйлчилгээний орлого олсон байна. ...” /1хх 95-99/

программд үзлэг хийсэн тэмдэглэл: “...программын борлуулалт гэсэн цэс рүү ороход өдөр бүрийн орлогын мэдээлэл байв. Орлого нь нийт багцлагдсан дүнгээрээ байв. ...” /4хх 106-107/ зэрэг баримтуудаар тухайн нэр бүхий эмүүдийг худалдан авч бусдад борлуулсан гэдэг үйлдэлд буруутгасан. Эндээс худалдан авсан үнийн дүн болон бусдад борлуулсны дараа гарч буй ашгийг ялгаж тогтоох шаардлага үүсэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжилгээ хийлгэхээр шинжээч томилно.” гэж, 4 дэх хэсэгт “Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа энэ хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална.” гэж заасан. Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд “РМС” ХХК нь хэдий хэмжээний ашиг олсон, үүнээс зохих зөвшөөрөлгүйгээр эм худалдах, түгээх үйл ажиллагааг явуулж олсон буюу гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг тодорхойлох шаардлагатай байна. Прокурор хуулийн этгээдийг яллахдаа мөрдөгчийн магадлагаанд тулгуурласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, нотолбол зохих байдлыг хуульд заасан журмын дагуу нотолж, нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна. Иймд санхүүгийн шинжээч томилж дүгнэлт гаргуулах ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай.

  1. Шүүгдэгч Э.О нь хуулийн этгээдийг төлөөлж эрүүгийн хариуцлага хүлээх этгээд мөн эсэх:

Эрүүгийн хууль нь хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулах түүнийг төлөөлөн шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтныг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй, эрүүгийн хариуцлагыг хүн болон хуулийн этгээдэд давхар оногдуулах зарчим, зохицуулалтыг агуулсан байна. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасан. Шүүгдэгч Э.О-д олгосон итгэмжлэл нь түүнийг компанийн нэрийн өмнөөс явуулсан үйл ажиллагаанд эрүүгийн хариуцлага хүлээх этгээд болохыг нотолсон баримт болохгүй бөгөөд хэрэв компанийн өмнөөс гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулсан үйлдэлд буруутгах тохиолдолд түүнийг нотлох ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай. Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалт нь хүнд давхар хариуцлага хүлээлгэх, хуулийн этгээдийг ашиглаж явуулсан гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаанд хүний оролцсон оролцоог тогтоох, түүнийг нотолсон байх нь Эрүүгийн хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх үндэслэл болно.  

Шүүгдэгч Э.О нь “РМС” ХХК үр шилжүүлэн суулгах төвийн их эмч, түүнд хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч, энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, эсхүл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэхийг тогтоогоогүй, энэ талаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт хэргийг буцаасан шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1503 тоот захирамжийн биелэлт бүрэн хангагдаагүй байна.

Шүүгдэгч Э.О-г хуулийн этгээдийн ашиг сонирхлын үүднээс гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж буй тохиолдолд бусад эмч нарын үйлдлийг шалгаагүй, эм борлуулсан гэх орлогыг Э.О-ийн бус байгууллагын дансаар авсан, энэ үйлдлийг ганц Э.О хэрэгжүүлээгүй, эмчилгээ хийсэн өөр эмч нар байсан байхад зөвхөн түүнийг хуулийн этгээдийг төлөөлүүлж яллагдагчаар татсан, мөн Э.О нь ийнхүү хуулийн этгээдийн нэрийн өмнөөс зөвшөөрөлгүй эмийн бүтээгдэхүүн борлуулж өөртөө ашиг олсон буюу нэмэгдэл цалин хөлс, урамшуулал, эсхүл компанийн ашигаас ногдол ашиг авсан эсэх талаар яллах дүгнэлтэд дурдаагүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүй байна.

  1. “РМС” үр шилжүүлэн суулгах төвийн үйл ажиллагаа нь гэмт хэргийн шинжтэй эсэх талаар

Мөрдөгчийн магадлагаа, гэрчүүдийн мэдүүлэг зэрэгтэй танилцахад “РМС” үр шилжүүлэн суулгах төв нь эмийн сангийн тусгай зөвшөөрөлгүй, эм худалдан борлуулах эрхгүй этгээд гэх боловч оролцогч нарын тайлбар зэрэгтэй танилцахад тус төвийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхдээ эмийн эмчилгээг хийх эрхтэй эсэх, үйлчлүүлэгч нар нь багцын хэлбэрээр буюу үзлэг, шинжилгээ, оношилгоо, аливаа төрлийн эмчилгээ, сувилгаа, үйлчилгээг авч байгаа тохиолдолд тухайн эмнэлгээс өвчтөнд тохирох төрлийн эмийг олгож буй нь эмийг худалдан борлуулсан, эмийн сангийн үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй эрхэлсэн гэж үзэх үндэслэл болох эсэх талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулах шаардлагатай талаар 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1503 дугаар захирамжийн биелэлт хангагдаагүй байна. Тодруулбал яллах дүгнэлтэд 2018 оны 5 дугаар сараас 2019 оныг дуустал хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Монгол Улсын эмийн санд бүртгэлгүй “Прогенова”, “Фемостон 2/10” нэртэй, Монгол Улсын эмийн санд бүртгэлтэй Волтарен, Волтарен рапид, ГонелФ300, Джес 3мг, Дюфастон, Крайнон, Клион Д, Цетротид 25 мцг зэрэг 370.963.705 төгрөгийн эмийг худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан гэж буруутгасан боловч үүнээс хойш “РМС” ХХК-ийн үйл ажиллагаанд буюу эмчилгээнд дээрх эмийг хэрэглэж байгаа эсэх, холбогдох зөвшөөрөл авсан эсэхийг шалгаж тодруулаагүй. Гэрч Д.Б “...“РМС” үр шилжүүлэн суулгах төв нь эмийн сангийн зөвшөөрөл байхгүй. Одоогоор дээрх зөвшөөрлийг гаргуулан авахаар холбогдох төрийн байгууллагад хандаад явж байгаа” /7хх 43-44/ гэж мэдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, “РМС” үр шилжүүлэн суулгах төвийн үйл ажиллагаанд буюу эмчилгээний арга зэрэгт өөрчлөлт орсон, эмийн худалдаа эрхлэх зөвшөөрөл авсан эсэх асуудлыг тодруулаагүй, дээрх эмээр үйлчилж буй нь хэвээр байсаар байхад аль хугацаан дахь үйлдлийг гэмт хэрэгт тооцож, алийг нь тооцохгүй байгаа нь эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна.

Хэрэгт авагдсан гэрч Б.У-ийн “...Үйлчлүүлэгч манайхаас эм худалдаж авдаггүй. Зөвхөн хүссэн үр дүндээ хүрэн үйл явцад шаардлагатай эмийг эмчийн зөвлөснөөр ууж хэрэглэдэг. Энэ нь манай үйлчилгээний доторх нэгэн хэлбэр юм...” /4хх 124/, гэрч Б.Н-ын “...Тусгай мэргэжлийн төв нь эмийн сантай нөхцөлд иргэдэд эм, тариагаар үйлчилж болно. Хэрэв эмийн сангийн тусгай зөвшөөрөлгүй бол тусгай мэргэжлийн төв нь үйлчлүүлэгч нартаа эм тариагаар үйлчилж болохгүй. ...” /1хх 89-91/, гэрч М.Б-ийн “...Хуулиар зөвхөн эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эмийн сан л эм худалдан борлуулах ёстой. ...” /1хх 85-86/, гэрч Д.Б-ын “...Эмнэлэг нь өөрөө хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгч нарт эм олгож байгаа бол тусгай зөвшөөрөл шаардагдахгүй. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн дотоод эмийн сан гэсэн үг юм. ...Өрөө, тасалгаа, тоног төхөөрөмжөөр хангагдсан байвал эмийн сангийн үйл ажиллагаа явуулах эрхгүй юм. ...” /1хх 80-82/ гэсэн мэдүүлгүүдтэй танилцахад эмийг худалдан борлуулах болон эмчилгээний арга хэлбэрээр эмчийн хяналт дор ууж хэрэглүүлэх ,эмчилгээ, үйлчилгээний багц байдлаар хэрэглэх зэрэг нь ялгаатай бөгөөд аль аль нь “РМС” үр шилжүүлэн суулгах төвийн үйл ажиллагаанд хориглогдсон эсэхийг тогтоох нь зүйтэй. “РМС” ХХК нь тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна. Тус төвд тусгай зөвшөөрөл олгохдоо тухайн эмийг эмчийн хяналт дор ууж хэрэглүүлэх аргыг шалгаж, зөвшөөрөл олгосон эсэх, ийнхүү олгосон бол одоо тухайн үйлдлийг гэмт хэрэгт тооцож буй үндэслэл зэргийг тодруулан шалгаж мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд тогтоож, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай үндэслэлээр “РМС ХХК” гэх оноосон нэр бүхий хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Э.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч РМС ХХК-ийн өмгөөлөгч Д.Наранбулаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан. Өмнө нь энэ хэрэг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж уг шүүх хуралдаанаар одоо дурдагдаж буй асуудлыг шалгуулахаар хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Хавтас хэрэгт “РМС” ХХК-ийн бүртгэлийн гэрчилгээ, гэрээ, дүрэм бүрэн авагдсан. Прокурор яллах дүгнэлтээ Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар үйлдсэн. Шүүх хэргийг хавтас хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байсан. “РМС” ХХК-ийн үр шилжүүлэн суулгах төвийн үйл ажиллагаа нь гэмт хэргийн шинжтэй эсэх талаар тодруулах гэж хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Хууль бусаар эм, түүний түүхий эд хангамжийн үйл ажиллагааг эрхэлж байгаа байгууллага бусдад худалдсан гэх заалт нь эм эмнэлгийн хангамжийн байгууллагад хамаарах заалт юм. Манайх хангамжийн байгууллагаас авсан эмээр эмийн үйлчилгээ явуулсан нь үнэн гэдэг тайлбар өгдөг. Эм хэрэглээгүй гэж маргадаггүй. Эм хангамжийн байгууллага нь тухайн эмийг хаанаас хэрхэн оруулж ирсэн бэ гэдгийг мэдэхгүй. “ИШ” ХХК-иас худалдаж авсан. Манай компанийг эм худалдах эрхтэй байсныг шалгуулахаар мөрдөн байцаалтад буцаасан. Манайх эм хангамжийн үйл ажиллагаа явуулдаггүй. Э.О нь “РМС” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд мөн эсэх нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээнээс харагдана. Шинжээч Б.Цэрэндэжид шүүх хуралдаанд оролцсон. Өмнөх шүүх хуралдаан дээр шинжээчийн дүгнэлтийн талаар тодорхой хэлэлцсэн. Хавтас хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байхад прокурорт буцаасанд гомдолтой байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.О-ийн өмгөөлөгч Т.Урангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дахин шалгаад шинээр тогтоогдох зүйл байхгүй. Э.О нь Анагаахын шинжлэн ухааны Үндэсний их сургуульд багшаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулан тусгай мэргэжлийн төвд ажиллаж байсан гэдэг нь ажилд томилсон тушаал, нийгмийн даатгалын дэвтэр, ажлын байрны тодорхойлолтоор тогтоогддог. Улсын бүртгэлийн гэрчилгээгээр тухайн хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй гүйцэтгэх удирдлага биш гэдэг нь тогтоогддог. Шүүхээс Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3 дахь хэсгийг баримтлан Э.О-г хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд биш, итгэмжлэл нотлох баримт болохгүй гэж дүгнэсэн. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд Э.О нь энэ хэрэгт хамааралгүй гэдэг нь тогтоогддог учраас Э.Отэй холбоотой асуудлыг дахин шалгах шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн цагаас эхлэн Э.О нь уг хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш гэдгээ хэлсэн. Хэрэгт Э.О-г хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд болохыг тогтоосон тушаал, ТУЗ-ийн шийдвэр, хувьцаа эзэмшигчдийн тогтоол байхгүй. Энэ хэрэгт хамаарал бүхий этгээд биш байхад дахин үүнийг шалгуулахаар хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй. ...” гэв.

Прокурор С.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай байна гэж үзсэн. Ийм учраас эсэргүүцэл бичээгүй. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй. ...Хэргийн материалтай танилцаагүй. Яллах дүгнэлт, шүүгчийн захирамж зэрэг материалуудтай л танилцсан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Э.О, “РМС” ХХК-ийг “2018 оны 5 дугаар сараас 2019 оныг дуустал хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй “Прогенова”, “Фемостон 2/10” нэртэй, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлтэй Волтарен, Волтарен рапид, ГонелФ300, Джес 3мг, Дюфастон 10мг, Крайнон, Клион Д, Кломифен цитрат, Овитрел 250, Перговис 150/75, Регулон, Фемара 2,5мг, Цетротид 25 мцг зэрэг 370.963.905 төгрөгийн эмийг худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан” гэмт хэрэгт буруутгаж, Э.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2-т, “РМС” ХХК-ийг 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд санхүүгийн шинжээч томилж, дүгнэлт гаргуулах, Э.О нь хуулийн этгээдийг төлөөлж эрүүгийн хариуцлага хүлээх этгээд мөн эсэхийг бүрэн тогтоох, “РМС” ХХК-ийн үйл ажиллагаа нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг тодруулан шалгах шаардлагатай гэсэн гурван үндэслэлийг зааж, хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Учир нь,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн санхүүгийн шинжээч Б.Цэрэндэжид 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр “РМС” ХХК-ийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хэдий хэмжээгээр, хэдэн төгрөгөөр ямар, ямар эм худалдан авсан эсэх, худалдан авалт, эм борлуулсан мөнгийг байгууллагын ямар дансаар авсан, санхүүгийн тайландаа хэрхэн тусгасан, тайланг хуулийн дагуу эрх бүхий байгууллагад тайлагнасан эсэх, ямар, ямар үйл ажиллагааны орлого олдог эсэх зэргийг тогтоосон 07200008 дугаартай санхүүгийн шинжилгээ хийсэн байна /1хх 95-121/.

Түүнчлэн, “РМС” ХХК-ийн Үр шилжүүлэн суулгах төв нь үйлчлүүлэгч нартаа эм, тариагаар үйлчилсний төлбөрийг хэрхэн авдаг байсан, тодорхой төрлийн эм, тариагаар хэзээнээс эхэлж үйлчилж эхэлсэн, тус эм, тариануудаас хэдэн ширхэгийг, хэдэн төгрөгөөр борлуулсан талаарх санхүүгийн шинжилгээ хийж 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 07200016 дугаартай магадлагаа /5хх 144-246/ гаргасан байх бөгөөд шүүх дээр дурдсан мөрдөгчийн магадлагаануудаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх ... шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж зааснаар шүүхийн шатанд ч шаардлагатай бол шинжилгээ хийлгэж болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт авагдсан нотлох баримт, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн 6252176 регистрийн дугаартай “РМС” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа /7хх 165/-нд тус компанийн гүйцэтгэх удирдлагын мэдээлэл хэсэгт Э-ын О /УУхххххххх/-г 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирлаар бүртгэсэн, энэхүү бүртгэл одоогоор өөрчлөгдсөн талаарх мэдээлэл хэрэгт авагдаагүй тул Э.О-г “РМС” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гэж үзэж хуулийн этгээдийн холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь зөв болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцүүлэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд “РМС” ХХК болон Э.О нарын үйлдэл чухам аль нь гэмт хэргийн шинжтэй эсэх, хуулийн этгээд болон хувь хүний аль нь гэм буруутай эсэхийг анхан шатны шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, хэргийн бодит байдлыг тогтоон хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд “РМС” ХХК-ийн өмгөөлөгч Д.Наранбулагийн гаргасан “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЗ/1395 дугаартай захирамжийг хүчингүй болгож, “РМС” ХХК, Э.О нарт холбогдох 2002 00026 0578 дугаартай эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЗ/1395 дугаартай захирамжийг хүчингүй болгож, “РМС” ХХК, Э.О нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
  2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Э.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ