Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 416

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

хохирогч Б.Б

шүүгдэгч Ч.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Т холбогдох эрүүгийн 201725011738 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжины 15 гудамж, 336 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Ч.Т /РД:УК74110314/,        

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ч.Т нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 15-336 тоотод 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэн Б.Б хардан зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед бүх бие хөхөрсөн байсан. Явж чадахгүй аарцаг цуурсан байсан. Тэрэндээ эмчилгээ хийлгэсэн. Шүүгдэгч нилээд сайн ухамсарлаж байна. Надаас уучлалт гуйсан. Олон жил амьдарсан болохоор салж чадахгүй. Хүүхдүүд маань ч гэсэн яриад би гэртээ очсон. Шүүгдэгч дахиж ийм асуудал гаргахгүй гэсэн гэв.

Шүүгдэгч Ч.Т мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 09-ний өглөө би ажлаасаа буугаад эхнэрийн ажлаар орж эхнэртэйгээ уулзаад гэртээ харьтал гэрт Мягмарсүрэнбаатар ах эхнэртэйгээ манай бага охинтой байсан ба гэрээ цэвэрлээгүй бохир байдалтай байсанд би дотроо жаахан уурлаж бухимдсан. Ах, эгч хоёртой юм ярьж 2,5 литрийн Сэрүүн пиво уусан. 17 цагийн үед эхнэр ирээд бид 2 шил 0.75 литрийн Хараа архи, 0.5 литрийн Хараа архи хувааж уусны дараа сайн санахгүй байна. Архи уугаад сууж байхад миний төрсөн дүү Энхтөр над руу утсаар яриад гэрээ авъя гэхэд миний уур маш их хүрсэн. Тэгээд би хүүхдүүдээ ус аваагүй, гэр орноо цэвэрлээгүй байсанд нь уурлаж загнасан. Тэгтэл эхнэр чи дүүдээ гаргасан уураа бидэнд гаргалаа гээд намайг аргадсан. Тэгэхээр нь би эхнэртээ чи өчигдөр гэртээ байгаагүй айлд архи уусан байна лээ гэж уурласан. Хоёр хүүхэд маань айл руу явсан ба би унтах гэхэд эхнэр орон дээр хөндлөн хэвтчихээд байхаар нь би цаашаа хэвтэл дээ гэсэн чинь нойроо харамласан уу согтуурахсан уу миний хамар руу гараараа цохисон чинь миний хамраас цус гарсан. Тэгээд л нэг мэдсэн чинь би эхнэрийнхээ дээр нь гараад суучихсан толгойноос нь барьчихсан нүүрэн дээр нь цусаа гоожуулаад чи миний цусыг ингэж үзэх гээд байгаа юм уу гээд сууж байсан ...” гэх мэдүүлэг. /хх 32-36 дугаар хуудас/,

Хохирогч Б.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ажил дээрээ байж байхад манай нөхөр ажлаасаа буугаад явж байна гээд ирэхээр нь ах чинь ирсэн байгаа гээд би жаахан нохойн хоол өгөөд явуулсан. Орой ажлаа тараад 18 цагийн үед гэртээ харихад Төрбаатар авга ах болон түүний эхнэртэй байсан. Бид архи ууж дуусгачихаад унтахаар хэвтэцгээсэн. Энэ үед манай хүүхдүүд байгаагүй айл руу явсан байсан. Тэгтэл Төрбаатар намайг татаж чангаагаад оролдоод байхаар нь би хүн байхад яах гээд байгаа юм гэсэн чинь ямар хамаа байсан юм гээд намайг янз бүрийн хүмүүстэй хардаад унтаж хэвтдэг биз дээ уурлаад байсан. Гэтэл дахиад оролдоод намайг дургүйцэхээр уурлаад эд зүйлээ цохиж ширээгээ түлхэж унагаагаад байсан чинь ах босч ирээд болиулах гэсэн чинь ахыг түлхээд байхаар нь би ахыг хэрэггүй гэж хэлээд холдуулсан. Би гараад явчихъя гэж бодоод гарах гэтэл намайг явуулахгүй гээд гэнэт нүүр рүү цохиод зодож эхэлсэн. Тэгээд үсдэж газар унагаагаад нүүр рүү цохиод хөлөөрөө зүүн тал рүү хэд хэдэн удаа өшиглөж зодсон...” гэх мэдүүлэг. /хх 9-12 дугаар хуудас/,

Гэрч Т.Сэргэлэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 09-ний шөнө 23 цаг өнгөрч байхад ээж Бадамцэцэг над руу утсаар яриад гэртээ хүрээд ир ээжийг нь аав нь зодоод байна гэхээр нь гэртээ яваад очтол гэрт аавын авга ах Мягмарсүрэнбаатар ах, эхнэр Сараа болон ээж, аав тэр 4 байсан. Мягмарсүрэнбаатар ах Сараа эгч хоёр гэрийн баруун талын орон дээр унтаж байсан. Харин ээж зүүн талын орон дээр суучихсан нүүр, чих хэсэг нь цус болчихсон байсан. Аав надад хаалга онгойлгож өгсөн...” гэх мэдүүлэг. /хх 14-15 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн ¹6256 дүгнэлтэд “Б.Б биед бүсэлхийн 4-р нугаламын далд хугарал, тархи доргилт, дух, баруун өвдөгт зулгаралт, дух, баруун, зүүн хацар, зүүн нүдний зовхи, зүүн чихний дэлбэн, зүүн мөр, баруун, зүүн бугалга, баруун шуу, нуруунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ /хх 24 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 37 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 38 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ч.Т нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 15-336 тоотод 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэн Б.Б хардан зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ч.Т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Ч.Т ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.