Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/39

 

Б.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Отгонбаатар,

хохирогч А.О, түүний өмгөөлөгч П.Болортуяа,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/781 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг нарын хамтарч гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч Б.А-д холбогдох 2009 02471 0337 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

О овгийн Б-ийн А, 1984 оны ... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн захиргаа, менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт заасан хэрэгт холбогдож, 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгосон,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 804 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр эдэлж дууссан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 635 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан;

Шүүгдэгч Б.А нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “S” автомашин түрээсийн газраас 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “Прадо-150” загварын хх-хх УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг түрээсийн гэрээ байгуулан, түрээсийн төлбөрийг төлөлгүй тээврийн хэрэгслийг авч явж, улмаар уг төлбөрийг тус компанийн ажилтан А.О түүний өмнөөс төлсөн болохыг мэдсээр байж “Sixt rent car” автомашин түрээсийн газар түүнтэй байгуулсан түрээсийн гэрээг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр цуцлах явцад “Түрээсийн төлбөрт шилжүүлсэн 4.800.000 төгрөгийг төлсөн. Төлбөрийн баримтыг хар” гэж дансны хуулга үзүүлэн хуурч, 4.800.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газар: Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О овогт Б-ийн А-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.А Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 635 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3.000.000 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, 200 хоногийн хорих ялаар сольж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 20 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурдаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2617001560 тоот данснаас 3.000.000 төгрөгийг гаргуулан Ц.Ц-д олгохоор, Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, эдлэх ялыг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ариунболд, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг нар хамтарч гаргасан давж заалдах гомдолдоо: “...Б.А нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгон үнэн зөв мэдүүлэг өгч ирсэн ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч ямар нэгэн гомдол саналгүй гэж мэдүүлсэн.

Гэтэл анхан шатны шүүх өмнөх Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 635 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, уг ялыг биелүүлж, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байхад уг тогтоолыг үндэслэлгүй, хууль зөрчсөн гэж өөрийн санаачилгаараа шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан, төлөгдсөн торгуулийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данснаас буцаан гаргуулж, эх Ц.Ц-д олгож, торгох ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хууль зөрчсөн.

Шүүх ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож болох боловч шүүгч хөндлөнгийн байр сууринаас биш улсын яллагчийн үүргийг гүйцэтгэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон байхад яллах дүгнэлтэд дурдагдаагүй, улсын яллагчийн санал болгоогүй асуудлыг шийдвэрлэж, хүний эрхийг ноцтой зөрчлөө.

Шийтгэх тогтоолд “...залилах гэмт хэргийг гурван удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, хувийн байдлыг харгалзан хуульд заасан 6 сарын хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. ...” гэж тодорхойлох хэсэгт дүгнэсэн байж дахин өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан, дуусгавар болсон байсан торгох ялыг өөрийн санаачилгаар хорих ялаар сольсон нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчмыг зөрчсөн, шударгаар ял оногдуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцээгүй, хууль бус шийдвэр гаргаж, хүний эрхийг дордуулсан гэж үзэж байна.

Иймд, Б.А-д 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 781 дугаартай шийтгэх тогтоолоор Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 635 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3.000.000 төгрөгийн торгох ялыг төлж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байсныг шүүх өөрийн санаачилгаараа тус тогтоолыг хууль зөрчсөн гэж дүгнэн, төлөгдсөн торгуулийг буцаан гаргуулж, торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, 200 хоногийн хорих ялаар сольсныг хүчингүй болгож өгнө үү.

Мөн Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү. Б.А нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, хохирлоо бүрэн төлсөн, 2, 4 настай хоёр хүүхэдтэй, цар тахлын үед хүүхдүүдээ харж ханддаг нөхцөл байдал, бага насны хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд өсөх нөхцөл бололцоог хангаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Р.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.А гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. ... Шүүх хурлаас өмнө хохирогч А.О-д учирсан хохирол болох 4.800.000 төгрөгийг төлж барагдуулсан. Б.А-д 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 781 дугаартай шийтгэх тогтоолоор Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 635 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3.000.000 төгрөгийн торгох ялыг төлж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байсныг шүүх өөрийн санаачилгаараа тус тогтоолыг хууль зөрчсөн гэж дүгнэн, төлөгдсөн торгуулийг буцаан гаргуулж, торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, 200 хоногийн хорих ялаар сольсныг хүчингүй болгож өгнө үү. ...Мөн Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан. Дутуу бодож, хайхрамжгүй хандсан талаараа хоригдох хугацаандаа маш сайн ойлгосон. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ амлаж байна. Гэм буруугаа хүлээж байна. Хохирогчид 4.800.000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сард өгсөн. ...” гэв.

Хохирогч А.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.А-ын автомашин түрээсэлсэн үйл ажиллагаанаас болж ажлаасаа халагдсан. Компанид 2.446.708 төгрөгийн хохирол төлбөр төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгч байна. ...” гэв.

Хохирогч А.О-ийн өмгөөлөгч П.Болортуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн зүйлчлэл, давж заалдах гомдолтой маргахгүй байна. 2.446.708 төгрөгийг хохирогч А.О-оос компани суутгаж авсан. Нийгмийн даатгалаараа компани хохирогч А.О-той цалин бодож, нийгмийн даатгалыг нь төлсөн боловч хохирогчийн цалингаас суутгаж авсан. 2020 оны 7 дугаар сард болсон үйл явдал. 7 дугаар сарын цалин буюу 2.446.708 төгрөгийг компани өгөөгүй. Яагаад гэвэл шүүгдэгч Б.А-ын үйлдлээс болж гарсан зардлуудыг хохирогч А.О-оос суутгаж авсан. Энэ асуудлыг шүүгдэгч Б.А-д хохирогч А.О болон миний зүгээс хэлж байсан. Өмнөх нийгмийн даатгалын шимтгэлийг нь харах юм бол хохирогч сард 3.000.000 төгрөгийн цалинтай ажилтай байсан. Гэтэл одоо ажлаасаа халагдаж, эрхэлсэн ажилгүй болсон. ...” гэв.

Прокурор М.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.А-ын удаа дараа гэмт хэрэг үйлдэж байсан хувийн байдалтай холбоотой баримтуудыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тодруулсан. Шүүгдэгч Б.А нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 635 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас мэдэгдсэн. Гэтэл хэргийг шүүхэд шилжүүлсний дараа шүүх хуралдааны явцад тэрээр шүүхийн шийдвэрийг биелүүлсэн талаар шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг гаргаж өгсөн. ...Б.А нь шүүхийн шийдвэрээр оногдуулсан ял шийтгэлийг биелүүлээгүй болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой дурдсан. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ялыг нэмж нэгтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. ...Анхан шатны шүүхээс тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 6 сарын хорих ялыг оногдуулсан. Энэ нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, нийгмийн аюулын хэр хэмжээнд тохирсон гэж үзэж байна. ...Хэрэг бүртгэлт, прокурорын шатанд хохирогч А.О-ийн хувьд ажлаасаа халагдсан баримтыг гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүх хуралдаан болоход хохирогчийн хувьд гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн байр суурьтай байна гэдгээ илэрхийлсэн. ...Шүүгдэгч Б.А-ын хувьд мөрдөн байцаалтын шатанд анх яллагдагчаар татаж мэдүүлэг авч байхад өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэсэн. Үүний дагуу мөрдөгч удаа дараа дуудсан боловч өмгөөлөгч сонгоогүй байна гэж хэлээд ирээгүй. Энэ үндэслэлээр мөрдөгч хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргаж ирүүлсэн. Прокуророос хавтас хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд гэм буруугийн асуудлыг шүүх хэлэлцэх боломжтой гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Шүүгдэгч Б.А-ын хувьд яллах дүгнэлт гардуулах шатнаас “...За очлоо. Эрүүл мэндийн хувьд ийм байдалтай байна. Гадуур ажилтай байна, очих боломжгүй байна. ...” гэсэн тайлбаруудыг хэлдэг. Сүүлдээ бүр оргон зайлсан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Б.А-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.А нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “S” автомашин түрээсийн газраас 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “Прадо-150” загварын хх-хх УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг түрээсийн гэрээ байгуулан, “Маргааш түрээсийн мөнгийг шилжүүлнэ” гэж түрээсийн төлбөрийг төлөлгүй тээврийн хэрэгслийг авч явж, улмаар уг төлбөрийг тус компанийн ажилтан А.О түүний өмнөөс төлсөн болохыг мэдсээр байж “S” автомашин түрээсийн газар түүнтэй байгуулсан түрээсийн гэрээг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр цуцлахад “Түрээсийн төлбөрт шилжүүлсэн 4.800.000 төгрөгийг төлсөн. Төлбөрийн баримтыг хар” гэж дансны хуулга үзүүлэн хуурч, өөрийн төлсөн 4.800.000 төгрөгийг буцаан шилжүүлэн авч, хохирогч А.О-ийг төлсөн мөнгийг буцааж өгөхгүй залилан авсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч А.О-ийн: “...Би “С” авто машин түрээсийн газарт түрээсийн агент хийдэг байсан бөгөөд 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Б.А над руу залгаж “Яаралтай машин түрээслэх хэрэгтэй байна” гэж хэлээд тухайн өдрийн 23 цагийн үед ирж Прадо-150 загварын хх-хх УБӨ улсын дугаартай авто машиныг 6 хоногийн түрээсийн гэрээ хийж авсан. Нэг хоногийн түрээсийг 300.000 төгрөгөөр бодож, 1.800.000 төгрөгийн түрээсийн төлбөр, 3.000.000 төгрөгийн түрээсийн барьцаа зэргийг төлөх ёстой байсан боловч Б.А “Ах нь одоогоор мөнгөгүй байна. Маргааш өглөө нягтлангаа явуулчихъя” гэж хэлсэн. ...Би Б.А руу залгаж “Таны өмнөөс түрээсийн мөнгө болох 4.800.000 төгрөгийг компанийн данс руу шилжүүллээ шүү” гэж хэлэхэд Б.А “За тэг. Би чам руу шилжүүлье” гэж хэлсэн бөгөөд би өмнөөс нь компанийн данс руу 4.800.000 төгрөг шилжүүлсэн. Учир нь гэрээ байгуулж түрээсийн машин хөдөө явж байгаа мэдээлэл компанийн удирдлагуудад очсон ч мөнгө нь орж ирээгүй байсан. ...Би Б.А-д итгээд компанийн нягтлан С.А руу “Б.А над руу шилжүүлсэн гэж байна. Чи Б.А руу 4.800.000 төгрөгийг шилжүүлчих” гэж хэлээд Б.А-ын хэлсэн эхнэр А.Б-ийнх нь 52хххххххх тоот Хаан банкны данс руу шилжүүлсэн. Дараа нь дансаа шалгатал мөнгө шилжүүлээгүй байсан. ...” /1хх 35-36/,

гэрч Б.И-ын: “...Б.А гэж хүн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр түрээсийн төлбөрийг 100 хувь төлж байж машин өгөх ёстой боловч А.О итгэл хүлээлгэн өөрийн мөнгийг өгч машин түрээслүүлсэн. Гэвч итгэл эвдэж, түрээсийн мөнгийг А.О-д өгөөгүй учир манай компани Б.А-той холбогдож, машинаа буцаан авах шаардлагатай учир “Түрээсэлсэн машинаа буцааж өгөөд, өөр машин авч болно” гэтэл татгалзсан хариу өгч, сураггүй болсон. ...Би өөрийн нягтлан руу ярихад “Мөнгө орж ирээгүй байна” гэсэн. Энэ үед Б.А А.О руу фэйсбүүкээр видео дуудлага хийсэн. “Мөнгөө хийсэн талаар хэллээ. Мөнгийг өгчих” гэж А.О надад хэлсэн. Энэ дагуу би нягтлан руу яриад “Энэ мөнгийг буцааж олго. Бид машинаа аваад явж байна” гэж хэлтэл манай нягтлан Б.А-ын эхнэр Б гэх хүний 52хххххххх дугаарын данс руу 4.800.000 төгрөг шилжүүлсэн. ...” /1хх 41-42/,

гэрч С.А-ийн: “...А.О нь Б.А гэх хүнд “Тоёота Прадо” машиныг өдрийн 300.000 төгрөгөөр 6 өдөр, барьцаа 3.000.000 төгрөгөөр түрээслэхээр болж, 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулсан байсан. Б.А-ын төлбөл зохих 4.800.000 төгрөгийг А.О өөрөөсөө гаргаж, 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр компанийн данс руу шилжүүлсэн. ...М, Б.И нар Б.А-оос компанийн машиныг авч 4.800.000 төгрөгийг Б.А-ын эхнэрийн данс руу шилжүүлсэн. ...” /1хх 46/,

шүүгдэгч Б.А-ын анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн: “...Яллах дүгнэлт, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. .../1хх 228/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч А.О, шүүгдэгч Б.А нарын харилцсан зурвасуудын хуулбар, түүнийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1хх 13-25/,

дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 87/, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 88-99/, “S” автомашин түрээсийн газраас 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 4.800.000 төгрөгийг Б.А-ын эхнэр А.Б-ийн данс руу шилжүүлсэн баримт /1хх 31-32/ болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Анхан шатны шүүх хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.А-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч А.О, гэрч Б.И, гэрч С.А нарын мэдүүлгүүд, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, дансны дэлгэрэнгүй хуулгууд, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, шүүгдэгч нарын харилцсан зурвасууд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Б.А-ын үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээс гадна шүүгдэгч Б.А нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлсөн нөхцөл байдлуудыг дурдаж тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтарч гаргасан “...хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн хэсгийг хүлээн авах боломжгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуульд зааснаар өршөөн хэлтрүүлэх хууль зүйн үндэслэлгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Харин, шүүгдэгч Б.А-ын урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 635 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлснийг “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар прокурор шийдвэрлээгүй байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд 3.000.000 төгрөгийг тушааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол гаргасан...” гэж үндэслэлгүй дүгнэлт хийж, дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3.000.000 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож, 200 хоногийн хорих ялаар сольж, нэмж нэгтгэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт ялтан торгох ялыг тогтоосон хугацаанд нь төлж барагдуулаагүй, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг хорих ялаар солих хуульд заасан зөрчил гаргасан тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч хорихоос өөр төрлийн ялыг хорих ялаар солих тухай санал гарган эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн хамт прокурорт хүргүүлж, прокурор түүнийг хүлээн авч хянан, үндэслэлтэй гэж үзвэл прокурорын дүгнэлт үйлдэж шүүхэд хүргүүлэн шийдвэрлүүлэхээр заасан.

Гэтэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд харьяаллын дагуу хяналт тавьж байсан Баянзүрх дүүргийн прокуророос Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 635 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих тухай дүгнэлт үйлдэж, шүүхэд хүргүүлээгүй байхад Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өөрийн санаачилгаараа ийнхүү шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, энэ талаар гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Харин, энэхүү асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмаар прокурор харьяалах шүүхэд дүгнэлт үйлдэн шийдвэрлүүлэх асуудал нээлттэй болохыг магадлалд дурдаж байна.

Хохирогч А.О давж заалдах шатны шүүхэд компанид төлсөн 2.446.708 төгрөгийг баримтаа гарган өгч шүүгдэгч Б.А-оос нэхэмжилж байх боловч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдлыг шинээр тогтоох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй бөгөөд хохирогчийн зүгээс хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг иргэний нэхэмжлэлийг гаргаагүй байх тул түүнийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/781 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4, 7 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
  2. Хохирогч А.О нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 2.446.708 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
  3. Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг нарын хамтарч гаргасан давж заалдах гомдлын “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
  4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ