Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Байгалмаа |
Хэргийн индекс | 129/2024/00010/И |
Дугаар | 129/ШШ2024/00189 |
Огноо | 2024-04-17 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 129/ШШ2024/00189
129/ШШ2024/00189 |
Зохигчийн эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Ч.Жаргалан, шүүгч Д.Элбэгзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын . байрлах А аймгийн П газар
Хариуцагч: А аймгийн Б сумын . оршин суух Бо овгийн Б.Э
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 6,442,565 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Э
Иргэдийн төлөөлөгч Н.Баянаа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл
Хариуцагч Б.Э өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А аймгийн П газар нь хариуцагч Б.Э-д холбогдуулан 6,442,565 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч А аймгийн П газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч А аймгийн П газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Э нь 2021 оны 8 сарын 21-ний өдөр А аймгийн Б сумын Дайрбор багийн нутаг Бор үзүүрийн хашаа гэх газар иргэн О.Х-г зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн ба хохирогч О.Х нь гэмт хэргийн улмаас 2021 оны 8 сарын 28-ны өдрөөс Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улаанбаатар Сонгдо эмнэлэгт үзүүлж оношилгоо эмчилгээ хийлгэсний улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан зардлын төлбөрийг буруутай этгээдээр нөхөн төлүүлээгүй байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан бөгөөд тус аймгийн прокурорын газар хэргийг хааж шийдвэрлэн төрд учирсан хохирлыг илрүүлсэн байх тул иргэн Б.Э-н буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Х-н эрүүл мэндэд хүнд хохирол учирч хохирогчийн эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын санд зарцуулагдсан 6,442,565 төгрөгийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах эрх Архангай аймгийн Прокурорын газарт олгогдсон гэж үзэж байна. Иргэн Б.Э-с гэм хорын хохирол 6,442,565 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.
3. Зохигч эвлэрлийн гэрээндээ: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нийт нэхэмжилсэн 6,442,565 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа 4,742,565 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж хариуцагч Б.Э нь төрд учруулсан гэм хорын хохирол болох гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр нийт 1,700,000 төгрөгийг 2024 оны 10 сарын 01-ний өдрийн дотор багтаан нэхэмжлэгч Ар аймгийн П газарт бүрэн төлж барагдуулахаар уг төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд шижүүлэхээр харилцан тохиролцож зохигчид эвлэрэв гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ар аймгийн П газар хариуцагч Б.Э-д холбогдуулан гэм хорын хохирол 6,442,565 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачлагаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэргийн өмнөөс оролцоно”, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачлагаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, 20.4-т “Прокурор өөрийн санаачлагаар төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах ажиллагааг хэрэгжүүлж байгаа тохиолдолд итгэмжлэлгүйгээр оролцоно”, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн 21.1.12-т “Прокурор шүүхэд нэхэмжлэл, тайлбар, хүсэлт, гомдол гаргах” эрхтэй гэж заасан тул Прокурор эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Мөн Прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүрэг хүлээхээр дээр дурьдсан хуульд заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А аймгийн П газар 6,442,565 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 4,742,565 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, 1,700,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б.Э 2024 оны 10 сарын 01-ний өдрийн дотор багтаан эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020050 тоот дансанд төлөхөөр эвлэрсэн болох нь зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч “Тухайн үедээ хариуцагч нь 20,000,000 төгрөгийн хохирол төлж байсан. Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын хэлтэстэй зөвшилцөж хариуцагчтэй эвлэрсэн” гэж тайлбарладаг тул гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол зөрчигдөөгүй, эвлэрэл хууль зөрчөөгүй гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч А аймгийн П газар 6,442,565 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 4,742,565 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, 1,700,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б.Э 2024 оны 10 сарын 01-ний өдрийн дотор багтаан эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020050 тоот дансанд төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч А аймгийн П газар 6,442,565 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 4,742,565 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, 1,700,000 (нэг сая долоон зуун мянга) төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б.Э 2024 оны 10 сарын 01-ний өдрийн дотор багтаан эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020050 тоот дансанд төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.
3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ тогтоолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД Ч.ЖАРГАЛАН
Д.ЭЛБЭГЗАЯА