Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 91

 

Г.А-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00505/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж,  С.Э-, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  09 дүгээр сарын 20-ны өдрийн 881 дүгээр шийдвэртэй,

            Нэхэмжлэгч Г.А-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймаг, Дархан сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуульд холбогдох

"Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Ж.М-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Г.А-н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд нараас:

Миний бие Энэрэл цогцолбор сургуульд 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн захирлын №23 тоот тушаалаар дотуур байрны багшийн ажилд орсон. Ингээд тасралтгүй 5 жил гаруй ажиллаж байхад буюу 2013 оны 09 сард манай сургуулийн захирлаар Ж.М- томилогдон ирж, ирсэн даруйдаа аав минь хүнд өвчтэй байхад дарамталсаар байгаад 2014 оны 08 дугаар сарын 28-ны №37 тоот тушаалаараа намайг дотуур байрны багшийн ажлаас чөлөөлж, үйлчлэгч болгосон билээ. Энэ 2 тушаалыг харахад 2 өөр өдөр гарсан атлаа адилхан №37 тоот дугаартай, зөрчилтэй тушаал гаргасан байна. 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/38 тоот тушаалаар үйлчлэгчээс чөлөөлж, сургуулийн эмчээр томилсон ч үйлчлэгчийн цалингаар цалинжуулж, мөн хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэхгүй байсан нь ажил хийхэд дарамттай байсан. Иймээс өөрийн хүсэлтээр 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/51 тоот тушаалаар Энэрэл цогцолбор сургуулиас гарч, 6-р цэцэрлэгт эмчээр ажиллаж байтал 2018 оны 08 дугаар сард Н.С- захирал Та манайд эргэж ирээд ажиллаач, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асаргаа сувилгаа мөн тусгай олимпийн тамирчин сурагчдын биед асаргаа сувилгаа хийх шаардлагатай байна гэсэн санал тавьсны дагуу олон жил ажиллаж дасал болсон 12-р сургуульдаа Н.С- захирлын 2018.09.06-ны өдрийн Б/37 тоот тушаалаар дотуур байрны багшийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. 2019.04.11-ний өдөр би ажлаа хийгээд сууж байтал манай ажлын Б.Э-, Ц.Ж-, Д.Н- гурав миний ажлын байранд ирж Ж.М- захирлын 2019.04.11-ний өдрийн Б/15 тоот тушаалын канондсон хуулбарыг надад үзүүлж, ажил хүлээлцье гэсэн. Би тухайн үед түр тушаалаар ажиллаж байсан хэдий боловч энэ байгууллагадаа сүүлийн 10 жил ажиллаж байгаа хүн. 2018.09.06-ны өдрийн Б/37 тоот тушаалаар би дотуур байрны багшийн ажилд томилогдон ажиллаж байхад надтай хамт дотуур байрны багшаар Д.Н- бид хоёр л ажиллаж байсан. Гэтэл намайг халснаас хойш Д.Н-, дикридтэй байсан н.А- хоёр дээр бас нэг эмэгтэй дотуур байрны багшаар авч одоо 3 багштай болсон байна.

Иймээс сүүлд авсан багшийн оронд намайг ажиллуулах боломжтой байсаар байтал миний эрх зүйн байдлыг дордуулж ажилгүй болгосонд гомдолтой байна. Учир нь би жил хүрэхгүй хугацааны дараа тэтгэвэрт гарах эрх үүсэх хүн. 4 сарын 25-ны өдөр ажилгүйдлийн тэтгэмжийн материал бүрдүүлэх сүүлийн өдөр байсан тул бичиг хэргийн ажилтан Б.Түвшинтүшигээс ажлаас халагдсан тушаалаа эх хувиар нь авъя гэхэд тойрох хуудсаа зуруулж байж ав, тушаал 1% үйлдэгдсэн учир өгч болохгүй, захирал битгий өг гэсэн гээд өгөхгүй байсан учраас аргагүйн эрхэнд тойрох хуудсыг нь авч зуруулсан.

Иймд ажилд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Дотуур байрны багш Г.А- нь дотуур байрны багш С.А-ыг жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд тус ажлын байранд томилогдон ажиллаж байсан. М.А- нь ажилдаа орох хүсэлт гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.3, 35.1.4 дэх заалтын дагуу Г.А-г дотуур байрны багшийн түр ажлын байрнаас чөлөөлж С.А-ыг хуулийн дагуу дотуур байрны багшийн ажилд нь томилсон болно.

Г.А- нь миний биеийг элдвээр доромжилж худал хуурмаг зүйлүүдийг бичиж ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүхэд хандаж байгаа нь ч ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна. Боловсролын байгууллагад багш мэргэжилтэй багшлах эрхтэй олон хүмүүст ажил олдохгүй байхад багш биш, дээд боловсролгүй, багшлах эрхгүй хүнийг н.С- захирал дотуур байрны багшаар ажиллуулсан нь үүний цаана ашиг сонирхлын зөрчил байна гэж хардахад хүргэж байна. Дээрх байдал нь хүүхдийн эрхийг зөрчөөд зогсоогүй холбогдох хууль журмуудыг зөрчсөн үйлдэл болсон. Иймээс Г.А-г дотуур байрны багшийн ажлаас чөлөөлсөн нь хуулийн дагуу явагдсан үйл ажиллагаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  09 дүгээр сарын 20-ны өдрийн 881 дүгээр шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Г.А-г Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинд 3.094.972 төгрөгийг хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулиас нөхөн гаргуулж нэхэмжлэгч Г.А-д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Г.А-н шүүхийн шийдвэрээр олгогдох цалингаас нэг удаа нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төвлөрүүлэн санд тушаан, дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.А- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 64.470 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.М- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн гарсан шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Г. А-г 12 дугаар сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн томилж

ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгуулахаар гаргасан шийдвэр нь: -Бага дунд боловсролын тухай хуулийн 21.1 /Ерөнхий боловсролын сургуулийн багшийг багш бэлтгэдэг их сургууль, дээд сургууль, коллежид бэлтгэнэ./ -Бага дунд боловсролын тухай хуулийн 21.2 /Багш нь багшлах эрхтэй байна/ -БСШУСайд, ЭМСайдын хамтарсан 2008.02.26-ны өдрийн 84/43 тоот “ЕБСургуулийн Дотуур байрны нийтлэг шаардлага ажлын байрны тодорхойлолт батлах тухай” тушаалын нийтлэг шаардлагын 2.2 хэсэгт “Дотуур байрны багш нь багш мэргэжилтэй байна” -Дотуур байрны багшийн ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагын нөхцөл нь Боловсрол - “дээд”, Мэргэжил - “багш” байх гэсэн ерөнхий шаардлага тавигдсан байдаг. Тус шүүхийн шийдвэр нь дээрх хуулиудын заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Г. А- нь багш биш сувилагч мэргэжилтэй, дээд боловсролгүй хүнийг Н.С- захирал нь багшаар авч ажиллуулсан нь дээрх хуулиуд болон хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон тухай тус сургуулийн 2019 оны 06 сарын 03-ны 80 тоот тайлбартаа тодорхой тайлбарлан хүргүүлсэн.

2. Тус сургуулийн захирлын 2019 оны 06 сарын 11-ний өдрийн 88 тоотоор Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Г.А-гийн –Бага, дунд боловсролын тухай хуулийн 21.1 Ерөнхий боловсролын сургуулийн багшийг багш бэлтгэдэг их сургууль, дээд сургууль, коллежид бэлтгэнэ гэсний дагуу Г.А-гаас ЕБС-ийн багшийг бэлтгэх их дээд сургууль коллеж төгссөн дипломыг эх хуваарь нь, -Бага, дунд боловсролын тухай хуулийн 21.2 багш нь багшлах эрхтэй байна гэсний дагуу багшлах эрхийн үнэмлэхийг эх хуваарь нь гаргуулах хүсэлтийг гаргасан боловч уг хүсэлтийг хангасан тухай шүүхийн шийдвэрт нэг ч өгүүлбэр дурьдагдаагүйгаас гадна Г.А-гийн багшийн мэргэжилтэй эсэхийг тогтоолгүйгээр сувилагч хүнийг багшийн ажил дээр ажиллуулах шийдвэр гаргасан нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байгаа ба тус сургуулийн 2019 оны 06 сарын 03-ны 80 тоот тайлбарын зарим хэсгийг, 2019 оны 06 сарын 11-ний өдрийн 88 тоот хүсэлтийг хангаагүй зөвхөн нэг талыг барьсан, хүүхдийн эрхийг ноцтой зөрчих шийдвэр гаргасан байна гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

            Г.А- нь ажлаас үндэслэлгүй халагдсан тухай шүүхэд гомдол гаргаж гомдлын үндэслэлдээ “ ... жирэмсний амралттай А-анг ажилдаа буцаж ортол би түр тушаалаар ажиллаж байсан боловч намайг өөр ажлын байраар хангах боломж байхад шинээр нэг байрын багш авч ажиллуулж миний эрх зүйн байдлыг дордууллаа гэжээ.

            Хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч Г.А- нь 2018 оны 9 сарын 6-ны өдрийн тушаалаар дотуур байрын багш С.А-ыг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түүний орон тоон дээр түр хугацаагаар ажиллахаар ажил олгогчтой тохиролцож ажиллаж байсан нь хэргийн 24 дүгээр талд авагдсан Г.А-г түр ажилд томилох тухай Б/37 тоот тушаал болон түр ажлаас чөлөөлөх тухай тушаал зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Ажилтан ажил олгогч нар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.3-д заасан хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

Хэдийгээр хэрэгт авагдсан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд гэрээний хугацааг тодорхой заагаагүй боловч талуудын тохиролцооны агуулгаас түр хугацаагаар гэрээ байгуулсан гэж үзэхээр байна. 

Талууд энэ талаар маргаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй нөхцөл байдал үүссэн тул ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай эрхийн акт болох тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн  23 дугаар зүйлийн 23.2.3, 35 дугаар зүйлийн 35.1.4, 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасантай нийцэж байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан гомдлын агуулгаас үзвэл тэрээр түр ажлын байран дээр байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо өөр адил чанарын ажлын байраар хангаагүйд гомдол гаргажээ.

Нэхэмжлэлдээ дотуур байрны багшаар шинээр хүн авч ажиллуулсан энэ ажлын байранд намайг авч ажиллуулаагүй нь миний эрх зүйн байдлыг дордуулсан гэжээ.

Хөдөлмөрийн гэрээг ажилтан ажил олгогч нар иргэний эрх зүйн бусад гэрээний нэгэн адил сайн дурын үндсэн дээр байгуулах ерөнхий зарчимтай боловч зарим ажлын байранд тавигдах шаардлагыг хуулиар тодорхойлж ажилд авах журмыг эрх зүйн актаар журамлан зохицуулсан байдаг.

Иймд ажил олгогч шинээр ажилтан авч ажиллуулах нь дээрх хууль болон журамд нийцэж байх учиртай.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 болон 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд ажилтныг “адил чанарын өөр ажил”-д ажиллуулах, “бололцооны дагуу өөр ажил олж өгөх”-ийг ажил олгогчид хуулиар үүрэг болгосон байх хэдий ч ажил албан тушаал нь хуулиар хэвээр хадгалагдаж байгаа ажилтны орон тоон дээр түр хугацаагаар ажиллаж байсан ажилтан Г.А-гийн хувьд хуулийн дээрх заалт хамаарахгүй байна.

Иймд шүүх ажил олгогчийн ажилтантай хөдөлмөрийн гэрээг чөлөөтэй байгуулах түүний дотоод асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээгүй болно.

Өөрөөр хэлбэл Г.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болоход түүнийг адил чанарын эсхүл өөр ажлын байраар хангаагүй гэж ажил олгогчийг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Иймд анхан шатны шүүх тухайн маргаантай харилцаанд хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  09 дүгээр сарын 20-ны өдрийн 881 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Г.А-гийн хариуцагч Дархан-Уул аймаг, Дархан сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй  болгосугай. 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 134.670 төгрөг төлснийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

 

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.АМАРСАНАА               

                                                           ШҮҮГЧИД                                      С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                  О.НАРАНГЭРЭЛ