Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 121

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүгч Ү.Одгэрэл, Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян нарын бүрэлдэхүүнтэйгээр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган улсын яллагч Ч.Мөнхзул, иргэдийн төлөөлөгч Ч.Чулуунбаатар, хохирогч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ******* холбогдох эрүүгийн 1721000100010 дугаартай хэргийг 2017 оны 8 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1967 оны 10 сарын 27-ны өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг 1-02 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2011 оны 6 сарын 27-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, /РД:*******/ Боржигон овогт Сүхбаатарын Гантуяа,

Шүүгдэгч ******* нь зэвсэг буюу хутга хэрэглэн 2017 оны 6 сарын 22-ны өдрийн 06 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 35 дугаар байрны 1 дүгээр орцны 63 тоотод хамтран амьдрагч ******* хутгалж цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, баруун уушгины хатгагдсан шарх, цээжний хөндийн цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/      

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 6 сарын 21-ний өдрийн орой нөхөр Эрдэнэбат танил Зоригоо 2-той гурвуулаа гэртээ 0.75 л шилтэй архи хувааж уусан. ...Орой Эрдэнэбат дахиж 0.5 л шилтэй архи авч ирээд 2-лаа уугаад унтсан. Өглөө 06 цагийн орчим сэрэхэд архи гараагүй согтуу байсан. Унтахын өмнө Эрдэнэбат намайг хоол хий гэхээр нь согтуу байна чадахгүй гээд хоёулаа маргасан. Энэ асуудлаас болоод өглөө нь би хоол хийх гээд төмс арилгах санаатай хутга бариад байж байсан. Тэр үед Эрдэнэбат миний гар руу цохиод авахаар нь яах гээд байгаа юм гээд хутгатай гараараа түүнийг нэг удаа цохисон юм. Хаана нь цохьсон талаар мэдэхгүй байна. Эрдэнэбат гараад явсан. Тэр үед би архи гараагүй халамцуу байсан юм. ...Удалгүй түргэний машин ирээд түүний хамт эмнэлэг руу явсан гэх мэдүүлэг /хх-ийн 59/

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “...2017 оны 6 сарын 22-ны өглөө 06 цаг 30 минутын үед би сэрэхэд Гантуяа орон дээрээ буруу хараад хэвтэж байхаар нь хувцсаа өмсөөд хаалгаа онгойлгоод гадагшаа гарах гэж байтал Гантуяа миний араас баруун далны доод тал руу цохих шиг болсон бөгөөд нуруунаас шингэн зүйл гоожихоор нь хутгалчихлаа гэж бодоод гадагшаа гүйж гараад “Түргэн дуудаарай, Гантуяа намайг хутгалчихлаа” гэж хэлээд ухаан алдаад унасан. Нэг мэдэхэд эмнэлэгт хэвтэж байсан. Намайг эмнэлэгт хэвтэж байхад Гантуяа сахисан бөгөөд түүнээс “Чи яагаад намайг хутгалж байгаа юм бэ” гэж асуухад санаандгүй хутгалчихсан, уучлаарай гэж байсан. Ямар шалтгааны улмаас намайг хутгалах болсныг нь мэдэхгүй байна. .. .Эмнэлэгт хэвтээд хагалгаа хийлгээд гарсан. Биеийн байдал одоо хэвийн байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

            Гэрч Б.Ганцэцэг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 6 сарын 22-ны өглөө 07 цагийн орчим 36 дугаар байрны урд талын саравчинд сууж байтал Эрдэнэбат амьдардаг подвалиасаа ганцаараа гарч ирээд 36 дугаар байрны 4 дүгээр орцны урд очоод ухаан алдсан бололтой унасан. Яваад очиход “манай авгай намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би 103, 102 –руу залгаж мэдэгдсэн. Удаагүй подвалиас эхнэр нь гарч ирээд түргэн ирэхэд Эрдэнэбатыг аваад хамт явсан. Өөр мэдэх зүйл байхгүй. Эрдэнэбатын нуруунаас доош цус гарч, цамц нь нуруу хэсэгтээ цус болсон байсан. Цамцыг сөхөж шархыг нь хараагүй. Өөр шарх гэмтэл байсныг мэдэхгүй байна.Тэднийг архи уусан эсэхийг анзаараагүй” гэх мэдүүлэг./хх-ийн 18-19/

-Хохирогч *******ын өвчний түүх /хх-ийн 27-53/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч ******* нь 2017 оны 6 сарын 22-ны өдрийн 06 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 35 дугаар байрны 1 дүгээр орцны 63 тоотод хамтран амьдрагч *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг хутгалж цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, баруун уушгины хатгагдсан шарх, цээжний хөндийн цус хуралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би хоол хийж чадахгүй, чи өөрөө хий гэж хэлээд хутга аваад шидчихсэн юм. Тэгээд Эрдэнэбатын нуруун тус газарт нь зүсчихсэн юм шиг байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/, түүнийг давхар нотолсон хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...хаалгаа онгойлгоод гадагшаа гарах гэж байтал Гантуяа миний араас баруун далны доод тал руу цохих шиг болсон бөгөөд нуруунаас шингэн зүйл гоожихоор нь хутгалчихлаа гэж бодоод гадагшаа гүйж гараад “Түргэн дуудаарай, Гантуяа намайг хутгалчихлаа” гэж хэлээд ухаан алдаад унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/, гэрч Б.Ганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Яваад очиход “манай авгай намайг хутгалчихлаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 6 сарын 30-ны өдрийн 363 тоот дүгнэлтэд: "…*******ын биед цээжний ард баруун дал орчмын цээжний хөндийрүү нэвтэрсэн шарх, баруун уушгины хатгагдсан шарх, цээжний хөндийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварийн тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна” гэсэн /хх-ийн 23/ дүгнэлт болон бусад хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль нь 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд шинэ хуулийн үйлчлэлийн дагуу шүүгдэгч *******гийн үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан “Үйлдэл, эс үйлдэхгүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэснийг журамлан  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй байна. Учир нь шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс өмнө буюу 2017 оны 6 сарын 22-ны өдөр үйлдэгдсэн байх бөгөөд түүний дээрх үйлдлийг энэ зүйлээр зүйлчлэхэд эрх зүйн байдал нь дээрдэж байна.

Хохирогчийн эрүүл мэндэд учирсан цээжний ард баруун дал орчмын цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, баруун уушгины хатгагдсан шарх, цээжний хөндийн цус хуралт бүхий гэмтэл нь түүний баруун далны доод тал руу хутгалсан шүүгдэгч *******гийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хоорондоо зөрүүгүй, хэн хэндээ нөлөөлөөгүй, мөн шинжээч эмчийн 2017 оны 6 сарын 30-ны өдрийн 363 тоот дүгнэлт нь 2017 оны 6 сарын 22-ны өдөр нээсэн өвчтөний 2857 тоот карт, шинжээч эмчийн үзлэгт тус тус үндэслэгдсэн, хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий, эргэлзээгүй байх тул дээрх нотлох баримтуудыг шүүх үнэн зөв, хууль ёсны гэж үзсэн болно.

Иймд шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой гэж үзсэн тул шүүгдэгчид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 6 сарын 30-ны өдрийн 363 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгчийг 2011 оны 6 сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, уг оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан боловч энэ хянан харгалзсан хугацаа нь дууссан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл зохино.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Дээрх нөхцөл байдлуудаас гадна шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасан “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж болох боловч ийнхүү хөнгөрүүлэн оногдуулах хорих ялын доод хэмжээ нь энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүй байна” гэж заасныг үндэслэн түүнд хорих ялыг оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдвал зохино. Баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харьяа Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1.2015 оны шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Боржигон овогт Сүхбаатарын Гантуяаг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. 2002 оны Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сүхбаатарын Гантуяаг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын  хорих ялаар  шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харьяа Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 9 сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР

                                                ШҮҮГЧИД                                Ү.ОДГЭРЭЛ

                                                                            С.НАСАНБУЯН