Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 159/ШШ2023/0049

 

                                                                                              

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                                                                     

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Бурмаа даргалж, прокурор А.Баясгалан, хариуцагч Б.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Баясгалангийн дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Баярмаад холбогдуулан гаргасан “Х.Цэдэнбалжирт холбогдох 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 0550273 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Баярмаа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Иргэн Х.Цэдэнбалжирт Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг үндэслэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан гэх зөрчилд 500.000 төгрөгийн шийтгэл оногдуулсныг өөрчлүүлэхээр бичсэн дүгнэлтийг үндэслэн шүүх Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрыг шинжээчээр томилж, дүгнэлтээр Х.Цэдэнбалжир нь эзэмших газрын хэмжээнээс илүү биш дутуу хэмжээний газрыг эзэмшиж байгаа нь тогтоогдсон байна. Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Баясгалан нь хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн материалыг хянаад, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 0550273 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж захиргааны хэргийн шүүхэд ханджээ.

Хариуцагч Б.Баярмаа шүүх хуралдаанд прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй, 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 0550273 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарлаж, шүүгчийн захирамжийн үр дагавар тайлбарласан баримтад гарын үсэг зуруулсан болно.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын “Х.Цэдэнбалжирт холбогдох 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 0550273 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.  

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ж.БУРМАА