Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/40

 

П.Г-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Ууганбаяр,

хохирогч Ч.Б-ын өмгөөлөгч О.Алтанчулуу,

яллагдагч П.Г-ийн өмгөөлөгч Г.Должинсүрэн,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШЗ/1953 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Ууганбаярын бичсэн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 47 дугаартай эсэргүүцэлд үндэслэн П.Г-т холбогдох 2110 00000 0742 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн П-ийн Г, 1992 оны ... дугаар сарын ...-ны өдөр Ховд аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Ховд аймгийн ... сумын ... дугаар баг, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... байрны ... тоотод оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, /РД: ... /;

П.Г нь 2021 оны 8 дугаар сарын 20-ны шөнө 00 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо,... дугаар байрны ... тоотод иргэн Ч.Б-ыг түлхэн унагаж, эрүүл мэндэд нь дагз ясны хугарал, тархины дагзны хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, зулай, дагзны хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газар: П.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: гэрч Ч.Б-ын 2021 оны 8 дугаар сарын 20, 9 дүгээр сарын 14-ний өдрүүдэд өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй;

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн субъектив шинж нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, эсхүл хүсээгүй боловч үйлдлээрээ хүнд хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэртэй байх ба дээрх шинж хангагдаж байгаа эсэхийг шалгах шаардлагатай;

гэрч Б.Т:  “...Би тэр үед хохирогчийн найзтай нь юм ярьж байгаад гараад ирэхэд Улка, Давка, П.Г босоод зогссон байдалтай, хохирогч Ч.Б газар хэвтэж байхаар нь “Яагаад байгаа юм бэ, болиоч ээ” гэж хэлээд бид нар ширээ тойроод үргэлжлүүлээд архи уугаад сууж байхад хохирогч Ч.Б болон найзынхаа хамтаар “Би явлаа” гээд гараад явсан. ...” /хх 48-49/ гэж мэдүүлсэн ба хэрэг явдал гарах үед байсан У /Улка/ гэх хүнийг гэрчээр асууж, ямар ач холбогдолтой, ямар нөхцөл байдлыг мэдэж байгааг шалгах шаардлагатай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллагдагч гэм буруу болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй талаар хуульчилсан ба оролцогчийн эрхийг хязгаарласан байна. Яллагдагчийн өмгөөлөгч 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гомдол гаргасан байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гомдлыг хүлээн авсан прокурор 14 хоногийн дотор, нэмэлт материал шалгах эсхүл бусад арга хэмжээ авах бол 21 хоногийн дотор хянаж шийдвэрлэнэ” гэсэн байхад тодорхой ажиллагаа хийгээгүй байхдаа 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гомдлын хуулийн хугацааг хэтрүүлэн “...яллах дүгнэлт үйлдсэн, гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж, гомдлыг хүлээн авахаас татгалзаж...” шийдвэрлэсэн нь прокурор өөрт нь хуулиар хүлээлгэсэн албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх нь зүйтэй ба оролцогч нарын эрх, үүргийг нь эдлүүлэлгүй зөрчсөн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, орхигдуулсан гэж шүүх үзлээ.

Мөн гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хохирол, хор уршгийг тодорхойлох нь зүйтэй. Хавтас хэргийн 10 дугаар талд мөрдөгчийн эд зүйл хүлээн авсан тэмдэглэл үйлдэж хохирогч Ч.Б-аас эмчилгээний зардал болох 9 хуудас баримт /хх 101-107/-ыг авч хэрэгт хавсаргасан байхад шүүхэд хэргийг шилжүүлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хохирогчоос эмчилгээ, үйлчилгээ болон хохирол, хор уршгийн талаар баримт гаргаж өгөөгүй гэжээ.

Өөрөөр хэлбэр яллах дүгнэлтэд хэн, хэрхэн, яаж, хэнд, ямар хохирол учруулсныг тодорхой заах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан агуулгад нийцэх бөгөөд мөн хуулийн 34.14, 35.8 дугаар зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд сөргөөр нөлөөлөх болно.

Дээр дурдсан нөхцөл байдлыг нэг мөр шалгаж, гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн бодитой тогтоосноор гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэм буруугийн хэлбэрийг тодорхойлох, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг хэн, ямар хэмжээгээр хариуцах, эсхүл хариуцах гэм хорын хэмжээг багасгах үндэслэлтэй эсэх болон гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл гэх мэт хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтойгоос гадна гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нэгэн зэрэг нөлөөлөх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах, хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр П.Г-т холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор С.Ууганбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн байна. Захирамжид яллагдагчийн биеийн байцаалтыг болон захирамжлах хэсэгт эрүүгийн хэргийн дугаарыг буруу бичсэн байна. Яллагдагч П.Г нь гэмт хэргийг хэзээ, хаана үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүхээс хавтас хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой. Өөрөөр хэлбэл шүүх эрх мэдлийнхээ хүрээнд гэм буруугийн шүүх хуралдааны явцад хохирогч Ч.Б-ыг оролцуулан мэдүүлгийн зөрүүг арилгаж, гэмт хэрэг яаж үйлдэгдсэн талаар тогтоох бүрэн боломжтой.

Хэрэг учрал болсон цаг хугацаанд буюу 2021 оны 8 дугаар сарын 20-ны шөнө 00 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод 6 хүн байсан ба С.Г, Б.Т, С.Д нарын өгсөн гэрчийн мэдүүлгүүдээр тухайн цаг хугацаанд яллагдагч П.Г хохирогч Ч.Б-ыг түлхэж унагаасан болох нь тогтоогдож байхад Улка буюу У-аас мэдүүлэг авч, ямар нөхцөл байдлыг мэдэж байгааг шалгах шаардлагагүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШЗ/1953 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогч Ч.Б-ын өмгөөлөгч О.Алтанчулуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Анхан шатны шүүх хуралдааны дараагаас хохирогчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Прокурорын яллах дүгнэлтэд учруулсан хохирлын талаар дурдаагүй. Гэвч хохирогч мөрдөн байцаалтын шатанд 2.770.140 төгрөгийн хохирлын эмчилгээний баримтыг гаргаж өгсөөр байхад энэ талаар ямар ч дүгнэлт хийгээгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаагүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг тооцоолж гаргаагүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Прокурорын эсэргүүцэлд дурдсан хэргийн дугаар дээр нэг тоо орхигдсон байгаа. Мөн биеийн байцаалт дээр техникийн алдаа гэж харахаар зүйл байсаар байхад прокурор эсэргүүцэл бичсэн нь ойлгомжгүй байна. ...” гэв.

Яллагдагч П.Г-ийн өмгөөлөгч Г.Должинсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Захирамжийн агуулгаас харахад 5 үндэслэлээр гарсан. Хохирогчийн мэдүүлэг эргэлзээтэй. Хохирогч 2 удаа мэдүүлэг өгсөн. Хууль сануулаагүй эхний мэдүүлэгтээ шилээр цохисон гэж мэдүүлсэн. Гэтэл хууль сануулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хохирогчоор тогтоосны дараа “...намайг түлхэж унагасан. ...” гэж мэдүүлдэг. Эдгээр 2 мэдүүлэг нь зөрүүтэй байгаа. Тухайн хэргийн нөхцөл байдлыг харсан 2 гэрч байдаг. Ямар нөхцөл байдалтай байсныг гэрч У , Д нар мэднэ. Д-ийн мэдүүлгээс тодорхой харагддаггүй. Харин У-ыг зайлшгүй гэрчээр асуух шаардлагатай. Үүний дараа санаатай болон болгоомжгүй гэдгийг мэдэх боломжтой гэж үзэж байна. Мөн хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өмгөөлөгч миний зүгээс “хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэсэн хүсэлтийг прокурорт гаргасан. Прокурор 15 хоногийн дотор хариу өгөөгүй. 19 хоногийн дараа буюу яллах дүгнэлт үйлдсэнийхээ дараа “...гомдол гаргасны дараа яллах дүгнэлт үйлдсэн учраас энэхүү хүсэлтээ шүүхэд шийдвэрлүүл. ...” гэсэн хариу өгсөн. Хэрвээ энэхүү хүсэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж хүлээн авсан бол оролцогч өөрөө болгоомжгүйгээр бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэрэг дээрээ хялбаршуулах боломжтой байсан. Гэтэл өмгөөлөгчийн гомдол гаргах эрхийг хязгаарлахаас гадна, хэргийн оролцогчийн хэргийг хялбаршуулах боломжийг прокурор хязгаарласан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. Техникийн шинжтэй алдааг давж заалдах шатны шүүх магадлалаараа залруулах боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШЗ/1953 дугаартай захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй, яллагдагч П.Г-т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэрэг үйлдэгдсэн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодитой тогтоож, түүнд хууль зүйн дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүх аливаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутай эсэх, ямар гэмт хэргийн шинжийг хангаж байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийдэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, Шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Шүүн таслах ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулна.” гэж, 8.2 дахь хэсэгт “Шүүгдэгч, хохирогч, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор болон бусад оролцогчийг шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор тэгш хангана. гэж тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан бөгөөд хэргийн материалыг судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх дүгнэлт өгч болохуйц хэмжээнд шалгаж тодруулсан байна.

Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгүүд болон бусад баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоох боломжтойгоос гадна тус гэмт хэргийн шинж, үйлдэл тус бүрийг ямар аргаар, гэм буруугийн ямар хэлбэрээр үйлдсэн зэрэгт хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой байх бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд шаардлагатай гэрч, шинжээчийг оролцуулж, шүүхийн хэлэлцүүлэгт тодруулан асууж хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Хэрэгт нэгэнт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлах, шинжлэн судлахаас татгалзах, нотлох баримтаар тооцохгүй байх, бусад нотлох баримттай харьцуулах замаар үнэлж дүгнэх зэрэг асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой хуульчилсан тул хуулийн заалтыг чанд мөрдөх замаар яллагдагч П.Г-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж прокурор С.Ууганбаярын “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх...”-ээр бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, П.Г-т холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШЗ/1953 дугаартай захирамжийг хүчингүй болгож, яллагдагч П.Г-т холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
  2. Хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэх хүртэл П.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ