| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00153/И |
| Дугаар | 156/шш2024/00210 |
| Огноо | 2024-04-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 156/шш2024/00210
2024 04 29 156/ШШ2024/00210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
135/2024/00153/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш.У,
Хариуцагч: Г.М,
Нэхэмжлэлийн шаардлага: 8,535,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч *******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,
Хариуцагч *******,
Хариуцагчийн өмгөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 8,535,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Би хариуцагч *******ын нэр дээрх ******* тоот дансанд өөрийнхөө 5952134809 тоот данснаас 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 4,500,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 502,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 502,500 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 505,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 505,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 505,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 505,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 505,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 505,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Би хуулийн мэдлэг байхгүй байсан учир нэхэмжлэл гаргахдаа уг мөнгийг ******* зээлж авсан гэж бичсэн. Энэ мөнгийг би *******ын дансаар дамжуулж бүлд зориулж хийсэн. Бүл гэдэг нь сонирхсон хүмүүс хоорондоо ярилцаад хуримтлалын сан үүсгэж түүнээсээ хүмүүст хүүтэй мөнгө зээлдэг. Бүл үүсгэснээс хойш 8 сарын дараа буюу 2022 оны 8 дугаар сард бүл задарч ашгаа хуваах ёстой байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл ашгаа хуваахгүй бна. Би 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр бүлээс 1,495,000 төгрөгийн зээл авсан. Тодорхой хугацаанд бүлийн гишүүдийн хурал болдог. Би бүлийн хуралд сууж байгаагүй. Би анх нэхэмжлэл гаргахдаа 8,535,000 төгрөг нэхэмжилж байсан. Үүнээс *******ийн дансанд шилжүүлсэн мөнгө болон 2022 оны 7 дугаар сарын 30-нд бүлээс авсан 1,495,000 төгрөгийн зээл, мөн 300,000 төгрөгийг хасаад одоо 6,235,000 төгрөгийг *******аас нэхэмжилж байна. Учир нь манай бүлийн ахлагч нь *******. Тийм учраас тэр хариуцлага хүлээх ёстой. Мөн би түүний дансанд мөнгөө шилжүүлсэн учир түүнээс нэхэмжилж байна гэв.
3. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэж байна. Үүнд:
******* нь надаас зээлийн гэрээний үүрэгт 8,535,000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Би ******* гэх хүнээс огт зээл аваагүй. Надруу шилжүүлсэн 8,535,000 төгрөг бол ******* нь өөрийн охин н.Мандахнартай хамт манай ******* бүлд гишүүнээр оръё гэж санал тавьсны улмаас манай баг хүлээж аваад орохыг зөвшөөрсөн. ******* нь бүлийн гишүүний хуримтлалаа үүсгэхдээ эхлээд 502,000 төгрөгөөр орсон, харин түүний охин 9 сарын турш хугацааны хуримтлалын мөнгөө сар болгон өгөхгүйгээр бөөн өгье гэж хэлээд 4,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Хуримтлалын сан нь 9 сарын хугацаанд хэрэгжих бөгөөд сар болгоны 04-ний өдөр хуралддаг. Бүлийн хурал дээрээ гишүүн болгон мөнгөө хуримтлуулж, хуримтлуулсан мөнгө нь тодорхой хэмжээний зээлийн сан болгож, тухайн өдөр зээл авах хүсэлтэй хүмүүстээ зээл гаргадаг. 9 дэх сар дээр хуримтлуулсан бүх мөнгөө нийлүүлж, зээлээс хэдэн төгрөг орж ирсэн байна тэр мөнгөө бүх гишүүдийн хувьцаанд хуваахаар ногдол ашиг гарч ирнэ. Гэтэл ******* нь ногдол ашгаа хүү гэж бичсэн байна. 8,535,000 төгрөгийн 4,000,000 төгрөг нь *******ийн хуримтлалын мөнгө, 4,500,000 төгрөг нь *******ийн охин Мандахнарангийн хуримтлалын мөнгө, 35,000 төгрөг нь нийгмийн сан буюу гачигдал гарах үед тусламж дэмжлэг болгож өгөхөд зориулж цуглуулдаг бүлийн мөнгө юм. Гэтэл дээрх мөнгийг хувь хүн намайг зээлсэн мэтээр нэхэмжлэл дээрээ бичсэн байна. ******* бүлийн удирдлагын багт 2 касс, 1 нарийн бичиг байдаг бөгөөд би нарийн бичгийг нь хийдэг. Би хувь хүний зүгээс ******* гэх хүнээс 9 сарын турш сар болгон 505,000 төгрөг зээлнэ гэж байхгүй. ******* нь хувьдаа мөн бүлтэй, над шиг тэр бүлийнхээ нарийн бичгийг нь хийдэг хүн байж намайг 1 сарын 10 хувийн хүүтэй мөнгө зээлдэж авсан гэж нэхэмжлэлд бичсэнд нь үнэхээр гомдож байна. Бид багийн гишүүдийн зөвлөлийн хурлаар дундаа данс нээхгүй, зөвхөн удирдлагын багийн 3 хүний дансанд хувьцааны мөнгийг төвлөрүүлье гэж дотоод журмаараа баталсан. Бүлийн удирдлагын багийн 3 хүн мөнгө орсныг нь мобайлаараа харуулаад хурлын протокол дээр бичээд явдаг. Би 9 жил гаруй хугацаанд энэ бүлийг ажиллуулж байгаа хүний хувьд маш олон хүнд үр шимээ өгсөн учраас хүмүүс өөрсдөө оръё гэдэг хүсэлтийг тавьдаг. Манай бүл нь 9 сарын хугацаанд задрах байсан гэтэл коронагийн дараах үе буюу хүмүүсийн эдийн засаг сэргээгүй үе таарч, зээлтэй хүмүүс маань бүлийнхэндээ учир байдлаа хэлж өнөөдрийг хүртэл багаар төлөөд явж байгаа. 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ******* нь надад хувьцааны мөнгө алга бүлээс 2,000,000 төгрөг гаргаж өгөөч, үүнээс хувьцааны мөнгийг суутгаад үлдэгдлийг нь шилжүүлчих гэсэн. Ингээд хувьцааны 505,000 төгрөгийг суутгаж аваад үлдэгдэл 1,495,000 төгрөгийг бүлээс түүн рүү шилжүүлсэн.
Миний дансны хуулгыг харах юм бол *******ээс 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хувьцааны 505,000 төгрөг орж ирээгүй байгаа. Манай гишүүн болгон бүлдээ бүртгэлийн дугаартай байдаг бөгөөд ******* 20 дугаартай, түүний охин нь 25 дугаартай явдаг. Манай бүлийн бүх гишүүд үүнийг нотолно. ******* нэхэмжлэлээ үнэн зөв бичих ёстой, гэтэл намайг харлуулах талаас зөндөө зүйл бичсэн байна. Бүлийн зээлтэй гишүүд мөнгөө огт өгөөгүй байхад би дансаа бүлд ашиглуулсны төлөө хүнээс зээл авсан болоод зогсож байна. ******* нь бид нараас авсан бүх мөнгөө хасаагүй байна. Бүлийн гишүүний татварт өгсөн мөнгөө хувь хүнд зээлсэн мэтээр бичиж болохгүй, бид хоёрын хооронд зээл өгнө авна гэсэн яриа огт болоогүй, би надлуу шилжүүлсэн тэр мөнгийг нь авч хэрэглээгүй. Энэ мөнгийг бүлээс зээл авсан гишүүд төлөх ёстой. Би ******* болон бүлд ямар ч өргүй гэв.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 1/189 дугаартай албан бичиг (хх-ийн 4 тал), нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 5 тал), банкны шилжүүлгийн мэдээлэл (хх-ийн 6-14 тал)-ийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
5. Хариуцагч талаас хариу тайлбар (хх-ийн 20-23 тал), Б.Сарансүх, нарын тайлбар (хх-ийн 26-27 тал), 5936073504 дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 31-35 тал), ******* их гарааны бүлийн 1-р цикл гэх дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 36-56 тал), *******ын нэр дээрх ******* тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 57-58 тал), *******ын тайлбар (хх-ийн 68 тал), *******ийн нэр дээрх ******* тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 67-68 тал)-ыг нотлох баримтаар ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас 8,535,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 6,235,000 төгрөг гаргуулахаар нэхэмжиллээ.
3. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч ******* нь өөрийн нэр дээрх 5952134809 тоот данснаас хариуцагч *******ын ******* тоот данс руу 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 4,500,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 502,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 502,500 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 505,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 505,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 505,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 505,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 505,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 6-14/, дансны хуулга /хх-ийн 57-58/ болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Дээрх шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Э.Мөнхжаргалыг зээлж авсан гэж нэхэмжилсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт тэрээр Би хуулийн мэдлэг байхгүй байсан учир нэхэмжлэл гаргахдаа уг мөнгийг ******* зээлж авсан гэж бичсэн. Энэ мөнгийг би *******ын дансаар дамжуулж бүлийн хуримтлалд зориулж хийсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулж тайлбарлалаа.
Талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбаруудаас үзэхэд нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь иргэд хоорондийн байгуулсан мөнгөн хуримтлалын санд гишүүнээр орсон, гишүүд нь сар бүр мөнгө хуримтлуулж байсан үйл явдал тогтоогдож байх ба энэхүү мөнгөн хуримтлалын санг бүл хэмээн нэрлэж байсан болох нь хэрэгт авагдсан ******* их гарааны бүл-ийн хөтөлсөн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 36-56/, гэрч *******ийн мэдүүлэг /хх-ийн 76-80/-ээр нотлогдож байна.
Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн ******* их гарааны бүл-ийн хөтөлсөн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 36-56/ нь хариуцагчийн хувийн бүртгэлийн дэвтэрт хийсэн бичилтүүд байх боловч уг материалтай холбогдуулан нэхэмжлэгч тал маргаагүй тул уг баримтаар зохигчдын хооронд иргэдийн мөнгөн хуримтлалын сан үүссэнийг нотолсон нотлох баримтаар үнэлсэн болно.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн тайлбарлах ба үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх ойлголтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол буцаан шаардах эрхтэй гэж хуульчилсан.
Нэхэмжлэгч ******* нь иргэд хооронд үүссэн бүл хэмээх мөнгөн хуримтлалын санд шилжүүлэх мөнгөө хариуцагч *******ын нэр дээрх дансаар дамжуулан шилжүүлсэн байх ба энэ нь гэрч Б.Төмөрсүхийн шүүх хуралдаанд өгсөн ...бүлийн гишүүд сар бүр 505,000 төгрөгийн хураамж төлдөг. Энэ мөнгийг гишүүд *******, *******, н. гэсэн 3 хүний дансыг өөрсдөө сонгоод хийдэг. Зарим гишүүд хураамжаа бөөнд нь мөн бэлнээр өгдөг. Дансанд нь мөнгө орохоор дээрх гурван хүн хурал бүр дээр энэ талаар танилцуулдаг. Мөн гишүүд өөрсдөө түүний данс руу мөнгө хийсэн гэдгээ хэлдэг гэх мэдүүлэг, шүүх хуралдаанд өгсөн хариуцагч *******ын өгсөн ...гишүүдээс миний дансанд шилжүүлсэн мөнгийг бүлийн хурал дээр хэлж тэмдэглэдэг... гэх тайлбар, нэхэмжлэгч *******ийн шүүх хуралдаанд өгсөн ...надад зав гарахгүй байсан учир бүлийн хуралд сууж байгаагүй. Би бүлийн гишүүн. Хоёр хүний нэр оруулбал ахиу ашиг хүртдэг учир би охиныхоо нэрийг оруулж, сарын хураамжийг нь би өөрийнхөө данснаас бөөнд нь *******ын данс руу шилжүүлсэн... гэх тайлбаруудаар нотлогдож байна. Энэ талаар хариуцагч маргаагүй.
Иймд нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ын дансанд мөнгө шилжүүлсэн зорилго нь өөр, өөрөөр хэлбэл түүний хэрэгцээнд зориулан түүний дансанд мөнгө шилжүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон ...би *******ын дансанд мөнгөө шилжүүлсэн учир тэр төлөх ёстой гэх тайлбар үндэслэлгүй байна.
Түүнчлэн бүл-ийн нийт гишүүдийн хурлаар харилцан ярилцаж аливаа шийдвэр гаргадаг болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийн ...бүлийн ахлагч нь ******* учир тэрээр хариуцлага хүлээх ёстой гэх тайлбар няцаагдаж байна. Өөрөөр хэлбэл хуримтлалын сангийн ахлагч нь хариуцлагыг дангаараа хариуцах үүрэг хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан шаардах эрх үүсээгүй гэж шүүх дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хавтаст хэргийн 29-30 дугаар хуудаст авагдсан чатын хуулбар, 66 дугаар хуудаст авагдсан М.Мөнх-Ундрахын тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангаагүй байх тул хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******д холбогдох 6,235,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА