2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2026/ШЦТ/756

 

2026         03          23                                     2026/ШЦТ/756

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,

улсын яллагч З.Өлзийхүү,

шүүгдэгч Э.А нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.А-т холбогдох эрүүгийн “**” дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Э.А,

Монгол Улсын иргэн

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.А нь 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** тоотын хашаанд хохирогч Г.Д-ийн эхнэр болох Б.С-аас “Эгч утсаар чинь нэг яриад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Г.Д-ийн эзмшлийн “Самсунг Галакси АЗЗ 5Ж” загварын гар утсыг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн * дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Э.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй” гэж заасныг сануулахад шүүгдэгч нь “Өмгөөлөгчгүйгээр, өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцоно” гэсэн болохыг дурдав.  

 Гэм буруутайд тооцох тухайд:

 Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Э.А нь 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** тоот хашаанд хохирогч Г.Доржсүрэнгийн эхнэр болох Б.Сайнбаяраас “Эгч утсаар чинь нэг яриад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Г.Д-ийн эзмшлийн “Самсунг Галакси АЗЗ 5Ж” загварын гар утсыг авсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 5-6 дугаар тал/,

        - хохирогч Г.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Би Баянзүрх дүүргийн * дугаар хороо ** тоотод нийтийн байр ажиллуулдаг. 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр манай байранд үл таних эрэгтэй хүн ирээд "Би Завхан аймгаас саяхан ирсэн байрны мөнгө байхгүй байна, Налайх дүүрэгт барилгын ажил хийж байгаа байрны төлбөрөө цалингаа аваад өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд оруулчихсан. Тэгээд тэр хүн өрөөндөө байгаад байсан болхоор би "Байрны төлбөрөө өгөөрэй цалин чинь юу болж байна" гэж асуухад удахгүй өгнө гэж хэлээд байсан. Тэгээд би мөнгөө өгөхгүй бол байрнаас гаргана шүү гэж хэлсэн. Тэгээд 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр би хашаан дотроо машины доор засвар хийж байх үед тухайн эрэгтэй хүн манай эхнэр болох Б.С-аас “Эгч утсаар чинь нэг яриад өгье” гэж хэлээд миний гар утсыг аваад ярьж байгаад аваад явчихсан байсан. Би тухайн үед эхнэр С-т “чи танихгүй хүнд утас өгчихсөн юм уу? хажууд нь зогсож байгаад аваад ир” гэхэд “ажил хийсэн хүн мөнгө өгөхгүй байна гэсэн. Найдвартай залуу байсан” гээд тоохгүй байсан. Тэгээд би удалгүй хажууд амьдардаг хөрш айлын Б гэх хүний утсыг гуйж Хаан банкны оператор руу холбогдож данс хаалгах үед таны данснаас 50,000 төгрөгийн зарлага гарсан байна гэж хэлсэн. Би хаана? Хэзээ? зарлага гарсныг нь асуухад хувийн мэдээллийг задлахгүй гэж хэлсэн. Тухайн эрэгтэй хүн өөөрийгөө А гэж танилцуулсан. Бичиг баримтыг нь шалгах гэхэд бичиг баримтгүй явж байна гэж хэлсэн. Би нутгийн хүүхэд болхоор өрөвдөөд оруулчихсан өөр юм бодоогүй. Ямар нэгэн төлбөр хийж мөнгө шилжүүлээгүй. Би сайн мэдэхгүй байна. Ганцаараа байгаад байсан. Тухайн эрэгтэй хүнтэй ямар нэг зүйлийн талаар яриагүй, хамгийн сүүлд миний дүү мөнгөө өгөөрэй гэж хэлхэд тухайн хүн миний мөнгө орж ирээгүй байна гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй. Би гар утсаа 2020 онд 1,200,000 төгрөгөөр лизингээр авч байсан. “Самсунг АЗЗ 5Ж” загварын хар өнгөтэй утас байсан. Гар утасны имей дугаар нь IMEI 1:*, IMEI 2:*. Миний гар утас ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, хар өнгийн гэртэй, мөн гар утасны хойно иргэний үнэмлэх, Хаан банкны карт, жолооны үнэмлэх байсан. Миний Хаан банкны ***** тоот данснаас 50,000 төгрөгийн зарлага гарсан байсан. Би тухайн хүнийг дахиж харвал танина...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/,

- гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Анх 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр манай нийтийн байранд үл таних эрэгтэй хүн ирээд “Би Завхан аймгаас саяхан ирсэн, хүн танихгүй Налайхад ажил хийж байгаа 1, 2 хоноод цалин буухаар байрны мөнгөө өгнө” гэж хэлхээр нь нийтийн байрандаа оруулчихсан. Тэгээд тэр хүн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 11 цагийн үед надаас “Гар утсаараа яриулаач мөнгө төгрөгөө авъя” гэж хэлхээр нь өгсөн. Удалгүй тухайн хүн гар утсыг аваад явчихсан байсан. Тухайн хүн өөрийгөө А гэдэг гэж байсан. Ямар нэгэн бичиг баримт шалгаагүй. Манай нөхөр хэлэхдээ манай нутгийн хүүхэд байна гэж хэлхээр нь юм бодохгүй шууд оруулчихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/,

- гэрч С.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Би тухайн ** утасны дугаарыг ашиглаад 2, 3 сар болж байгаа тухайн утасны дугаарыг ажлын дугаар болгож ашиглах гэж өөрийнхөө нэр дээр бүртгүүлж аваад одоо хүртэл ашиглаж байгаа. Надаас өөр хүн тухайн дугаарыг ашигладаггүй. Би Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо “Смарт фоне” гар утас худалдааны 4 дүгээр лангуу ажиллуулдаг ба 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гар утас зардаг ченж Т буюу Т гэх хүн манай ажил дээр ирээд АЗЗ загварын гар утас авах уу гэхээр нь би наад утас чинь өөрийнх нь эзнээс нь авсан биз дээ хулгайн гар утас биш биз гэж асуухад Т хулгайн гар утас бишээ найз нь эзнээс нь авсан юм гэж хэлэхээр нь би 230,000 төгрөгийг Хаан банкны * тоот данс руу тухайн гар утасны имей кодны сүүлийн 5 орон буюу АЗЗ /22637/ гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлж тухайн утсыг худалдаж авсан ба өөрийнхөө бүртгэл хөтөлдөг дэвтэр дээр тухайн гар утасны имей кодыг нь тэмдэглэж авсан. Би 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тухайн “АЗЗ 5Ж” загварын гар утсыг худалдаж авахаас өмнө өөрийнхөө * дугаарыг тухайн гар утас руу хийж өөрийнхөө * дугаараас * дугаар руу залгаж тухайн гар утсыг шалгаж үзээд авсан. Тэр өдрөөс хойш ашиглаагүй. Тухайн Т гэх хүн манай ажлын гадна гар утас зардаг ченж бөгөөд би тухайн хүнээс хэд хэдэн удаа гар утас авч байсан ба гар утас худалдаж авах болгонд өөрийнхөө бүртгэл дээр тэмдэглэж авдаг. Т-ын гар утасны дугаар нь * дугаартай байгаа. Би одоо “Айфоне 15 про” загварын гар утас ашиглаж байгаа. Тухайн “АЗЗ 5Ж” загварын гар утас одоо надад байгаа. Би Т-аас 230,000 төгрөгөө буцааж аваад тухайн гар утсыг буцааж өгнө...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/,

- “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №*-*-* дугаартай “285,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 50-55 дугаар тал/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэл /хавтаст хэргийн 25-27 дугаар тал/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 32-43 дугаар тал/,

- Дансны лавагаанд үзлэг хийсэн тухай 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тэмдэглэл /хавтаст хэргийн 28-31 дүгээр тал/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 44-45 дугаар тал/,

шүүгдэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх, мөн хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна. 

Шүүгдэгч Э.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн эд хөрөнгийг авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.   

        Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Э.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохиролыг нөхөн төлсөн зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч Э.А нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Э.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.АРИУНБОЛД