Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 122

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүгч Ү.Одгэрэл, Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян нарын бүрэлдэхүүнтэйгээр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэгийг суулган улсын яллагч С.Ариунаа, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, иргэдийн төлөөлөгч С.Энхжаргал, хохирогч *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 201711000209 дугаартай хэргийг 2017 оны 8 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1986 оны 11 сарын 07-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2012 оны 11 сарын 29-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 28 дугаар шүүхийн 2015 оны 01 сарын 29-ний өдрийн 20 дугаартай шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, /РД:...................../ ******* овогт ******* ,

Шүүгдэгч ******* нь 2017 оны 5 сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 51 дүгээр байрны зочид буудалд зэвсэг буюу хутга хэрэглэн иргэн *******ийн хэвлийн тус газарт хутгалж өлөн гэдэс болон чацархайн хатгагдаж зүсэгдсэн шархууд, цус алдалт/1.7 литр/ бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 5 сарын 20-ны өдөр бид хоёр 51 дүгээр байрны буудалд орж пиво ууж байгаад тэнд *******тай танилцсан. Тэгээд тэндээ ууж хоноод маргааш нь буюу 2017 оны 5 сарын 21-ний өдөр юм угаагаад сууж байхаар нь би “эр хүн байж юм угаагаад сууж байхдаа яадаг юм бэ, наашаа сууж хамт ууя” гэж хэлсэн. Тэгээд  би урьд нь цэргийн ангид хамт ажиллаж байсан болохоор тэр талаар юм яриад байж байтал ******* нь хардсан байдалтай ирээд бид хоёр маргалдсан. Түүнээс өөр бид хоёрт маргалдсан зүйл байхгүй. хийсэн үйлдэлд бас миний буруу байгаа, би зүгээр байсан хүнийг өдөж янз бүрийн юм ярьсан. Миний бие одоо зүгээр болсон. Надад эмчилгээний төлбөрт 1500000 төгрөг төлсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв. 

Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 5 сарын 21-ний өглөө дэлгүүрээс 2 ширхэг пиво авч 51 дүгээр байрны буудалд орж уусан. ... нөгөө өрөөнд ор хөнжлийн даавуу угаагаад сууж байсан. Би дуудаж хамт дэлгүүр орж 2.5 литрийн 2 ширхэг пиво авч буудалд орж ирээд .. ууж дуусаад би цонхоор хараад байж байхад манай 6 настай хүү 51 дүгээр байрны урд зогсож байхаар нь хүүхэдтэйгээ уулзах гээд гарахад манай эхнэр зогсож байсан. Тэгээд би эхнэртэйгээ маргалдаж байгаад буцаад буудал руу ороход нь өөдөөс тулж ирээд шууд хутгалсан. Тэр миний хэвлийн тус газар хутгалсан бөгөөд би шууд газарт унасан. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Бид хоёр хоорондоо маргаж, муудалцаж, зодолдсон зүйл байхгүй. Өмнө нь пиво ууж байхдаа ч гэсэн маргаж, муудалцсан зүйл байхгүй. Би урьд өмнө нь огт танидаггүй байсан. Түүнтэй өр авлага, өс хонзонгийн зүйл юу ч байхгүй. ...Тэр үед манай найз өрөөндөө байсан намайг хутгалахыг хараагүй байх, эхнэр нь гэх эмэгтэй булангийн өрөөнд байсан байх. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гэхдээ тийм ч их согтоогүй, болсон зүйлүүдийг санаж байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 27-29/

            Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би угаалгын өрөөнд юм угаагаад сууж байхад гэнэт чимээ шуугиан болохоор нь гайхаад угаалгын өрөөнөөс гараад харахад Батзориг үүдэнд хэвтэж байсан. Түүний хажууд найз нь зогсож байсан. ******* гартаа хутга барьсан зогсож байсан. Би гараас хутгыг нь авсан. Ингээд түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Үүний дараа буюу түргэн тусламж, цагдаа ирэхээс өмнө эхнэр нь орж ирсэн байсан. нь тэр үед гараад зугтсан байсан. Би угаалгын өрөөнд юм угааж байсан болохоор яг юунаас болж хутгалсан талаар хэлж мэдэхгүй байна. Намайг угаалгын өрөөнд юм угааж байхад чимээ шуугиан гарч, зодоон цохион болсон зүйл байхгүй. Хоорондоо маргаж муудалцсан зүйл ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 30-32/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 25 тоот дүгнэлтэд: “1. ******* нь сэтгэцийн хувьд эрүүл. 2. ******* нь өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай. 3. ******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 4. ******* нь хэрэг хариуцах чадвартай.” гэжээ. /хх-ийн 48/

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10, 11/

-Гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 39-40/

-Хохирогч *******ийн өвчний түүх /хх-ийн 78-97/,

-Хохирол төлсөн баримт /задгай/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч ******* нь 2017 оны 5 сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 51 дүгээр байрны зочид буудалд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогч *******ийн хэвлийн тус газарт хутгалж өлөн гэдэс болон чацархайн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хүнд гэмтэл  санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч мөрдөн байцаалтад өгсөн “...жижиг хэмжээтэй хар бариултай хутгыг аваад тэр хоёрыг айлгах санаатай дөхөж очоод... хэвлий рүү нь хатгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-61/, түүнийг давхар нотолсон хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би эхнэртэйгээ маргалдаж байгаад буцаад буудал руу ороход өөдөөс тулж ирээд шууд хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 5 сарын 25-ны өдрийн 302 тоот дүгнэлтэд: "…*******ийн биед баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд зовхины хуучин цус хуралт, зүүн хөмсөг орчмын хуучин зулгаралт, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн умдагний зүүн дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, өлөн гэдэс болон чацархайн нэвт хатгагдаж зүсэгдсэн шархууд, цус алдалт /1.7 литр цус/ шинэ гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүдийн баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд зовхины хуучин цус хуралт шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017.05.23-ны өдрөөс 4-6 хоногийн өмнө үүссэн байх боломжтой ба хэвлийн хөндий рүү нэвтэрсэн умдагний зүүн дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, өлөн гэдэс болон чацархайн нэвт хатгагдаж зүсэгдсэн шархууд, цус алдалт /1.7 литр цус/ нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Уг гэмтлүүдийн баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд зовхины хуучин цус хуралт нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зүүн хөмсөг орчмын хуучин зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба хэвлийн хөндий рүү нэвтэрсэн умдагний зүүн дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, өлөн гэдэс болон чацархайн нэвт хатгагдаж зүсэгдсэн шархууд, цус алдалт /1.7 литр цус/ нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварийн тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна” /хх-ийн 44-45/ гэсэн дүгнэлт болон бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль нь 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд шинэ хуулийн үйлчлэлийн дагуу Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан “Үйлдэл, эс үйлдэхгүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэснийг журамлан түүнд холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй байна. Учир нь шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс өмнө буюу 2017 оны 5 сарын 21-ний өдөр үйлдэгдсэн байх бөгөөд түүний дээрх үйлдлийг энэ зүйлээр зүйлчлэхэд эрх зүйн байдал нь дээрдэж байна.

Хохирогчийн биед учирсан өлөн гэдэс болон чацархайн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хүнд гэмтэл нь түүний хэвлийн хөндий рүү хутгалсан шүүгдэгч үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хоорондоо зөрүүгүй, хэн хэндээ нөлөөлөөгүй, мөн шинжээч эмчийн 2017 оны 5 сарын 25-ны өдрийн 302 тоот дүгнэлт нь 2017 оны 5 сарын 21-ний өдөр нээсэн өвчтөний 2359 тоот карт, шинжээч эмчийн үзлэгт тус тус үндэслэгдсэн, хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий, эргэлзээгүй байх тул дээрх хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт зэргийг шүүх үнэн зөв, хууль ёсны нотлох баримт гэж үзсэн болно.

Иймд шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой гэж үзсэн тул түүнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 5 сарын 25-ны өдрийн 302 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь 2012 оны 11 сарын 29-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 6 сарын  хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 1 сарын 29-ний өдөр 1 жилийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан боловч энэ тэнсэж, хянан харгалзсан хугацаа нь дууссан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл зохино.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Дээрх нөхцөл байдлуудаас гадна шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд  2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасан “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж болох боловч ийнхүү хөнгөрүүлэн оногдуулах хорих ялын доод хэмжээ нь энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүй байна...” гэж заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг заасан хорих ялыг оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч нь хохирогч *******т эмчилгээний төлбөрт 1500000 төгрөг төлсөн байх бөгөөд хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ тогтоолоор шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримт хураагдаж ирсэн хар өнгийн иштэй, улаан өнгийн утсаар ороосон 1 /нэг/ ширхэг хутгыг устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч ........................ регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харьяа цагдан хорих байранд нэн даруй хүргүүлбэл зохино.

Шүүгдэгчийн 2017 оны 6 сарын 02-ны өдрөөс 7 сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 33 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1.2015 оны шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2.Шүүгдэгч ******* овогт ******* бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. 2002 оны Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялаар  шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч цагдан хоригдсон нийт 33 хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй бөгөөд шүүгдэгч нь хохирогч *******т эмчилгээний зардалд 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг төлсөн, хохирогч өөр нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй, улаан өнгийн утсаар ороосон 1 /нэг/ ширхэг хутгыг устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ........................ регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харьяа Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 9 сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР

                                                ШҮҮГЧИД                                Ү.ОДГЭРЭЛ

                                                                            С.НАСАНБУЯН