| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Цэрэнпүрэв |
| Хэргийн индекс | 145/2023/00414/И |
| Дугаар | 145/ШШ2023/00455 |
| Огноо | 2023-10-16 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 145/ШШ2023/00455
| 2023 оны 10 сарын 16 өдөр | Дугаар 145/ШШ2023/00455 | Өвөрхангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
УДИРТГАЛ ХЭСЭГ
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: оршин суух *********а овогт **************ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: байрлах ******** холбогдох,
Нэг удаагийн тэтгэмж нийт 4,720,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: **********,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******** /цахим/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Пүрэвжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд Лабораторийн эмчээр 30 жил тасралтгүй ажилласан. Энэ хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй юм.
Ингээд 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан. Тэтгэвэрт гарахад Хөдөлмөрийн хуулийн дагуу нэг удаагийн тэтгэмж олгоно гэсэн тушаал гарсан учир тушаалын дагуу би тэтгэмж авах хүсэлтээ өгсөн. Гэтэл тухайн тушаалаар нэг удаагийн тэтгэмж өгөх боломжгүй болсон гэж хэлээд Төрийн хэмнэлтийн хуулийг тайлбарласан.
Төрийн хэмнэлтийн хууль нь тэтгэвэр тэтгэмжид хамаагүй гэж бодож байна. Хөдөлмөрийн хууль гэж өөр зүйл байгаа. Нэг удаагийн буцалтгүй тэтгэмж буюу Эрүүл мэндийн яамнаас олгодог тэтгэмж, тэтгэвэрт гарахад ажил олгогчоос олгох тэтгэмж хоёр нь хоорондоо өөр зүйл байгаа юм. Гэтэл үүнийг Төрийн хэмнэлтийн хуулиар тайлбарлаж тэтгэмж олгохгүй гэсэн хариулт өгч байна.
Би 36 сарын тэтгэмжийг Эрүүл мэндийн яамнаас авсан. Харин биднийг тэтгэвэрт гарахад энэ хоёрын аль нэгийг сонгоно гэж хэлж байгаагүй. Өндөр настны тэтгэвэрт нэг л удаа гардаг. Хэрвээ аль нэгийг нь сонгоно гэж хэлсэн бол арай өөр байх байсан. Гэтэл тушаал гарсны дараа аль нэг тэтгэмжийг сонгоно гэсэн. Дөрвөн сарын тэтгэмж гэдэг нь Хөдөлмөрийн хуулиар намайг өндөр насны тэтгэвэрт гарахад олгож байгаа тэтгэмж гэж ойлгож байгаа учир нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж нийт 4,720,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ***********эмч өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт өгөөд 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн тушаалаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон.
********* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.4-т зааснаар 4-н сарын тэтгэмж олгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Гэтэл Монгол улсын Их хурлаас 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталсан. Энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд албан хаагчид тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохоор заасан бол албан хаагч тэдгээрээс аль илүүг сонгох эрхтэй бөгөөд давхардуулан олгохгүй гэж заасан. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт зааснаар Төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан энэ хуульд заасан хангамж, үйл ажиллагааны хязгаарлалтыг чанд мөрдөх ажилд хяналт тавьж, удирдах ажлыг хэрэгжүүлнэ гэж заасан.
Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна гэж заасан нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг ********** олгогдсон гэж үзэж байна.
Төрийн хэмнэлтийн тухай хууль нь 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс эхэлж мөрдөж эхэлсэн бөгөөд эмч ************ыг ажлаас чөлөөлөх тушаал 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гарсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
Нэхэмжлэгч **********с иргэний үнэмлэхийн хуулбар, ********* төвийн захирлын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Б/174 тоот тушаалын хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх зохигчийн шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг бүхэл нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч *********нь хариуцагч Ө*************** холбогдуулан нэг удаагийн тэтгэмж нийт 4,720,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч **************** нь нэхэмжлэгч ************* нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч ******** нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тул ажил олгогчоос тэтгэмж олгохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт, 82.1.4-т заасан. Үүний дагуу ************* захирлын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Б/174 тоот тушаалын 3 дахь заалтаар дөрвөн сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэсэн боловч Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу олгох боломжгүй гэж байгаа тул нэг удаагийн тэтгэмж нийт 4,720,000 төгрөг гаргуулна гэжээ.
Хариуцагч *********** нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд албан хаагчид тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохоор заасан бол албан хаагч тэдгээрээс аль илүүг сонгох эрхтэй бөгөөд давхардуулан олгохгүй. гэж заасан. Харин ************** 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй нэг удаагийн буцалтгүй тусламжийг сонгон авсан тул ажил олгогчоос нэг удаагийн тэтгэмж нийт 4,720,000 төгрөгийг давхардуулан олгох боломжгүй гэжээ.
Нэхэмжлэгч ********* нь өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт ирүүлсэн тул түүнийг 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс ажлаас чөлөөлөн, дөрвөн сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгохоор ажил олгогчийн тушаал гарсан нь ************* 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Б/174 тоот тушаалын хуулбараар тогтоогдож байна.
Гэтэл Төрийн хэмнэлтийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд албан хаагчид тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохоор заасан бол албан хаагч тэдгээрээс аль илүүг сонгох эрхтэй бөгөөд давхардуулан олгохгүй. гэж заасан. Өөрөөр хэлбэл албан хаагч нь хуульд заасан нэг удаагийн мөнгөн тэтгэмжээс аль илүүг сонгох бөгөөд мөнгөн тэтгэмжийг давхардуулан олгохыг хуулиар хязгаарласан.
Мөн Төрийн хэмнэлтийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Энэ хуулийн үйлчлэлд дараах хуулийн этгээд, албан тушаалтан, санхүүжилтийн эх үүсвэр хамаарна, гээд 3.1.2-т төсвийн байгууллага, түүний албан тушаалтан гэж зааснаар *******************нь энэ хуулийн үйлчлэлд хамаарч байна.
Нэхэмжлэгч *************даагийн буцалтгүй тусламж авсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан . . . 36 сарын тэтгэмжийг Эрүүл мэндийн яамнаас 2022 оны 11 дүгээр сард авсан . . . гэх тайлбараар тогтоогдсон бөгөөд зохигч энэ талаар маргаагүй байна.
Тиймээс ************г 36 сарын нэг удаагийн буцалтгүй тусламжийг сонгон авсан гэж дүгнэх үндэслэлтэй учир түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт, 82.1.4-т заасан тэтгэмжийг ******************с олгох үндэслэлгүй гэж дүгнэв.
Төрийн хэмнэлтийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт Энэ хуулийг Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. гэж зааснаар 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс энэ хуулийг дагаж мөрдсөн. Харин ажлаас чөлөөлөх тушаал 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гарсан байх тул тухайн тушаалд *********д дөрвөн сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгох гэж заасан боловч энэ нь Төрийн хэмнэлтийн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гарсан байх тул *************д дөрвөн сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг 36 сарын нэг удаагийн буцалтгүй тусламжтай давхардуулан олгох хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд *********** нэхэмжлэлтэй *****************д холбогдох нэг удаагийн тэтгэмж нийт 4,720,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.1-д зааснаар тэтгэмж гаргуулах нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, ********** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,470 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын 100100000941 тоот данснаас буцаан гаргуулж Ц**********нд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг баримтлан *********** нэхэмжлэлтэй * холбогдох нэг удаагийн тэтгэмж нийт 4,720,000 төгрөг гаргуулах ***********нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.1-д зааснаар тэтгэмж гаргуулах нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, ********** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,470 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын 100100000941 тоот данснаас буцаан гаргуулж Ц**********д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНПҮРЭВ