| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2024/00456/И |
| Дугаар | 135/шш2024/00516 |
| Огноо | 2024-04-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 135/шш2024/00516
| 2024 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 135/ШШ2024/00516 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2024/00456/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, **** баг, **** байр, **** тоотод оршин суугаа, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, **** баг, **** төв, *****тоотод байрлах, ******* ******* ХХК /утас 89117530/
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, **** баг, **** төв, *****тоотод оршин суух ******* овогт ******* ******* нарт холбогдох,
Гэрээний үүргийг биелүүлж, Дархан-Уул аймгийн Дархан сумын **** баг, **** хороолол, ****байр, **** тоот 2 өрөө орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарсайхан /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.
/Нэхэмжлэгч ******* өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 10.1-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ХХК болон Д.******* нарт холбогдуулан Дархан-Уул аймгийн Дархан сумын **** баг, **** хороолол, ****байр, **** тоот 2 өрөө орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг даалгуулахаар нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
Миний бие 2021 оны 10 сарын 28-ны өдөр ******* ******* ХХК-тай харилцан тохиролцож, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороололд байрлах Төрийн албан хаагчдын 216 айлын орон сууц-ны **** байрны *** давхарт, **** тоот өрөө байр, 54,74 мкв байр худалдан авахаар 2021 оны 10 сарын 28-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах ****** тоот гэрээ байгуулж, гэрээний дагуу 79,373,000 төгрөгийг бэлнээр төлсөн. Миний бие 2023 оны 03 сарын 31-ний орон сууцны түлхүүрээ авч, амьдарч эхэлсэн боловч тус үл хөдлөхийн гэрчилгээг одоог хүртэл аваагүй байна. Хариуцагч нараас орон сууцныхаа гэрчилгээг шаардах болгонд л элдэв шалтаг шалтгаан хэлэн гарган өгөхөөс зайлсхийсээр байдаг бөгөөд энэ нь гэрээний 5.4, 5.7, 6.5, 6.3 заалтуудыг зөрчиж байгаа болно. Иймд нэхэмжлэлийг минь хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч ******* ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...******* ******* ХХК нь Хаан банкны Дархан-Уул аймгийн салбарт зээлийн үлдэгдэлтэй бөгөөд тухайн зээлийг төлж барагдуулж 332 дугаар байрны үл хөдлөх хөрөнгийн өмчлөх гэрчилгээ гараагүй айлууд чөлөөлөгдөх бөгөөд тухайн зээл төлж барьцаалбар чөлөөлөгдсөн өдрөөс эхлэн холбогдох материалыг бүрдүүлж эрх бүхий байгууллагад шилжүүлэх боломжтой болно. Хуулийн хугацаанд гэрчилгээг гаргуулж өгөх болно. Манай байгууллага нь тухайн барилгын ажил явагдаж байх хугацаанд санхүүжилтын зориулалтаар зээл авсан бөгөөд айл бүрийн гэрчилгээг гаргаж тус бүрт нь банкны барьцаанд тавиагүй болно.
Нэхэмжлэгчийн хувьд байрны төлбөрийг бүрэн төлсөн нь үнэн. Одоо байрандаа орсон байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.
3. Нэхэмжлэгч талаас Хаан банкны орлогын мэдүүлэг, 2021 оны 10 сарын 28-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээ, кассын орлогын ордер зэргийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
4. Хариуцагч талаас ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм зэргийг нотариатаар гэрчлүүлэн шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н.******* хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан Дархан-Уул аймгийн Дархан сумын **** баг, **** хороолол, ****байр, **** тоот 2 өрөө орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Д.*******од холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2021 оны 10 сарын 28-ны өдөр ******* ******* ХХК-тай тохиролцож, Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, гэрээний дагуу 79,373,000 төгрөгийг бэлнээр төлсөн. 2023 оны 03 сарын 31-ний өдөр түлхүүрээ авч, байрандаа амьдарч эхэлсэн боловч гэрчилгээг одоог хүртэл аваагүй байна гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч ******* ******* ХХК болон хариуцагч Д.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарсайхан нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.
4. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ХХК-аас Дархан-Уул аймгийн Дархан сумын **** баг, **** хороолол, ****байр, **** тоот, 54,74 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2021 оны 10 сарын 28-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний дагуу худалдан авч, орон сууцны төлбөрт 79,373,000 төгрөг төлж, нэхэмжлэгч нь тухайн орон сууцандаа оршин сууж байгаа болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан гэрээ зэргээр тогтоогдож байх бөгөөд дээрх үйл баримтын талууд маргаагүй болно.
Гэрээн дээр байрны дугаарыг 331/А гэсэн байгаа боловч давхар, тоотын дугаар ижил байгаа бөгөөд хариуцагч талаас тодруулахад нэхэмжлэлд дурдсан 332/1 байрны 44 тоот мөн, анх тус байрны дугаар нь 331/А гэж байсан, баригдаж дуусаад байрны дугаарлалт 332/1 болж өөрчлөгдсөн гэж тайлбарладаг болно.
5. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ******* болон хариуцагч ******* ******* ХХК нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Энэхүү хуульд зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Нэхэмжлэгч ******* нь дээрх хуульд зааснаар орон сууцны үнийг бүрэн төлж, үүргээ биелүүлсэн байна. Харин хариуцагч ******* ******* ХХК нь эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл гэрээнд заасан Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 332/1 дүгээр байрны 44 тоот, 54,74 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг биет байдлаар нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэн өгсөн, ******* нь тухайн орон сууцанд амьдарч байгаа боловч өмчлөх эрхийн гэрчилгээг Н.******* нэр дээр шилжүүлэн өгөөгүй байна.
Хариуцагч тал үүргээ биелүүлээгүй үндэслэлээ ... тухайн орон сууц банкны барьцаанд тавьсан байгаа бөгөөд энэхүү барьцааны үүрэг дуусгавар болмогц орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан өгөхөд татгалзах зүйлгүй. Одоогийн байдлаар 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор зээлээ төлж, байрыг барьцаанаас чөлөөлөх төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж тайлбарладаг болно.
6. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохоор заасан.
Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд худалдах, худалдан авах гэрээ байгуулахаас өмнө бусдын барьцаанд байсны улмаас дээрх хуульд зааснаар өмчлөх эрх бүртгэгдээгүй байгаа бөгөөд энэ нь нэхэмжлэгч *******ыг өмчлөгч биш гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Иймд хариуцагч ******* ******* ХХК нь гэрээнд заасан хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагч буюу нэхэмжлэгч Н.******* өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь энэхүү үүрийг гүйцэтгүүлэхээр гэрээний нөгөө тал болох ******* ******* ХХК-иас шаардах эрхтэй байна.
7. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ******* ******* ХХК-иас гадна хамтран хариуцагчаар тус компанийн гүйцэтгэх захирал Д.*******од холбогдуулан гаргасан байгаа бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл нь гэрээний үүрэг биелүүлэхийг шаардаж байх тул энэхүү шаардлага нь гэрээний талуудад хамааралтай байна.
Өөрөөр хэлбэл Д.******* нь иргэнийхээ хувиар *******тай гэрээ байгуулаагүй байх бөгөөд хуулийн этгээдийн бусадтай байгуулсан гэрээний үүргийг түүний захирал иргэнийхээ хувиар хариуцах хууль зүйн үндэслэлгүй юм.
8. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Дархан-Уул аймгийн Дархан сумын **** баг, **** хороолол, ****байр, **** тоот, 54,74 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр *******ыг бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж түүнд олгохыг хариуцагч ******* ******* ХХК-д даалгаж, хариуцагч Д.*******од холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдснөөр барьцаалагчийн барьцааны эрх хэвээр хадгалагдах бөгөөд энэхүү шийдвэр нь тус үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой өмнө үүссэн гэрээний үүрэгт саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
9. Нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 332/1 дүгээр байрны 44 тоот, 57,74 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч ******* овогт ******* ******* өмчлөлд бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж *******д олгохыг хариуцагч ******* ******* ХХК-д даалгаж, хариуцагч Д.*******од холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т зааснаар дээр дурдсан орон сууцны улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, өмчлөгчөөр ******* овогт ******* бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн газарт мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ