Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 132

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган улсын яллагч Ц.Лхамсүрэн, шүүгдэгч Н.Гансэлэм нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цахар овогт Нэргүйн Гансэлэмд холбогдох эрүүгийн 1721000880038 дугаартай хэргийг 2017 оны 9 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 1992 оны 01 сарын 09-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмээ, ахын хамт амьдрах, Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, /РД:ЖЙ92010917/, Цахар овогт Нэргүйн Гансэлэм,

Шүүгдэгч Н.Гансэлэм нь 2017 оны 7 сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт байрлах “Баянхошуу” хилийн боомтоор 33-65 ДОА улсын дугаартай Рекстон маркийн тээврийн хэрэгсэлд 31.7 кг зэсийг нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Гансэлэм шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Иргэний нэхэмжлэгч Л.Отгонжаргал мөрдөн байцаалтад өгсөн  мэдүүлэгтээ: “...2017 оны 7 сарын 21-ний өдөр Баянхошуу боомтын гарах чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан гаалын улсын байцаагч Н.Мөнхтөр нь 33-65 ДОА улсын дугаартай Рекстон маркийн тээврийн хэрэгсэлд гаалын хяналт шалгалт хийх явцдаа 31.7 кг хуульж ороосон зэсийг тээврийн хэрэгслийн багажны хананаас олж илрүүлсэн байна. ...Гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/

-Үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-14/

-Солонгос улсад үйлдвэрлэсэн 33-65 ДОА улсын дугаартай “Рекстон” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, үнэлгээ  /хх-ийн 29-33/

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хйисэн хийх явцад хураан авсан 31.7 килограмм зэсийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 34/

-Шүүгдэгч Н.Гансэлэмийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 56-58/

-Гэрч Б.Шинэжигүүрийн мэдүүлэг /хх-ийн 40-41/

-Гэрч Х.Ариунболдын мэдүүлэг /хх-ийн 42-43/

-Гэрч Н.Мөнхтөрийн мэдүүлэг /хх-ийн 44-46/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Н.Гансэлэм нь 2017 оны 7 сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт байрлах “Баянхошуу” хилийн боомтоор 33-65 ДОА улсын дугаартай “Рекстон” маркийн тээврийн хэрэгслийн багаажны хэсгийн салаан дотор 31.7 кг зэсийг нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Н.Гансэлэмийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би хилээр гарахынхаа өмнө аймгийн төвөөс авчраад байсан 31.7 кг зэсийг машиныхаа багаажны хэсгийн баруун талын салон дотор нуусан. Ингээд хил дээр очоод гаалийн шалгалтанд орж гаалийн улсын байцаагч миний багаажны салонд байсан зэсийг илрүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-58/, иргэний нэхэмжлэгч Л.Отгонжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...33-65 ДОА улсын дугаартай “Рекстон” маркийн тээврийн хэрэгсэлд гаалын хяналт шалгалт хийх явцдаа 31.7 кг хуульж ороосон зэсийг тээврийн хэрэгслийн багаажны хананаас олж илрүүлсэн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/, 2017 оны 7 сарын 21-ний өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14/, Гаалийн улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 7-8/ болон бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Гансэлэмд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул түүнийг хуульд заасны дагуу хориглосон барааг Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч Н.Гансэлэмийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Л.Отгонжаргал, гэрч Н.Мөнхтөр, Б.Шинэжигүүр нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, 2017 оны 7 сарын 21-ний өдөр 33-65 ДОА улсын дугаартай Рекстон маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Гаалийн улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Гансэлэм нь хуульд заасны дагуу хориглосон барааг Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул түүнд эрүүгийн харицулага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д заасан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй  байна.        

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн  1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 31.7 килограмм зэсийг устгуулахаар зохих байгуулагад шилжүүлэхээр шийдвэрлэв.

 Шүүгдэгч Н.Гансэлэм нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлээс 6 сая төгрөгийн үнэлгээтэй, 33-65 ДОА улсын дугаартай, REXTON маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн  2017 оны 8 сарын 10-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгож, тогтоол хүчинтөгөлдөр болмогц баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖЙ92010917регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбар, 33-65 ДОА улсын дугаартай “REXTON” маркийн тээврийн хэрэгсэл зэргийг шүүгдэгчид тус тус  буцаан олгох нь зүйтэй байна.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1. Шүүгдэгч Цахар овогт Нэргүйн Гансэлэмийг хуульд заасны дагуу хориглосон барааг Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нэргүйн Гансэлэмийг 450 /дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний/ буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.4-т зааснаар  шүүгдэгч  нь шүүхээс оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

 

5. Шүүгдэгч Н.Гансэлэм нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 31.7 кг зэсийг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, шүүгдэгч Н.Гансэлэмийн эзэмшлээс 6 сая төгрөгийн үнэлгээтэй, 33-65 ДОА улсын дугаартай, REXTON маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 8 сарын 10-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖЙ92010917 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбар, 33-65 ДОА улсын дугаартай “REXTON” маркийн тээврийн хэрэгсэл зэргийг шүүгдэгчид тус тус буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Гансэлэмд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР