Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/67

 

Э.Ч, Ц.Ч нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Батбямба,

шүүгдэгч Э.Ч-ий өмгөөлөгч Б.Баттулга,

шүүгдэгч Ц.Ч, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, Н.Энхбаатар

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/612 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Ч, түүний өмгөөлөгч Н.Энхбаатар, Б.Тэнгис нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Э.Ч, Ц.Ч нарт холбогдох 2002 00557 0341 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш овгийн Э-ын Ч, 1997 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, Н ХХК-д түгээгч жолооч ажилтай, ам бүл ганцаар Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хэсэг гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

У овгийн Ц-ийн Ч, 1990 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа худалдаа эрхэлдэг, ам бүл 5, дөрвөн хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... хотхоны ... тоотод оршин суух, /РД: ... /,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 178 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим хэсэг болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хорих ял шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 22 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 200 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ялыг эдэлж дууссан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1761 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, ялыг эдэлж дууссан;

Э.Ч, Ц.Ч нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ санаатай нэгдэж, бүлэглэн 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан, хориглосон дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

Улмаар 2020 оны 9 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Төв цэнгэлдэх хүрээлэн” орчимд ХХ-ХХ УНК улсын дугаартай “Тоёота Кроун” загварын автомашин дотор саарал өнгийн цүнхэнд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисыг тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан, хориглосон дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 24.1515 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газар: Э.Ч, Ц.Ч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ш овогт Э-ын Ч, У овогт Ц-ийн Ч нарыг бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-ийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.Ч-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр,

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Улаанбаатар хот, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, шүүгдэгч Ц.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан өвс гэх нэршилтэй нийт 24.1515 грамм цэвэр жинтэй, 3 гялгар уут бүхий савлагаатай бодис нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж,

шүүгдэгч Э.Ч, Ц.Ч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч Ц.Ч-ийн 2007 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төрсөн Ч.Н, 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн Ч.Т нарт асран хамгаалагч томилохыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн болгоомжгүй, хайхрамжгүй байдлаас болж гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Гэмт хэрэгт холбогдсон шалтгаан нь:

  1. 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Э.Ч-тэй Дархан-Уул аймаг явж, өвс түүсэн гэх Э.Ч-ий мэдүүлэг.
  2. 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Э.Ч нь утсаар өөрөө залгаж “Машинд чинь дайгдан Төв цэнгэлдэх хүрээлэн рүү хамт явъя” гэсний дагуу машиндаа суулган явж байтал цагдаа нар ирж, миний машин болон биед нэгжлэг, үзлэг хийсэн. Нэгжлэг хийж байх явцад Э.Ч-ий цүнхнээс өвс гарч ирснээр энэ хэргийг надтай холбон, мөрдөн байцаалт явуулж эхэлсэн.

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад “Э.Ч-тэй хамт 9 дүгээр сарын 20-ны өдөр Дархан хот яваагүй, хүүхдүүдтэйгээ гэртээ байсан. Үдээс хойш найзындаа очиж тусалсан” гэж мэдүүлэг өгч байсан. Мөрдөгчид Дархан хот яваагүйгээ нотлох зорилгоор замын шалгалт хийлгүүлэх, маршрут тогтоолгох хүсэлт удаа дараа өгч байсан боловч явсан, яваагүйг шалгаж тогтоогоогүй. Мөрдөн байцаалтын явцад “9 дүгээр сарын 20-ны өдөр хэн хэнтэй, хаана байсан талаар гэрчүүдээс мэдүүлэг авч өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан боловч ямар ч гэрчээс мэдүүлэг аваагүй, зөвхөн Э.Ч-ий мэдүүлгийг үндэслэж, миний хувийн байдлыг харж шийтгэсэн. Иймд надад холбогдох хэргийг нягтлан шалгаж, зөв бурууг тогтоож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Ч-ийн өмгөөлөгч Н.Энхбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Ч нь Дархан-Уул аймаг яваагүй, өвс авч ирээгүй, гэмт хэрэг үйлдээгүй гэдэг ба гэмт хэрэг үйлдсэн гэх нотлох баримт хавтас хэрэгт хангалттай авагдаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэх нотлох баримт, шууд нотлох баримт байхгүй. Шүүгдэгч Э.Ч нь “Ц.Ч бид хоёр Дархан-Уул аймгаас авч ирсэн” гэж мэдүүлсэн. Үүнийг нь сонссон цагдаагийн алба хаагч нар болох Л.Э, Б.Э нарын “Э.Ч, Ц.Ч нар өвсийг Дархан-Уул хотоос авч ирсэн” гэх мэдүүлгээс өөр ямар ч нотлох баримт байхгүй. Мөн Ц.Ч өвсийг Э.Ч-ий гар цүнхэнд хийсэн гэдэг нь тогтоогдоогүй. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас өвсийг цацаж хаясан Ц.Ч-г өөрөө өвсийг хэрэглэсэн байсан гэж буруутгаж байсан. Энэ нь нотлох баримтыг устгаагүй.

Ц.Ч нь 7-16 насны 4 хүүхдээ орхиод Дархан-Уул аймаг явах ямар ч оролцоо байхгүй, Дархан-Уул аймаг руу 2019 оноос хойш огт яваагүй. Харин 2020 оны 9 дүгээр сарын 25, 26-ны шөнө мансууруулах бодис хэрэглэдэг Батаа, Түвшин хоёр “Машинаараа Сэлэнгэ аймаг руу яваад өгөөч, өвс авч ирэх гэсэн юм” гэхэд нь “Эрс татгалзсан” гэдэг. Анхнаасаа хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу шалгалтын ажиллагааг хийгээгүй.

1. Э.Ч “Ц.Ч-ийн хамт 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгаас өвс авч ирсэн” гэж  мэдүүлсэн үед үнэхээр Дархан-Уул аймаг явсан эсэхийг явсан маршрутаар Дархан-Уул аймаг хүртэлх очих, буцах үеийг замын төв болон суурин газруудыг камеруудын бичлэгийг шалгасан бол бодит байдал тогтоогдох байсан боловч шалгаагүй.

2. Камерын бичлэг хадгалах хугацаа өнгөрсөн байсан бол Э.Ч-ээс Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг явсан талаарх мэдүүлэг авч, явсан маршрутыг шалган тогтоож болох байсан. Хотоос хэдэн цагт, хаанаас гарсан, замдаа хаана зогссон, Дархан-Уул аймагт хэдэн цагт очсон, хаанаас өвс авсан, Улаанбаатар хот руу хэзээ явж, ирсэн зэрэг маршрутыг мэдүүлэгтэй нь харьцуулан Э.Ч нь үнэн, худал ярьж байгааг тогтоох бололцоо байсан. Э.Ч-ий урдах шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлгээ өөрчлөөд Ц.Ч-г дарамталсан, мөрдөгчид утас авч өгнө гэж байсан мэдүүлгүүд нь мөрдөн шалгах явцад бүгд үгүйсгэгдсэн.

3. Ц.Ч нь “Мансууруулах бодис огт хэрэглэдэггүй, цагдаад баригдахын урд шөнө Тэрэлжид амралтанд архи ууж, их согтсон байсан. Тэнд хамт байсан Э.Ч, Батаа, Түвшин, бас нэг танихгүй залуу нар хөдөөнөөс авч ирсэн гэх өвс хэрэглэж байсан ба өвсний утаа нь надад нөлөөлсөн юм уу, эсвэл би согтуудаа сонирхоод сорсон юм уу, тестээр өвс хэрэглэсэн гэж гарсан. Би ердийн тамхи ч огт хэрэглэдэггүй” гэдэг. Тэгээд ч Ц.Ч нь өвс өөрийнх нь машинд байсныг мэдсэн бол цагдаа нарыг дагуулан машин дээрээ очихгүй байсан.

4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ч нь Ц.Ч-г “Дархан-Уул аймаг яваагүй” гэж хэлж байсан. Иймд дээрх нөхцөл байдлууд болон Ц.Ч нь бага насны дөрвөн хүүхдээ асран хамгаалдаг, хэрэг үйлдсэн гэх нотлох баримт хангалттай бус байдлуудыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх, боломжгүй гэж үзвэл хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Ч-ийн өмгөөлөгч Б.Тэнгис давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4-т заасныг зөрчсөн, хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Гэрч О.Б мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд: “...Манай найз Э.Ч-ий цүнхнээс өвс гэх мансууруулах төрлийн ургамал гарч ирсэн. ...Тухайн үед Э.Ч нь “Баяраа найздаа туслаарай. Мэдүүлэг авах үед мөрдөгч чамаас “Ц.Ч Э.Ч-ий цүнх рүү янз бүрийн юм хийсэн үү” гэж асуувал “Хийсэн” гэж хэлээрэй” гэхээр нь би багынхаа найзыг бодоод тэгэж хэлсэн. ...” /1хх 45-52, 2хх 208/,

шүүгдэгч Э.Чиингүний мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлгүүд: “...Би сэтгэцэд нөлөөлөх мансууруулах төрлийн ургамлыг цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын явган хүний зам дээрээс олсон. Ц.Ч, О.Б хоёр өвс олсон талаар хэлээгүй. ...Тухайн өдөр Ц.Ч, О.Б нар намайг мансууруулах бодис олж авсан талаар мэдээгүй. ...Тухайн хэргийн газрын үзлэгээр хураагдсан “Нокиа 2730” загварын гар утас болон цэнэглэгч, өвс гэх мансууруулах бодис минийх. ...” /1хх 42-51, 104-105/,

2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1511 дугаартай захирамжаар Ц.Ч-д Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 20 хоногийн баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн /1хх 204/.

Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан, хэрэг болох үед байсан дээрх гэрч, шүүгдэгчийн өгсөн харилцан зөрүүтэй мэдүүлгийг хэрхэн үнэлж дүгнэсэн талаар огт дүгнэлт хийлгүй хэт нэг талыг барьж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийн шийдвэрлэсэн гэж үзэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иймд шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Ч-ий өмгөөлөгч Б.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 612 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Батбямба тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Ч-ий цүнхнээс Ц.Ч-ийн хийсэн гэх өвс гарч ирсэн. Цагдаагийн албан хаагч нараас автомашинд үзлэг хийх явцад цүнхнээс гарч ирсэн өвсийг шүүгдэгч Ц.Ч хараад таньж байгаа нөхцөл байдал тогтоогддог. Таньсаны дараа цагдаагийн албан хаагчийн гарт байсан өвс гэх бодисыг цохиж унагаан, цацсан байдаг. Гэмт хэргийн ул мөрийг балласан үйлдлээс дүгнэхэд шүүгдэгч Ц.Ч өөрийн тээврийн хэрэгсэлдээ мансууруулах төрлийн бодис хадгалж байсныг огтоос мэдээгүй биш, мэдэж байсан нь тогтоогдож байна. 2020 оны 9 дүгээр сард 7-16 насны хүүхдүүдээ орхиж, Дархан-Уул аймаг руу явах боломжгүй байсан гэж шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдолдоо дурдсан. Тэгвэл 2020 оны 9 дүгээр сарын 25-наас 26-ны өдөр шилжих шөнө 7-16  насны хүүхдүүдээ орхин архидан согтуурч Тэрэлж явсан. 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ харилгүйгээр Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байгаа шоу цэнгээний газар очсон байдаг. ...Үүнээс харахад Дархан-Уул аймаг руу яваагүй гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна. Шинжилгээний явцад шүүгдэгч Ц.Ч мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон. Шүүгдэгч Ц.Ч-ийн зүгээс давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо тайлбарлахдаа “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд шүүгдэгч Ц.Ч-ийн гэмт үйлдэл нотлогдсон. ...Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт өмнө нь өршөөлд хамрагдаж байсан хүнийг дахин өршөөлд хамруулахгүй гэж хуульчилсан. Шүүгдэгч Ц.Ч нь дахин өршөөлд хамрагдах үндэслэлгүй. ...Мөрдөгч П.З-тэй холбоотой хэрэгт Цагдаагийн байгууллагаас арга хэмжээ авсан шийдвэр гарсан. Хэргийн оролцогчтой хувийн харилцаа тогтоосон гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэр нь саяхан ирсэн. ...Тухайн үед мөрдөн шалгах ажиллагаа явуулахад яагаад онцолж Ц.Ч-ийн биед нь шинжилгээ хийлгэсэн гэдгийг мэдэхгүй байна. Би мөрдөн шалгах ажиллагаанд оролцоогүй учраас мэдэхгүй. ...Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 612 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.Ч, Ц.Ч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Э.Ч, Ц.Ч нар нь 2020 оны 9 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Төв цэнгэлдэх хүрээлэн” орчимд ХХ-ХХ УНК улсын дугаартай “Тоёота Кроун” загварын автомашин дотор саарал өнгийн цүнхэнд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисыг тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан, хориглосон дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 24.1515 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч О.Б-ын: “...Төв цэнгэлдэхийн гадна яваад очтол Э.Ч нь Тоёота Кроун загварын машинд жолоочийн суудал дээр ганцаараа сууж байсан. Тэгэхээр нь би урд талын суудал дээр суугаад удаагүй байтал Ц.Ч ирсэн. Ц.Ч ирээд машины хойд суудал дээр суугаад бид гурав тэндээс машинтай хөдөлсөн. Тэгтэл урд цагдаа нар машин хашиж зогсоогоод шалгасан. Тухайн үед энгийн хувцастай 2 цагдаа байсан бөгөөд машиныг болон Э.Ч, Ц.Ч бид нарыг шалгасан. Тэгсэн чинь Э.Ч-ий барьж явсан жижиг цүнхнээс өвс гэх бодис гарч ирсэн. Цагдаа нар “Энэ юу вэ” гэж асуутал Ц.Ч хажуу талаас нь нөгөө өвс гэх бодисыг нь булааж аваад цацсан. Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст аваачиж шалгасан. Тухайн үед Э.Ч-ий цүнхэнд байсан өвс гэх бодис хэнийх гэдгийг би мэдэхгүй байна. ...” /1хх 196/,

гэрч Л.Э-ийн: “...Ц.Ч-г ХХ-ХХ УНК улсын дугаартай Тоёота Кроун загварын машинд суухад нь саатуулж шалгасан. Тухайн үед Ц.Ч-г шалгахад Э.Ч, О.Б гэх 2 залуутай хамт байсан ба машины жолооны ард Э.Ч, жолоочийн хажуу талын урд суудал дээр О.Баярболд, арын суудал дээр Ц.Ч сууж явсан. Тухайн үед арын суудал дээр саарал өнгийн паскан цүнх байсан. Цүнхийг шалгахад дотор нь гялгар ууттай “өвс” гэх мансууруулах бодис байсан. Тэр үед Ц.Ч хажуу талаас уг “өвс” гэх бодисыг булааж авах гэж оролдоод гялгар уут нь урагдсан. Хэсэг “өвс” гэх бодисыг Ц.Ч газарт цацсан. Цацсан хэсгийг нь буцааж уутанд нь хийсэн. ...” /1хх 188/,

гэрч Б.Э-ийн: “...Цэнгэлдэх хүрээлэнгийн 16 дугаар хаалга орчим Ц.Ч-г ганцаараа явж байхаар нь араас нь дагасан. Явсаар байгаад ХХ-ХХ УНК улсын дугаартай Тоёота Кроун загварын машинд очиж суусан. Тэгэхээр нь Л.Э бид хоёр шалгахад жолоочийн суудал дээр Э.Ч, жолоочийн хажууд урд суудал дээр О.Баярболд, арын суудал дээр Ц.Ч сууж байсан. Тэр үед шалгахад арын суудал саарал өнгийн цүнх байсан. Цүнхийг нь шалгахад дотор нь гялгар ууттай өвс гэх бодис байсан. Л.Э тухайн “өвс” гэх бодисыг гаргаж ирээд “Энэ юу юм бэ” гэж асуутал Ц.Ч Л.Э-ээс булааж аваад цацсан. ...” /1хх 190/ гэсэн мэдүүлгүүд,

хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1хх 10-11/,

Ц.Ч-ийн эзэмшлийн машин дотор байсан Э.Ч-ий цүнхнээс гарч ирсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн бөгөөд Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг, уг ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 7,0320г, 3,8870г, 13,2325г, нийт 24,1515 грамм жинтэй болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 5336 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 57-59/,

шүүгдэгч Ц.Ч-ийн шээснээс тетрагидроканнабинол илэрсэн, уг бодис Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 5335 дугаартай дүгнэлт /1хх 78-80/,

Ц.Ч-ийн эзэмшлийн ХХ-ХХ УНК улсын дугаартай Тоёота Кроун загварын автомашинд үзлэг хийхэд тус автомашины хойд суудал дээр байсан Э.Ч-ий цүнх дотор цагаан өнгийн гялгар ууттай ургамал байсныг гэрэл зургаар бэхжүүлж, эд мөрийн баримтаар хураан авсан тухай хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 7-9/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, Э.Ч, Ц.Ч нарын үйлдсэн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн үйл баримт, тэдгээрийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

            Үйлдлээрээ санаатай нэгдсэн” гэдэгт гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, үйлдэл оролцоог хуваарилж, урьдаас төлөвлөөгүй боловч гэмт хэрэг үйлдэх тухайн цаг мөчид бие биеийнхээ үйлдэл, оролцоог үйлдэл, эс үйлдлээр дэмжиж, гэмт үйлдлийн улмаас бий болох үр дагаврыг хүсэж бий болгосон байхыг ойлгодог.

Шүүгдэгч Э.Ч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өвс гэх мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг өөрийн цүнхэнд хийсэн буюу худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болохоо хүлээн зөвшөөрсөн бол шүүгдэгч Ц.Ч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч Ц.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцохуйц хэмжээний нотлох баримт хэрэгт цуглараагүй гэж мэтгэлцсэн боловч дээр дурдсан гэрч О.Баярболд, гэрч Л.Эрдэнэсүрэн, гэрч Б.Эрхэмбилэг нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч Ц.Ч нь өөрийн эзэмшлийн ХХ-ХХ УНК улсын дугаартай Тоёота Кроун загварын тээврийн хэрэгсэлд хадгалж байсан бөгөөд тухайн цаг мөчид үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч Л.Э, Б.Э нар тэдгээрийг шалгаж, Ц.Ч-ийн тээврийн хэрэгсэл дотор байсан Э.Ч-ий цүнхэн дотроос өвс гэх сэтгэцэд нөлөөлөх бодис олж илрүүлснийг Ц.Ч нь нуун далдлах зорилгоор булаан авч, газарт цацсан үйл баримтаар шүүгдэгч Ц.Ч-ийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай тогтоогдож байгаагаас гадна Ц.Ч-ийн шээснээс тетрагидроканнабинол илэрсэн, уг бодис Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 5335 дугаартай дүгнэлтээр энэ нь давхар нотлогдон тогтоогдож байгаа, уг дүгнэлтийг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Прокуророос Э.Ч, Ц.Ч нарыг гэмт хэрэг үйлдэх үедээ санаатай нэгдэж, бүлэглэн 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан, хориглосон дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд мэдүүлгийн нотлох баримтыг бэхжүүлэх, үнэлэх журмыг хуульчилсан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг буюу бусад шүүгдэгч, гэмт хэрэгт холбогдогчийг мөн адил яллах үндэслэл болохгүй талаар, 3 дахь хэсэгт мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй талаар тус тус заасан.

Гэтэл, яллах дүгнэлтэд Э.Ч, Ц.Ч нарыг бүлэглэн Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэх гэмт хэрэгт буруутган яллах үндэслэл болгосон гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь тэднийг тус бодисыг олж авсан болохыг хангалттай нотолж чадахгүй байна.

Тухайлбал:

гэрч О.Б-ын: “...Би тухайн ургамлыг хаанаас авсныг нь сайн мэдэхгүй байна. ...Э.Ч тухайн үед цагдаад баригдахдаа “Хэд хоногийн өмнө Ц.Ч-тэй хамт Дархан-Уул аймаг явчихаад ирсэн” гэж ярьсан. Э.Ч байцаагчид “Ц.Ч-тэй хамт Дархан-Уул аймаг явж өвс гэх бодис түүсэн” гэж мэдүүлсэн. Тэр үед би Э.Ч-ээс “Энэ чинь үнэн юм уу” гэж асуутал “Тийм, үнэн” гэж хариулсан. ...” /1хх 45-46, 196/,

гэрч Л.Э-ийн: “...Тухайн үед Э.Ч-ээс уг өвс гэх бодисыг хаанаас олж авсан талаар асуухад “Ц.Ч бид хоёр хамт Дархан-Уул аймаг руу явдаг замаас түүсэн” гэж хэлсэн. ...” /1хх 188/,

гэрч Б.Э-ийн: “...Л.Эрдэнэсүрэн тухайн өвс гэх бодисыг гаргаж ирээд “Энэ юу юм бэ” гэж асуутал Ц.Ч Л.Эрдэнэсүрэнгээс булааж аваад цацсан. Тэгээд Ц.Ч “Мэдэхгүй” гэж байснаа хэсэг тайвшраад “Э.Ч бид хоёр Дарханаас түүж авч ирсэн” гэж хэлсэн. ...” /хх 190/,

гэрч О.Х-ы: “...Э.Ч “Ц.Ч-ийн юмыг цүнхэндээ хийсэн” гэж ярьж байсан. Өөр зүйл мэдэхгүй. ...” /хх 192/ гэсэн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудыг үнэлсэн байх ба эдгээр дамжмал буюу шууд бус нотлох баримтууд нь шүүгдэгч нарыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Дархан-Уул аймгаас олж авсныг нотлон тогтоож чадахгүй, гагцхүү шүүгдэгч нарыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтууд байна.

Шүүгдэгч Э.Ч нь мөрдөн байцаалтын шатанд гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүддээ “...Ц.Ч бид хоёр Дарханд очоод Улаанбаатар хот руу буцаж байхад Ц.Ч “Миний цүнхэнд сэтгэцэд нөлөөлөх ургамал байгаа. Сая авлаа” гэж хэлсэн. ...Би ургамлыг цэнгэлдэхийн үүднээс олсон. ...Би айсандаа худал мэдүүлсэн. ...Би Ц.Ч-тэй хамт Дархан яваагүй. ...Өвс гэх бодисын талаар Ц.Ч мэдэж байгаа. Би өвс гэх бодисын талаар мэдээгүй. ...” гэх байдлаар тогтворгүй, харилцан зөрүүтэй мэдүүлсэн бөгөөд мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй байх тул түүний мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлэх, нэгийг нь нөгөөгөөс ач холбогдолтойд тооцох, эдгээр мэдүүлгүүд нь нэгэн зэрэг үнэн байх боломжгүйгээс гадна эдгээр мэдүүлгийг давхар нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд бүлэглэн гэсэн шинжийг хуульчлаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан.

Нотлох ажиллагааны явцад цугларсан шүүхээр хэлэлцэгдэх нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлж түүнд үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах нотлох баримтын чухал суурь болдог учиртай.

Шүүхийн шийдвэр таамаглалд үндэслэж болохгүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж, яллах, цагаатгах шинж байдлаар нь харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр Э.Ч, Ц.Ч нар нь Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэх үйлдлийг хангалттай нотлогдоогүй гэж үзэж, хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, насанд хүрээгүй хүүхэдтэй зэрэг хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Ч-ий анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Мөн шүүгдэгч Ц.Ч нь шүүхээр 2005 онд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн бөгөөд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах боломжгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүгдэгч Ц.Ч-г Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар солих талаар гаргасан түүний өмгөөлөгч Н.Энхбаатарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болголоо.

Харин, шүүгдэгч Э.Ч-ийг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхдээ Улаанбаатар хотын Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосон нь хэт ерөнхий буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг тохирсон байдлаар оногдуулаагүй байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байх тул шүүгдэгчийг Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд оршин суух бүртгэлтэйг харгалзан түүнийг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд оруулав.

Анхан шатны шүүхээс Э.Ч-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосон бөгөөд давж заалдах шатны шүүх уг ялын хэмжээнд өөрчлөлт оруулаагүй тул ийнхүү өөрчлөлт оруулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх Э.Ч, Ц.Ч нарт холбогдох гэмт хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ц.Ч-ийн эзэмшлийн ХХ-ХХ УНК улсын дугаартай Тоёота Кроун загварын тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эсэх, тээврийн хэрэгслийг хуульд заасан журмаар үнэлэх, хураан авах, хохирол нөхөн төлөхөд зарцуулах зэрэг ажиллагааг хийх эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөлгүй орхигдуулсан байх боловч давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарын холбогдсон Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон тул тус тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан журмаар шийдвэрлэх шаардлагагүй гэж дүгнэв.

Тус эрүүгийн хэргийн гомдол, мэдээллийг шалгах явцад хэргийг шалгаж байсан мөрдөгчийн үйлдэлтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байх боловч энэхүү хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхой бус, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Батбямба “Мөрдөгчид цагдаагийн байгууллагаас хэргийн оролцогчтой хувийн харилцаа тогтоосон гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэр нь саяхан ирсэн” гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Энэхүү үйлдлийг Э.Ч, Ц.Ч нарт холбогдох хэрэгтэй нэгтгэж, хамтад нь хянан шийдвэрлэх шаардлагагүй боловч энэ тал дээр цаашид прокурор хяналтаа тавьж ажиллахыг үүрэг болгож, магадлалд анхааруулан тэмдэглэж байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч Ц.Ч-ийн “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн, түүний өмгөөлөгч Н.Энхбаатарын “...хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү...” гэсэн, өмгөөлөгч Б.Тэнгисийн “...хэргийг хэрэгсэхгүй болгуулах...” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/612 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Нийслэлийн Прокурорын газраас Э.Ч, Ц.Ч нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэх үедээ санаатай нэгдэж, бүлэглэн 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан” гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн:

            1 дэх заалтыг “Шарнууд овгийн Энхбаярын Ч, Усчин овгийн Цэцэгмаагийн Ч нарыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

            5 дахь заалтын “...Э.Ч-ийг Улаанбаатар хот, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож....” гэсэн хэсгийг “...Э.Ч-ийг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож...” гэж тус тус өөрчилсүгэй.

  1. Тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Ч, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, Н.Энхбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч-ийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 59 /тавин ес/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                           Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ