| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 129/2016/0084/И |
| Дугаар | 001/ХТ2016/00785 |
| Огноо | 2016-06-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2016/00785
Өлзийт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын
тэргүүлэгчдийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 130 дугаар шийдвэр,
Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 16 дугаар магадлалтай,
Өлзийт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нэхэмжлэлтэй
Ч.Мөнхбаярт холбогдох
Малын үнэ 4 000 000 төгрөг, өмгөөллийн хөлс 400 000 төгрөг, нийт 4 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өлзийт сумын 90 жилийн ойн хүрээнд нутгийн иргэдээс хандиваар цуглуулсан хонь 91, ямаа 116, нийт 207 бог малыг 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Ч.Мөнхбаяртай аман хэлцэл хийж 15 000 000 төгрөгөөр худалдсан. Ч.Мөнхбаяр нь 11 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд үлдэгдэл 4 000 000 төгрөгийг одоо болтол өгөхгүй байна. Архангай аймгийн Өлзийт сум байгуулагдсаны 90 жилийн ойг 2014 онд тэмдэглэн өнгөрүүлсэн. Ойн бэлтгэлийг хангах ажлын хэсгийн даргаар тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга миний бие 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Архангай аймгийн Өлзийт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 20 тоот тогтоолын дагуу томилогдсон. Иргэдээс цуглуулсан 207 толгой малыг зарж, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулах зардал, бэлэг дурсгалын зүйл авъя гэж ойн комисс шийдвэрлэсэн. Ч.Мөнхбаяр мал авч байгаа талаар сонсож “нутгийн хүн учраас хандиваар цуглуулсан малыг борлуулах арга хэмжээ авъя” гээд хурлыг түр завсарлуулж, Ч.Мөнхбаярыг дуудаж уулзсан. Хандиваар цугласан 207 толгой малыг 17 000 0000 төгрөгөөр авах боломж байна уу гэхэд “15 000 000 төгрөгөөр авах боломжтой” гэсэн учир тохиролцож, тухайн үед соёл, урлагийн арга хэмжээг хариуцаж байсан Тамгын газрын даргад хэлцэл хийж, сумын Засаг даргын Тамгын газрын нярав, Д.Амарсайхан бид 3 хамт 207 толгой малыг Ч.Мөнхбаярт хүлээлгэж өгсөн. Ч.Мөнхбаяр 10 000 000 төгрөгийг бэлнээр дараа нь 1 000 000 төгрөгийг өгснийг сумын 90 жилийн ойн бэлтгэл ажилд зарцуулсан. Ч.Мөнхбаяраас үлдэгдэл 4 000 000 төгрөгийг авъя гэхэд “малаа муу борлуулсан” гээд өгөөгүй учир нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Өлзийт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргатай 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ямар ч хэлбэрээр гэрээ хэлцэл хийгээгүй. Өлзийт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллагатай ямар нэгэн хэлбэрээр гэрээ хэлцэл хийгээгүй болох нь 2014 онд болсон шүүх хурлуудын баримтуудаар нотлогдоно. 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Амарсайхан, хариуцагч Ч.Мөнхбаяр нарын шүүх хуралдаанд Ч.Хүрэлбаатар гэрчээр оролцсон нь үүнийг нотолно. Би 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амарсайханг дуудахаар нь очиж уулзахад “хандивын 207 толгой малыг /91 хонь, 116 ямаа/ худалдаж аваач” гэсэн саналыг тавьсан. Би тэр өдрөө О.Анхбаатараас гуйж нэг бүрийг нь 8 000 төгрөгөөр малаа ачиж, хот яваад нядлахад мах нь чанарын шаардлага хангахгүй байсан учир даргад үлдсэн малаа буцааж ав гэж хэлэхэд Д.Амарсайхан дарга “би өгсөн малаа зүсээр нь эргүүлж авна, тэгж чадахгүй бол зар” гэсэн, малчдаас цуглуулсан хонь, ямаануудыг сумын үнэлгээний комиссоор үнэлгээ хийлгэж, орлогод авсан баримт байхгүй учир Тамгын газрын дарга Д.Амарсайхан бид хоёрын хийсэн аман хэлцлийн үр дүнд сумын Тамгын газрын дарга Д.Амарсайхан болон сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд шууд болон шууд бусаар ямар нэгэн хохирол учраагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.
Намайг гудамжинд явж байхад өөрсдөө дуудаж уулзсан. “17 000 000 төгрөгөөр 207 толгой малыг авчих” гэхэд нь би татгалзахад “15 000 000 төгрөгөөр зараад өгөөч” гэсэн. 07 дугаар cap гарчихсан байсан учраас мал нь тарган байгаа байх гэж бодож төөрөгдсөн. Уг наймааг 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хийсэн. Тухайн өдрөө 24 толгой мал Улаанбаатар хот руу очиж зарахад чанарын шаардлага хангахгүй байсан учраас би тэр даруй Архангай аймгийн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амарсайхан руу утасдаж энэ талаар мэдэгдсэн. Тэгээд “малаа буцааж ав, зарсан 24 толгой малынхаа үнийг анх ярьсан үнээр нь өгье” гэж хэлсэн. Дараа нь Д.Амарсайхан даргатай уулзаад энэ талаар хэлсэн. Сүүлд “5 000 000 төгрөг чамаас авахаа болъё, 2 000 000 төгрөг өгчих” гэсэн. Тэгэхээр нь би надад одоо 1 000 000 төгрөг байна, дараа нь 1 000 000 төгрөгийг нь өгье гэхэд “тэгвэл чамтай ярих яриа байхгүй” гэсэн. Маргааш нь О.Анхбаатараас тохиролцсон гэсэн гээд 1 000 000 төгрөг авсан байсан. Би Ч.Хүрэлбаатар даргатай наймаа хийгээгүй. Засаг даргын Тамгын газрын даргатай наймаа хийсэн гэжээ.
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 130 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Ч.Мөнхбаяраас 1 656 000 төгрөг гаргуулан Архангай аймгийн Өлзийт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 744 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Ч.Мөнхбаяраас 41 446 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 16 дугаар магадлалаар Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 130 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 219 дүгээр зүйлийн 219.1. 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Ч.Мөнхбаяраас 1 656 000 төгрөг гаргуулан Архангай аймгийн Өлзийт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 744 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Ч.Мөнхбаяраас 4 400 000 төгрөг гаргуулан Архангай аймгийн Өлзийт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд олгосугай.” гэж, 2 дахь заалтын “...Ч.Мөнхбаяраас 41 446 төгрөгийг гаргуулан...” гэснийг “...Ч.Мөнхбаяраас 85 350 төгрөгийг гаргуулан...” гэж тус тус өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Архангай аймгийн Өлзийт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын давж заалдах гомдол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагч хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр би Архангай аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газрын дарга Д.Амарсайхантай аман хэлцэл байгуулж “хандиваар цугласан 207 толгой малыг 15 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч төлбөрөө эхлээд 10 000 000 төгрөгийг бэлнээр, зарж борлуулсны дараа үлдсэн 5 000 000 төгрөгийг төлж” барагдуулахаар тохирсон ч тухайн малаа нядалж зарж эхлэх үедээ л маш туранхайг нь мэдсэн. Аих худалдан авах үедээ туранхай чанар хангахааргүй байсныг нэг бүрчлэн шалгах нөхцөлгүй, мэдэх боломжгүй байсныг дурдахаас гадна Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д заасны дагуу магадлалын үндэслэх хэсэгт “талууд зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийх тухай хуулийн шаардлагыг зөрчсөн ч энэ нь гэрээг хүчингүйд тооцох үндэслэл болохгүй” гэж заасныг хуулийг зөрчсөн шийдвэр. Хуульд тухайн гэрээний хэлбэр болон гэрээнд нөхцөлийг заавал тусгана гэж заасан байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцохоор заасны дагуу дээрх хэлцэл хүчин төгөлдөр бус. Магадлалд нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Удвалын гомдлыг хянан хэлэлцэхээр гэж дурдсанаа магадлалын тодорхойлох хэсэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг давж заалдах гомдолдоо гэж буруу ташаа эсвэл нэхэмжлэгч хэн гэдэг, хэдэн өмгөөлөгчтэй эсэх нь тодорхой бус бичигдсэн нь магадлалыг алдаатай, шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг алдагдуулсан байна. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Архангай аймгийн Өлзийт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал худалдах-худалдан авах гэрээний дагуу төлөх 4 000 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 400 000 төгрөг, нийт 4 400 00 төгрөгийг Ч.Мөнхбаяраас гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргасныг давж заалдах шатны шүүх хянан үзэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219, 243 дугаар зүйлд нийцсэн байна.
Зохигчид 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, худалдан авагч Ч.Мөнхбаяр нь малын үнээс 11 000 000 төгрөгийг өгсөн байх ба гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх үүрэгтэй.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Хариуцагч Ч.Мөнхбаяр нь 207 бог малыг 15 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон болохоо үндсэндээ маргаагүй боловч мал хэт туранхай байсан, хот руу нэг малыг 8 000 төгрөгөөр тооцож ачуулж, зардал их гарсан тул гэрээний нөгөө талд мэдэгдэж, үнийг бууруулсан гэж маргаж, 1 000 000 төгрөг төлнө гэх татгалзлаа баримтаар нотолж чадаагүй байна. Гэрээгээр нийлүүлсэн зүйл чанарын шаардлага хангаагүй, доголдолтой бол худалдан авагч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-т заасан хугацаанд гэрээний нөгөө талдаа хандах эрхтэй байхад ийнхүү хандсан, үнийг бууруулсан гэх байдал баримтаар нотлогдоогүй байна.
Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтанд тулгуурлан үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг үнэлэх журамд нийцсэн байна. Харин зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байхад зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь гэрээний агуулгад тохирохгүй тул магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзнэ.
Зээлээр худалдах-худалдан авах гэрээ нь худалдсан эд зүйлийн үнийг хэсэгчлэн төлөх, үүнтэй холбоотой хүү тооцож, үнэ нэмэгддэг үндсэн шинжийг агуулдаг тул тохирсон үнийг хэсэгчлэн төлөх ердийн худалдах-худалдан авах гэрээнээс ялгаж, эрх зүйн харилцааг зөв тодорхойлох нь зүйтэй байжээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 16 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “..262 дугаар зүйлийн 262.1...” гэснийг “...243 дугаар зүйлийн 243.1...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Ч.Мөнхбаярын гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4-т зааснаар хариуцагч Ч.Мөнхбаярын хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА