Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 200

 

“Б Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

нийслэлийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:       Х.Батсүрэн

Шүүгчид:                     Л.Атарцэцэг

                                     Б.Мөнхтуяа

                                     П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/520 дугаар захирамжийн 1 дэх заалтыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0003 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2018/0158 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч “Б Т” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Ж.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Э.Э нар,

Нэхэмжлэгч “Б Т” ХХК-ийн захирал Ж.Б-гийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0003 дугаар шийдвэрээр Авто замын тухай хуулийн /1998 оны/ 9 дүгээр зүйлийн 9.2, 22 дугаар зүйлийн 22.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/520 дугаар захирамжийн 1 дэх заалтыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0158 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0003 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан “Б Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Б Т” ХХК-ийн гаргасан “нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/520 дугаар захирамжийн 1 дэх заалтыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч “Б Т” ХХК-ийн захирал Ж.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалын хянавал хэсэгт “Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана...”, 14.4-т “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана...”, 14.5-д “захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж тус тус заасан. Дээр хуулийн зохицуулалтаас үзэхэд илт хууль бус болох “захиргааны акт”-ыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд “шинж”-ээр тодорхойлж, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болохоор заасан байна. Харин “хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлагад хөөн хэлэлцэх хугацааг харгалзан үзэхээр байна. Уг захиргааны хэргийн тухайд нэхэмжлэгч “нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/520 дугаар захирамжийн 1 дэх заалтыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага гаргасан. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байгааг анхаараагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна...” гэж дүгнэсэн.

4. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно” гэж заасантай зөрчилдөж шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

6. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “Түгээмэл тархацтай ашиг малтмал олборлож буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах тухай” А/520 дугаар захирамжийн 1 дэх заалтаар “Хан-Уул дүүргийн 10, 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ачааны автомашин даац хэтрүүлэн ачаа тээвэрлэж зам, замын байгууламжийг эвдэх, элс хайрга, шороо асгах, дуут дохио өгөх, тоос шороо ихээр босгож иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулсан талаар санал гомдол гаргаж байгаатай холбогдуулан Нисэхийн тойргоос Био, Шувуу хүртэлх авто замд ачааны машины бүх жинг 10 тн-оор хязгаарлах, хорооллын дотор дуут дохио өгөхийг хориглох болон заах тэмдэгүүдийг байрлуулж ажиллахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газар, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨҮГ, шаардлагатай газруудад тэмдэг байрлуулахыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨҮГ, тэмдэг байрлуулах ажилд хяналт тавихыг нийслэлийн Авто замын газарт /нэр заан/ тус тус үүрэг болгосон”, нэхэмжлэгч “Б Т” ХХК нь “...ачааны машинаар тээвэрлэлт хийх эрх, бизнес эрхлэх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль зөрчсөн” гэх үндэслэлээр хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд гаргажээ.

7. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ дээрх захиргааны актыг “илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0776 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон, тус шийдвэрт “хүчингүй болгуулахаар шүүхэд хандах эрхийг хэвээр үлдээсэн” гэх үндэслэлээр уг асуудлаар дахин шүүхэд хандсанаа дурджээ.

8. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0776 дугаар шийдвэрээр нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/520 дугаар захирамжийн 1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох “Б Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг “...Засаг даргын ...даац хязгаарлах шийдвэр эрх зүйн хэм хэмжээнд үндэслээгүй боловч илт хууль бусад тооцох хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

9. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн нэхэмжлэл гаргаж байгаа боловч уг шаардлага, үндэслэл, холбогдох захиргааны акт, хариуцагч Засаг даргын гэм буруугийн талаар дээрх шүүхийн шийдвэрт нэгэнт дүгнэгдсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, улмаар хангаж шийдвэрлэсэн нь буруу болсон, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийн талаар өөр дүгнэлт буюу “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болсон байна.

10. Зүй нь нэхэмжлэлд заасан үйл баримтын талаар шүүхийн шийдвэр гарсан байгаа нь уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхад “хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэх үндэслэлээр, мөн “хөөн хэлэлцэх хугацааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу сэргээлгэж, дахин шүүхэд хандах боломжийг дурдаж” шийдвэрлэсэн нь буруу боловч энэ нь нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл болохгүй, нэхэмжлэгчийн гаргасан “...давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Захиргааны ерөнхий хуулийн 48.1-д заасантай зөрчилдсөн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

11. Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, магадлалыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэхээр нэхэмжлэгч “Б Т” ХХК-ийн захирал Ж.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2018/0158 дугаар магадлалын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “54.1.8” гэснийг “54.1.6” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ