Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 221/MA2017/0439

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2017/0439

Улаанбаатар хот

Ж.Батбаярын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэжид, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмагнай, Д.Одончимэг, гуравдагч этгээд “Эф Эм Ай” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, С.Ууганбаяр, “Мөнхийн номхон далай” ХХК, “Намуун тод” ХХК-ийн өмгөөлөгч К.Жархынбек нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0253 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор Ж.Батбаярын нэхэмжлэлтэй, Ашиг малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0253 дугаар шийдвэрээр:” Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйл, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Батбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэжидийн “Эф Эм Ай” ХХК-ийн XY-012472, “Намуун тод” ХХК-ийн ХҮ-013107, ХҮ-013108, “Мөнхийн номхон далай” ХХК-ийн ХҮ-013109, “Эн Си Ар Ай” ХХК-ийн ХҮ-014879, “Элбэг орд“ ХХК-ийн ХҮ-014145 дугаар тусгай зөвшөөрлүүдийг цуцлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, дээрх тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэжид давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн, ямар хуулийн заалтыг үндэслэж хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус үзэхгүй байгаа нь тодорхойгүй, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолуудыг буруу үнэлсэн. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, тусгай зөвшөөрлүүдийг цуцлах хуулийн зохицуулалт байхад цуцлахгүй байгаа эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн “...байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах...” хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж түүнийгээ хамгаалуулахаар шүүхэд хандсан.

... Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хууль болон Улсын Их Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоол, Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолыг буруу ойлгуулан тайлбарласан хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбарыг үндэслэсэн шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг анх 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гаргаснаас хойш дээр дурдсан Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолууд батлагдсан. Шүүх эдгээр тогтоол гарснаар “...компаниуд хайгуулын ажил явуулах боломжгүй болсон...” гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь гуравдагч этгээдээр оролцсон компаниудад хайгуулын тусгай зөвшөөрлийг 2006-2007 онуудад олгосон байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан “...Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална...” гэж зохицуулсан. Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаагүй нь маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгээр батлагдсан. Энэ баримтыг үндэслэн шүүх захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0253 дугаар шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ж.Батбаяраас “Эф Эм Ай ХХК-ийн XY-012472, “Намуун тод” ХХК-ийн ХҮ-013107, ХҮ-013108, “Мөнхийн номхон далай” ХХК-ийн ХҮ-013109, “Эн Си Ар Ай” ХХК-ийн ХҮ-014879, “Элбэг-Орд” ХХК-ийн ХҮ-014145 дугаар тусгай зөвшөөрлүүдийг цуцлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, дээрх тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын шийдвэрүүдээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын “Дэлийн хяр” нэртэй газарт орших 753.28 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХҮ-012472 дугаартай тусгай зөвшөөрлийг “Эф Эм Ай” ХХК-д, “Дэрст толгой” нэртэй газарт орших 3761.53 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХҮ-013107, “Тост-1” нэртэй 1282.97 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХҮ-013108 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг “Намуунтод” ХХК-д, “Шаван уул” нэртэй газарт орших 8271.13 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХҮ-013109 дугаартай тусгай зөвшөөрлийг “Мөнхийн номхон далай” ХХК-д, “Гашуун” нэртэй газарт орших 9283.38 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХҮ-014879 дугаартай тусгай зөвшөөрлийг “Эн Си Ар Ай” ХХК-д, “Улаан сайр” нэртэй газарт орших 8397.73 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХҮ-014145 дугаартай тусгай зөвшөөрлийг “Элбэг-Орд” ХХК-д тус тус олгосон, тухайн компаниуд тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааг явуулахдаа .... хуульд заасан шаардлагыг хангаж, тухайлбал, .... хугацааны жилийн төлөвлөгөөгөө хянуулсан, зардлын доод хэмжээгээ баталгаажуулсаар ирсэн нь хэрэгт авагдсан Геологийн алба, эрдэс баялгийн судалгааны тасгийн төлөвлөгөөг, тайлангийн нэгдсэн мэдээллийн сангаас гаргасан мэдээлэл, хариуцагчийн тайлбараар, түүнчлэн дээрх компаниуд хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа Байгаль орныг хамгаалах төлөвлөгөөгөө батлуулсан боловч өөрсдийн эзэмшлийн талбайдаа ашиглалтын ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаагүй нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын тайлбар, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хийсэн шүүхийн үзлэгээр тогтоогдсоноос үзвэл Тост, Тосон бумбын нурууны байгалийн тэнцвэрт байдал алдагдсанаас нэхэмжлэгчийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн гэх боломжгүй.

Үүнээс гадна Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Талбайг нөөцөд авах тухай 512 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууны 652527.98 га газар бүхий талбайг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэлийг цэгцлэх зорилгоор 3 жилийн хугацаагаар нөөцөд авч, хилийн заагийг тогтоосон байх бөгөөд уг нөөцөд авсан талбайд нэхэмжлэгчийн маргаж буй ХҮ-012472, ХҮ-014145, ХҮ-014879, ХҮ-013107, ХҮ-013108, ХҮ-013109 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай давхцаж байгаа,

Улсын Их Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 35, Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох тухай” 91 дүгээр тогтоолуудаар орон нутгийн тусгай хамгаалалтай газар маргаж буй тусгай зөвшөөрлийн талбайнууд байрлах газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авснаар компаниуд хайгуулын ажил явуулах боломжгүй болжээ.

Нөгөөтэйгүүр, тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийг эзэмшихтэй холбоотой нөхцөл шаардлагуудыг, тухайлбал, хайгуулын ажлын зардлын доод хэмжээг хангаж ажиллаагүй гэх асуудал нь өөрийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн гэж маргаж байгаа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолтой хамааралгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллагаас цуцлах үндэслэлүүдийг заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар дээрх үндэслэлүүдийн алин ч тогтоогдоогүй, хайгуулын тусгай зөвшөөрлийг хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ханган эзэмшсээр ирсэн гуравдагч хуулийн этгээдүүдийн тусгай зөвшөөрлийг хариуцагч байгууллага цуцлах эрхгүй бөгөөд энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх эдгээр болон бусад үндэслэлүүдээр зөв дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ч хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв баримтлаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0253 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “33 дугаар зүйл, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг тус тус” гэснийг “31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                  Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР