| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2023/01094/И |
| Дугаар | 135/шш2024/00541 |
| Огноо | 2024-04-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 135/шш2024/00541
| 2024 оны 04 сарын 25 өдөр | Дугаар 135/ШШ2024/00541 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2023/01519/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, шүүгч Д.Алтантуяа, шүүгч Б.Номин нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сум, **** баг, **** хэсэг, *** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, **** баг, **** байрны, ****тоотод оршин суух, ******* овогт *****т холбогдох,
Автомашинд учруулсан хохирол 785,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******
Иргэдийн төлөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* 785,000 гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...Би Шарын гол сум руу ***** улсын дугаартай Sonata-6 машинаар явж байсан юм. Тэгээд Аргалын гарам дээр явж байтал нэг машин ирж мөргөсөн. Маш хүчтэй ирж мөргөсөн, бид хоёрын амь нас хохироход маш ойрхон байсан. Энэ машиныг би худалдаж аваад тал мөнгийг төлөөд тал мөнгийг нь төлөөгүй байсан. Тухайн үед **** ***** улсын дугаартай автомашин ирж мөргөсөн. Машинаас 2 залуу гарч ирээд бид 4 ярилцсан. Цагдаа дуудъя гэхэд сүлжээ байхгүй, миний 4 хүүхдийн ам хоол нэхээд ангалзаж байна, эндээ тохиролцъё гэсэн. Ингээд бид тэнд нэлээд удсан. Тэгээд 3 хоногийн дотор таны хохирлыг барагдуулъя гэж хэлээд явсан. Түүнээс хойш би 7 хоног хүлээсэн. Миний машин маш их гэмтсэн учраас Аргалын гармаас Дархан орох хүртэл 5 цаг, маш удаан явж ирсэн. Ингээд алга болчихоор нь би цагдаад өгсөн. Машиныг нь танихгүй учраас би хайгаад олохгүй их удсан. Тэгээд нэг цагдаа утсыг нь олоод залгаж ярьж өгсөн. Тэгэхэд өгвөл 300,000 төгрөг өгнө гэж хэлээд намайг маш их хараасан. Тэгээд дансны дугаараа явуул гэхээр нь би дансны дугаараа явуулсан боловч одоог хүртэл мөнгө явуулаагүй. Тийм учраас 785,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Энэ хүмүүс уулзах бүртээ миний машиныг хэн төлөх юм бэ гэж загнаж байсан. Тухайн үедээ таны хохирлыг бүрэн барагдуулна гээд машиныхаа гэрчилгээг эх хувиар нь надад үлдээгээд явсан. Гэтэл одоо болохоор 300,000 төгрөг өгнө гээд байгааг зөвшөөрөхгүй байна. Миний хохирлыг бүрэн барагдуулна гэсэн болохоос 300,000 төгрөг өгнө гэж тохироогүй. Иймд үнэлгээгээр гарсан хохирол болох 785,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа шинжээчийн дүгнэлтэд зааснаар багасгаад 785,000 төгрөг болгосон. Шүүхийн хэлэлцүүлгийн үед эвлэрэх санал гаргаад 785,000 төгрөгөө тодорхой хэмжээгээр бууруулаад 471,000 төгрөг болгох санал тавьсан боловч хариуцагч хүлээн зөвшөөрсөнгүй. Анхнаасаа 300,000 төгрөг өгье гэж ярьсан гэж яриад байна. Гэтэл анхнаасаа ингэж тохирсон зүйл байхгүй. **** эзэмшлийн тээврийн хэрэгслийг өөр хүн барьж яваад осол гаргасан. Осол гаргасан гэдэг дээр талууд маргадаггүй. Хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрөөд тээврийн хэрэгслийнхээ гэрчилгээг тодорхой хэмжээний төлбөрийн барьцаанд бичиг баримтаа үлдээсэн гэдэг нь өөрийнх нь сая шүүх хуралдаан дээр гаргаж байгаа тайлбар, асуулт хариултаас тодорхой харагдаж байгаа учраас Т.******* тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохирлыг хариуцагч гаргаж өгөх үүрэгтэй. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510.1-т тус тус зааснаар хохирол болох 785,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр манай ах эхнэрийн машинаар Шарын гол сумаас Дархан-Уул аймаг руу ирж явсан. Шарын гол сумын зам тавигдаж байсан нарийн замаар хоёр талаасаа ирж мөргөлдчихөөд тухайн газраасаа өөрсдөө хөдөлж орж ирээд цагдаа дуудсан. Цагдаа ирээд хэргийн газраасаа яах гэж хөдөлсөн юм бэ одоо журмын хашаанд машинаа аваачиж тавь гэсэн. Тэгээд би эмнэлэгт очиж үзүүлье гэмтсэн зүйл байна уу гэхэд манай хүүхэд эмч учир хүүхдэдээ үзүүлчихнэ гэж хэлээд яваагүй. Тэгээд орой нь ээлжийн ажилтай байсан учраас машиныхаа бичиг баримтыг үлдээгээд хаалга аваад өгчихье гэж хэлсэн. Эхлээд 150,000 төгрөг өгье гэж тохирсон. Сүүлдээ хүүхэд нь гэх хүн яриад багана гэмтсэн гэсэн зүйл яриад үүнээс болж маргалдаж эхэлсэн. Энэ машин манай эхнэр *****ын нэр дээр байдаг. 150,000 төгрөг өгье гэж ярьсан боловч сүүлдээ 300,000 төгрөг болсон. Тэгээд хэд хоногийн дараа утсаар ярихад хүүхэд нь тийм юм байхгүй үнэлгээ гаргуулна гэсэн. Энэ хүн намайг танихгүй тэнд байгаагүй гэж яриад байгаа. Би настай хүн байна хаалга авч өгье гэдэг саналыг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас төлөхгүй. Адилхан зам булаалдаж мөргөлдсөн, цагдаа дуудаагүй, эмнэлэгт үзүүлээгүй байж одоо ингээд яваад байгааг ойлгохгүй байна. Урьд нь 300,000 төгрөг өгье гэж байсан. Үүнийгээ өгвөл өгье. Түүнээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
4. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Миний бие 40 гаруй жил жолоо мушгиж байхдаа янз бүрийн зүйл үзэж, сонссон. Хариуцагч тухайн үед миний буруу гэдгээ хүлээн зөвшөөрөөд бичиг баримтаа үлдээгээд явсан байна. Буруугаа хүлээгээд бичиг баримтаа үлдээгээд явсан учраас төлөх нь зүйтэй байна гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирлыг барагдуулах нь үндэслэлтэй байна гэв.
5. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан ***** ХХК-ий автомашин техникийн үнэлгээний тайлан, ***** улсын дугаартай автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2023 оны 04 сарын 21-ний өдрийн **** дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээ зэргийг шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т.******* хариуцагч Х.******* холбогдуулан гаргасан автомашинд учруулсан гэм хорын хохиролд нийт 785,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд анх 844,350 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******, нарт холбогдуулан гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагч *******ээс татгалзаж, автомашины өмчлөгч аас хохирол гаргуулахаар шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа автомашины үнэлгээний тайланд тусгасан дүнгээр буюу 785,000 төгрөг болгон багасгасан болно.
Мөн анхны нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжийн дүн болох 24,350 төгрөгийг оруулан тооцсон болохоо шүүх хуралдаан дээр тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсныг дурдаж байна.
2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...**** эзэмшлийн автомашиныг өөр хүмүүс жолоодож яваад миний өмчлөлийн тээврийн хэрэгслийг мөргөж, хохирол учруулсан бөгөөд тухайн үед гаргасан үнэлгээний тайлангаар 785,000 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосон. Тухайн үед цагдаа дуудаагүй бөгөөд автомашины эзэмшигч нар нь хохирлыг төлнө гээд тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ эх хувиар нь үлдээгээд явсан боловч хохирлыг барагдуулахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч **** итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ... Тухайн үед аль аль машин нь хурдтай явж байгаад мөргөлдсөн. Цагдаагийн байгууллагад хандаагүй Энэ хүний насыг хүндлээд, мөн ажилтай яараад байсан тул хаалганы үнэ 300,000 төгрөгийг өгөхийг зөвшөөрөөд барьцаанд нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ үлдээгээд явсан. Иймээс 300,000 төгрөгийг өгөхийг зөвшөөрч байна. Түүнээс өөр мөнгө төлөх үндэслэлгүй гэж маргадаг болно.
4. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хохирол учирсан автомашин болох ***** улсын дугаартай *****маркийн автомашин нь хэрэгт авагдсан авто тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр **** нэр дээр бүртгэлтэй байгаа бөгөөд нэхэмжлэгч ******* нь *****тус автомашиныг худалдан авсан, төлбөрийн үлдэгдлээ төлөөгүй байгаа тул өөрийн бүртгэлд өөрчлөлт оруулаагүй байгаа боловч автомашин миний эзэмшилд шилжин ирсэн байгаа тул миний өмчлөлийн хөрөнгө гэж тайлбарлаж байна.
Хэрэгт 2023 оны 04 сарын 21-ний өдрийн тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ авагдсан бөгөөд тус гэрээгээр ******* нь ********** улсын дугаартай *****маркийн суудлын автомашиныг 2,800,000 төгрөгөөр худалдан авч, урьдчилгаа 2,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 800,000 төгрөгийг 2023 оны 07 сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохирсон болох нь тогтоогдож байна.
Энэхүү үйл баримтын талаар хариуцагч тал маргаагүй бөгөөд дээр дурдсан баримтаар нэхэмжлэгч *******г тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэхээр байх тул эд хөрөнгөд учирсан хохирлыг тэрээр шаардах эрхтэй байна.
5. Зохигчдын тайлбараар 2023 оны 07 сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол сумын хоорондын замд ******* болон хариуцагч **** өмчлөлийн тээврийн хэрэгслүүдийг бусад этгээдүүд жолоодож яваад мөргөлдөж, Т.******* тээврийн хэрэгсэлд хохирол учирсан, тухайн үедээ энэхүү ослын талаар эрх бүхий байгууллагад хандаагүй, тээврийн хэрэгслээ хэн аль нь хөдөлгөн авч явсан, осол болсон тухайн үед хариуцагч тал хохирлыг барагдуулах талаар хүлээн зөвшөөрч түүний баталгаа болгон тээврийн хэрэгслийн гэрчилгээг эх хувиар нь нэхэмжлэгч *******д өгсөн зэрэг нь тогтоогдож байгаа бөгөөд эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй.
Харин хариуцагч тал гэм буруу байхгүй боловч тухайн үедээ яаралтай ажилтай байсны улмаас 300,000 төгрөгийг төлөхөө илэрхийлж, барьцаанд нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг үлдээсэн гэж, нэхэмжлэгч тал 300,000 төгрөг гэж яриагүй, хохирлыг бүрэн барагдуулна гэж хэлээд мөнгөө төлөх баталгаа болгож тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ үлдээсэн гэж тус тус тайлбарлаж, гэм буруу, хохирлын хэмжээний талаар маргаж байна.
6. Зохигчид нь зам тээврийн осол болсон тухайн үед эрх бүхий байгууллагад хандаж, зохих ажиллагааг хийлгэлгүйгээр тус тусын автомашинаа хөдөлгөсөн, улмаар гэм буруугийн талаар эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй боловч талуудын тайлбар, осол болох үед хариуцагч тал хохирол төлөх баталгаа болгож тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ үлдээсэн, мөн шүүх хуралдаан дээр хохиролд 300,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч илэрхийлж байгаа зэрэг байдлаас үзэхэд хариуцагч тал гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж үзнэ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь гэм буруугүй, тухайн үед нэхэмжлэгчийн насыг хүндэлж 300,000 төгрөгийг хохиролд өгөхөө илэрхийлж, тохирсон гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т: шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заасны дагуу дээрх тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д: Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-д: Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь осол болох үед тээврийн хэрэгслийг хариуцагч **** жолоодож яваагүй, өөр хүмүүс жолоодож байсан гэж байгаа боловч Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т зааснаар зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй байна.
Мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй.
Хэрэгт авагдсан автотээврийн хэрэгслийн гэрчилгээгээр осол ***** *****er маркийн автомашины өмчлөгчөөр ***** бүртгэлтэй байх тул дээрх хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох хохирол 785,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгч *******д төлөх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
8. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч ******* нь ...Хариуцагч тухайн үед миний буруу гэдгээ хүлээн зөвшөөрөөд бичиг баримтаа үлдээгээд явсан байна. Буруугаа хүлээгээд бичиг баримтаа үлдээгээд явсан учраас төлөх нь зүйтэй байна гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирлыг барагдуулах нь үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
9. Нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах, гэрчээс мэдүүлэг авхуулах тухай хүсэлтүүд гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч тал энэхүү хүсэлтүүдээсээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
10. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,230 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 23,390 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч аас 785,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 24,230 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 23,390 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА
Б.НОМИН