Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 136

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган улсын яллагч Ц.Лхамсүрэн, шүүгдэгч Г.Чингис-Од нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржин овогт Гэрэлдоржийн Чингис-Одод холбогдох эрүүгийн 1721000580049 дугаартай хэргийг 2017 оны 9 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1993 оны 10 сарын 29-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав. ээж, дүү нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг СМУ-гийн 2-03 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, /РД:ЖЯ93102917/, Боржин овогт Гэрэлдоржийн Чингис-Од,

 

Шүүгдэгч Г.Чингис-Од нь 2017 оны 7 сарын 19-ний өдөр шөнийн 01 цагийн орчимд Дорнод аймаг Хэрлэн сумын 6 дугаар баг 19 дүгээр байрны хойд талд байх хөл бөмбөгийн талбай дээр иргэн Д.Пүрэвдоржийг өшиглөж унаган “баруун шууны богтос ясны далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн иргэн Б.Болорчимэгийг түлхэсний улмаас шон мөргөж “зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зүүн хацрын зулгаралт, баруун эрхий хурууны уг хэсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/  

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Чингис-Од шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч Д.Пүрэвдорж мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Батбаатар, Баасанжав гэдэг хоёр найзтайгаа 2017 оны 7 сарын 19-ний өдрийн 00 цаг 30 минутын орчим Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах Лакс баарнаас гараад 23 дугаар байрны хажуу талаар явж байсан чинь манай найз Боогийгийн эгч Чимгээ “чи намайг зоддог хэн бэ” гэж орилж хашгираад байсан бөгөөд бид гурав 19 дүгээр байрны хөл бөмбөгийн талбай дотор ороод Чимгээ эгч рүү очоод нөгөө залууд хандаж “чи боль” гэхэд нөгөө залуу надад хандаж “чи намайг чи гэдэг болчихсон юм уу” гээд миний цээжин тус газарт өшиглөсөн бөгөөд өөрөө ойчихдоо баруун гараа хугалсан. Тэгээд би босоод тухайн хөлбөмбөгийн талбайгаас гараад 24 дүгээр байр руу очоод такси авч эмнэлэгт очсон. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17, 18-19/

Хохирогч Б.Болорчимэг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би ...Хэрлэн сумын 6 дугаар баг 19 дүгээр байрны хойд талын хөл бөмбөгийн талбай дотор гаднаас гүйж орсон болохоор амьсгаагаа дарах гээд хэвтэж байтал гаднаас 2-3 залуу орж ирж байгаа харагдсанаа нэг залуу нь хөөе босооч гэж орилж байгаад гараад явсан. Тэгээд нэг залуу сууж үлдэхээр нь үлдсэн залууд та хоёр цуг явж байгаа юм уу? сая бид хоёрыг дагаад байсан гэж хэлэхэд намайг яасан ядаргаатай юм бэ? гэж хэлээд түлхээд унагасан. Би босоод “чи эмэгтэй хүнд гар хүрээд яасан овоо юм бэ” гэж хэлээд тэр залууг түлхэхэд намайг барьж аваад шон руу түлхтэл би зүүн нүдээрээ шон мөргөсөн юм. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 23-24/

-Шүүгдэгч Г.Чингис-Одын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-43/

-Хохирогч Д.Пүрэвдорж, Б.Болорчимэг нараас Цагдаагийн газарт бичгээр гаргасан хүсэлтүүд /хх-ийн 48, 49/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Г.Чингис-Од нь 2017 оны 7 сарын 19-ний өдөр шөнийн 01 цагийн орчимд Дорнод аймаг Хэрлэн сумын 6 дугаар баг 19 дүгээр байрны хойд талд байрлах хөл бөмбөгийн талбай дээр хохирогч Д.Пүрэвдоржийг өшиглөж унаган “баруун шууны богтос ясны далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн өдөр Б.Болорчимэгийг түлхэсний улмаас шон мөргөж “зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зүүн хацрын зулгаралт, баруун эрхий хурууны уг хэсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Г.Чингис-Одын мөрдөн байцаалтад  өгсөн “...Би Болорчимэгийг нэг удаа алгадсан, Пүрэвдоржийг нэг удаа өшиглөсөн.  Болорчимэг, Пүрэвдорж нарын биед гэмтэл учруулсан өөрийн буруугаа сайн ойлгож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/, түүнийг давхар нотолсон хохирогч Д.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Чимгээ эгч рүү очоод нөгөө залууд хандаж “чи боль” гэхэд нөгөө залуу надад хандаж “чи намайг чи гэдэг болчихсон юм уу” гээд миний цээжин тус газарт өшиглөсөн бөгөөд өөрөө ойчихдоо баруун гараа хугалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17/, хохирогч Б.Болорчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ”...намайг барьж аваад шон руу түлхтэл би нүүрээрээ шон мөргөсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,  Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 7 сарын 21-ний өдрийн 430 тоот дүгнэлтэд: "Д.Пүрэвдоржийн биед баруун шууны богтос ясны доод 1/3 хэсгийн далд гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь шинэ бөгөөд тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна” /хх-ийн 29/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 7 сарын 21-ний өдрийн 429 тоот дүгнэлтэд: "1.Б.Болорчимэгийн биед зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хацрын зулгаралт, баруун эрхий хурууны уг хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Энэ гэмтэл нь шинэ бөгөөд тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь бүрдэл байдлаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-ийн 33/ гэсэн дүгнэлтүүд болон бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Чингис-Одод холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлсэн, түүнийг нь давхар нотолсон хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн  дүгнэлтүүд үүнийг нь баталж байх тул нь шүүх үүнийг үнэнд тооцож, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч Г.Чингис-Одын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Пүрэвдорж, Б.Болорчмэиг нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 7 сарын 21-ний өдрийн 429, 430 тоот дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Чингис-Од нь хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний/ буюу 450000 төгрөгөөр торгох  ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 241 /хоёр зуун дөчин нэг/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна. 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чингис-Одод оногдуулсан 450000 төгрөгөөр торгох, 241 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлээс АG0540204 серийн дугаартай 1 ширхэг 20000 төгрөгийн дэвсгэртийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 9 сарын 06-ны өдрийн  5/17 дугаартай "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖЯ93102917 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбар болон 20000 төгрөг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид тус тус буцаан олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1. Шүүгдэгч Боржин овогт Гэрэлдоржийн Чингис-Одыг хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Гэрэлдоржийн Чингис-Одыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний/  буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 241 /хоёр зуун дөчин нэг/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.       

               

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чингис-Одод оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний/  буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох, 241 /хоёр зуун дөчин нэг/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чингис-Одод оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.5, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Чингис-Од нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тус тус тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Чингис-Од нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Г.Чингис-Одын эзэмшлээс АG0540204 серийн дугаартай 1 ширхэг 20000 төгрөгийн дэвсгэртийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 9 сарын 06-ны өдрийн  5/17 дугаартай "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖЯ93102917 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбар, 20000 төгрөг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид тус тус буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Чингис-Одод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР