Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/68

 

Б.Э, Ч.М, Б.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Даваадорж,

хохирогч Б.С, түүний өмгөөлөгч Л.Батжаргал,

яллагдагч Б.Э-ын өмгөөлөгч П.Амгаланбаатар,

яллагдагч Ч.М-, түүний өмгөөлөгч Ю.Тогмид,

яллагдагч Б.Б-, түүний өмгөөлөгч Д.Цолмон,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЗ/2416 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ч.Пүрэвсүрэнгийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 43 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Б.Э, Ч.М, Б.Б нарт холбогдох 2009 00294 0203 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Б-ын Э-, 1985 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, Д цэцэрлэгт эрхлэгч ажилтай гэх, ам бүл 4, эцэг, эх, охины хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 814 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан;

Д Б овгийн Ч-ын М, 1987 оны ... дугаар сарын ...-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1037 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг хасаж, 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

Б овгийн Б-ы Б-, 1990 оны ... дугаар сарын ...-ний өдөр Төв аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, НХТГ ОНӨААТҮГ-т Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга ажилтай гэх, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Төв аймгийн ... сумын ... дүгээр баг, ... оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Б.Э-, Б.Б-, Ч.М- нар нь бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 06-аас 2019 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.С-д газар авч өгнө, хашаа зарна гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, нийт 6.575.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газар: Б.Э, Б.Б, Ч.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой ямар ажиллагаа хийснээр тухайн гэмт хэрэгт Ч.М-, Б.Б- нар нь холбогдсон талаар нарийвчлан шалгаж тодруулалгүйгээр зөвхөн шүүгчийн захирамжид үндэслэн шууд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байгаа нь үндэслэл муутай болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.”, 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” гэж тус тус заасан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.С “...Би Ч.М-, Б.Б- нартай өмнө нь нэг нэг удаа л уулзаж байсан. Ч.М- надаас мөнгө шаардаагүй. Харин Б.Б- “3 айлын газар 3 сая төгрөг” гэж байсан. ...”,

яллагдагч Б.Б- “...Ч.М- над руу яриад “Чам руу нэг эмэгтэй хүн явууллаа. Чи бичиг баримтыг нь үзээд тухайн авах гээд байгаа газрыг нь судлаад, туслаад өгөөч” гэсний дагуу судлахад тухайн газар нь 2-3 айл давхацсан байсан тул боломжгүй гэдгийг нь хэлсэн. Үүний дараа Ч.М- болон Б.С нар нь над руу байн байн залгаад гуйгаад байхаар нь “Авна гэсэн газрын чинь хажууд өөр нэг газар байна.” гэсэн. Би өөрийнхөө мөнгөөр кадастр хийлгээд энэ талаар Б.С-д хэлтэл “Би Б.Э-од 5 сая төгрөг өгсөн” гэсэн бөгөөд би “Наадах чинь надад хамаагүй. Би ямар ч мөнгө аваагүй” гэж хэлсэн. ...” гэж мэдүүлсэн,

мөрдөгчийн “...Та дээрх газартай холбоотойгоор Б.Э-, Б.С, Ч.М- нараас мөнгө авсан асуудал байна уу...” гэх асуултад

яллагдагч Б.Б- “...Тийм зүйл байхгүй. Би ямар нэгэн байдлаар газартай холбоотойгоор хүнээс мөнгө аваагүй. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэх хариулт өгчээ.

Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааснаас хойш Б.Б-ийг ямар учраас яллагдагчаар татах болсон, ямар ямар нотлох баримтад үндэслэсэн бэ гэдэг нь тодорхой бус байна.

Прокурорын яллах дүгнэлтэд “...Б.Б- нь Б.Э-, Ч.М- нартай бүлэглэн ...залилсан....” гэж дурдагдсан бол яллагдагч Б.Б- нь энэ асуудалтай холбоотойгоор Б.С-оос огт мөнгө авч байгаагүй гэх тайлбар гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь материаллаг хохирол шаардагдах гэмт хэрэг бөгөөд хэн нэгнийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж яллаж байгаа бол эд хөрөнгийн хохирол заавал учруулсан байхыг шаардана. Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын тайлбар, мэдүүлгээс харахад яллагдагч Б.Б- нь хохирогч Б.С-оос хичнээн төгрөгийг залилж авсан, эсхүл Б.Э-, Ч.М- нартай бүлэглэж, тухайн гэмт хэргийг үйлдсэн бол өөртөө хичнээн төгрөгийг авсан эсэх нь ойлгомжгүй, тодорхой бус байна.

Мөн яллагдагч Ч.М-ийн тухайд хохирогч Б.С-оос огт мөнгө аваагүй, 600.000 төгрөгийг А-ийн дансаар шилжүүлж, Б.Э-оос авсан асуудал нь найз нөхдийн журмаар зээл хэлбэрээр авсан талаар тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл, яллагдагч Б.Э-ын хохирогч Б.С-оос залилан мэхэлж авсан гэх мөнгөнөөс Ч.М-, Б.Б- нар авсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Яллагдагч Б.Б- нь Б.С-д газар авч өгөх зорилгоор тодорхой ямар ямар ажиллагаа хийсэн, энэ талаар холбогдох гэрч нараас мэдүүлэг авч мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтооход ач холбогдолтой.

Хавтас хэрэгт авагдсан захидлуудаас харвал яллагдагч Б.Б- нь “...Би өнөөдөр газрын албаны хүнд худлаа хэлчихлээ. Өдөр газрын албаны хүнтэйгээ хоол идэхээр болсон. Байцаагчид өгөхөөр тохирсон. ...” гэх мэтээр харилцсан байх бөгөөд Б.Б- нь газрын албаны хэн нэгэн албан тушаалтантай харилцаа тогтоосон эсэх, энэ бүхий цаана газрын албаны ямар нэгэн албан тушаалтан байгаа эсэхийг нарийвчлах тогтоох шаардлагатай байна.

Гэмт хэрэг хаана гарсан бэ гэдгийг нарийвчлан тогтоох шаардлагатай. Прокурорын яллах дүгнэлтэд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо гэж бичсэн байх бөгөөд хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээс харахад хохирогч Б.С- нь яллагдагч Б.Э-ын данс руу хаанаас мөнгө шилжүүлсэн бэ гэдэг нь тодорхойгүй байна. ...” гэж дүгнэж, яллагдагч Б.Э-, Б.Б-, Ч.М- нарт холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ч.Пүрэвсүрэн бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй.” гэж заасан бөгөөд яллагдагч Ч.М-, Б.Б- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх нотлох баримтыг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой.

Хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 17/2158 дугаартай албан бичгээр Б.Б- нь тус дүүрэгт газар эзэмшиж, өмчилдөггүй буюу хохирогч Б.С-д уг газрыг шилжүүлэн өгөх боломжгүй, мөн тэрээр Нийслэлийн хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргаар ажилладаг бөгөөд Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх төрийн эрх бүхий албан тушаалтан биш болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх боломжтой. Учир нь, анхан шатны шүүхээс хэргийг хэлэлцээд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулах, эх сурвалжийг магадлах аргыг ашиглах бөгөөд харьцуулсан, магадалсан үндэслэлээс шалтгаалан няцаасан эсхүл баталсан дүгнэлтийг хийдэг бөгөөд анхан шатны шүүх шаардлагатай тохиолдолд гэрч, хохирогч нарыг оролцуулан мэдүүлэг авч, зарим зүйлийг тодруулах замаар яллагдагч нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэх боломжтой.

Шүүх хэрэгт цугларсан яллах талын нотлох баримтыг бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлж, ямар хууль зүйн үндэслэлээр няцаан хэрхэн үгүйсгэж, эсхүл шүүхийн шийдвэрийн үндэслэл болох эсэх талаар шүүхээс хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасанд нийцээгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх яллагдагчийн гэмт хэрэг үйлдсэн, түүнийг нотолсон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн яллах талын нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тодорхой заагаагүй байна. Хэрэгт прокуророос яллах талын нотлох баримтуудаар хэрэг хянан шийдвэрлэхэд, тэдгээрийн нотлох баримтыг үнэлэхгүй байх хууль зүйн үндэслэлийг тодорхой дурдаагүй, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг хүлээн авах боломжгүй.

Хохирогчийн мөнгө хаанаас шилжүүлсэн талаарх мэдүүлгийг авахаар нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шаардлагагүй бөгөөд хохирогч Б.С-г шүүх хуралдаанд оролцуулан, мэдүүлэгт тусгагдаагүй нөхцөл байдлуудыг тодруулах замаар шүүх хуралдааны явцад мөнгийг хаанаас шилжүүлснийг тогтоох боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас гурваас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ.” гэж заасан. Гэтэл хохирогч Б.С- болон түүний өмгөөлөгч нарт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов мэдэгдээгүй, хүсэлт гаргах боломжоор нь хангаагүйгээс урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд оролцож, яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтэд тайлбар, мэдүүлэг өгөх эрхийг хязгаарласан байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор Д.Даваадорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй.” гэж заасан. Иймд яллагдагч Ч.М-, Б.Б- нар нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэхийг шүүх хуралдаанаар нотлох баримтыг шинжлэн судлуулж, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б.С- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллагдагч Б.Б- тухайн үед надад төрийн албанд ажилладаг гэж итгэл үнэмшил төрүүлсэн. Тухайн надтай харилцсан цахим шуудангууд нь хавтас хэрэгт байгаа. Ч.М-, Б.Б- нарыг хэрэгт татах байр суурьтай байна. ...Тухайн үед Б.Э-, Ч.М-тэй хамт Бугатын аманд явж байна гэж хэлээд “Миний таньдаг хүн чамд газар авч өгөх боломжтой” гэж надад хэлсэн. Тэгээд надад Ч.М-ийг танилцуулсан” гэв.

Хохирогч Б.С-гийн өмгөөлөгч Л.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүүлд болсон шүүх хуралдааны товыг хохирогч болон түүний өмгөөлөгч надад мэдэгдэлгүйгээр хэргийг хэлэлцсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй. Дурдсан нотлох баримтууд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудтай нийцээгүй гэж үзэж байна. ...Яллагдагч Ч.М-, Б.Б- нар нь Б.Э-той бүлэглэн гэмт хэрэгт хамтран оролцож хохирогчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан нөхцөл байдлууд тодорхой харагддаг. Ч.М- өөрийн төрсөн ээж Алтанцоожийн дансаар дамжуулан хохирогч Б.С-оос 600.000 төгрөгийг авсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй гарсан тул Яллагдагч Б.Э-, Ч.М-, Б.Б- нарын үйлдлийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Б.Э-ын өмгөөлөгч П.Амгаланбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хувьд яллагдагч Б.Э-од залилуулсан гэж анх өргөдөл гаргасан. Б.Э- нь хохирогчид хохирол төлбөрийг төлсөн. Гэтэл хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс энэ хэрэгт өөр 2 хүн холбоотой гэж гомдол гаргасны улмаас хэрэг дахин мөрдөн байцаалтад буцсан байдаг. Шүүх хуралдааны товыг хохирогч талд мэдэгдсэн эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Шүүгчийн захирамж нь үндэслэлтэй гарсан тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Ч.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбаргүй.” гэв.

Яллагдагч Ч.М-ийн өмгөөлөгч Ю.Тогмид тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжид дурдсанаар хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн бэ гэдгийг тогтоохгүйгээр хэргийн харьяаллын асуудал яригдаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулж, хэргийн харьяаллын асуудлыг нэг мөр болгож байж шийдвэрлэх хэрэгтэй. ...” гэв.

Яллагдагч Б.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэрчилгээ эцэслэж гараагүй. ...Өөрсдөө газрын кадастр хийлгэсэн бичиг баримтыг надад авч ирсэн. ...” гэв.

Яллагдагч Б.Б-ийн өмгөөлөгч Д.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд миний үйлчлүүлэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай эсэхийг шийдвэрлэх ямар ч боломжгүй. Хохирогч удаа дараа мөнгө өгч байсан гэсэн тайлбар хэлж байна. Кадастр хийлгэж байгааг огт асуугаагүй. Мөнгө гаргаж туслах гэсэн зорилгоор хүмүүсийг гуйсан талаараа удаа дараагийн мэдүүлэгтээ хэлсэн байдаг. Мөнгө үнэхээр өөрөөсөө гаргасан юм уу, холбогдох хүмүүстэй уулзаж байсан талаар огт шалгаагүй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт тодорхой нэр бүхий хүмүүсийг гэрчээр оролцуулах хүсэлтийг гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

“Б.Э-, Ч.М-, Б.Б- нарт холбогдох хэрэгт яллагдагч Б.Э-ын хохирогч Б.С-оос залилж авсан гэх мөнгөнөөс Ч.М-, Б.Б- нь авсан гэх үйл баримт нарийвчлан шалгах, гэмт хэрэг хаана гарсныг тогтоох шаардлагатай” гэсэн үндэслэлийг зааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй болжээ.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан бөгөөд мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан зааж, тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлохгүй, шүүх хуралдааны явцад нотолж болохыг зохицуулан хуульчилсан.

Шүүх аливаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутай эсэх, буруутай бол ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийх учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, Шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Шүүгдэгч, хохирогч, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор болон бусад оролцогчийг шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор тэгш хангана.” гэж тус тус заажээ.

Шүүхээс хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Э, Ч.М, Б.Б, хохирогч Б.С нараас авсан мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоох боломжтойгоос гадна шүүгчийн захирамжид дурдсан гэмт хэрэг хаана үйлдсэн, зарим яллагдагч нарын гэм буруугийн асуудал зэрэгт анхан шатны шүүх хуралдаанд оролцвол зохих талуудыг бүрэн оролцуулж, шүүхийн хэлэлцүүлэгт тодруулан хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруутай холбоотой асуудлыг хэлэлцэхгүй гэж хуульчилсан.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн эсэх, шүүгдэгч тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэх, тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг биш, эсхүл шүүгдэгч гэм буруугүй, гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал хэрэгсэхгүй болгож цагаатгах, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх бүрэн эрх шүүхэд хуулиар олгогдсон болно.

Иймд, шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн прокурор Ч.Пүрэвсүрэнгийн эсэргүүцлийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЗ/2416 дугаартай захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Б.Э, Ч.М, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас гурваас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэхээр хуульчилсныг зөрчиж, хохирогч, түүний өмгөөлөгчид урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдэлгүйгээр оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан зөрчил гаргасан байх бөгөөд энэхүү алдааг цаашид гаргахгүй байхад анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЗ/2416 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Б.Э, Ч.М, Б.Б нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
  2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Б.Э, Ч.М, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ