| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00177/И |
| Дугаар | 156/шш2024/00211 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 156/шш2024/00211
2024 04 30 156/ШШ2024/00211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00177/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А ХХК,
Хариуцагч: Хэнтий аймгийн ******* суманд байрлах, Хэнтий аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газар,
Нэхэмжлэлийн шаардлага: Зураг төсөл гаргаж гүйцэтгэсний төлбөр 30,872,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.******* /цахимаар/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* транс ХХК нь хариуцагч Хэнтий аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан зураг төсөл гаргаж гүйцэтгэсний төлбөр 30,872,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Барилгын зураг төслийн ******* транс ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ******* сумын Засаг даргын тамгын газартай ХЭАЖХС-20/14 тоот гэрээг байгуулж тухайн зураг төслийг иж бүрэн гүйцэтгэж, барилгын хөгжлийн төвөөр магадлалд оруулж 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын ХОХБТХ-д хүлээлгэн өгсөн. Ажлын гүйцэтгэлийн төлбөрөө авахаар ******* сумын Засаг даргатай удаа дараа утсаар ярьдаг боловч одоог хүртэл төлбөрөө төлөөгүй. Мөн албан тоот явуулсан боловч хариу ирээгүй. Иймд 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Барилгын зураг төслийн ******* транс ХХК-ний Хэнтий аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газартай байгуулсан ХЭАЖХС-20/14 тоот гэрээний 4 дүгээр заалтыг зөрчиж санхүүжилтыг олгохгүй байгаа тул ажил гүйцэтгэсний төлбөр 30,872,900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч Хэнтий аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын дарга С.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд:
Тус сумын Засаг даргын тамгын газар нь ******* транс ХХК-ийн нэхэмжилсэн зураг төслийн төлбөр болох 30,872,900 төгрөгийг төлөх боломжгүй, учир нь төсөв байхгүй, төсөв хүрэлцэхгүй байгаа. Тухайн барилгын зураг төсвийн үнийг төсөвт өртөгт нь оруулж хийлгүүлсэн бөгөөд ******* сумын Засаг даргын тамгын шинэ барилгын ажил нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх үед тухайн төлбөрийг барагдуулах боломжтой. ******* транс ХХК нь уг зураг төслийг манайд хүлээлгэж өгөөгүй, хүлээлгэн өгсөн акт байгаагүй. ******* транс ХХК нь уг зураг төслийг Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын ХОХБТХ-ийн мэргэжилтэн С.Лхагвачулуун гэх хүнд хүлээлгэн өгсөн байна. Би энэ талаар тодруулж асуугаагүй, мэдэхгүй байна гэв.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд ******* транс ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 5 тал), Барилга, хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 6-7 тал), ******* транс ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 174/04/2023 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 8 тал), Нутгийн удирдлагын ордоны барилгын ажлын зураг төсөв боловсруулах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 9-10 тал), Магадлал хийгдсэн ажлын зураг төсвийг хүлээлцсэн актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 11-17 тал) зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
5. Хариуцагч талаас шүүхэд хариу тайлбар (хх-ийн 25 тал) ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:
Нэхэмжлэгч ******* транс ХХК, хариуцагч Хэнтий аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газар нь 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ХЭАЖХС-20/14 тоот Нутгийн удирдлагын ордоны барилгын ажлын зураг төсөв боловсруулах гэрээ байгуулж, гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн зураг төсвийг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээлгэж өгсөн тул гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөр 30,872,900 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлалаа.
3. Хариуцагч Хэнтий аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын дарга нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ дараах байдлаар тайлбарлалаа. Үүнд:
Тус сумын Засаг даргын тамгын газар нь ******* транс ХХК-ийн нэхэмжилсэн зураг төслийн төлбөр болох 30,872,900 төгрөгийг төлөх боломжгүй, учир нь төсөв байхгүй, тухайн барилгын зураг төсвийн үнийг төсөвт өртөгт нь оруулж хийлгүүлсэн бөгөөд ******* сумын Засаг даргын тамгын газрын шинэ барилгын ажил нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх үед тухайн төлбөрийг барагдуулах боломжтой, гэхдээ хүнээр ажил хийлгэсэн тул төлөх ёстой төлбөр гэж тайлбарласан.
4. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ******* транс ХХК-нийг төлөөлөн ******* транс ХХК-ний инженер Э.Болортуяа, Хэнтий аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрыг төлөөлөн Хэнтий аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын дарга Л.******* нар Нутгийн удирдлагын ордоны барилгын ажлын зураг төсөв боловсруулах ХЭАЖХС-20/14 тоот гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Нутгийн удирдлагын ордоны барилгын ажлын зураг төсөв боловсруулах ХЭАЖХС-20/14 тоот гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 9-10/ болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нотлогдож байна.
Талуудын хооронд үүссэн дээрх харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулж байна.
5. Талууд гэрээ байгуулагдсан эсэх, ажлын хөлсийн үнийн дүн дээр маргаагүй болно.
6. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
7. Хариуцагч нь ...ажлын үр дүнг манай байгууллагад хүлээлгэн өгөөгүй гэх боловч нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ...тухайн үед Хөрөнгө оруулалтын газар нэгдсэн журмаар улсын төсөвт суутгана эх зургийг авна гэсэн, тэгээд бүх зургаа хүлээлгэж өгч байсан. Сумын удирдлагууд хүртэл аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтэст хүлээлгэн өгөө гэсэн шийдвэртэй байсан гэх тайлбарыг үгүйсгээгүй болно.
8. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-д зааснаар ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэгч ******* транс ХХК нь Хэнтий аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газартай байгуулсан 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ХЭАЖХС-20/14 тоот Нутгийн удирдлагын ордоны барилгын ажлын зураг төсөв боловсруулах гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан Магадлал хийгдсэн ажлын зураг төсвийг хүлээлцсэн акт-ын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 11-17/-аар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ******* транс ХХК, Хэнтий аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын хооронд байгуулсан гэрээнд ажлын үр дүнг хэрхэн хүлээлгэн өгөх талаар тусгайлан зохицуулаагүй байх тул ажлын гүйцэтгэлийг захиалагч байгууллагын дээд шатны байгууллага болох Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгсөн нь хууль зөрчөөгүй байна.
9. Иймд хариуцагч Хэнтий аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын төсөв хүрэлцэхгүй байгаа гэх тайлбар нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар Хэнтий аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас зураг төсөл гаргаж гүйцэтгэсний төлбөр 30,872,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* транс ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* транс ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,314 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 312,314 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* транс ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан Хэнтий аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас зураг төсөл гаргаж гүйцэтгэсний төлбөр 30,872,900 /гучин сая найман зуун далан хоёр мянга есөн зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* транс ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,314 /гурван зуун арван хоёр мянга гурван зуун арван дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас 312,314 /гурван зуун арван хоёр мянга гурван зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* транс ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА