| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00156/И |
| Дугаар | 156/шш2024/00170 |
| Огноо | 2024-04-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 156/шш2024/00170
2024 04 02 156/ШШ2024/00170
Хариуцагч нэхэмжлэлийн
шаардлагыг биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00156/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: *******,
Нэхэмжлэлийн шаардлага: 450,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Т.*******д холбогдуулан 450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч П.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.******* нь 2023 оны 3 дугаар сард хавар намрын гутал 450,000 төгрөгөөр зээлээр авсан. Одоо болтол мөнгөө өгөхгүй байгаа тул хариуцагчаас 450,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч П.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: П.******* миний бие Т.*******д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Т.******* нь төлбөр 450,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч П.*******ийн нэхэмжилсэн 450,000 төгрөгийг хариуцагч Т.******* нь төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
3. Хариуцагч Т.******* нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлнө. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 7,075 төгрөгийг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 7,075 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч П.*******т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч П.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.*******д холбогдох 450,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 7,075 төгрөгийг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 7,075 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч П.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА