Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 182/ШШ2024/01219

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 182/ШШ2024/01219

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  оршин байрлах, МХС ХХК /РД:000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, мхс ХХК-ийн байранд оршин байрлах, МЦХ ХК /РД:000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Байр талбайн түрээсийн үлдэгдэл төлбөрт 307,085,946.78 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, Т.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, Г.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа.

/Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Яын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч МХС ХХК-ийн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани өөрийн эзэмшлийн байр, талбайг техникийн тоног төхөөрөмж болон албан тасалгааны зориулалтайгаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тогтоосон түрээсийн тарифын дагуу иргэн, хуулийн этгээдэд түрээсийн гэрээгээр түрээслүүлдэг.

МЦХ ХК нь 2007 оноос хойш 21 аймаг, сумуудад манай компаниас албан тасалгааны зориулалттай байр талбай түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байна. 2007 оноос хойш МЦХ ХК-д аймгийн төвд 1 м.кв талбайг 3000 төгрөгөөр, сумдад 1 м.кв талбайг 1000 төгрөгөөр, 2012 оноос сумдад 1 м.кв талбайг 1500 төгрөгөөр түрээсэлж ирсэн.

ТӨМБЗ 2016 болон 2018 онд төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн жишиг үнийг шинэчлэн баталж, мөрдүүлсэн бөгөөд манай компани МЦХ ХК-тай 2007 онд анх байгуулсан гэрээний үнийн дүнгээр түрээсийн гэрээг үргэлжлүүлж байна. МЦХ ХК нь 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл манай компанийн эзэмшлийн байр, талбайг түрээсийн гэрээний дагуу ашиглаж төлбөрийг цаг хугацаандаа төлж ирсэн боловч 2018 оны 07 дугаар сараас эхлэн төлбөрийг хугацаа хоцроох, төлбөрийг бүрэн бус, дутуу төлж төлбөрийн үлдэгдэл үүсгэж эхэлсэн.

МХС ХХК болон МЦХ ХК нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ...., .. тоот Багц үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Дээрх төлбөр нь уг багцын гэрээг байгуулагдах хүртэлх байр талбайн түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр болно.

Иймд МЦХ ХК-иас байр талбайн түрээсийн төлбөрт 307,085,946.78 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч МЦХ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: МЦХ ХК-ийн нийт хувьцааны 94,7 хувь буюу 24,494,962 ширхэг хувьцааг эзэмшиж байна.

Засгийн газрын 2017 оны 300 дугаар тогтоолоор МЦХ ХК-ийн менежментийг сайжруулан үйл ажиллагааг нь дэмжиж, үр ашигтай ажиллуулах талаар холбогдох арга хэмжээ авч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт даалгасантай холбогдуулан тус газрын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А-1/2402 тоот Чиглэл өгөх тухай албан бичигт МЦХ ХК-ийн МХС ТӨХХК-иас түрээсэлж буй байр талбайн ашиглалтын зардлыг МЦХ ХК нь төлж, түрээсийн төлбөрийг байр талбайн элэгдэл хорогдлын зардлыг нөхөх байдлаар хамтран ажиллах тухай чиглэлийг МЦХ ХК болон МХС ХХК-д тус тус ирүүлсэн байдаг.

Ийнхүү чиглэл ирүүлснээс хойш талуудын хооронд байр, талбайн түрээсийн өр төлбөртэй аливаа маргаан гараагүй бөгөөд хариуцагч МЦХ ХК-ийн 2018-2022 оны санхүүгийн тайланд нэхэмжилж буй түрээсийн төлбөр болох 307,085,946.78 төгрөгийн өглөг, авлага байхгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.1.Хариуцагч МЦХ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: ТӨМБЗ зохигчдод ирүүлсэн чиглэлийн дагуу хариуцагч МЦХ ХК нь 2018 оны 7 дугаар сараас хариуцагч компанийн гүйцэтгэх удирдлагуудтай удаа дараа уулзаж гэрээг шинэчлэн байгуулах саналаа илэрхийлж байсан.

Нэхэмжлэгч эрх бүхий төрийн байгууллагын чиглэлийг биелүүлээгүй тул МЦХ ХК нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ЗА/586 тоот албан бичгээр гэрээний тодорхой саналыг хүргүүлсэн боловч саналыг хариуг нэхэмжлэгч МХС ХХК ирүүлээгүй.

Энэхүү эс үйлдлээр Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.9, 43 дугаар зүйлийн 43.1.3-т тус тус заасны дагуу хэлцэл хийх тухай саналд хариу өгөөгүй бөгөөд ийнхүү хариу өгөх тогтоосон хугацаа, эсхүл ердийн боломжит хугацаа өнгөрсөн тул хэлцэл хийгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Дээр дурдсанчлан нэхэмжлэгч нь гэрээний саналд хариу өгөхгүй байсан тул хариуцагч нь ТӨМБЗ 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А-1/2402 тоот Түрээсийн асуудлаар чиглэл өгөх тухай чиглэлийг баримтлан нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд хохирол учруулахгүйгээр түрээсийн төлбөрийг 50 хувиар тооцон тухай бүр төлж эхэлсэн бөгөөд түрээсээр эзэмшиж буй байр талбайг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах тухай саналаа 2018.10.01-ний өдрийн 1А/589 тоот албан бичгээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлсэн.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь нэхэмжлэгч МЦХ ХК-ийн санал, Засгийн газрын 2017 оны 300 дугаар тогтоолын 3 дахь заалтыг тус тус үндэслэн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/02 дугаар тушаалаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, МЦХ ХК, МХС ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулсан.

Энэхүү ажлын хэсгийн 2019.01.29-ний өдрийн хуралдаанд МХС ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Золбаяр нь 2019 онд МЦХ ХК-ийн төлөх ёстой орлогоос 1 тэрбум төгрөг бууруулах бөгөөд байр, талбайг МЦХ ХК-ийн өмчлөлд шилжүүлэхгүй, төлбөрийг бууруулах хатуу байр суурьтай байгаагаа мэдэгдсэн байгаа нь тус ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна.

Түүнчлэн, МХС ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаар байр талбайн зарим хэсгийг МЦХ ХК-д шилжүүлэн өгөх асуудлыг хэлэлцсэн бөгөөд тухайн хуралдаанд Гүйцэтгэх захирал Ч.Золбаяр нь 2018.12.31-ний өдрийн байдлаар 113,9 төгрөгийг, 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар 174,2 сая төгрөгийн түрээсийн төлбөрийг МЦХ ХК нь төлөөгүй байгаа талаар тайлбар өгч байсныг энд дурдах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, ТӨМБЗ 2018 оны А-1/2402 тоот Түрээсийн асуудлаар чиглэл өгөх тухай чиглэл, гэрээг шинэчлэн байгуулах санал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/02 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс гарах санал, дүгнэлттэй холбогдуулан МЦХ ХК нь түрээсийн төлбөрийн 50 хувийг төлөхгүй байгааг нэхэмжлэгчийн ТУЗ, Гүйцэтгэх удирдлага зэрэг компанийн захиргааны бүхий л түвшинд бүрэн мэдэж байсныг нотолж байна.

Талууд дээр дурдсанчлан түрээсийн төлбөрийг бууруулах асуудлаар 2019 оноос эхлэн хамтран ажиллаж 15, 16-н төрлийн гэрээг нэгтгэн, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 20/248 тоот Багц үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж, гэрээний хүчинтэй хугацааг 2020.01.01-ний өдрөөс 2021.01.01-ний өдөр байхаар харилцан тохиролцож, мөн гэрээний 11 дүгээр хавсралтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгоод буй байр талбайн түрээсийн 16 гэрээг цуцалсан.

Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2018.07-2020.10 сарыг дуустал тодорхойлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангахгүй, хэрхэн тооцсон нь тодорхойгүй. нягтлан бодогчийн гарын үсэг, тэмдэг бүхий баримтыг шүүхэд гаргасан нь хууль зүйн болон санхүүгийн тооцооллын үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч 2018.09-2020.10 сарын дуустал хугацааны төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй учир нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 20/248 тоот Багц үйлчилгээ үзүүлэх гэрээний хугацааг 2020.01.01-ний өдрөөс 2021.01.01-ний өдөр байхаар харилцан тохиролцсон бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших түрээсийн бүхий л төлбөр тухайн гэрээнд орж төлөгдсөн байхад нэхэмжилж байгааг шүүх нь анхаарч үзэхийг хүсэж байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2018 оны 7 дугаар сарын төлбөр, 8 дугаар сарын төлбөр, 9 дүгээр сарын төлбөр, 2020 оны 1 дүгээр сарын төлбөр гэсэн тоо баримт байхгүй, үнэлэх боломжгүй, ойлгомжгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж заажээ.

Тухайлбал, нэхэмжлэгч МХС ХХК-иас зөрчигдсөн эрхээ хамгаалуулахын тулд шүүх, арбитрт нэхэмжлэл гаргах эрх олгосон, хуулиар тогтоосон хугацааг хөөн хэлэлцэх хугацаа гэж ойлгож байгаа бөгөөд зөрчигдсөн эрхээ хамгаалах арга хэмжээг цаг тухайд нь авч байх асуудал нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал юм.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.3-т тус тус заасанчлан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил, тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жил байхаар тус тус заажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанчлан МЦХ ХК нь 2018 оны 7 дугаар сараас эхлэн түрээсийн төлбөрийг бүрэн бус дутуу төлж эхэлснээр нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол зөрчигдөж, шаардах эрх нь үүссэн гэж үзэх бөгөөд энэ үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тоологдох бөгөөд дээр дурдсанчлан 3 жилийг тоолбол 2021 оны 8 дугаар сард хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон буюу хариуцагч МЦХ ХК нь түрээсийн төлбөрийг төлөх үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийг бууруулах эрх бүхий байгууллагын чиглэлийг баримталж, гэрээ шинэчлэн байгуулах саналыг эс үйлдлээрээ хүлээн зөвшөөрсөн боловч хэлбэрийн хувьд шинэчлэн байгуулаагүйтэй холбогдуулан хариуцагч нь эрх бүхий байгууллагад түрээсээр эзэмшиж буй байр талбайг шилжүүлэн авах хүсэлт гаргасан, энэхүү хүсэлтийг эрх бүхий байгууллага дэмжсэнтэй холбогдуулан байр талбайн өмчлөлөө шилжүүлэхгүй байх үүднээс түрээсийн төлбөрийг бууруулсан багц үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж, бусад байр талбайн түрээсийн гэрээг цуцалсан зэрэг идэвхтэй үйлдэл үзүүлж, түрээсийн төлбөрийн үлдэгдлийг хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй юм.

Өөрөөр хэлбэл, 2018-2021 онуудад ажиллаж байсан Гүйцэтгэх удирдлага нь түрээсийн гэрээг бууруулах асуудлыг хүлээн зөвшөөрч байсан тул одоогийн нэхэмжилж буй төлбөрийг гаргуулах хүсэл зориггүй байсан нь дээр дурдсан тэмдэглэл, шаардах эрхээ хэрэгжүүлээгүй эс үйлдэл, багц үйлчилгээний гэрээ зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн, хэргийн материалд нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлж байсныг нотлох 1 ширхэг баримт байхгүй бөгөөд 2020.01.01 -ний өдрөөс цуцлагдсан гэрээнүүд болон нягтлан бодогчийн тэмдэг бүхий хууль зүйн болон санхүүгийн тооцооллын үндэслэлгүй баримтаас өөр баримтгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлж чадаагүй болохыг шүүх анхаарч үзээсэй хэмээн хүснэ.

МЦХ ХК-ийн 2018-2022 оны санхүүгийн аудитлагдсан тайланд нэхэмжилж буй түрээсийн төлбөр болох 307,085,946.78 төгрөгийн өглөг, авлага байхгүй бөгөөд нэхэмжлэгчийн хувьд санхүүгийн аудитлагдсан тайлангаа шүүхэд ирүүлээгүй байгаа нь мөн л авлагаар албан ёсоор бүртгээгүй болохыг нотолж байна гэж үзэж байна.

Учир нь МЦХ ХК болон МХС ХХК нь Төрийн аудитын тухай хуулийн дүгээр зүйлийн 4.1,4. шалгагдагч этгээд гэж төсвийн байгууллага, тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн чиг үүргийг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд болон хуульд заасны дагуу төрийн аудит хийгдэх аливаа этгээдийг хамаардаг бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т /Төрийн аудитын байгууллага Төсвийн тухай хуульд заасны дагуу улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан. төсвийн байгууллага, төсөв захирагчийн жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан, санхүүгийн нэгтгэсэн тайлан, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээдийн жилийн санхүүгийн тайланд аудит хийнэ./ гэж заасны дагуу жил бүрийн санхүүгийн тайландаа аудит хийлгэдэг болно.

Иймд дээрх хууль зүйн болон бусад үндэслэл шаардлагыг харгалзан үзэж МХС ХХК-ийн тус шүүхэд гаргасан түрээсийн төлбөрт 307,085,946.78 төгрөгийг МЦХ ХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

2.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх 3 үндэслэлээр маргаж байгаа.

Нэгдүгээрт, түрээсийн үлдэгдэл төлбөр гэж байгаа. Энэ 307,000,000 төгрөгийг гэрээний үүргээ нэг өглөө гэнэт биелүүлэхээ больсон процесс бол биш.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудлыг хэрэгжүүлдэг төрийн захиргааны байгууллага буюу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт МЦХ хувьцаат компанийн үйл ажиллагааны доголдолтой холбоотой асуудлыг удаа дараа тавьсан. Энэ хүрээнд нь МЦХ хувьцаат компанийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын 300 дугаар тогтоол 2018 онд гарсан байдаг.

Энэ тогтоолтой холбогдуулаад Харилцаа холбооны зохицуулах хороо, тухайн үеийн Харилцаа холбооны мэдээллийн технологийн газар, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэхэд эдгээр агентлагуудын дарга нарын ажлын хэсэг байгуулагдсан байсан. Энэ хүрээнд хотын цахилгаан холбоо хувьцаат компанийн түрээсээр эзэмшиж байгаа. Одоо байр талбайн түрээсийн төлбөрийг бууруулах зөвхөн ашиглалтын төлбөрийг төлөх байдлаар удаа дараа хүсэлт гаргаад ТӨМБЗ 2018 оны 6 сарын 26-ны өдрийн түрээсийн асуудлаар чиглэл өгөх тухай албан бичиг ирүүлсэн. Энэ албан бичигт түрээсийн төлбөрийг ашиглалтын зардлаа төлөх байдлаар зохицуулаад гэрээ байгуул гэдэг чиглэлийг 2 компанид ирүүлсэн. Энэ хүрээнд бид гэрээгээ байгуулах саналаа одоо нэхэмжлэгч МХС компанид ирүүлсэн боловч бид нарт ямар нэг байдлаар хариу ирүүлээгүй. Үүнийг бид нар хүлээн зөвшөөрлөө гэж хуулийн ерөнхий зарчимд нийцүүлж ойлгосон байсан.

МХС компани 2018 оны 7 сараас эхлээд МЦХ хувьцаат компани түрээсийн гэрээнийхээ 50%-ийг нь төлөхгүй байгаа асуудлыг маш сайн мэдсэн. Өөрөөр хэлбэл, энэ 2 хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлөөр МЦХ хувьцаат компанийн түрээсийн гэрээний дагуу эзэмшиж байгаа байр талбайг балансаас баланст шилжүүлэх асуудлыг ТӨМБЗ даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаад 2 ТУЗ нь хэлэлцээд МЦХ хувьцаат компанийн ТУЗ шилжүүлж болох нь зүйтэй гэдэг шийдвэр гаргаад ажлын хэсэг энэ байр талбайг нь МЦХ хувьцаат компанид шилжүүлэх нь зүйтэй гэдэг ийм шийдвэрүүдийг гаргасан. Энэ шийдвэрүүдтэй холбогдуулж нэхэмжлэгч шаардах эрхээ өөрсдөө хэрэгжүүлээгүй. Үүнийг мэдсээр ирсэн ТУЗ-ийн хурлуудын яригдаж байсан маргаан нь холбогдох ТУЗ-ийн хурлын болон бусад ажлын хэсгийн хурлын тэмдэглэлээр нотлогддог гэж үзэж байгаа.

Тэгэхлээр бидний зүгээс хариуцагч хөөн хэлэлцэх хугацаа 2 хугацаа орж байгаа 1 дүгээрт 2018 оны 7 сараас эхлээд бид ТӨМБЗ өгсөн чиглэлийн дагуу түрээсийн төлбөрөө үндэслэлтэйгээр буюу ашиглалтын зардлыг нөхөх байдлаар хэмжээнд нь авчраад түрээсийн төлбөрөө төлөхөө больсон. Үүнийг МХС компанийн 2019 оны нэг сард болсон тооцоо худалдааг ярьсан үүнийг мэдэж байгаа. Гэхдээ огт нэхэмжлээгүй. Энэ талаар ямар нэгэн маргаан үүсгэдэггүй.

Хоёрдугаарт, МЦХ хувьцаат компанийн тавиад байсан гол хүсэлт өөрөө МХС компаниас авч байгаа нийт үйлчилгээний үнэ тарифыг бууруулж МЦХ хувьцаат компанид ирж байгаа зардлын хэт ачаалал юмнуудыг бууруулж үйл ажиллагааг нь дэмжье гэдэг энэ агуулгын хүрээнд талууд үйлчилгээ тус бүрийнхээ гэрээнүүдийг нэгтгээд багц үйлчилгээний гэрээ байгуулсан 2020 оны 10 сард. Гэхдээ гэрээний үйлчлэх хугацааг талууд харилцан тохиролцоод 2020 оны 1 сарын 1-ний өдрөөс эхэлж мөрдье гээд 2020 ондоо 2,750,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий багц гэрээг байгуулсан. Гэрээний хавсралтаар өнөөдөр нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийнхээ үндэслэл болоод байгаа хуулийн этгээдийн эрхгүй салбар төлөөлөгчийн газруудын хооронд байгуулсан түрээсийн гэрээнүүдийг бүгдийг хүчингүй болгосон. Тэгэхлээр 2018 оны 7 сараас 2020 оны 1 сарын 1-ээс 2 хугацааг тоолох юм бол Иргэний хуулийн одоо 74 дүгээр зүйлд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаа өөрөө эрх нь зөрчигдсөн буюу нэхэмжлэгчийн хариуцлагатай илүү холбоотой ийм зохицуулалт, тэгэхлээр өөрсдөө зөрчигдсөн эрх ашиг сонирхлоор хамгаалуулах, шаардах эрхийг хэрэгжүүлэх юмнуудыг болбол санаатайгаар мэдсээр байж эс үйлдэхүйгээрээ нэхээгүй гэж харж байгаа юм. Тийм учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас бид нар аливаа гэрээний үүрэг хүлээхгүй тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

Гуравдугаарт, өнөөдөр нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгч байгаа баримтууд зөвхөн нэхэмжлэгч талын өөрсдийнх нь программаас санхүүгийн программаасаа хэвлэх боломжтой. Нэхэмжлэгч талын нягтлангийн тэмдэгтэй гарын үсэгтэй ийм баримтуудыг 10-аар өгсөн. Гэтэл Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2023 оны 14380 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 2-т талууд багц гэрээ, багц үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу тооцоо нийлсэн талаарх баримтыг нэхэмжлэгчээс гаргуулахаар заасан.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч шүүх хурлын үеэр багц гэрээ байгуулсантай холбоотой бүх тооцоогоо нийлчихсэн баримтууд нь байгаа гэдэг. Энэ мэдүүлгийг шүүхэд гаргасан. Шүүх энэ гэрээ хэрэгт нотлох ач холбогдолтой учраас гэдэг агуулгаар шүүх хуралдааныг хойшлуулсан боловч яг энэ багц гэрээг байгуулсантай холбоотой тооцоо нийлсэн баримт огт өгсөнгүй. Арваад хавтаст хэрэг нотлох баримтыг харах юм бол дандаа явуулсан нэхэмжлэлүүдийг нэг дор хэвлэсэн, дансны хуулгануудаа хэвлэсэн, тооцооны дэлгэрэнгүй гэсэн ийм программаас хэвлэсэн баримт. Өөрөөр хэлбэл яг энэ тооцоо нийлсэн талаарх баримт одоо хүртэл байхгүй буюу шүүхэд гаргаж өгөөгүй. 307,0000,000 төгрөгтэй холбоотой нэг ч тооцоо нийлээгүй гэдгийг бид нар өнгөрсөн хугацаанд нотлох баримтууд болон өөрсдийнхөө санхүүг хараад тулгаад харчихсан байгаа. Нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл аудитаар баталгаажсан санхүүгийн тайлангаа өгөөгүй. Тэгэхээр 307,000,000 төгрөг өнөөдөр нэхэмжлэгч компанийн үнэхээр авлага юмнууд бүртгэгдсэн байна уу гэвэл энийг нотлох боломжгүй. Өөрөөр хэлбэл, 2018 он 2019 он, 2020 онд Үндэсний аудитын газар баталгаажсан санхүүгийн тайлангаа өгсөн. Энэ тайлангийн задаргаа буюу сүлжээ компанид байгаа өглөг нь ямар байдлаар суларч байгаа юм гэдэг энэ задаргааг шүүхэд гаргаад өгсөн. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ТӨМБЗ итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я шүүхэд гаргасан хариу тайлбартаа: МЦХ хувьцаат компанид холбогдуулж гаргасан МХС ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжлэлд байр талбайн түрээсийн төлбөрт 307,085,946.78 төгрөгийг аргуулах тухай дурдсан байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Түрээсийн асуудлаар чиглэл өгөх тухай 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А-1/2402 дугаар албан бичгийг МЦХ хувьцаат компанид хүргүүлсэн. Мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/02 дугаар тушаалаар МХС төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, МЦХ хувьцаат компанийн түрээсээр эзэмшиж буй барилга, байгууламжийн эзэмшилт, ашиглалтын байдлыг судалж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан байдаг. Тус ажлын хэсгийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дүгнэлт, зөвлөмжтэй холбогдуулан Удирдамж өгөх тухай 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А-1/707 дугаар албан бичгээр МХС ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд, мөн өдрийн А-1/708 дугаар албан бичгээр МЦХ хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд тус тус удирдамж хүргүүлсэн байна. 

Иймд МЦХ ХК-д холбогдуулж МХС ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцахад түрээслүүлэгч, түрээслэгч талын түрээсийн гэрээтэй холбоотой маргаан байх тул хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.03.27-ны өдрийн итгэмжлэл, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, МХС ХХК-ийн захирлын 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 59 дугаартай тушаал, МХС ХХК-ийн захирлын 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 59 дугаартай тушаалын хавсралт, МХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 30 дугаартай тушаал, МХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 30 дугаартай тушаалын хавсралт,

МЦХ ХК-ийн байр талбайн түрээсийн авлагын үлдэгдэл, Архангай аймгийн байр талбайн түрээсийн авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, Баян-Өлгий аймгийн байр талбайн түрээсийн авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, Баянхонгор аймгийн байр талбайн түрээсийн авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, Булган аймгийн байр талбайн түрээсийн авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, Говь-Алтай аймгийн байр талбайн түрээсийн авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, Дорноговь аймгийн байр талбайн түрээсийн авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан,, Дорнод аймгийн байр талбайн түрээсийн авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, Дундговь аймгийн байр талбайн түрээсийн авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, Завхан аймгийн байр талбайн түрээсийн авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, Өвөрхангай аймгийн байр талбайн түрээсийн авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, Өмнөговь аймгийн байр талбайн түрээсийн авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, Сэлэнгэ аймгийн байр талбайн түрээсийн авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, Төв аймгийн байр талбайн түрээсийн авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, Сүхбаатар аймгийн байр талбайн түрээсийн авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, Увс аймгийн байр талбайн түрээсийн авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, Ховд аймгийн байр талбайн түрээсийн авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, Хөвсгөл аймгийн байр талбайн түрээсийн авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, Хэнтий аймгийн байр талбайн түрээсийн авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, Дархан аймгийн байр талбайн түрээсийн авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, Орхон аймгийн байр талбайн түрээсийн авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, Багануур дүүргийн аймгийн байр талбайн түрээсийн авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, Үндсэн сүлжээний газрын байр талбайн түрээсийн авлага, өглөгийн тайлан, 2008.04.01-ний өдрийн Байр талбайн түрээслэх гэрээ, 2016.01.04-ний өдрийн Байр түрээсийн гэрээ, Аймгийн төвийн өрөөнүүдийн түрээсийн төлбөрийн тооцоо, Тооцооны үлдэгдлийн баталгаа, Булган аймгийн байр талбай түрээслэх гэрээ, гэрээний хавсралт, 2017.03.01-ний өдрийн Ашиглалтын гэрээ, Дорноговь аймгийн Авлага, өглөгийн тайлан, Дорнод аймгийн байр талбайн түрээсийн гэрээ, гэрээний хавсралт, Дундговь аймгийн байр талбайн түрээсийн гэрээ, гэрээний хавсралт, МЦХ-ийн түрээсийн талбай, халаалт, ус, цахилгааны зардлын тооцоо, Завхан аймгийн түрээсийн гэрээ, гэрээний хавсралт, 2013.10.29-ний өдрийн Сүлжээний өргөтгөл, техникийн ашиглалт, хамтын ажиллагааны гэрээ, гэрээний хавсралт, Өмнөговь аймгийн байр талбай түрээслүүлэх гэрээ, гэрээний хавсралт, Сэлэнгэ аймгийн барилга, байр талбай түрээслэх гэрээ, гэрээний хавсралт, Төв аймгийн Байр талбай түрээслүүлэх гэрээ, Сүхбаатар аймгийн Байр талбай түрээслүүлэх гэрээ, Увс аймгийн Байр талбай,цамхаг, зай тэжээл түрээслэх гэрээ, Ховд аймгийн Байр талбайн түрээсийн гэрээ, Хөвсгөл аймгийн Байр талбай түрээсээр ашиглах гэрээ, гэрээний хавсралт, 2017.05.10-ны өдрийн Хэнтий аймгийн Байр талбайн түрээсийн гэрээ, гэрээний хавсралт, 2010.12.01-ний өдрийн Дархан-Уул аймгийн Байр талбайн түрээсийн гэрээ, гэрээний хавсралт, 2016.05.01-ний өдрийн Орхон аймгийн Байр талбай түрээслэх гэрээ, гэрээний хавсралт, 2013.11.13-ны өдрийн Байр, цамхгийн түрээсийн гэрээ, 2020.10.29-ний өдрийн Багц үйлчилгээ үзүүлэх гэрээ, гэрээний хавсралт, 2016.04.05-ны өдрийн Түрээсийн гэрээ, Байрны түрээс төлбөр төлөх тооцоо, Тооцооны үлдэгдлийн баталгаа, Орон нутагт хамтран ажиллах санамж бичиг, 2022.12.15-ны өдрийн 01 дугаартай Хурлын тэмдэглэл, МХС ХХК, МЦХ ХК-ийн Улаанбаатар төвийн авлаг, өглөгийн тооцооны үлдэгдлийн баталгаа, МЦХ ХК-ийн 2020.01.01-2021.12.31-ний өдрийн Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, Архангай аймаг дахь салбарын тооцооны үлдэгдлийн баталгаа, Байр талбайн түрээсийн төлбөрийн нэгтгэл, Өмнөговь аймаг дахь салбарын Тооцооны үлдэгдлийн баталгаа, Байр талбайн түрээсийн нэмэлт мэдээлэл зэрэг баримтыг гаргаж өгсөн,

 

5. Хариуцагчаас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023.05.09-ний өдрийн итгэмжлэл, 2023.05.24-ний өдрийн хариу тайлбар, 2023.06.201-ний өдрийн итгэмжлэл, МЦХ ХК-ийн дүрэм, МЦХ ХК-ийн ТУЗ-ийн 153 дугаар хурлын 3 дугаартай Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэн авах тухай тогтоол,Тооцооны үлдэгдлийн баталгаа, МЦХ ХК-ийн 2018.09.28-ны өдрийн 3а/586 тоот албан бичиг, МЦХ ХК-ийн 2018.10.01-ний өдрийн 1а/589 тоот албан бичиг, МЦХ ХК-ийн 2019 оны Санхүүгийн Аудитын тайлан, МЦХ ХК-ийн 2020 оны Санхүүгийн Аудитын тайлан, МЦХ ХК-ийн 2021 оны Санхүүгийн Аудитын тайлан, МЦХ ХК-ийн тайлант үеийн тооцооны хураангуй, Санхүүгийн Аудитын тайлан, ТӨМБЗ 2019.03.14-ний өдрийн А-1/708 тоот албан бичиг, МЦХ ХК-ийн 2023.06.26-ны өдрийн 1а/347 тоот албан бичиг, 2024.02.14-ний өдрийн 1/68 дугаартай итгэмжлэл зэрэг баримтыг гаргаж өгсөн,

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс 2023.07.25-ны өдрийн А-1/1393 дугаартай итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023.08.17-ны өдрийн хариу тайлбар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018.06.26-ны өдрийн А-1/2402 дугаар албан бичиг зэрэг баримтыг гаргаж өгсөн,

 

7.Зохигчдын хүсэлтээр ТӨМБЗ даргын 2019.01.04-ний өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай А/02 дугаар тушаал, 2019.01.29-ний өдрийн Ажлын хэсгийн дүгнэлт, ТӨМБЗ 2019.03.14-ний өдрийн Удирдамж өгөх тухай А-1/686 дугаар албан бичиг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019.03.14-ний өдрийн Удирдамж өгөх тухай А-1/707 дугаар албан бичиг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019.03.14-ний өдрийн Удирдамж өгөх тухай А-1/708 дугаар албан бичиг, МЦХ ХК-ийн ТУЗ-ийн 2019.03.15-ны өдрийн Түрээсийн гэрээ байгуулах тухай 4-р тогтоол, МЦХ ХК-ийн ТУЗ-ийн 2019.03.15-ны өдрийн 153 дугаар хурлын тэмдэглэл, МЦХ ХК-ийн ТУЗ-ийн 2019.03.15-ны өдрийн 153 дугаар хурлын 3 дугаар тогтоол, Хэлэлцэх асуудал, ТӨМБЗ 2019.03.14-ний өдрийн А-1/707 дугаар албан бичиг, МХС ТӨХК-ийн ТУЗ-ийн 2019.04.04-ний өдрийн 72/02 дугаар тогтоол, МХС ТӨХК-ийн ТУЗ-ийн 20180.4.04-ний өдрийн хурлын тэмдэглэл, МЦХ ХК-ийн ТУЗ-ийн 153 дугаар хурлын мэдэгдэл, МЦХ ХК-ийн ТУЗ-ийн 153 дугаар хурлын дэлгэрэнгүй тэмдэглэл, ТӨМБЗ 2019.03.14-ний өдрийн А-1/708 дугаар албан бичиг тухай баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

8. Шүүхийн санаачилгаар МХС ХХК-ийн Архангай аймаг дахь салбарын Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, нэхэмжлэх, Байр талбайн хэмжээ өөрчлөгдсөн тухай албан бичиг, Дансны хуулга, 2019.03.25-ны өдрийн 83/07 дугаар албан бичиг, МХС ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, нэхэмжлэх, Дансны хуулганууд, МХС ХХК-ийн Баян-Хонгор аймаг дахь салбарын 2020.01.01-2020.12.31-ний өдрийн Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, нэхэмжлэх, Дансны хуулганууд, МХС ХХК-ийн Баян-Хонгор аймаг дахь салбарын 2019.01.01-2019.12.31-ний өдрийн Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, нэхэмжлэхүүд, төлбөрийн баримт, дансны дэлгэрэнгүй хуулганууд, МХС ХХК-ийн Баян-Хонгор аймаг дахь салбарын 2018.01.01-ний өдрөөс 2018.12.31-ний өдрийн Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, МХС ХХК-ийн Булган аймаг дахь салбарын 2020.01.01-2020.12.31-ний өдрийн Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, Тооцооны үлдэгдлийн баталгаа, 2019.01.22-ны өдрийн 04 тоот албан бичиг, 2020.01.16-ны өдрийн 07 дугаартай албан бичиг, 2018.01.30-ны өдрийн 10 дугаартай албан бичиг, 2018.04.05-ны өдрийн 38 дугаартай албан бичиг, Төлбөрийн баримт, нэхэмжлэх, дансны хуулга, МХС ХХК-ийн Булган аймаг дахь салбарын 2019.01.01-2019.12.31-ний өдрийн Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, нэхэмжлэх, дансны хуулга, МХС ХХК-ийн Дорноговь аймаг дахь салбарын 2018.01.01-2018.12.31-ний өдрийн Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, Дорнод аймаг дахь салбарын Тооцооны үлдэгдлийн баталгаа, Дорнод аймаг дахь салбарын 2020.01.01-2020.12.31-ний өдрийн Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, нэхэмжлэх, дансны хуулга, 2015.01.01-ний өдрийн Байр талбайн түрээсийн гэрээ, гэрээний хавсралт, Говь-Алтай аймаг дахь салбарын Тооцооны үлдэгдлийн баталгаа, Говь-Алтай аймаг дахь салбарын 2020.01.01-2020.12.31-ний өдрийн Авлага, өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл, нэхэмжлэх, дансны хуулга, Говь-Алтай аймаг дахь салбарын 2019.01.01-2019.12.31-ний өдрийн Авлага, өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл, Говь-Алтай аймаг дахь салбарын 2018.01.01-2018.12.31-ний өдрийн Авлага, өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл, нэхэмжлэх, дансны хуулга, Дорнод аймаг дахь салбарын тооцооны үлдэгдлийн баталгаа, Дорнод аймаг дахь салбарын 2020.01.01-2020.12.31-ний өдрийн Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, нэхэмжлэх, дансны хуулга, Дорнод аймаг дахь салбарын 2019.01.01-2019.12.31-ний өдрийн Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, нэхэмжлэх, дансны хуулга, Дорнод аймаг дахь салбарын 2018.01.01-2018.12.31-ний өдрийн Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, нэхэмжлэх, дансны хуулга, Ховд аймаг дахь салбарын Тооцооны үлдэгдлийн баталгааны хавсралт, Ховд аймаг дахь салбарын 2020.01.01-2020.12.31-ний өдрийн Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, Ховд аймаг дахь салбарын 2019.01.01-2019.12.31-ний өдрийн Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, Ховд аймаг дахь салбарын 2018.01.01-2018.12.31-ний өдрийн Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, Төлбөрийн баримт, МЦХ ХК-ийн 2021.01.01-2021.12.31-ний өдрийн Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, МЦХ ХК-ийн 2020.01.01-2020.12.31-ний өдрийн Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, МЦХ ХК-ийн 2019.01.01-2019.12.31-ний өдрийн Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, Тооцооны үлдэгдлийн баталгаа, Налайх салбарын тооцооны үлдэгдлийн баталгаа, Дамжуулах сүлжээний ашиглалтын газрын 2020.01.01-2020.12.31-ний өдрийн Авлага, өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл, Дамжуулах сүлжээний ашиглалтын газрын 2020.01.01-2020.12.31-ний өдрийн Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, нэхэмжлэх, Дамжуулах сүлжээний ашиглалтын газрын 2019.01.01-2019.12.31-ний өдрийн Авлага, өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл, тайлан, нэхэмжлэх, Дамжуулах сүлжээний ашиглалтын газрын 2018.01.01-2018.12.31-ний өдрийн Авлага, өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл, Багануур дүүрэг дэх салбарын Тооцооны үлдэгдлийн баталгаа, Багануур дүүрэг дэх салбарын Авлага, өглөгийн тайлан, нэхэмжлэх, дансны хуулга, МЦХ ХК-ийн 2018.01.01-2018.12.31-ний өдрийн Авлага, өглөгийн тайлан, Багануур дүүрэг дэх салбарын Тооцооны үлдэгдлийн баталгаа, нэхэмжлэх, Дансны хуулга, Дархан-Уул аймаг дахь салбарын 2020.01.01-2020.12.31-ний өдрийн өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, 2019.07.30-ны өдрийн 129 дугаартай албан бичиг, 2019.08.26-ны өдрийн 159 дугаартай албан бичиг, 2017.05.23-ны өдрийн 45/86 дугаартай албан бичиг, Талбайн хэмжээ, ашиглалтын зардлыг тооцсон акт, нэхэмжлэх, дансны хуулга, Дархан-Уул аймаг дахь салбарын 2019.01.01-2019.12.31-ний өдрийн өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, нэхэмжлэх, дансны хуулга, Дундговь аймаг дахь салбарын Тооцооны үлдэгдлийн баталгаа, Дундговь аймаг дахь салбарын 2018.01.01-2020.12.31-ний өдрийн өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, нэхэмжлэх, дансны хуулга, Завхан аймаг дахь салбарын 2018.01.01-2020.12.31-ний өдрийн өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, нэхэмжлэх, дансны хуулга, Орхон аймаг дахь салбарын 2018.01.01-2019.12.31-ний өдрийн авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, нэхэмжлэх, дансны хуулга, Өвөрхангай аймаг дахь салбарын Тооцооны үлдэгдлийн баталгаа, Өвөрхангай аймаг дахь салбарын 2018.07.01-2020.12.31-ний өдрийн өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, нэхэмжлэх, дансны хуулга, Өмнөговь аймаг дахь салбарын 2018.01.01-2020.12.31-ний өдрийн Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, нэхэмжлэх, дансны хуулга, Сүхбаатар аймаг дахь салбарын тооцооны үлдэгдлийн баталгаа, Сүхбаатар аймаг дахь салбарын 2019.01.01-2020.12.31-ний өдрийн Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, нэхэмжлэх, дансны хуулга, Сэлэнгэ аймаг дахь салбарын тооцооны үлдэгдлийн баталгаа, Сэлэнгэ аймаг дахь салбарын 2018.01.01-ний өдрөөс 2020.12.31-ний өдрийн Авлага, өглөгийн тайлангууд, нэхэмжлэх, дансны хуулганууд, Төв аймаг дахь салбарын тооцооны үлдэгдлийн баталгаа, нэхэмжлэх, Төв аймаг дахь салбарын 2018.07.01-2020.12.31-ний өдрийн Авлага, өглөгийн тайлан, нэхэмжлэх, дансны хуулга, Увс аймаг дахь салбарын 2018.01.01-2020.12.31-ний өдрийн Авлага, өглөгийн дэлгэрэнгүй бүртгэлүүд, Увс аймаг дахь салбарын тооцооны үлдэгдлийн баталгаа, нэхэмжлэх, данс хуулга, Хөвсгөл аймаг дахь салбарын тооцооны үлдэгдлийн баталгаа, Хөвсгөл аймаг дахь салбарын 2018.01.01-2020.12.31-ний өдрийн Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, нэхэмжлэх, дансны хуулганууд, Хэнтий аймаг дахь салбарын 2019.03.11-ний өдрийн 01/22 дугаартай албан бичиг, хавсралт, Хэнтий аймаг дахь салбарын тооцооны үлдэгдлийн баталгаа, нэхэмжлэх, Хэнтий аймаг дахь салбарын 2019.01.01-2020.12.31-ний өдрийн Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлангууд зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч МХС ХХК нь хариуцагч МЦХ ХК-д холбогдуулан Байр талбайн түрээсийн үлдэгдэл төлбөрт 307,085,946.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд ...2007 оноос хойш МЦХ ХК-д аймгийн төвд 1 м.кв талбайг 3000 төгрөгөөр, сумдад 1 м.кв талбайг 1000 төгрөгөөр, 2012 оноос сумдад 1 м.кв талбайг 1500 төгрөгөөр түрээсэлж, 2007 онд анх байгуулсан гэрээний үнийн дүнгээр түрээсийн гэрээг үргэлжлүүлж байна.

2018 оны 07 дугаар сараас эхлэн төлбөрийг хугацаа хоцроох, төлбөрийг бүрэн бус, дутуу 50 хувь төлж, төлбөрийн үлдэгдэл үүсгэж эхэлсэн.

МХС ХХК болон МЦХ ХК нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ...., .. тоот Багц үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Дээрх төлбөр нь уг багцын гэрээг байгуулагдах хүртэлх байр талбайн түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 307,085,946.78 төгрөг гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын чиглэлийг биелүүлээгүй, гэрээний тодорхой саналыг хүргүүлсэн, саналд хариу өгөөгүй бөгөөд тул 50 хувь буруулах хэлцэл хийгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

ТӨМБЗ чиглэлийг баримтлан түрээсийн төлбөрийг 50 хувиар тооцон тухай бүр төлж эхэлсэн.

2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 20/248 тоот Багц үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж, гэрээний хүчинтэй хугацааг 2020.01.01-ний өдрөөс 2021.01.01-ний өдөр байхаар харилцан тохиролцож, мөн гэрээний 11 дүгээр хавсралтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгоод буй байр талбайн түрээсийн 16 гэрээг цуцалсан.

түрээсийн төлбөрийг бүрэн бус дутуу төлж эхэлснээр нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол зөрчигдөж, шаардах эрх нь үүссэн гэж үзэх бөгөөд энэ үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тоологдох бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон.

МЦХ ХК-ийн 2018-2022 оны санхүүгийн аудитлагдсан тайланд нэхэмжилж буй түрээсийн төлбөр болох 307,085,946.78 төгрөгийн өглөг, авлага байхгүй...гэх тайлбар гаргаж мэтгэлцэж байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

МХС ХХК болон МЦХ ХК-ийн салбаруудын хооронд Байр, талбай түрээслэх гэрээнүүд байгуулагджээ.

Уг гэрээнүүдээр түрээслүүлэгч нь өөрийн эзэмшлийн байр талбайг түрээслүүлэх, түрээсийн төлбөрийг МХС ХХК-ийн мөрдөж байгаа үнэ тарифын дагуу түрээслэгч төлөх, байр талбайд хэрэглэсэн гэрэл, цахилгаанаар хангахад зарцуулсан ашиглалтын зардлыг хоёр талын харилцан тохиролцсон хувиар хуваан төлөхөөр тохиролцжээ. Үүнд:

Архангай аймгийн салбар 68.38 м.кв талбайг, 396.11 м.кв талбайг, Баян-Өлгий аймгийн салбар 258.7 м.кв талбайг, Булган аймгийн салбар 37,56 м.кв талбайг, Говь-Алтай аймгийн салбар 259.12 м.кв талбайг, 110.27 м.кв талбайг, Дорнод аймгийн салбар 455.25 талбайг, Дундговь аймгийн салбар 308.7 м.кв талбайг, Завхан аймгийн салбар 242 м.кв талбайг, Өвөрхангай аймгийн салбар 473.22 м.кв талбайг, Өмнөговь аймгийн салбар 299.81 м.кв талбайг, Сэлэнгэ аймгийн салбар, 212.27 м.кв талбайг, 22.75 м.кв талбайг, Төв аймгийн салбар 275.9 м.кв талбайг, Сүхбаатар аймгийн салбар 193.77 м.кв талбайг, Увс аймгийн салбар 206.3 м.кв талбайг, Ховд аймгийн салбар 227.86 м.кв талбайг, 181.71 м.кв талбайг, Хөвсгөл аймгийн салбар 191.7 м.кв, 195.68 м.кв, 112.7 м.кв талбайг, Хэнтий аймгийн салбар 267.42 м.кв, 197.5 м.кв талбайг, Дархан-Уул аймгийн салбар 960.38 м.кв талбайг, Орхон аймгийн салбар 390.45 м.кв талбайг, Багануур дүүргийн 390.3 м.кв, 38.5 м.кв талбайг, Налайх дүүргийн салбар 195.42 м.кв талбайг тус тус түрээслүүлсэн байна.

 

Талууд түрээсийн төлбөрийг МХС ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2007 оны 59 дугаар тушаалаар 1 м.кв талбайг аймгийн төвд 3,000 төгрөг, 2012 оны 30 дугаар тушаалаар 1 м.кв-ийг сумдад 1,500 төгрөгөөр тооцож байр, талбайг түрээслүүлсэн байна.

 

2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн мхс ТӨК, МЦХ ХК-ийн хооронд байгуулсан Орон нутагт хамтран ажиллах тухай санамж бичгээр ижил үнэ тарифаар /нөхцөлөөр/ түрээслүүлэн ашиглуулж байх бөгөөд цахилгаан, дулаан, цэвэр бохир ус зэрэг бусад зардлыг тухайн орон нутагт мөрдөгдөж буй тарифаар, хувь ногдох хэмжээгээр тооцохоор тохиролцжээ.

 

Түүнчлэн, талуудын хооронд 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ҮАГLLC20/04-17, .. дугаартай багц үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий тоон суваг, интернэтийн бөөний үйлчилгээ, тоног төхөөрөмжийн байр талбай түрээслүүлэх, кабелийн худаг, сувагчлал түрээслүүлэх, байр талбай түрээслүүлэх, ашиглалт үйлчилгээний гэрээ гэсэн багц үйлчилгээний үндсэн гэрээ байгуулжээ.

Уг гэрээний хүчинтэй хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл гэжээ.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн зүйлийн 318.3-т Хуульд өөрөө заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж тус тус зохицуулжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээнүүд бичгээр байгуулах хуулийн шаардлага хангасан болох нь хэрэгт авагдсан Түрээсийн гэрээ-нүүдээр нотлогдож байна.

 

Түрээсийн гэрээ бичгээр байгуулах хуулийн шаардлага хангасан, үл хөдлөх эд хөрөнгүүдийг бүхэлд нь бус тодорхой хэсгүүдийг түрээсэлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага хангагдах боломжгүй, энэ нөхцөлөөс үүдэн гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэлгүй гэж шүүх үзсэн болно.

 

Нэхэмжлэгч Мэдээл холбооны сүлжээ ХХК хариуцагч МЦХ ХК-тай түрээсийн гэрээнүүдийг байгуулж, МЦХ ХК нь нэхэмжлэлийн өмчлөлийн байр, талбайг түрээсэлж байсан, одоо хүртэл түрээсэлж байгаа болон түрээсийн гэрээнүүдийг салбарууд нь байгуулсан талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч түрээсийн гэрээний үүргийг шаардсан ба хариуцагч түрээсийн төлбөрийн үнэд өөрчлөлт орсон, түрээсийн гэрээний үүрэг шаардах хөөн хугацаа хэтрүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч МЦХ ХК нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг түрээслүүлэгч болох МХС ХХК-д төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч МХС ХХК нь 2018 оны 07 дугаар сараас 2020 оны 11 сарыг дуустал хугацааны дутуу төлөгдсөн түрээсийн төлбөрийг шаардсан ба хариуцагч МЦХ ХК-ийн хувьд дээрх хугацааны төлбөрийн 50 хувийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан албан тасалгааны байр талбайн түрээсийн авлагын үлдэгдлийн тооцоо, аймгуудын байр талбайн авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, зарим аймгуудын тооцооны үлдэгдлийн баталгаа зэргээр баримтуудаар тогтоогдож байна.

 

Түүнчлэн, хариуцагч тал 2018 оны 7 дугаар сараас хойш түрээсийн гэрээнүүдийн төлбөрийн 50 хувийг төлөөгүй талаар маргаагүй ба уг үлдэгдэл 50 хувийг төлөөгүй үндэслэлээ Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны А-1/2402 дугаар албан бичгээр түрээсийн асуудлаар өгсөн чиглэлийн дагуу түрээслүүлэгчид түрээсийн төлбөрийг 50 хувиар бууруулах, гэрээг шинэчлэн байгуулах саналыг хүргүүлсэн боловч саналын хариуг ирүүлээгүй нь хэлцэл хийх саналд хариу өгөөгүй, хариу өгөх тогтоосон хугацаа, эсхүл ердийн боломжит хугацаа өнгөрсөн тул түрээсийн төлбөрийг 50 хувиар бууруулсан хэлцэл хийгдсэн үзэж түрээсийн төлбөрийн 50 хувиар тооцож төлж байсан талаар тайлбарладаг.

 

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээнүүдэд түрээсийн үнэд өөрчлөлт оруулсан гэх баримт хэрэгт авагдаагүй байх ба харин түрээсийн гэрээнүүдийн хугацаа дууссан байх боловч түрээсийн талбайг түрээслэгч МЦХ ХК үргэлжлүүлэн ашигласаар байсан бөгөөд МХС ХХК татгалзаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д зааснаар түрээсийн гэрээний хугацааг тодорхой бус хугацаагаар сунгасан гэж үзэх үндэслэлтэй.

 

Харин хариуцагчийн татгалзлын үндэслэлээ болгосон түрээсийн төлбөрийг 50 хувиар тооцсон нь гэрээнд өөрчлөлт оруулсан гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байхаас гадна баримтаар нотлогдохгүй байна.

 

Хариуцагч түрээсийн төлбөр дутуу төлөгдөж эхэлсэн 2018 оны 07 дугаар сараас нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөж, энэ үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолж, гэрээний үүрэг шаардах 3 жилийн хугацаа 2021 оны 08 сард хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тодорхойлсон ба хариуцагчийн хувьд 2018 оны 07 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарыг хүртэл түрээсийн төлбөрийн 50 хувийг талуудын хооронд байгуулагдсан багц үйлчилгээний гэрээ байгуулагдах хүртэл хугацаанд төлж байсан, гэрээний харилцаа үргэлжилж байсан зэргээс үзэхэд нэхэмжлэгчийг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

 

Хариуцагч дээрх тайлбараа баримтаар нотлоогүй ба хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж  тус тус зохицуулжээ.

 

Зохигчид эдгээр эрх, үүргийн дагуу нотлох баримтыг өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээдэг.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлох үүрэгтэй боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ҮАГLLV20/04-17 .. дугаартай Багц үйлчилгээ үзүүлэх гэрээгээр байр талбай түрээслүүлэх, ашиглалт үйлчилгээг 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс тухайн багц гэрээгээр тооцохоор талууд тохиролцсон ба уг тохиролцооны дагуу нэхэмжлэгч төлбөрийг тухайн хугацаанаас бууруулж тооцсон болох нь байр талбайн түрээсийн авлага, өглөгийн баримтуудаар тогтоогдож байна.

Мөн талуудын хооронд байгуулагдсан багц гэрээний 1.5-д Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсноор талуудын хооронд байгуулсан хавсралт 11-д заасан гэрээнүүд болон түүний хавсралт нэмэлтүүдийг хүчингүй болсонд тооцно гэж тохиролцсон байх бөгөөд хавсралт 11-д цуцлагдсан гэрээний жагсаалтад талуудын хооронд байгуулагдсан байр талбайн түрээсийн гэрээнүүд хамаарч байгаа боловч энэ нь талуудын хооронд гэрээний дагуу үүссэн төлбөрийн үлдэгдэл төлбөрийг шаардах эрхийг хязгаарлаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Дээрх гэрээнүүдийн дагуу хариуцагчийн төлөгдөх ёстой түрээсийн төлбөрөөс

Архангай аймаг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 26 сарын үлдэгдэл төлбөр 9,994,890.50 төгрөг,

Баян-Өлгий аймаг 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 21 сарын үлдэгдэл төлбөр 9,655,175 төгрөг,

Баянхонгор аймаг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 26 сарын үлдэгдэл төлбөр 14,104,813.60 төгрөг,

Булган аймаг 2018.10.19-ний 2020 оны 10 дугаар сарын 30-ыг хүртэл 25 сарын үлдэгдэл төлбөр 10,689,732.87 төгрөг,

Говь-Алтай аймаг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 29-нийг хүртэл 26 сарын үлдэгдэл төлбөр 7,960,032.50 төгрөг,

Дорноговь аймаг 2018 оны 12 сарын 17-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 29-нийг хүртэл 22 сарын үлдэгдэл төлбөр 13,077,942 төгрөг,

Дорнод аймаг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 25 сарын үлдэгдэл төлбөр 16,052,553 төгрөг,

Дундговь аймаг 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 28 сарын үлдэгдэл төлбөр 11,616,011 төгрөг,

Завхан аймаг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 26 сарын үлдэгдэл төлбөр 7,546,000 төгрөг,

Өвөрхангай аймаг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 28 сарын үлдэгдэл төлбөр 19,712,510 төгрөг,

Өмнөговь аймаг 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 28 сарын үлдэгдэл төлбөр 19,503,489 төгрөг,

Сэлэнгэ аймаг 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 25 сарын үлдэгдэл төлбөр 10,528,306.25 төгрөг,

Төв аймаг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 28 сарын үлдэгдэл төлбөр 7,770,620 төгрөг,

Сүхбаатар аймаг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 26 сарын үлдэгдэл төлбөр 8,123,495 төгрөг,

Увс аймаг 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 28 сарын үлдэгдэл төлбөр 11,379,060 төгрөг,

Ховд аймаг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 28 сарын үлдэгдэл төлбөр 11,400,180 төгрөг,

Хөвсгөл аймаг 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 27 сарын үлдэгдэл төлбөр 10,869,212 төгрөг,

Хэнтий аймаг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл 29 сарын үлдэгдэл төлбөр 15,399,974.26 төгрөг,

Дархан-Уул аймаг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 28 сарын үлдэгдэл төлбөр 21,388,871.35 төгрөг,

Орхон аймаг 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 28 сарын үлдэгдэл төлбөр 22,742,258 төгрөг,

Багануур дүүрэг 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 14 сарын үлдэгдэл төлбөр 31,269,919.95 төгрөг,

Үндсэн сүлжээний газар 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 28 сарын үлдэгдэл төлбөр 16,300,900 төгрөг,

Нийт 307,085,946.78 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч МЦХ ХК-иас түрээсийн гэрээнүүдийн дагуу түрээсийн үлдэгдэл төлбөр болох 307,085,946.78 төгрөгийг нэхэмжлэгч МХС ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5-т заасан журмын дагуу 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Яд 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсаар өөрт нь мэдэгдсэн боловч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч МЦХ ХК-иас 307,085,946.78 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч МХС ХХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч МХС ХХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,693,380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МЦХ ХК-иас 1,693,380 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч МХС ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС