| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2026/0125/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/142 |
| Огноо | 2026-03-24 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Э.А |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2026/ШЦТ/142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
............ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар ............ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.А, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Л , шүүгдэгч Л.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ............ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.А-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Н-д холбогдох эрүүгийн 2539004480008 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Л.Н нь ............ аймгийн ............. сумын Засаг даргын тамгын газрын даргаар 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байх хугацаандаа тус газарт 2011 оны 9 дүгээр сарын 15-нд шилжиж үндсэн хөрөнгийн дансанд бүртгэгдсэн ............ ХЭА улсын дугаартай УАЗ фермер загварын тээврийн хэрэгслийг орон нутгийн өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, дүгнэлт гаргуулалгүйгээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор батлагдсан "Орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам"-ыг зөрчиж, тус тээврийн хэрэгслийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Д.Б-т шилжүүлэн өгч, түүнд давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2539004480008 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Э.А : “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж байр суурийг илэрхийлсэн болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Л : “...2024 оны 11 дүгээр сард ............. сумын Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Жил эцсийн эд хөрөнгийн тооллого хийхэд фермер маркийн машин байгаагүй учраас нягтландаа энэ асуудлыг шийд гэж үүрэг өгсөн байсан. Тэгээд удаагүй байхад аймгийн аудит болон санхүүгийн аудит орж ирээд энэ эд хөрөнгө байхгүй байна, энэ асуудлыг яаралтай шийд, дараагийн хяналт шалгалтад тухайн эд хөрөнгийг актлах, устгах юм уу, зарах юм уу гэдгээ шийдсэн байгаарай гэж хэлсэн. Үүний дагуу нягтлангаасаа энэ эд хөрөнгө яасан юм бэ? гэсэн чинь намайг ажилд ороход байгаагүй гэдэг тайлбарыг хэлсэн учраас цагдаагийн байгууллагад эзэн холбогдогчийг нь тогтоож өгнө үү гэж хандсан. Үндсэн хөрөнгөд 19,9 сая төгрөгөөр бүртгэгдсэн байсан учраас цагдаагийн байгууллагад 19,9 сая төгрөгийн үнэлгээтэй автомашин алга болсон байна эзэн холбогдогчийг тогтоож өгөөч гэсэн хүсэлтийг 2025 оны хавар хүргүүлсэн. Цагдаагийн газар шалгаад авлига, албан тушаалтай холбоотой хэрэг байж болзошгүй гээд Авлигатай тэмцэх газар руу шилжүүлсэн. Авлигатай тэмцэх газраас албан тушаалаа урвуулан ашигласан байх магадлалтай гээд хэрэг үүсгэсэн гэж ойлгож байгаа. Миний хувьд тухайн эд хөрөнгийг актлах хүсэлтээ орон нутгийн өмч рүү хүргүүлсэн ч гэсэн аймгийн хурлын шийдвэр гарах ёстой. Шийдвэр гаргаад ирсний дараа энэ автомашинаа үнэ тогтоогоод зарах юм уу, актлах юм уу гэдгийг сумын Тамгын газрын өмч хамгаалах зөвлөлөөр ороод шийдэгдэх ёстой байсан. Энэ процесс яваагүй байхад эд хөрөнгө байхгүй болсон. Иймд орон нутгийн өмчийг хохиролгүй болгож, хохирлыг барагдуулж өгнө үү гэсэн хүсэлтэй байна” гэж мэдүүлсэн бол,
Шүүгдэгч Л.Н : “Миний анхны мэдүүлэг хэвээрээ мөн хохирогч талаас гаргасан үнэлгээн дээр санал нэгдэхгүй байгаа тул үүн дээр тайлбараа хэлээд явна” гэж мэдүүлжээ.
1.Шүүгдэгч Л.Н ыг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хэргийн үйл баримт нотлогдсон байна гэж дүгнэв. Үүнд:
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Л ын “...Өнгөрсөн 2025 оны 01 дүгээр сард аймгийн Аудитын газраас ............. сумын тамгын газрын санхүүд хяналт шалгалт оруулсан. Хяналт шалгалтаар үндсэн хөрөнгийн ........ дугаартай дансанд бүртгэлтэй 19,990,000 төгрөгийн үнэ бүхий Фермер маркийн тээврийн хэрэгсэл тоологдсон боловч тухайн тээврийн хэрэгсэл хаана байгаа нь тодорхойгүй байна гэж тус газраас дүгнэлт ирүүлснийг надад мэдэгдсэн. Тухай тээврийн хэрэгсэл нь ямар албан тушаалтан хариуцсан авсан мэдээлэл тодорхойгүй байсан. Энэ асуудлаар өнгөрсөн 2025 оны 4 дүгээр сард аймгийн хуралд ............. сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Л.Н нь ............ аймгийн Орон нутгийн өмчийн газар руу хэрэглээний шаардлага хангахгүй болсон эд юмыг тусгай баримт үйлдэн, данс бүртгэлээс хасах акт бүхий эд хөрөнгийн жагсаалтыг явуулсан албан бичигт тухайн тээврийн хэрэгслийн мэдээллийг оруулсан албан бичгийг аймгийн Орон нутгийн өмчийн газраас аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэх үеэр тухайн тээврийн хэрэгсэл нь хаана байгаа нь тодорхойгүй болохоор хасахаас татгалзаж бусад актлах эд хөрөнгийг баталсан байна. Энэ шийдвэрийн дагуу байгууллагын нэр дээр байх тээврийн хэрэгслийг ямар албан тушаалтны шийдвэрээр байхгүй болгосныг шалгуулахаар шийдвэрлэсэн юм... Манай нягтлан Д.Б 2024 оны эхээр тус албан тушаалд томилогдсон гэсэн. Энэ талаар лавлахад намайг энэ ажлыг авах үед энэ тээврийн хэрэгсэл байгаагүй гэж хариулсан. Энэ талаар өмнөх нягтлан Г.Ц , Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Ж.У энэ хоёр хүнээс лавлаж асуувал мэдээлэл гарах байх гэж бодож байна..., ...Ер нь бол тээврийн хэрэгслийг акталсан тохиолдолд сумын Засаг даргын Тамгын газрын өмч хамгаалах зөвлөл нь хуралдаад тээврийн хэсэгслийн элэгдэл, эвдрэл зэрэг байдлаас харгалзан худалдан борлуулах, сэлбэг хэрэгслээр ашиглах, устгах зэрэг шийдвэрийг гаргаж актлуулдаг...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 10-11, II хавтаст хэргийн 75-76 дугаар тал),
-Гэрч Д.Б-ийн “...Ажил хүлээж авснаас хойш 2024 оны 4 дүгээр сард ............. сумын Засаг даргын тамгын газрын дарга Л.Н ын аймгийн Орон нутгийн өмчийн газарт хэрэглээний шаардлага хангахгүй болсон эд юмыг тусгай баримт үйлдэн, данс бүртгэлээс хасах акт бүхий эд хөрөнгийн жагсаалтыг явуулсан албан бичигт актлах элэгдэлтэй тээврийн хэрэгслүүд дунд тухайн тээврийн хэрэгслийн нэр байсан. Энэ тээврийн хэрэгслийг нярваар ажиллаж байсан М.Д-аас тодруулахад аж ахуйн хашаанд байгаа гэж хариулж байсан. Тэрнээс хойш манай албан бичгийн дагуу Орон нутгийн өмчийн газраас аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэх үеэр тухайн тээврийн хэрэгсэл нь хаана байгаа нь тодорхойгүй болохоор хасахаас татгалзаж бусад актлах эд хөрөнгийг баталсан байна. Уг тээврийн хэрэгсэл нь одоо хаана, хэн гэдэг хүн дээр байгаа нь тодорхойгүй байгаа болохоор цагдаагийн газар руу албан бичиг явуулсан юм... 2011 онд анх ............. сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгө дээр бүртгэлд орсон байсан. Манай архивт тээврийн хэрэгсэлд холбогдох мэдээлэл байгаа гэж бодож байна... Тэрийг сайн мэдэхгүй байна. Д гэдэг хүн мэдэх байх... Хамгийн сүүлд хэзээ явсныг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 14-16 дугаар тал),
-Гэрч Ж.У-гийн “...Өнгөрсөн 2025 оны 01 дүгээр сард аймгийн Аудитын газраас ............. сумын тамгын газрын санхүүд төлөвлөгөөт хяналт шалгалт оруулсан. Хяналт шалгалтаар үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Фермер маркийн тээврийн хэрэгсэл тоологдсон боловч тухайн тээврийн хэрэгсэл хаана байгаа нь тодорхойгүй байгаа талаар нягтлан Б-ээс би сонссон. Энэ шийдвэрийн дагуу байгууллагын нэр дээр байх тээврийн хэрэгслийг ямар албан тушаалтны шийдвэрээр байхгүй болгосныг шалгуулахаар Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч албан бичиг явуулсан гэсэн... ............. сумын төрийн сангийн харьяанд харьяалдаг хорин хоёр ширхэг төсөвт байгууллагад маш олон төрлийн эд зүйл хөрөнгөд байдаг. Энэ тээврийн хэрэгслийн талаар сайн мэдэхгүй байна... Миний мэдэхийн хуучин жолооч хийдэг байсан Д , няраваар ажиллаж байсан Д нар мэдэх байх. Бас Тамгын газрын даргаар ажиллаж байсан Л.Н аас лавлаж асуусан нь зүгээр байх... Жилд хоёр удаа эд хөрөнгөө тоолдог. Тухайн тооллогоор нүд үзэж тоолсон эсэхийг мэдэхгүй байна... Би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 19-21 дүгээр тал),
-Гэрч Г.Ц-ын “...Би 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс ............. сумын тамгын газар нягтлангаар ажилд томилогдож ажилласан. Би уг албан тушаалд 2023 оны 10 дугаар сар хүртэл ажилласан. Анх тус ажлыг одоо Баянхутаг сумын тамгын газрын нягтлан Б-аас авч байсан. Хүлээн авах үедээ тамгын газрын нэр дээрх эд хөрөнгийн бүртгэл, бараа материал, бичиг баримтыг хүлээн авч байсан. Маш олон эд зүйл болохоор нарын нүд үзэж тоолж аваагүй. Тээврийн хэрэгслийн хувьд бол Соната, Прадо тээврийн хэрэгслийг нүдээр үзэж авч байсан. Харин УАЗ Фермер маркийн машиныг бол хараагүй. Ажлаа би Дөлгөөн гэдэг залууд хүлээлгэн өгч байсан. Надаас хойш гурван нягтлан солигдоод одоо Баярцэцэг гэж хүн ажиллаж байгаа. Тухайн тээврийн хэрэгслийг би нүдээр үзээгүй. Ажил хүлээн авч байсан Б-аас асууж байхад бүх тээврийн хэрэгсэл байгаа гэж ярьж байсан... Б-аас авч байсан шиг бүх эд зүйлийн жагсаалт үйлдэж хүлээлгэн өгсөн. Хүлээлгэж өгөх үедээ УАЗ Фермер тээврийн хэрэгслийг байгаа гэж бодсон болохоор энэ асуудлыг хөндөөгүй... Би сайн мэдэхгүй байна. Миний ажиллаж байх хугацаанд уг тээврийн хэрэгслийг байгаа эсэхийг нь хараагүй бас асууж сураглаагүй болохоор сайн мэдэхгүй байна... Намайг ажиллаж байх үед ямар нэгэн тооллого явуулаагүй. Тооллого явуулсан бол тухайн тээврийн хэрэгслийн мэдээлэл гарч ирэх байсан байх. Би тухайн тээврийн хэрэгслийг нүд үзэж хүлээн авах ёстой байсан. Байгаа гэж ойлгосон болохоор хариуцлага алдсан байна... Намайг ажиллах 7 сарын хугацаанд ямар нэгэн тооллого яваагүй гэж санаж байна... Байгууллагын тээврийн хэрэгслийг нярав, жолооч нар хариуцдаг. Тухайн үед жолоочоор Д , нярваар Д нар ажиллаж байсан. Энэ хүмүүс мэдэх байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 24-26 дугаар тал),
-Гэрч М.Д ын “...Би 2009 онд ............. сумын Засаг даргын Тамгын газар ............. 3 дугаар багийн олон нийтийн байцаагч албан тушаалтай орж ажиллаж байх хугацаандаа 2012 оноос 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн хооронд тус газарт харуул, манаачаар томилогдож ажиллаж байгаад 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл тус газар нярваар ажилласан. Одоо бол ............ аймгийн Цахилгаан холбооны газарт авлагын байцаагчаар ажиллаж байна. Намайг анх ажилд орсны дараа 2010 оны үед анх шинээр УАЗ Фермер маркийн машинууд аймгийн сумдаар тус бүр нэг нэгийг тараасан гэж санаж байна. Манай ............. суманд цайвар ногоон өнгийн тээврийн хэрэгсэл анх ирсэн. Ирснээс хойш ............ ХЭА улсын дугаар авч маш олон жолоочийн гар дамжиж байсан, төрийн үйлчилгээнд барьж ашиглаж байсан машин юм. Хамгийн сүүлд 2021 оны 9 дүгээр сард уг тээврийн хэрэгслийг Б.Г гэдэг залуу барьж байх үед нь эвдрэл гарсан. Тэр үедээ Г удалгүй ажлаасаа гарч тээврийн хэрэгслийг байгууллагаас янзлуулах гэсэн боловч засвар олигтой авахгүй гэсэн болохоор хөдөлгөөнгүй ............. сумын аж ахуйн хашаанд тавьсан. Тэрнээс хойш аймгийн Олон нийтийн өмчийн газрын даргын шийдвэрээр тус тээврийн хэрэгслийн эвдрэлгүй ашиглаж болох эд ангиудыг адил төс бүхий тээврийн хэрэгсэлтэй Б, Т тосгон лав ирж эд ангиудаас авсан гэж сонсож байсан. Яг юу авсныг нь сайн мэдэхгүй байна. Намайг нярвын ажлыг авах үед тус тээврийн хэрэгсэл нь дөрвөн дугуй, обут, мотор бусад анги байхгүй. Төмөр кабин, төмөр рамтайгаа үлдсэн байсан. Дугуй байхгүй болохоор рам доор нь данхраадаад үлдээсэн байсан. 2024 оны 4 дүгээр сард ............. сумын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Л.Н ын шийдвэрээр аймгийн Төрийн өмчийн газарт ............. сумын орон нутгийн өмчийн газар руу хэрэглээний шаардлага хангахгүй болсон эд юмыг тусгай баримт үйлдэн, данс бүртгэлээс хасах акт бүхий эд хөрөнгийн жагсаалтыг явуулсан албан бичигт тухайн тээврийн хэрэгслийн мэдээллийг оруулсан албан бичгийг аймгийн Орон нутгийн өмчийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэх үеэр энэ тухайн тээврийн хэрэгсэл нь хаана байгаа нь тодорхойгүй болохоор хасахаас татгалзаж бусад актлах эд хөрөнгийг баталсан гэсэн. Хамгийн сүүлд 2024 оны 9 дүгээр сард Д.Б гэдэг залуу урд хашаанаас кабин, рамтай нь ачих гэж байна гэдгийг би мэдсэн. Мэдээд Тамгын газрын дарга Л.Н аас асуухад ачуулчих гэхээр нь би нөгөө акт нь гарсан байх гэж бодоод юм хэлээгүй. Би бодохдоо Төрийн өмчийн газрын даргаар ажиллаж байсан Л дарга зөвшөөрсөн гэж ойлгосон. 2021 оны 9 дүгээр сард эвдэрснээс хойш Л даргын зөвшөөрлөөр эд ангийг нь сумдын тамгын газарт ашиглагдаж байгаа адил төстэй тээврийн хэрэгсэл эд ангийг нь ашиглуулахаар шийдвэрлэсэн. Яг ямар эд ангийг ямар газраас авсныг мэдэхгүй байна. Орон нутгийн өмчийн газраас 2021 онд энэ тухайн тушаал, шийдвэр цаасан хэлбэрээр гарсныг би мэдэхгүй бас хараагүй. Тухайн үед Орон нутгийн өмчөөс зөвшөөрсөн гэж ойлгосон... Хамгийн сүүлд 2024 оны 6 дугаар сард намайг нярваар ажиллаж байх үед урд хашаанд рам, кабин нь байсан болохоор тоолсон... Би ажлаа хүлээлгэж өгөх үедээ Ганбаатар гэдэг хүнд энэ тээврийн хэрэгслийг Өмчийн газраас актлаад Б гэдэг хүн хамгийн сүүлд рам, кабиныг нь аваад явсан. Бусад эд ангийг 2021 оноос хойш сумдын Тамгын газарт ашиглаж байгаа орос тээврийн хэрэгсэл ашигласан гэж ойлгосон болохоор би хэлж байсан..., ...Би 2024 оны 9 дүгээр сард авсан гэж мэдүүлсэн. Би андуурсан байна. Хашаанд амьдардаг С-с асуусан чинь 2023 оны хавар 4 дүгээр сард гэж хэлсэн. Энэ үеэр хивэг, тэжээл буулгах үеэр авсан байсан гэхийг бодоход 2023 оны 4 дүгээр сард гэж бодож байна... Миний мэдэхээр Б сумын Тамгын газраас, Т тосгоны Тамгын газар хоёр дугуйг нь авсныг мэднэ. Бусад эд ангийг яасан талаар сайн мэдэхгүй байна. Би мэдэж байх ёстой албан тушаалтан мөн. Анх ажлыг авах үед урд талын нэг дугуй хагарсан. Нөгөө гурван дугуйн огт байхгүй. Мотор, хроп байсныг сайн мэдэхгүй байна. Би сайн үзэж харж аваагүй...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 29-31, 34-35 дугаар тал),
-Гэрч Д.Б-гийн “...Би 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс тус газрын даргаар томилогдон ажиллаж байна. Миний ажлын байрны чиг үүрэг бол орон нутгийн өмчийг үрэгдүүлэх, үнэгүйдүүлэх, чанар байдлыг доройтуулах, эвдэж гэмтэх зэрэг аливаа эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, эзэмшилт, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, бүртгэл, ашиглалтад хяналт тавих, үр ашгийг дээшлүүлэхэд оршдог. Манай газар аймгийн нийт 198 байгууллагад хяналт тавьж ажиллаж байна... Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар ............ аймгийн ............. сумын Засаг даргын Тамгын газрын нэр дээр үндсэн хөрөнгийн бүртгэлтэй Уаз Фермер маркийн тээврийн хэрэгсэл биетээр байхгүй байна. 2024 оны 4 дүгээр сард ............. сумын тамгын газраас элэгдсэн эд хөрөнгийг актлах санал дунд тухайн тээврийн хэрэгсэл дурдагдсан байсан. Хуралдаанаар тухайн байгууллагын өмч хамгаалах зөвлөл нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу хуулийн этгээдийн эд хөрөнгө олж авах, бүртгэх, худалдах, шилжүүлэх, акталж данснаас хасах зэрэг эд хөрөнгийн зохицуулалт, орон нутгийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх асуудлыг судалж, санал, зөвлөмж, дүгнэлт гаргаж аймгийн иргэдийн хурлаар хэлэлцүүлж, хэрэв хурлаар актлах тогтоолыг баталсан тохиолдол манай газраар дахин холбогдох баримт бичгийг хянуулж шийдвэр гаргах ёстой боловч тухайн актлуулах санал нь баримт бичгийн бүрдэл гэж юм байхгүйгээс тээврийн хэрэгслийг актлуулах саналыг дахин авч хэлэлцэх, баримт, бичгийн бүрдлийг гүйцээж ирүүлэх талаар хурлаар хэлэлцсэн байсныг би аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарын бичгийн дарга Ш.Ж-гийн нэр албан бичиг төлөвлөж хурлын тэмдэглэлээс харсан. Дутуу баримт бичгийг дахин бүрдүүлэх ёстой ............. сумын Тамгын газраас энэ талаар тодруулахад автомашинтай холбоотой ямар нэгэн баримт бичиг байхгүй. Нэг удаагийн эд хөрөнгийн тооллогоор тоолох үед авсан гэрэл зургаас өөр баримт байгаагүй... Энэ журмыг байгууллагын өмч хамгаалах зөвлөлийн алба хаагчид мэддэггүйгээс 4 болон 9-р саруудад багтаан Орон нутгийн өмчийн газарт хүргүүлж саналыг шийдвэрлүүлнэ гэж ойлгоод байгаа. Энэ ажил байнга явагдах ёстой ажил юм. Ажлын өдрүүдэд энэ саналыг явуулж болно. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар энэ асуудлуудыг 4 болон 9 дүгээр саруудад өгдөг гэж ойлгоод олон санал ирүүлж байгаагаас хурлын ачаалал тодорхой нэмэгддэг гэж хардаг. Иргэдийн хурлаар 2024 оны 4 дүгээр сард тээврийн хэрэгслийг бусад актлах санал бүхий эд хөрөнгийн нэр дунд оруулсан гэсэн. Орон нутгийн өмчит хуулийн этгээд нь эд хөрөнгө олж авах, бүртгэх, шилжүүлэх, акталж данснаас хасах тухай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдийн шийдвэрийг өмч хамгаалах байнгын зөвлөлийн хяналт дор хэрэгжүүлнэ гэж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар баталсан Өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагааны журамд заасан байгаа. Өмч хамгаалах зөвлөл нь санал боловсруулах, дүгнэлт гаргах, шийдвэр хэрэгжүүлэхдээ эрх бүхий байгууллагаас баталсан бүртгэл, мэдээллийн маягт болон хөрөнгө хүлээн авах, шилжүүлэх, ашиглалтаас хасах, устгах, худалдахтай холбоотой дараах баримт материалыг бүрэн бүрдүүлж иргэдийн хурлаар хэлэлцүүлээгүй байсан болохоор манай газраар энэ санал, дүгнэлт ирээгүй... Эд хөрөнгийн анх олж авч бүртгэж, ашиглалтын хугацааг тогтоосон байх ёстой. Ашиглалтын хугацаа дуусгавар болсон тохиолдолд өмч хамгаалах байнгын зөвлөл нь эд хөрөнгө болон элэгдэл хорогдлын шимтгэлээр анхны үнийг нөхсөн, түүнчлэн нөхөөгүй боловч гэмтэж засаж сэлбээд өөр зориулалтаар ашиглаж болох эд хөрөнгийн ашиглалтын хугацаа болон үнийг шинэчлэн тогтоох саналыг бэлтгэн Орон нутгийн өмчийн газарт Эрх бүхий байгууллагаар хийлгэсэн хөрөнгийн үнэлгээ, Хөрөнгийн ашиглалтын талаар гарсан мэргэжлийн байгууллагын дүгнэлт, Ашиглалтын хугацааг сунгах, үнийг шинэчлэн тогтоох асуудлыг хэлэлцсэн өмч хамгаалах байнгын зөвлөлийн дүгнэлтийг манай газарт ирүүлэх ёстой юм. Ашиглалтын хугацаа дууссаны дараа ямар нэгэн шийдвэр гаргаагүй тохиолдолд анх олж авсан үнээрээ үнэлэгдэх ёстой. Тухайн тээврийн хэрэгсэл нь 2011 онд ............. сумын тамгын газарт бүртгэж, ашиглалтын хугацааг долоон жилээр тооцсон байсан гэж санаж байна. Өөрөөр хэлбэл, тухайн тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаа 2018 онд дуусгавар болох ёстой байсан. Дуусгавар болсон тохиолдолд ашиглалтын хугацааг сунгах, үнийг шинэчлэн тогтоох асуудлыг хэлэлцсэн өмч хамгаалах байнгын зөвлөлийн дүгнэлтийг манай газарт ирүүлэх юм... Журмын 5.6-д Элэгдэл, хорогдлын шимтгэлээр өртгөө нөхсөн хөрөнгийг шилжүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхдээ энэ журмын 7.1-д заасны дагуу тухайн хөрөнгийн ашиглалтын хугацаа болон үнийг шинэчлэн тогтоох саналын хамт Орон нутгийн өмчийн газарт ирүүлж шийдвэрлүүлнэ гэж заасан. ............. сумын Засаг даргын Тамгын газрын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийг Орон нутгийн өмчийн газар нь орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгө олж авах, бүртгэх, шилжүүлэх, худалдах, актлах талаар ирүүлсэн саналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, тогтоолыг тухайн байгууллагад хүргүүлнэ гэж журамд заасан. Эд хөрөнгийг актлахдаа Элэгдлийн нийт хэмжээ, ашиглалтын хугацаагаараа балансын үнээ бүрэн нөхсөн бөгөөд цаашид зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон, ашиглалтын хугацаа нь дуусаагүй боловч ашиглах явцад хэн нэгний буруутай үйлдлээс болж эвдэрч гэмтэн цаашид зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын дүгнэлт гаргуулан буруутай этгээдээр хохирлыг барагдуулсан тохиолдолд, Техник, технологийн болон хэрэглээний хоцрогдолд орж, зайлшгүй шинэчлэх шаардлагатай болсон, Балансын үнээ бүрэн нөхөөгүй боловч байгалийн гэнэтийн аюул, техникийн осолд өртсөнөөс цаашид зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон нь мэргэжлийн байгууллагаар тогтоогдсон, Ашиглалтын явцад эвдэрч гэмтсэнээс засвар шинэтгэл хийж ашиглахад эдийн засгийн хувьд үр ашиггүй болох нь тооцоогоор нотлогдсон зэрэг дүгнэлтийн аль нэгийг тогтоож аймгийн иргэдийн хурлаар хэлэлцүүлж батлуулна. Манай байгууллагаар дүгнэлт баримт, бичгийг хянаж шийдвэрийг хэлэлцүүлдэг. Тээврийн хэрэгслийн хувьд актлахдаа устгах боломжгүй эд хөрөнгийг худалдах, Орон нутгийн өмчит бусад хуулийн этгээдэд шилжүүлэх, сэлбэг, материал, хоёрдогч түүхий эд болгон ашиглах буюу худалдах ёстой юм. Энэ журмыг хэрэгжүүлээгүй байна гэж харж байна. Тээврийн хэрэгсэл нь 2021-2023 оны хооронд эвдрэл, гэмтлийн шалтгааныг тогтоосон дүгнэлт, сэргээн засварлаж ашиглахад шаардагдах эсэх талаар 2021-2024 оны "үндсэн хөрөнгийн хөдлөл өөрчлөлтийн жилийн мэдээ"-нд тусгаж хүргүүлсэн мэдээлэл байхгүй... Манай газар нь нийт аймгийн нийт 198 байгууллагад хяналт тавьж ажиллаж байна. Энэ алба хаагч нар олон байгууллагад нэг доор хяналт тавихад ачаалалтай тул "Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагааны журам"-г баталсан. Энэ журамд Зөвлөл нь орон нутгийн өмчийн эд хөрөнгийн бүртгэл, хувийн хэрэг хөтлөх, улсын бүртгэлд бүртгүүлэх, хөрөнгийн тооллого хийх, санхүүгийн болон статистикийн мэдээ, тайланг гаргах, холбогдох журмын дагуу тайлагнах ажлыг хариуцан ажиллана, орон нутгийн өмчийг үрэгдүүлэх, үнэгүйдүүлэх, чанар байдлыг доройтуулах, эвдэж гэмтэх зэрэг аливаа эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, эзэмшилт, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, бүртгэл, ашиглалтад хяналт тавих, үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ авч ажиллах үндсэн үүрэгтэй, Эд хөрөнгийн талаар зөрчил гаргасан этгээдтэй хариуцлага тооцох, осол, гэмтэл, хохирол гарсан шалтгааныг тогтоож, хэрэв тодорхой этгээдийн буруугаас болсон бол Иргэний хуульд заасан журмаар хохирлыг гаргуулах арга хэмжээг холбогдох хууль, эрх зүйн хүрээнд авч хэрэгжүүлнэ, эсхүл шийдвэрлүүлэх санал, дүгнэлт боловсруулна. Санал боловсруулах, дүгнэлт гаргах, шийдвэр хэрэгжүүлэхдээ эрх бүхий байгууллагаас баталсан бүртгэл, мэдээллийн маягт болон хөрөнгө хүлээн авах, шилжүүлэх, ашиглалтаас хасах, устгах, худалдахтай холбоотой дараах баримт материалыг бүрдүүлэн хадгалж, хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг хариуцна гэж заасан байдаг. Зөвлөл нь 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэйгээр орон тооны бусаар ажиллах бөгөөд байнгын үйл ажиллагаатай байна. Зөвлөлийн дарга жилийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, гишүүдийн ирц, чиг үүргийн биелэлтийг гаргаж жилд 2-оос доошгүй удаа гүйцэтгэх удирдлагад танилцуулна. Удирдлагад хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэх, тухайн асуудлыг шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зөвлөмж өгөх үүрэгтэй юм. Тэгэхээр зөвлөлийн гаргасан саналыг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан батална гэсэн үг. Манай байгууллагаас дотоод ажилд хяналт тавих эрх байхгүй...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 38-42 дугаар тал),
-Гэрч Д.Б-ын “...Би 2023 оны 02 дугаар сард ............. сумын 8 дугаар багийн захирагчийн албаны жолоочоор ажиллаж байсан З гэдэг ахтай таарч ойр зуурын юм ярьж байхад ............. сумын засаг даргын тамгын газарт байсан хуучин Уаз Фермер маркийн машины эд ангийг сумд руу тараасан гэсэн. Одоо урд хашаанд кабин, рам нь үлдсэн байсан талаар ярьж байхдаа хэлсэн. Тэгээд удалгүй ............. сумын засаг даргын тамгын газраар орох ажилтай явж байгаад даргаар ажиллаж байсан Л.Н даргын өрөөгөөр орсон юм. Ороод ойр зуурын юм ярьж байгаад танайх хуучин Уаз Фермер маркийн машинаа акталсан юм уу? гэж асуухад “тиймээ 2021 онд явахгүй болоод урд хашаанд тавьсан юм. Эд ангийг нь сумдын засаг даргын тамгын газрууд руу өгсөөр байгаад одоо кабин, рам нь үлдсэн” гэж надад хэлсэн. Надад рам, кабин нь хэрэгтэй байсан болохоор авч болох уу? гэж асуухад Л.Н надад одоо энэ машиныг хэрэглэх шаардлага байхгүй болсон. Хуучирч муудсан болохоор гэх зэргээр хэлж байгаад намайг авчих гэж зөвшөөрсөн. Тэрнээс үнэ хөлсөөр аваагүй... Би аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2020 оноос 2022 оны 6 дугаар сар хүртэл ажиллаж байсан. Тэр үед Н гэдэг хүнтэй ажил хэргийн шугамаар танилцаж бие биеэ мэддэг болсон... Л.Н аас хэрэгтэй байсан зүйлээ асуухад намайг аваарай гэсэн болохоор надад өөр газраас хайх шаардлага гараагүй... Би төрөл төрөгсөд, танил, найз болон бусад хүмүүсээс мэдсэн хүн байхгүй... Надад тийм зүйлүүдийг тайлбарлаагүй. Намайг асуухад хэрэгтэй бол авчих гэхээр нь би авсан юм. Надад давуу байдал олгож байгааг мэдээгүй. Би бодохдоо актлаад данс бүртгэлээс хассан эд зүйл ойлгосон... Манай байгууллага энэ эд зүйлийг дахин ашиглахгүй. Ашиглах нөхцөлгүй болсон. Чи хэрэгтэй зүйлээ харж байгаад авчих гэхээр нь би авсан. Би Л.Н ад ямар нэгэн нөхцөл тулгаагүй, эд зүйлийг авсны дараа ямар нэгэн нөхцөлүүд дээр тогтоогүй. Намайг ав гэхээр л авсан. Би ямар нэгэн зүйл амлаагүй. Үнэ хөлс төлөөгүй... Акталж данс бүртгэлээс хассан гэж ойлгосон болохоор би авсан. Данс бүртгэлд байсан бол би авахгүй байх байсан... Миний төрсөн ах Д.С нь аймгийн мал эмнэлгийн газрын тархвар зүйч улсын байцаагчаар ажилладаг. Тус газарт тусдаа өрөөтэй. Миний ах энэ талаар мэдэх зүйл байхгүй... ............. сумын 8 дугаар багийн захирагчийн албаны жолоочоор ажиллаж байсан З гэдэг хүн надад энэ машины талаар хэлсэн болохоор би мэдсэн. Л.Н дарга намайг ав гэсэн болохоор би эд зүйл байгаа газар очиж үзэхэд ерөнхийдөө муудсан, кабин, тэвш, рам үлдсэн байсныг харж байгаад одоо нэрийг сайн мэдэхгүй байна. Би өөрөө ашиглаж чадахгүй гэдгээ мэдээд фейсбүүкт 2023 оны 4 дүгээр сард өөрийн фейсбүүк хаягаар орос машины Уаз Фермер авна гэсэн зарын дагуу сэтгэгдэл хэсэгт хэрэгтэй хүн байвал үнэгүй аваарай гээд бичсэний дараа нэг хүн утсаар холбогдож надаас ирж авахаар болсон. Удалгүй Улаанбаатар хотоос урт тэвштэй машинтай ирж тус хашаанаас ачаад явсан. Би тэр постыг тавьсан хаяг, машиныг ачиж явсан хүнийг одоо санахгүй байна. Тэр хүнд би эд зүйлийг үнэгүй өгсөн... Намайг анх очиход урд шил цуурсан, хаалганы цонх хагарсан, бариул байхгүй, дөрвөн дугуй, тэнхлэг, мотор, хроп байгаагүй. Ерөнхийдөө рам, кабин л байсан. Дотор нь янз бүрийн хог новш хураасан байдалтай байсан. Миний авсан зүйл гэвэл кабин, тэвш, рам л байна. Бусад эд зүйлийг би аваагүй...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 46-48 дугаар тал),
-Гэрч Б.Б-ын “..2015 оноос одоог хүртэл тус сумын Баянбулаг багийн засаг даргаар ажиллаж байна... 2023 оны намар наймдугаар сард сумын засаг даргаар ажиллаж байсан З надтай уулзсан. Одоо сумын хадлан гарах гэж байна. Суманд аж ахуйд ашигладаг Уаз Фермер ажиллахгүй байна. Чи орос машин мэддэг юм чинь аймаг ороод ............. суманд ашиглаж байгаад явахгүй болсон Фермерээс хэрэгтэй эд ангийг нь надтай цуг яваад аваад өгөөч. Би ............. сумын удирдлагуудтай яриад хэрэгтэй юмыг нь авахаар болсон гэхээр ...аймгийн төв орж ............. сумын аж ахуйн хашаа гээд нэг хашаа руу ороод байж байтал нэг эрэгтэй хүн ирээд энэ машинаас хэрэгтэй юмаа аваарай гэхээр нь би тус машинаас кадушикны резин, хойд талын ачааны дохионы гэрэл, одоо сайн санахгүй байна. Машины нэг толийг тэр чигээр авсан гэж санаж байна. Өөр юм аваагүй. Манай сумын засаг дарга ............. сумын дарга нартай яриад зөвшөөрөл авсан гэхээр нь авсан. Тэгээд сумын Фермерт хийж унаж ашиглаж хадланд гарсан гэж санаж байна. Би өөр зүйл мэдэхгүй... Мотор, хроп нь байсан. Дөрвөн дугуй байсан. Нэг дугуй нь хагарсан байдалтай байсан. Дотор хэсэг нь суудал, кабин болон дөрвөн хаалга бүрэн, кабин дотор суудал нь бүрэн. Ер нь бүх зүйл нь байсан...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 58-59 дүгээр тал),
-Гэрч А.А-гийн “...Би 2022 оны 8 дугаар сараас 2025 оны 4 дүгээр сарын 10-ний өдөр хүртэл ............. сумын засаг даргын тамгын газарт Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтнээр ажилласан. Миний тухайн хашиж байсан албан тушаал нь өмч хамгаалах байнгын зөвлөлийн ахлагч байх ёстой гэж заасан байдаг болохоор тус зөвлөлийн ахлагчаар ажиллаж байсан... Энэ тээврийн хэрэгслийг ч нүдээр хараагүй болохоор сайн мэдэхгүй байна... Ерөнхийдөө өмч хамгаалах байнгын зөвлөл хуралдах үеэр нярав актлах, данснаас хасах саналтай хөрөнгийн жагсаалтыг танилцуулж бид нар хурлын тэмдэглэлээр шийдвэрлэж орон нутгийн өмчийн газарт хүргүүлдэг байсан. Би тухайн тээврийн хэрэгслийг нүдээр хараагүй. Хугацаа нь байгаа болохоор шийдвэрлэж байна... Тухайн тээврийн хэрэгслийг нүдээр үзэж газар дээр нь шалгаж, дүгнэлт бэлтгэж хүргүүлээгүй. Нярав санал оруулж ирсэн болохоор тухайн тээврийн хэрэгслийг байгаа гэж ойлгосон... Өмч хамгаалах байнгын зөвлөл тусдаа байдаг болохоор тооллогын комисс тусдаа гардаг байсан. Би тооллогын комиссын гишүүнээр орж байгаагүй. Тухай бүрд гишүүдийг томилоод янз бүрийн алба хаагч нар оролцдог байсан...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 62-64 дүгээр тал),
-Гэрч А.С-ийн“...Би 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр одоо ажиллаж байгаа Ө хот тохижуулалтын газрын дарга Г-т ............. сумын тамгын газрын аж ахуйн хашаанд гэрээрээ буух юм уу? хашааг нь харах хүн хэрэгтэй байна. Чи айлын хашаанд амьдарч байгаа юм чинь ажилтай ойрхон бууж болно гэхээр би зөвшөөрч тус хашаанд буусан. Тэгэхдээ ............. сумын тамгын газрын ажилтан бол биш. Одоо тус хашаанд амьдарч байна. Намайг тус хашаанд буусны дараа буюу 2021 оны 9 дүгээр сард тус бор ногоон өнгийн Уаз Фермер маркийн ......... ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эвдэрсэн гээд хашааны урд талд хойшоо хамрыг нь харуулаад чирч авчирсан. Тэрнээс хойш удалгүй 2022 оны хавраас янз бүрийн сумдаас хүмүүс ирж эд зүйлийг авч байсан. Би эд хөрөнгийг нь хариуцаагүй бас мэдэхгүй болохоор хааяа асууж байсан. Тэр хүмүүс Н дарга явуулсан. Фермерээс эд анги үз гээд ирж байсан. Дарга нар нь зөвшөөрсөн гэж ойлгоод олон юм асууж байгаагүй. Хамгийн сүүлд 2023 оны 4 дүгээр сард тус машины тэвш, кабин, рам нь үлдсэн байсныг Б гэдэг залуу ачаад явсан гэсэн. Би тэр үед байгаагүй юм... Сумдаас л ирж байна гээд байдаг байсан. Тэр болгон би нярав Д ах руу залгаж хэлдэг байсан...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 67-68 дугаар тал),
-Гэрч Г.М-ын “...Би 2023 оны 12 дугаар сард ............. сумын 2 дугаар багаас ............. сумын засаг даргын тамгын газрын дотоод ажил сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр томилогдож очсон. ............. сумын Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн а/31 дугаар тушаалаар Өмч хамгаалах байнгын зөвлөлийг байгуулах тухай тушаалыг гаргасан байна. Энэ тушаалд тухайн үед миний ажиллаж байсан албан тушаал буюу дотоод ажил сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн албан тушаал нь тухайн өмч хамгаалах зөвлөлийн гишүүн байна гэж тусгасан байсан. Би 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 8 дугаар сар хүртэл тус албан тушаалд ажилласан... Би хугацааг нь сайн мэдэхгүй байна. Багт ажиллаж байхад ............. сумын наадмаар урд аж ахуйн хашаанд очиж янз бүрийн юм хийдэг байсан. Тэр үед Уаз Фермер машин байсан гэж санаж байна. Тэр үед нэлээн тоногдсон байдалтай байсан. Тэрнээс хойш мэдэхгүй байна. 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр аймгийн орон нутгийн өмчийн газрын даргаас улсын үзлэг, тооллогыг 2022 онд зохион явуулсан. Тус ажлын хүрээнд ашигладаггүй, ашиглах боломжгүй болсон ч байгууллага дээрээ бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байна. Энэ жагсаалтад манай тамгын газраас тээврийн хэрэгсэл байгаа тухай хавсралттай бичиг ирүүлсэн гэсэн. Энэ албан бичгийн дагуу өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүд хурдан хуралдах хэрэгтэй байна. Хурлын тэмдэглэл хэрэгтэй байна. Бусад актлах баримт бичиг бүрдсэн байгаа гэхээр нь ...тэмдэглэл бичиж Д актлах эд хөрөнгийн жагсаалтыг танилцуулж баталсан юм. Тэрнээс би баримт бичгийн бүрдлийг хараагүй. Бид нарт Д зөвхөн албан бичгийг танилцуулсан... Миний мэдэхийн тухайн тээврийн хэрэгсэл нь их муудсан байсан. 2016 оны малын тооллогоор явах үед их эвдрэлтэй байх шиг байсан. Би ямар журмаар яаж актлах талаар журмыг судлаагүй. Байнгын зөвлөлийн даргыг хэн байсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 71-73 дугаар тал),
-Гэрч Б.Г-ийн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус газарт Хууль эрх зүй хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байх үед. 2023 онд хэсэг хугацаад, 2024 оны 9 дүгээр сараас дотоод ажил сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтний албан тушаалыг хэсэг хугацаанд хавсран гүйцэтгэсэн. Дотоод ажил сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтний албан тушаалыг түр хавсран гүйцэтгэх үед хоёр гурван удаа өмч хамгаалах байнгын зөвлөлийн хуралд орж байсан. Тэрнээс тухайн албан тушаалд үндсэн ажилтнаар томилогдож ажиллаж байгаагүй юм... Миний суусан хоёр хуралдаанаар машин, техник актлаагүй. Эд хөрөнгө шинээр бүртгэж авч байсан... Би тухайн тээврийн хэрэгслийг харж байгаагүй. Мөн тухайн хуралдаанд суугаагүй. Би үндсэн ажлаа хийж байсан. Тухай үед Дотоод ажил сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтний албан тушаалыг хавсран хийж байгаагүй...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 76-78 дугаар тал),
-Гэрч Х.О-гийн “...Би 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ............. сумын тамгын газарт сум жижиг дунд дэд бүтэц хариуцсан мэргэжилтнээр томилогдож ажилд орж 2024 оны 02 дугаар сар хүртэл ............. 3 дугаар багийн зохион байгуулагчаар ажиллаж байна. Одоо тус газрын өмч хамгаалах зөвлөлд байхгүй. Өмч хамгаалах зөвлөлийн гишүүн л байсан... Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Энэ тээврийн хэрэгслийг ч нүдээр хараагүй болохоор сайн мэдэхгүй байна... Би сайн мэдэхгүй байна. Энэ өмч хамгаалал зөвлөлийн хуралдаан гэж зарласан үед очиж суудаг байсан. Би энэ журмыг хальт үзэж байсан. Би ийм асуудал гарсан хөрөнгийн талаар сайн мэдэхгүй байна. Эд хөрөнгийг актлах саналыг нярав оруулж ирж, зөвлөлөөр хэлэлцдэг байсан... Машин тээврийн хэрэгслийг актлах саналыг нярав, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн нар оруулж ирж зөвлөлөөр оруулдаг байсан. Актлах эд хөрөнгийн зураг, холбогдох бичиг баримт, мэдээлэл байдаг болохоор яг нүдээр үзэж дүгнэлт санал бичиж байгаагүй байх... Би яг хэдэн удаа сууснаа мэдэхгүй байна. Тооллого хийж байгаагүй. Шинээр олж авсан эд хөрөнгийг бүртгэлд бол оролцож байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81-83 дугаар тал),
-Хөрөнгийн Бодит үнэлгээ ХХК-ийн 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 354 дугаартай “...Уаз 39-09 /фермер/ маркийн ............ ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 11,610,000 төгрөг болохыг тогтоолоо” гэх дүгнэлт (I хавтаст хэргийн 92-95 дугаар тал),
-Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаа (I хавтаст хэргийн 106 дугаар тал),
-Гэрч Г.Л гийн “...Миний хувьд 2021-2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл орон нутгийн өмчийн газрын даргаар ажилласан. Он сарыг нь бол би одоо санахгүй байна, миний санаж байгаагаар ............. сумын өмч хамгаалах комиссын шийдвэрийн дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хоёр ч удаа дээрх тээврийн хэрэгслийг актлах гэж хэлэлцүүлсэн боловч эхний удаад бол актлахаар оруулсан хөрөнгүүдийг хойшлуулж дараагийн хурлаар оруулахаар болсон. Энэ хурлын дараа Б сумын засаг дарга З нь надтай уулзаад манай сумын засаг даргын тамгын газрын эзэмшлийн Фермер автомашин муудсан, ............. сумаас актлах гэж байгаа машинаас хэрэгцээтэй сэлбэгийг сольж авч болох уу гэж асуухаар нь ............. сумын засаг даргын тамгын газрын эрх бүхий хүмүүстэй нь уулзаж ярилц гэж хэлсэн. Тэгсэн удалгүй ............. сумын засаг даргын тамгын газрын тамгын дарга Н над руу утсаар залгаад актлах гэж байгаа Фермер машинаас Б сумын засаг дарга сэлбэг авна гэж байна болох юм уу гэж асуухаар нь би нэгэнт акталж байгаа юм чинь хэрэгцээтэй сэлбэгийг хооронд нь солиод өгчихгүй юу гэж хэлсэн. Тэрнээс Б сумын засаг дарга ............. сумын Фермер машинаас ямар сэлбэгүүд авсан талаар нь бол би мэдэхгүй. Мөн дараагийн буюу 2 дахь удаагийн хөрөнгө актлах иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар ............. сумын ............ ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зургийг харсан чинь доод эд ангиуд байхгүй, зөвхөн тээврийн хэрэгслийн кабин, тэвш нь байсан бусад эд ангиуд нь харагдахгүй байсан учраас сэлбэгийг нь авсан бол буцаагаад орных нь сэлбэгийг авчирч хийж бүтэн машин болго гэж Н болон Б ийн засаг дарга З нарт хэлсэн. Үүнээс хойш юу болсон талаар бол би мэдэхгүй байна... Намайг орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байх хугацаанд бол энэ тээврийн хэрэгсэл дахин актлах гэж хурлаар ороогүй. Миний хувьд 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр орон нутгийн өмчийн газрын даргын ажлаа өгч худалдан авах ажиллагааны газрын даргаар томилогдсон... Тийм зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 217-219 дүгээр тал),
-Д.Б-ын Хаан банкны 5956...... дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (II хавтаст хэргийн 4-5 дугаар тал),
-Иргэний нэхэмжлэгч Г.Л ын “...Би шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 11.610.000 төгрөгийн хохирлыг яллагдагчаас нэхэмжилж байна. Энэ хэрэгт ............. сумын Засаг даргын тамгын газрыг төлөөлж оролцоход ямар нэг татгалзах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 11 дүгээр тал),
-Гэрч М.Ш-гийн “...Миний хувьд ............. сумын Засаг дарга бөгөөд .......... хотын Захирагчаар 2020-2024 оны хооронд ажилласан... ............. сумын Засаг даргын тамгын газрын тамгын даргаар Л.Н , Б сумын засаг даргаар З нар ажиллаж байсан... Намайг ажиллаж байх хугацаанд Фермер маркийн тээврийн хэрэгсэл байдаг талаар бол мэднэ. Тэрнээс үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эсэх талаар мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар энэ тээврийн хэрэгсэл нь актлуулахаар хурлаар орж байсан. Яг актлах шийдвэр гарсан үгүйг би мэдэхгүй байна... Б сумын засаг дарга З надтай уулзаж байсан үгүйг одоо санахгүй байна. Ямар ч байсан энэ тээврийн хэрэгслийг актлуулах талаар Л.Н ад хэлж байсан. Учир нь хэмнэлтийн тухай хуулиар ............. сумын засаг даргын тамгын газарт хэд хэдэн авто машин байна гэж орон нутгийн өмчийн албанаас албан тоот ирүүлсэн. Үүний дагуу Засаг даргын тамгын газрын даргад ашиглалт нь дууссан, элэгдэл хорогдол нь тооцогдоод дууссан машин байвал хүсэлтээ хүргүүлж актлуулж аж ахуйн хашаагаа чөлөөлүүлэх арга хэмжээ авч ажилла гэж үүрэг чиглэл өгссөн. Тэрнээс Л.Н даргад тухайн тээврийн хэрэгслийн сэлбэг хэрэгсэл болон уг тээврийн хэрэгслийг захиран зарцуулах талаар ямар нэг шийдвэр өгөөгүй...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 14-15 дугаар тал),
-Л.Н ын яллагдагчаар өгсөн “...Миний хувьд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ............ аймгийн ............. сумын Засаг даргын тамгын газарт тамгын даргаар ажилласан. Намайг ажиллаж байх хугацаанд буюу 2024 онд сумын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байсан Фермер маркийн тээврийн хэрэгслийн эд ангиудыг зарим сум авсан. Харин би уг Фермер машины рам болон үлдэгдлүүдийг ............ аймгийн цагдаагийн газарт ажилладаг Б гэх залууг гуйгаад байхаар нь өгчихсөн юм... Тухайн үед актлах шийдвэр гараагүй гэдгийг мэдэж байсан. Б гэх залуугаас ямар нэг мөнгө төгрөг шан харамж аваагүй, угаасаа актлах юм чинь гэж бодоод өгчихсөн юм...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 39-40 дугаар тал),
-............ аймгийн ............. сумын Засаг даргын “Л.Н ыг Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/25 тоот тушаалын хуулбар (II хавтаст хэргийн 43 дугаар тал),
-............ аймгийн ............. сумын Засаг даргын “Л.Н ыг Засаг даргын Тамгын газрын даргаар томилсон 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 тоот тушаалын хуулбар (II хавтаст хэргийн 44 дүгээр тал),
-Шинжээч Э.О-гийн “...Миний хувьд 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ШД-354 дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг тогтоох шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Дүгнэлтийг гаргахдаа цагдаагийн байгууллагаас ирүүлсэн мөрдөгчийн тогтоолд дурдсан асуултын хүрээнд тухайн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг гаргасан. ШД-354 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргахаас өмнө мөрдөгчөөс тухайн тээврийн хэрэгслийг харж, үзмээр байна гэхэд уг тээврийн хэрэгсэл нь байхгүй, харин гэрэл зураг байгаа гэж хэлээд мөрдөгчийн тогтоолдоо тээврийн хэрэгслийн гэрэл зургийг хавсаргаж ирүүлсэн, миний зүгээс бол уг тээврийн хэрэгслийг нүдээр үзээгүй, тийм учраас гэрэл зураг, тээврийн хэрэгслийн лавлагаа, ижил маркийн тээврийн хэрэгслийн үйлдвэрлэсэн он, импортлогдсон он, зарагдаж байгаа тээврийн хэрэгслийн үнийн судалгаа зэргийг үндэслэн дүгнэлт гаргасан...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 80-82 дугаар тал)
-............ аймгийн ............. сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2/183 дугаартай “Орон нутгийн өмчийн газарт” хүргүүлсэн албан тоот (I хавтаст хэргийн 144 дүгээр тал),
-Өмч хамгаалах зөвлөлийн хурлын тэмдэглэл (I хавтаст хэргийн 115-116, 117-118 дугаар тал),
-............ аймгийн ............. сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2/465 дугаартай албан тоот (I хавтаст хэргийн 120 дугаар тал)
-............ аймгийн ............. сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2/863 дугаартай албан тоот (I хавтаст хэргийн 220 дугаар тал) зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч нь ............ аймгийн ............. сумын Засаг даргын Тамгын газрын даргаар 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байх хугацаандаа тус газарт 2011 оны 9 дүгээр сарын 15-нд шилжиж үндсэн хөрөнгийн дансанд бүртгэгдсэн ............ ХЭА улсын дугаартай УАЗ Фермер загварын тээврийн хэрэгслийг орон нутгийн өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, дүгнэлт гаргуулалгүйгээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор батлагдсан "Орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам"-ыг зөрчиж, тус тээврийн хэрэгслийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Д.Б-т шилжүүлэн өгч, түүнд давуу байдал бий болгосон үйл баримт хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан бусдад давуу байдал бий болгосон” гэж зүйлчилсэн нь үндэслэлтэй тохирсон байна.
“Нийтийн албан тушаалтан” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-т заасан албан тушаалтан, байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг,
“Албан тушаалын байдал” гэдэгт албаны эрх нөлөөг,
“урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг,
“Давуу байдал” гэж албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг тус тус ойлгоно гэж хуульчлан тайлбарласан.
Тодруулбал, хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Л.Н нь ............ аймгийн ............. сумын Засаг даргын Тамгын газрын даргаар 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байх хугацаандаа тус газарт 2011 оны 9 дүгээр сарын 15-нд шилжиж үндсэн хөрөнгийн дансанд бүртгэгдсэн ............ ХЭА улсын дугаартай УАЗ Фермер загварын тээврийн хэрэгслийг орон нутгийн өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, дүгнэлт гаргуулалгүйгээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор батлагдсан “Орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам”-ыг зөрчиж, тус тээврийн хэрэгслийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Д.Б-т шилжүүлэн өгч, түүнд давуу байдал бий болгосон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Л.Н ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн талаар:
............ аймгийн ............. сумын Засаг даргын Тамгын газарт учирсан хохирлын үнэлгээг “Хөрөнгийн Бодит үнэлгээ ХХК”-ийн 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 354 дугаартай дүгнэлтээр Уаз 39-09 /фермер/ маркийн ............ ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг 11,610,000 төгрөгөөр тогтоосон байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэхийн өмнө шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх санал гаргасныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулсны дараа шүүгдэгчээс 2,100,000 төгрөгийг ............ аймгийн ............. сумын Засаг даргын Тамгын газарт төлсөн ба үлдэгдэл 9,510,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 9,510,000 төгрөгийг гаргуулж хохирогч ............ аймгийн ............. сумын Засаг даргын Тамгын газарт олгохоор шийдвэрлэв.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас: “Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчээс 2,100,000 төгрөгийг ............ аймгийн ............. сумын Засаг даргын Тамгын газарт төлсөн ба үлдэгдэл 9,510,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, тухайн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх саналыг гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Л.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрх бүхий байгууллагын хяналтад ............ аймгийн ............. сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэж, Эрүүгийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсан болно.
Бусад шийдвэрийн талаар:
Шүүгдэгч Л.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Л.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад ............ аймгийн ............. сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ............ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 9,510,000 /есөн сая таван зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж ............ аймгийн ............. сумын Засаг даргын Тамгын газарт олгосугай.
6.Шүүгдэгч Л.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ............ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН