| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2108 01609 1389 |
| Дугаар | 2022/ДШМ/69 |
| Огноо | 2022-01-13 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | С.Энхням |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2022/ДШМ/69
Б.Э-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Энхням,
шүүгдэгч Б.Э,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/1183 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2108 01609 1389 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Б-ы Э, 1988 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,
Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 100 цаг албадан ажил хийлгэх ялаар,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 92 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 11 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан,
Баянгол дүүргийн Прокурорын газрын 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Б.Э нарт холбогдох эрүүгийн 2014260004994 дугаартай хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон;
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 472 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 209 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон;
Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Үйлчилгээний төвийн автобусны буудал дээр хохирогч Д.Ц-ын хоолой, хувцас, гинжнээс нь татаж, хөлөөрөө тийрч хүч хэрэглэн довтолж Самсунг А10 загварын гар утсыг нь авсны улмаас 1.000.000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар: Б.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Б-ы Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 209 дугаартай захирамжаар хорих ялаас хугацааны өмнө суллагдсан 1 жил 5 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 5 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Б.Э-ын урьдчилан цагдан хоригдсон 13 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор,
хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би эцэг, эхийн хамт амьдардаг. Эцэг, эх минь өндөр настай бөгөөд ээж минь нойр булчирхайн архаг өвчин тусаж, одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, бие нь сайнгүй байгаа. Би мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа хүлээсэн. Гэтэл улсын яллагч С.Энхням нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлд заасныг ноцтой зөрчиж, миний эрх зүйн байдлыг дордуулж, урьд оногдуулсан ялыг дахин гаргаж ил болгосон. 2017 оны хуулиар “анх удаа” гэх тайлбартай болсон байдаг. Улсын яллагч нь хэт нэг талыг барьж ялласан гэж үзэж байна. Иймд миний хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал, ажил хөдөлмөр хийж, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлуудыг харгалзан үзэж, надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор С.Энхням тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх нөхцөл байдлуудад бодитой дүгнэлт хийсэн. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Шүүгдэгч Б.Э-ын хувьд урьд нь гэмт хэрэг үйлдэж хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан. Уг хугацаа дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлд заасан тэнсэнгийн хугацаан дээр дээрмийн гэмт хэргийн хугацааг нь нэмж шийтгэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэрэгт тохирсон. Шүүгдэгчийн хувьд урьд нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын санкцитай гэмт хэрэг үйлдэж, өршөөлд хамрагдсан байгаа. Хорих ялын санкцитай хэрэг үйлдсэн учраас Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрахгүй гэж үзсэн. Ялыг нэмж нэгтгэж шийдвэрлэсэн нь хуульд заасан үндэслэл, журам хангагдсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналыг гаргаж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Э-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.
Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Үйлчилгээний төвийн автобусны буудал дээр хохирогч Д.Ц-ын хоолой, хувцас, гинжнээс нь татан хүч хэрэглэн довтлон, тийрч Самсунг А10 загварын гар утсыг нь авч, дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Д.Ц-ын: “...Нэг залуу миний араас гүйж ирээд миний хоолойноос хувцас, гинжтэй хамт нэг гараараа зуурч, нөгөө гараараа миний гарт байсан гар утсыг булааж аваад миний хэвлий хэсэг рүү хөлөөрөө тийрсэн. ...Тэр залуу намайг заамдах үед миний хүзүүнд байсан гинж тасарч, гинж нь тогтож үлдээд жижиг ногоон шигтгээтэй монетон кулон болон дугуй түгжээ алга болсон. ...” /хх 15/,
гэрч Б.Б-ийн: “...Манай найз “Наад эмэгтэйгээ суулгачих. Сая хүнд дээрэмдүүлчих шиг боллоо” гэж замын хажууд орилоод зогсож байсан 50 орчим настай эмэгтэй рүү заасан. Тэр эмэгтэйг бид хоёр машиндаа суулгаад, дээрэмдсэн залуугийн сууж явсан машиныг зам дээр шахаж зогсоогоод хойд суудал дээр сууж явсан, дээрэмдсэн гэх 35 орчим насны өндөр туранхай залууг машинаас буулгаж ирсэн. Тэгэхэд нөгөө эмэгтэй тэр залуугийн өмсөж явсан хүрэмний халааснаас гар утас гаргаж ирээд “Миний утас байна” гэж аваад “Миний гинж хаана байна” гээд нөгөө залуугаас нэхээд байсан. ...” /хх 25-26/,
гэрч Э.Э-ийн: “...Зам дагуу алхаж байсан эмэгтэйн хойноос нэг залуу гүйж очоод хоорондоо хэрэлдээд байсан. ...Залуу нь эмэгтэйн хүзүүн дэх гинжийг нь мулт татаж аваад гартаа барьсан утсыг нь булаах гээд ноцолдоод байсан. Тэр эмэгтэй “Хүн байна уу, туслаарай, намайг дээрэмдэж байна” гэж орилсон. ...Тэр эмэгтэйг суулгаад тэр залуугийн зугтаасан машины араас нь хөөж, урдуур нь шахаж зогсож байгаад машинаас нь буулгаж ирэхэд залуугийн хүрэмний халааснаас гар утсаа гаргаж аваад “Миний гинж хаана байна” гэсэн. Удалгүй цагдаа нар ирээд аваад явсан. ...” /хх 28/,
гэрч А.Б-ын: “...“Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороонд эмэгтэй хүн дээрэмдүүлсэн байна” гэх дуудлагын дагуу шуурхай очиж ажиллахад автобусны буудал дээр нэг эмэгтэй хүн дээрэмдүүлсэн гээд хажууд нь 3 залуу байсан. Өндөр нуруутай өөрийгөө Э гэж хэлж байсан залууг заагаад “Энэ залуу намайг дээрэмдээд машинд суугаад зугтаах үед хажуугаар явж байсан машинтай хоёр залуу надад тусалж барьж өглөө” гэж байсан. ...” /хх 22/,
шүүгдэгч Б.Э-ын: “...Би хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 109/ гэсэн мэдүүлгүүд,
хохирогч Д.Ц-ын биед баруун сарвууны цус хуралт бүхий шинэ гэмтэл учирсан, энэхүү гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд гэмтлийн зэрэгт хамаарахгүй болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 6410 дугаартай дүгнэлт /хх 36-37/,
хохирогч Б.Ц-ын эзэмшлийн монетон кулон, гинжний үнэлгээ 750.000 төгрөг, Самсунг А-10 загварын гар утасны үнэлгээ 250.000 төгрөг болохыг тогтоосон Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээ хийсэн дүгнэлт /хх 42-43, 116-117/,
хэргийн газарт үзлэг хийсэн тухайн тэмдэглэл /хх 8-9/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 122-125/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Э-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Б.Э нь хохирогч Д.Ц-ын хоолой, хувцас, гинжнээс нь татан, тийрч хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.
Мөн шүүгдэгч Б.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг барагдуулсан зэргийг харгалзан шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байх тул шүүгдэгч Б.Э-ын гаргасан “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Э нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 472 дугаартай магадлалаар бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, мөн бусдыг хуурч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 209 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дахь заалтад заасан үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хохирогч Д.Ц-ыг дээрэмдсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул уг ялыг нэмж нэгтгэж, түүний эдлэх хорих ялын хэмжээг 4 жил 5 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн зөв тайлбарлан хэрэглэжээ.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э-ыг “2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ын 2017 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан хэрэг нь зөвхөн хорих ялтай байсан тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй” гэж дүгнэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Учир нь, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “...2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэж заасан.
Шүүгдэгч Б.Э нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож, Баянгол дүүргийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх бөгөөд тус хэргийг Баянгол дүүргийн Прокурорын газрын 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаартай тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон байна.
Харин, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлд заасан хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаа ...-г өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан бөгөөд тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг заасан байх тул түүний урьд хорих ялыг хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон хугацааг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулан хэрэгсэхгүй болгох хууль зүйн боломжгүй юм.
Иймд давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Э-ын гаргасан хорих ялыг хөнгөрүүлэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/1183 дугаартай шийтгэх тогтоолын шүүгдэгч Б.Э-д Өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэх талаар хийсэн дүгнэлтийг дээрх байдлаар өөрчлөн, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ОЧ